Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/02586

 

 

 

 

 

 

 

 2021         09           02                                     101/ШШ2021/02586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.А  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Д-д холбогдох,

 

20,313,695 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагч З.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Д  нь 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 10,000 ам.доллар авсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулж байх явцдаа 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4,000 ам.долларыг буцаан өгсөн. З.Д  нь үүнээс гадна 40,000 ам.доллар Э.Ганзориг гэгчтэй бүлэглэн залилж авсан ба эдгээр хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг бүтэн 5 жил орчим шалгаж, олон удаа бүх шатны шүүх хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцож, 10 жил 1 сарын хугацаагаар хорихоор шийдвэрлэж байсан боловч эцэст нь Улсын Дээд шүүх 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хуралдаж З.Даваахүуд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Эх хүний хувьд түүнийг нялх хүүхэдтэй юм гэж бодоод хүлээсэн. Гэтэл 2018 оны эхээр уулзаж мөнгөө нэхэхэд уучлаарай, удахгүй мөнгийг чинь өгнө гэсэн учир бас л итгэсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна. Нэхэмжлэгч Ч.А  нь 2018 оны сүүл хүртэл хүлээгээд эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн болно. 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.долларыг 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн тул 10,000 ам.доллар*1,171.36=11,713,600 төгрөг, 14 хоногийн 5 хувийн хүү 585,680 төгрөг, нийт 12,299,280 төгрөгөөс өгсөн 4,000 ам.доллар буюу 4,685,440 төгрөгийг хасаад 7,613,840 төгрөг. 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн 10,000 ам.доллар*1.209.51=12,095,100 төгрөг, 30 хоногийн 5 хувийн хүү 604,755 төгрөг, нийт 12,699,855 төгрөг, Иймд хариуцагч З.Д гээс нийт 20,313,695 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаартай тогтоолоор намайг цагаатган, нэн даруй суллах, Э.Ганзоригоос 40,000 ам.доллар гаргуулан хохирогч Ц.А ид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Ч.А  нь бүх шатны шүүх намайг гэм буруутай гэж үзсэн мэтээр бодит байдалд нийцээгүй үндэслэл гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэх заалтыг зөрчиж, миний нэр төрд шууд халдсан хууль бус үйлдэл гаргаж байна. Миний бие түүний гаргасан гомдлын дагуу хууль шүүхийн байгууллагаар үнэн зөвөө олохын тулд 5 жилийн хугацаанд шалгагдаж, бие махбодь, сэтгэл санааны маш их хохирол амсч, тодорхой хугацаанд хоригдож, өөрийн ой ч хүрээгүй нялх үрээ асран халамжлагчгүй орхих нөхцөл байдал үүсч, хорих байгууллагад хүүгээ хөхүүлэн түүнийгээ өвдөх үед хажууд нь ч байж чадахгүй маш их сэтгэлийн дарамттай хугацааг биеэр туулсны эцэст үнэн ялж цагаадсан. Энэ үед манай ах дүү нар болон хүүгийн эцэг арга ядахдаа Ч.А той уулзаж гуйхад өөдөөс нь дааж давшгүй хохирлын мөнгө нэхэн шаардаж, түүнийг төлөхгүй бол ялаа аваад яв гэсэн байдаг. Миний бие Ч.А той 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 802а дугаартай шийтгэх тогтоол гарч хоригдсоноос хойш нэг ч удаа тааралдаагүй, уулзалдаагүй, 2018 онд уулзаж мөнгөө нэхэхэд уучлаарай удахгүй мөнгийг чинь өгнө гэсэн нь огт үндэслэлгүй. Миний бие Баянгол дүүргийн цагдаагийн газарт Ц.А ийн гомдлоор 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа нэхэмжлэлд дурдсан мөнгийг 34,000 ам.доллар болгон бүрэн барагдуулсан талаарх нотлох баримтыг гарган өгсөн. Гэтэл энэ олон жилийн дараа гэнэт ийм асуудал гаргаж ирж, надтай уулзаж шаардаж байсан, өгнө гэж хойшлуулж байсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэнд нийцэхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр Ч.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А  нь хариуцагч З.Д д холбогдуулан 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,613,840 төгрөг, 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 12,699,855 төгрөг, нийт 20,313,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлж барагдуулсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолоос үзэхэд, Ч.