Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

хохирогч Г.Хандаасүрэнгийн өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Д.Даваасүрэн, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэмбэрэлсүрэнгийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн 201625014380 дугаартай, 105/2017/0222/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хайгуулын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, 2 хороолол, 41 байр, 03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дэмбэрэлсүрэнгийн Даваасүрэн, /РД:НЩ74071472/, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Даваасүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул худалдааны төвийн булган малгай зардаг хэсэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Г.Хандаасүрэнгийн нүүрэнд нь гараараа хоёр удаа цохисны улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлан танхайрах явцдаа нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан А.Ганхуягийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн албаны хувцсыг урж танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Даваасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хандаасүрэн намайг алгадаад, гар хөл цохиод байхаар нь Хандаасүрэнг түлхэж унагаасан. Хандаасүрэн босч ирээд дахин над руу дайраад байхаар нь баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд байж байхад хоёр цагдаа ирээд намайг саатуулах байранд саатуулсан...” гэх мэдүүлэг. /хх 75-85 дугаар хуудас/,

Хохирогч Г.Хандаасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Даваасүрэн ах малгай хардаг толиор миний толгойн тус газар нэг удаа цохисон юм. Тухайн үед би төмөр лангуу нуруугаараа налаад газар унасан байсан бөгөөд харин буцаад босоод ирэхэд Даваасүрэн ах миний дээлний энгэрээс заамдаж аваад “чамайг ална шүү” гэж хэлээд гараа атгаж байгаад хоёр удаа миний зүүн талын хацар болон шанаа хэсэгт цохиж миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг. /хх 11-15 дугаар хуудас/,

Хохирогч А.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Даваасүрэн гэх хүн над руу салаавч гаргаад “төрийн хувцас өмссөн гуйлгачин, чамайг мөнгөөр худалдаж авна, ажилгүй болгоно, хувцасаа тайлчих, хоёулаа үзэх үү” гэж орилж, хашгирч намайг барьж аваад цохих гээд байсан. Тэгээд цагдаагийн хэсэг рүү дагуулаад явж байхад би явахгүй гэж хэлээд миний гадуур өмсөж явсан цагдаа хувцаснаас татаад хүрэмний суга, ханцуй болон өмдний халаасанд гараа хийн татаж өмд урсан, миний мөрдөс болон хоёр ханцуйн билэгдлийг авч шидсэн...” гэх мэдүүлэг. /хх 16-19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹16311 дүгнэлтэд “Г.Хандаасүрэнгийн биед зүүн талын хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх 34 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 86 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Даваасүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул худалдааны төвийн булган малгай зардаг хэсэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Г.Хандаасүрэнгийн нүүрэнд нь гараараа хоёр удаа цохисны улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлан танхайрах явцдаа нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан А.Ганхуягийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн албаны хувцсыг урж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Даваасүрэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Даваасүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Хэргийн 18 дугаар хуудсанд хохирогч А.Ганхуяг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн, хохирогч Г.Хандаасүрэн нь хохирол мөнгө бүрэн авсан, гомдол саналгүй болохыг бичгээр ирүүлсэн байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Даваасүрэн нь 58 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.