| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/507 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/507
2024 06 26 2024/ШЦТ/507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Ренченхорол, Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Иргэдийн төлөөлөгч Г.Ц ,
Улсын яллагч Б.Очгэрэл,
Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б д холбогдох эрүүгийн “2311 00000 1609” дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, ............ тоотод хохирогч С.Б гийн хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь "хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /250мл/, хамрын нуруунд шарх" гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч С.Б гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Нэмж ярих зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн..” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Б гээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо .............. тоотод миний ихэр Б гийн гэрт хэд хоног байсан юм. Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ны оройн 19 цагийн орчимд Б дэлгүүр яваад 0.5 литрийн архи 1 шилийг авч ирсэн юм. Б гийн гэрт байхад ихэр Б , төрсөн дүү Б , төрсөн дүү Б бид дөрөв байсан бөгөөд Б огт архи уугаагүй, Б , Б бид гурав тухайн архийг хувааж ууцгаасан юм. Бид гурав архи уугаад байж байхад Б гийн найз гэх Х.М /зүс мэднэ/ нь орж ирээд хамт архи уусан юм. Б маань бие нь муу байсан болохоор би М тай яриад Б г эмнэлэгт үзүүлээд өгөөч гэж хэлж дуудсан байсан юм. Бид гурав архи ууж байхад Б бие заслаа гэж хэлчхээд гарч яваад эргэж ирээгүй юм. Тухайн үед би Б г эгчийгээ уурлуулж, уйлууллаа, эмч нь хамаагүй уурлуулж даралтыг нь ихэсгэж болохгүй, зүрхний асуудалтай байгаа гэж хэлсэн. Би ихрийн өрөөсөн Б г өмөөрч Б тэй маргалдсан. Тэгэхэд би Б гийн хамрын хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Б над руу уурлаж миний хэвлий хэсэг рүү 2 удаа гараараа цохисон юм. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна..” гэх мэдүүлэг /хх-2-53/,
Хохирогч С.Б гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 10 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо .............. тоотод оройн 20 цагийн үед ирсэн юм. Намайг гэрт ирэхэд эгч Б түүний ихэр Б , найз М гурав гэрт архи уучихсан согтуу байдалтай байсан. Би гэрт ирэхдээ идэж уух зүйл авч ирсэн. Би гэртээ ихэвчлэн хоол хийдэг бөгөөд тэр өдөр намайг оройтлоо хоол унд идмээр байна гэж эгч Б уурласан. Тухайн үед ах Б эгч Б гийн талд ороод над руу уурлаад байсан. Тэр үед ах Б надаас архины мөнгө нэхсэн бөгөөд бараг шөнийн 00 цаг болсон, дэлгүүр хаачихсан байсан болохоор “үгүй ээ, өглөө болъё” гэж ахад хэлсэн. Тэгж ярьж байхдаа би байшингийн цонхон талын орон дээр хэвтэж байхад ах Б эсрэг талын орон дээрээс босож ирээд хамар руу нэг удаа цохиод эргээд явсан. Тэгэхэд би цээж нүцгэн хэвтэж байсан бөгөөд хэвлийн хэсэгт улаан иштэй хутгаар зүсэгдсэн юм. Тэр үедээ би зүсүүлснээ анзаараагүй бөгөөд хэвлийн хэсгээс нөжирсөн цус гарч байсан юм. Цус гарч байхад би төрсөн дүү Г д хэлтэл түргэн дуудсан. Би гэрээсээ цэргийн төв эмнэлэгт түргэнээр хүргэгдэн очоод мэс засал хийлгэсэн. Би цэргийн төв эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор гэрт хэвтрийн дэглэмтэй гам барьж байгаа. Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн С.Б нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо ............ тоотод 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэвлийн хэсэгтээ хутгалуулж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Б гийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтас хэрэгт хавсаргасан болно. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийн задаргааг тухайн ЭМБ-аас авах боломжтой юм. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-21/,
Гэрч Х.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Намайг гэрт нь ороход Б , Б , Б нар байсан. Би Б гийн гэрт ороход 0.5 литрийн архи авсан байсан бөгөөд тэр архийг нь дөрвүүлээ хувааж уусан. Архи ууж байгаад би түр унтах гээд гэрийн хойморт байдаг орон дээр түр хэвтэж байгаад би өндийгөөд харахад Б гэрийн цонхон талын орон дээр ганцаараа хэвтчихсэн байсан бөгөөд хэвлийн баруун талдаа, бөөрний орчимд зүсүүлсэн байдалтай байсан бөгөөд тэр хэсгээс нь цус гарж байхад Б нойлын цаас, салфеткаар цусыг нь тогтоох гээд дарж байсан. Тэгэхэд гэрт Б гэрт мөн байсан юм. Б нь тэгэхэд гар утсаараа өөрийнхөө том ах Баярсайхан гэх хүнтэй яриад “Б намайг хутгалчихлаа” гэж хэлж байсан. Тэр ах нь цагдаа руу дуудлага өгсөн байх. Цагдаагаас ирж үзээд араас нь түргэн ирсэн юм. Түргэний эмч нар Б г гэрээс нь шууд авч явсан бөгөөд Б бид хоёр эрүүлжүүлэх байранд орсон. Би хэн нэгэнтэй зодоон цохион хийгээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13881 дугаартай дүгнэлтэд: “..С.Б -н биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /250мл/, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /1хх-28-29/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/, хохирогч С.Б гийн эмнэлгийн тусламж авсан баримт /хх-30-35/, шүүгдэгч С.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-58-65/, шүүгдэгч С.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй лавлагаа /хх-66/ зэрэг нотлох хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, ............ тоотод шүүгдэгч С.Б нь өөрийнх нь төрсөн дүү болох хохирогч С.Б гийн хэвлийн тус газарт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж, хэвлийн хөндий нэвтэрсэн хүнд гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь хохирогч С.Б гийн хэвлийн хөндийг нэвт хутгалж хүнд гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Б гийн биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /250мл/, хамрын нуруунд шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, нэмж шалгах зүйлгүй, хэрэгт хамаарал бүхий яллах болон цагаатгах баримтыг цуглуулсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 48.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 91 дүгээр талд авагдсан байна.
Иргэдийн төлөөлөгч Г.Ц оос шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч эцсийн болгож үг хэлсний дараа шүүгдэгч С.Б нь зэвсгийн чанартай зүйл ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тул гэм буруутай гэсэн санал гаргасан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндэслэсэн зөв санал гаргасан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч С.Б гээс мөрдөн шалгах ажиллагааны үед “..шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү..” гэсэн тул шүүгдэгч С.Б г бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагийн талаар:
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч болон хохирогч нарын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдэх үед аль аль нь согтуурсан байсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдал, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь судлан дүгнэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хорих ялын хэмжээг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүх хуралдаан болтол нийт 154 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33,5 см урттай улаан өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б гийн цагдан хоригдсон 154 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33,5 см урттай, улаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Д.РЕНЧЕНХОРОЛ
Г.УУГАНБААТАР