А оос 2008 оны 02, 03 дугаар сард 20,000 ам.доллар зээлээд буцаан төлөөгүй хариуцагч З.Д гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс үүссэн үүрэг биелэгдээгүй маргаан болох нь тогтоогдсон, улмаар З.Д г цагаатгасан байх бөгөөд дурьдаж буй үйл баримт бүхий иргэний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар, дээр дурьдсан үйл баримтыг шүүх дахин нотлохгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд тухайлан заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан, зээлдэгч З.Д  нь 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.доллар 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 10,000 ам.доллар тус тус зээлж авсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 16,000 ам. доллар буюу 20,313,695 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.долларыг 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн тул 10,000 ам.доллар*1,171.36=11,713,600 төгрөг, 14 хоногийн 5 хувийн хүү 585,680 төгрөг, нийт 12,299,280 төгрөгөөс өгсөн 4,000 ам.доллар буюу 4,685,440 төгрөгийг хасаад 7,613,840 төгрөг. 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн 10,000 ам.доллар*1.209.51=12,095,100 төгрөг, 30 хоногийн 5 хувийн хүү 604,755 төгрөг, нийт 12,699,855 төгрөг, бүгд 20,313,695 төгрөг болно гэх ба хариуцагч нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцад буюу 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4,000 ам.долларыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тухайгаа шүүхэд тайлбарласан.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан 2 удаагийн зээлийн төлөлтөд нийт 34,000 ам.доллар төлсөн гэж тайлбарлаж, эрүүгийн хэрэгт авагдсан гар бичмэл түүвэр, аудиторын дүгнэлтийн хавсралтуудыг /хх-62-64/ шүүхэд гаргасан ба аудиторын дүгнэлтэд /хх-67/ анхан шатны баримтуудыг зохих журмын дагуу хөтлөөгүй, стандартын шаардлага бүрэн хангаагүй гэж үнэлсэн, түүнчлэн 3 шатны шүүхийн шийдвэрт дээрх 20,000 ам.долларыг төлөгдөөгүй гэж дүгнэснээс үзвэл аудиторын дүгнэлтийн хавсралтууд болох Ч.А ид З.Д гээс өгсөн $-ын жагсаалт, “Баянгол күгжэ” ХХК-ийн Тунгалагаар дамжуулан А  болон түүний нөхөр Хишигбаярт олгосон мөнгө /хүү/ зэрэг баримтуудын хүрээнд хариуцагчийн тайлбарыг үндэстэй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

 

Хэдийгээр, 2008 оны 02 дугаар сарын 15, мөн оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой маргаан хэлэлцэгдэж байгаа боловч тухайн маргаан бүхий харилцааг эцэслэн тогтоосон, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолоор, З.Д , Ч.Алтанцэцэг нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсч, үүрэг дуусгавар болоогүйг дүгнэж, З.Д г цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайн цаг хугацаанаас эхлэж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах хугацааг тооцох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.А  нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолыг гардан аваагүй, түүнд энэ талаар мэдэгдээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж мэтгэлцэж байх боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа буюу тухайн үед хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан Б.Болортуяа 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гардан авсан, уг тогтоолыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан өмгөөлөгч Б.Болортуяагийн гомдлыг хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан “Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчид гардуулсан буюу хүргүүлсэн баримт”, Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/1662 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн Хан-Уул дүүрэг дэх хаягаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан нь хариуцагчтай Хан-Уул дүүрэгт уулзаж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардсан гэдгийг нотолно гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд тухайлан зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Д гээс 20,313,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.А оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАА