Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 127/ШШ2021/0020

 

 

Хэргийн индекс: 127/2021/0025/3

 

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХАХСЗД Н.Шхолбогдох

ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохин зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХАХСЗДО Д.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Д.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэдээ: Х.Б миний бие Х.Гаас итгэмжлэл олгогдсоны дагуу тус нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд Х.Гы зүгээс Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 9/1443 дугаартай албан бичгийг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Х.Г болон Хэрлэн сумын 7-р багийн малчин, хадланчдын зүгээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатад хандаж Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Н.Жд газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохих байгууллагын зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан юм.

Энэхүү хүсэлтийг шийдвэрлэж 2021 оын 08 дугаар сарын 06-ны өдөр 9/1443 дугаартай албан бичгээр зохих ажиллагаануудыг хийлгэх чиглэл хүргүүлж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны дотор хариу мэдэгдэх, дээрх хугацаанд холбогдох арга хэмжээг авч хариу ирүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 20.2.7 дахь заалтын дагуу арга хэмжээ авч ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт мэдэгдсэн байна.

Уг чиглэлийг хүлээж аваад ажиллагааг Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нь сумын орлогч дарга Б-тэйд хариуцуулж өгсөн, орлогч дарга Б-тэй нь газрын албаны ажилтан Урангоод хариуцуулж өгсөн гэж хэлсэн бөгөөд уг ажлыг хариуцаж байгаа ажилтнууд нь ажил албан тушаалдаа хайнга хандаж уг чиглэлийг биелүүлээгүй юм.

Учир нь тухайн асуудлаар эрх зүйн акт буюу захирамж гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах бөгөөд уг сонсох ажиллагааг явуулах талаарх мэдэгдэлээ 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт зааснаар хүргүүлэхээр заасан байна. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг мэдэгдлийг Н.Жд хүргүүлэх ажиллагаа огт хийгдээгүй.

Тус хуульд заасан хүргүүлэх гэдэг бол тухайн байгууллагын бичиг хүргэгчээр, бичгийн шуудангаар, цахимаар гэх мэт тухайн иргэнд хүргүүлэх ажиллагааг хэлэх бөгөөд үүнийг Б-тэй, Урангоо нар нь мушгин гуйвуулж дуудаад байхад ирэхгүй байна, Улаанбаатар хотод байгаа гэх мэтчилэн тайлбарласан юм.

Хуульд мэдэгдэл авах хүнд хүргүүлэх тухай заалт байхад Н.Ж ч мөн адил мэдэгдлийг байгаа газраа мэдэгдлийг хүргүүлэн авах эрхтэй бөгөөд ажил төрөл, өвчин зовлонтой байгаа бол заавал өөрийн биеэр очиж авах үүрэггүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс Хэрлэн сумын орлогч дарга Б-тэйтэй холбогдогдоход эхлээд гэрийн тусгаарлалтанд байгаа, дараа Н.Жаргайлсайханд мэдэгдэл хүргэгдсэн талаар асуухад түүний хүүхэд нь өвчтэй Улаанбаатар хотод байгаа гэж хариулж байсан.

Харин 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр газрын албаны ажилтан Урангоотой "Н.Ж мэдэгдлээ авсан эсэх талаар утсаар лавлахад Н.Ж нь Улаанбаатар хотод эхнэрийгээ үзүүлж яваа гэсэн хариу өгсөн.

Ингээд Урангоотой холбогдсоны дараа Н.Жы 99891884 дугаарын утсаар холбогдоход Хэнтий аймагт байна гэж хариу өгсөн юм.

Эдгээр нөхцөл байдлаас харахад Б-тэй, Урангоо нар нь 1 сарын хугацаанд Н.Жд мэдэгдлийг аливаа хэлбэрээр хүргүүлэх боломж байсаар байтал түүнийг удаа дараа хаацайлж, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхолын зөрчил үүсгэж, хийх үүрэгтэй ажлаа хийхгүй байгаад гомдолтой байна.

Ингээд мэдэгдлийг Н.Жд мэдэгдлийг хүргүүлсний дараа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан сонсох ажиллагааны саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр авах, төлөөлөгчөөр дамжуулан авах гээд олон арга хэрэгсэл байхад алийг ч хийхгүй байгааг албан тушаалдаа хайнга хандаж, Н.Жы талд үйлчилж ашиг сонирхолын зөрчил үүсгэж бидний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй юм.

Иймд бидний дээрх асуудлыг ХАХСЗ дарга Н.Ш, орлогч дарга Б-тэй, газрын албаны ажилтан Урангоо нар нь шийдвэрлэж өгөхгүй байгаа тул Хэнтий аймгийн засаг даргад хандаж дахин хүсэлтийг гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй юм.

Бидний дүгнэж байгаагаар иргэн Н.Жд Өвөр хөв хэмээх газрыг эзэмшуулсэн ажиллагаа нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүнд:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.9, 25 дугаар зүйлийн 25.1, 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт тус тус зааснаар Багийн Иргэдийн Нийтийн Хурал аливаа асуудлыг хэлэлцэхдээ хүчин төгөлдөр ирцтэй хуралдаан зохион байгуулж, хуралдаанаас гарсан хурлын тогтоолыг баталж мөрдүүлж байхаар заасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэдэд газар эзэмшүүлэх тухай дээрх хуралдаан болоогүй нь Хэрлэн сумын 7-р багийн иргэн Б. Батбилэгийн өргөдлөөр нотлогдож байна /ард хавсаргав/.

Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Номгон багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаартай хуралдааны тогтоолыг тухайн хурал өөрөө хүчингүй болгохоор хуулийн нөхцөл байдал үүссэн байна.

2. Дээрх хүчин төгөлдөр бус 08 дугаартай хурлын тогтоолыг үндэслэн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан байх бөгөөд энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.1, 48.2.2, 48.2.5, 48.2.4, 48.3 дахь хэсэгт тус тус зааснаар хууль бус хурлын тогтоол дээр үндэслэж гарсан захирамж байх тул захиргааны байгууллага өөрөө хууль бус захиргааны актыг гарсан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэсний дагуу хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байна.

3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Нүрзэдийн Жаргалсайхан уг газрыг хууль ёсоор эзэмших урьдчилсан нөхцөл нь тухайн газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлж байхаар харагдаж байна.

Гэтэл Н.Ж нь газар эзэмших гэрээгүй, эрхийн гэрчилгээгүй, газрын төлбөрийг төлж байгаагүй болох нь Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудасаар нотлогдож байна /ард хавсаргав/.

Энэ нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.7, 40.1, 40.1.5, 40.2-т зааснаар газар эзэмших гэрээгүй, гэрчилгээгүй, төлбөрийг хугацаанд төлөөгүй зөрчил байх тул сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байна.

4. Хэнтий аймгийн аялал жуучлалын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар Нүрзэд овогтой Жаргалсайхан нь унд ахуйн зориулалтаар цооног өрөмдөхдөө зөвшөөрөл олгосон газраас 1.4 км зайд буюу зөвшөөрөл олгосон талбайн гадна худаг өрөмдсөн нь Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22-04-16/167 дүгнэлтээр тогтоогдсон тул 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/14 дугаартай тушаалыг хүчингүйд тооцсугай хэмээн Н.Жы худгийн зөвшөөрлийг хүчингүйд тооцсон байна.

Харин Н.Ж нь Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй өвөлжөөний саравч, худаг барьж төрийн өмчлөлийн буюу Ц.Хгийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашигласан байна.

Мөн тухайн худаг гаргасан газар нь нутгийн иргэдийн малаа ундаалдаг булагийн эх үүсвэр, хамгаалалтын бүсэд байгаа бөгөөд энэ нь тус булаг ширгэж үгүй болох эрсдэлийг үүсгэж байна.

Дээрх төрийн өмчлөлийн бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй, хууль бус шийдвэрийн үндсэн дээр худаг, хашаа барьсан асуудал нь төрийн тухайн эзэмшигч болон бэлчээр, булагийг ашиглаж байгаа Хэрлэн сумын 7-р багийн нийт иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Иймд Газрын тухай хуулийн 20 дурааг зүйлийн 20.1.1, 20.2.2, 20.2.7, 60 дугаар зүйлийн 60.1.1, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3ж дэх хэсэг, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 13.1.3, 27.4 хэсэгт заасныг удирдлага болгон Ар хөв хэмээх газар зөвшөөрөлгүй хууль бусаар барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх тухай захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт зааснаар биелэлтийг хангуулж өгөх хууль зүйн нөхцөл байдал тогтоогдсоор байтал энэхүү ажиллагааг хэрэгжпүүлж, нутгийн ард иргэдийн хууль ёсны эрх, ашгийг эдлүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргээ удаа дараа өргөдөл гаргаас атал биелүүлэхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байгаа юм.

Иймд ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв" хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэр дээр үүсээд байгаа маргаантай холбогдуулаад манай нутгийн нэр бүхий 31 өрхийг төлөөлж, 31 хүн гарын үсэг зурж ХАХСЗ даргын захирамжаар олгосон өвөлжөө, хаваржааны газрыг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гол үндэслэл нь өвөлжөө хаваржааны газрыг олгохдоо багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд хэлэлцсэн тохиолдолд сумын дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сумын Иргэдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж байж өвөлжөө, хаваржааны газар олгох ёстой. Нүрзэдийн Жаргалсайханд олгосон өвөлжөө, хаваржааны газар нь багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээгүй. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй. Ингээд хууль бус захирамжаар уг газрыг олгосон байдаг. Уг захирамжаар олгосон газар нь Өлзийт тосгоны малчид тариачдын сүүлийн 30 жил ашиглаж байсан хадлан бордоо, бэлчэээрийн нөөц газар юм. Мөн иргэн Н.Ж нь хууль бусаар авсан газар дээрээ өвөлжөө, хаваржаагаа барилгүй зөвшөөрсөн цэгээс 1.4 км газар буюу Өвөр хөв гэдэг газарт зөвшөөрлөө гаргуулсан хэрнээ, яг барихдаа Ар хөв гэдэг газарт өвөлжөөгөө барьж худаг гаргасан давхар ноцтой зөрчил гаргасан. Өвөлжөөг шөнө оройн цагаар барьсан байсан. Энэ талаар ойр тойрны бүх малчид, иргэд нь тухайн үед Өлзийт тосгоны захирагчаар ажиллаж байсан Алтаннараа даргад мэдэгдэж, Алтаннараа дарга энэ асуудлаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандсан байдаг. Уг газар нь Өлзийт тосгоны хадланчдын бэлчээрийн нөөц газар мөн миний талийгаач аав Хгийн өвөлжөө, хаваржааны газартай давхаж байгаа учраас энэ хууль бус ажиллагаанд хяналт тавьж өгнө үү гэж мэргэжлийн хяналтын газарт хандсан. Үүнийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын ахлах байцаагч С.Амгаланбаатар тухайн газар дээр очиж үзээд зөвшөөрсөн газраас 1.4 км хол байна гэдгийг албан ёсоор тогтоож өгсөн. Мөн Хэрлэн сумын Засаг дарга Шүрэнцэцэгт 2020 оны 12 дугаар сарын 04-нд 02 дугаартай "Албадан нүүлгэх захирамж хүргүүлсэн" гэтэл хариу өгөөгүй. Иймд ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохин зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ганчулуун нь шүүхэд хандаж ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох, Цэнд овогтой Х 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100356 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээтэй Ар хөв гэх газар дээр зохих зөвшөөрөлгүй саравч болон өвөлжөөг албадан нүүлгэхийг даалгах тухай хоёр төрлийн нэхэмжлэл гаргасан. Ганчулуун нь иргэдийн нийтийн төлөөлөгчийнхөө хувьд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, 1.7 дахь хэсэгт зааснаар "Иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулж Засаг дарга болон байгууллагад асуумж явуулах бүрэн эрхтэй" байдаг. Мөн хуулийн 20.1.9-д заасны дагуу "Иргэдийн Эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй. Хэнтий аймгийн засаг дарга болон Хэрлэн сумын засаг даргад удаа дараа хүсэлт гомдлыг гаргасаар ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Засаг даргад хандаж марган бүхий газрын талаарх хүсэлтийг өгснөөр Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 9/1443 дугаартай албан бичгийг гарсан. Энэ албан бичигт Хэрлэн сумын Засаг дарга Шүрэнцэцэг та уг маргаантай газрын асуудлыг шийдэж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэсэн утгатай албан бичгийг явуулсан. Уг албан бичгийг Хэрлэн сумын Засаг дарга Шүрэнцэцэг хүлээж аваад хариу ирүүлэхгүй хугацаа алдсан. Засаг даргын заасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өнгөрсөн. Гэтэл Хэрлэн сумын Засаг дарга сонсох ажиллагаа хийх ёстой гээд Жаргалсайхан гэдэг хүнийг дуудан ирүүлэх болсон боловч уг хүн нь удаа дараа дуудахад ирээгүй. Сонсох ажиллагаа явуулахад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар " Мэдэгдлийг дуудан ирүүлэх биш хүргүүлэх талаар хууль дээр тодорхой заагдсан. Энэ ажиллагаануудыг хийхгүй байгаа. Яагаад үүнийг хийхгүй байна вэ гэдэг эс үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилдөөн байж болзошгүй гэдэг зүйлийг харуулж байна. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 20-ны хугацаа өнгөрөхөд бид Хэрлэн сумын Засаг даргад дахин хандсан ба энэ хүсэлтын хариуг мөн адил авч чадаагүй. Тийм учраас хуульд заасан хугацаа өнгөрөх байсан тул захиргааны шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний А/298 дугаартай захирамж "Газар эзэмших захирамжийг хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль зэрэг холбогдох хуулиудад зааснаар Малчин иргэдэд өвөлжөөний газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал" өмнөх жил нь Нутгийнхаа онцлог, бэлчээр, уламжлал бусад зүйлийг харгалзан хаваржаа, зуслан, намаржаа, бэлчээр нөөц гэсэн 5 төрлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргадаг юм байна. Ийм газар зохион байгуулалтыг сумын Засаг дарга, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг дарга газар зохион байгуулалтыг тухайн жилийн төлөвлөгөөгөө сумын Иргэдийн нийтийн төлөөлөгчийн хуралд танилцуулдаг. Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар өвөлжөө, хаваржааны газрыг яаж эзэмших вэ гэдэг асуудлыг шийдэхийн тулд энэ хуульд зааснаар багийн иргэдийн нийтийн хуралдааны мөрдөлгөөнд тусгагдсан газраа танилцуулаад энэ Өвөр хөв гэдэг газрыг Нүрзэдийн Жаргалсайхан гэдэг хүнд өглөө. Үүнтэй холбоотой маргаан байна уу гэдгийг тодруулж, бүх хүнийхээ эрхийг эдлүүлж хурал явуулан хэлэлцэгдэж байж хурлаас тэмдэглэл, дараа нь тогтоол гарч энэ асуудалыг Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн тухай хуулийн хүрээнд сумын Засаг даргаас захирамж гарч хууль ёсны дагуу явагдах ёстой. Гэтэл бусад иргэдийнхээ эрхийг эдлүүлээгүй хурал хийгдээгүй. Шууд тогтоол гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Батбилэгийн мэдүүлэг, бусад байгууллагын хооронд явагдаж байсан Хэрлэн сумын Иргэдийн нийтийн хурлын тоот, Хэрлэн сумын Засаг даргын тодорхойлолт зэргээр энэ хурал болоогүй гэдэг нь нотлогддог. Мөн шүүхийн хийгдсэн нэмэлт ажиллагаагаар энэ хурал болоогүй гэдэг баримтууд ирсэн. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж Наран багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ган-Өлзий 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай тогтоол, хурлын тэмдэглэл болон 2018 оноос хойших хуралдааны материалыг хурлын албанд ирүүлээгүй гэсэн Б-тэй даргын албан тоот байгаа. Уг захирамжаар энэ тогтоол нь хууль бусаар гарсан гэдэг нь тогтоогдож байгаа. Энэ захирамж нь өөрөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус захиргааны акт гэдэг нь тогтоогдож байгаа учраас А/298 дуаартай захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Мөн Хэрлэн сумын засаг даргат удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл энэ мэдэгдэл биелэгдээгүй учраас энэ мэдэгдлийн хангаж өгөөч гэсэн хүсэлтийг өгч байсан. Газрыг нүүлгэн шилжүүлэх асуудал дээр Газрын тухай хуулийн 3.1.1, 27.1.1, 31.2, 34.1, 34.8, 35.3, 35.3.3 дахь заалтуудад зааснаар Н.Ж газрыг хууль бусаар эзэмшсэн байна. Газрыг хууль бусаар эзэмшсэн учир тухайн өвөлжөө нь мөн хууль бус юм. Худаг нь хууль бус гэдэг нь тогтоогддог. Тиймээс эдгээр хуулиудыг үндэслээд өвөлжөө, хаваржаа болон худгийг нүүлгэн шилжүүлэх. Хэрлэн сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 20.2, 20.2.7, 40.1, 40.1.5, 40.2 дахь хэсэгт зааснаар илтэд хууль зөрчсөн ажиллагаа байгаа учраас хийгдэх ёстой ажиллагаа хийлгэж тухайн объектуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч талын зүгээс дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-тэй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрлэн сумын Өлзийт тосгоны иргэн Х.Бы нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Н.Жы 53944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй Хэрлэн сумын Өлзийт тосгоны Өвөр хөв хэмээх газарт байх өвөлжөө хаваржааны газар нь иргэн Ц.Хяанхярваагийн 100357 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй Хэрлэн сумын Өлзийт тосгоны Ар хөв хэмээх газартай ямар нэгэн давхцалгүй байна.

Мөн иргэн Н.Жд Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудас хүргүүлсэнтэй холбогдуулан тухайн үед нутаглаж байсан газраасаа нүүж, эзэмшиж буй газартаа буусан бөгөөд өвөлжөөний сарав нь Ар хөв гэдэг газар бус Өвөр хөв хэмээх газрын координатад байна. Ундны усны худгийн зөвшөөрөл нь цуцлагдсантай холбогдуулан албадан нүүлгэх үйл ажиллагааг зохион байгуулахад татгалзах зүйлгүй болно. Иргэн Н.Ж нь Сонсох ажиллагаанд эрүүл мэнд, ар гэрийн гачигдлын улмаас оролцох боломжгүй байгаа тул түр хойшлуулж өгөх хүсэлт ирүүлээд байна.

Иймд сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нь сонсох ажиллагаа явагдаагүй байхад иргэн Н.Жы тус өвөлжөө хаваржааны газрыг цуцлах захирамж гаргах, мөн Ар хөв хэмээх газар баригдаагүй байгаа өвөлжөөний саравчийг албадан нүүлгэх үндэслэл үгүй байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээд Н.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нүрзэд овогтой Жаргалсайхан /ЛЙ79122879/ миний бие Хгийн Батчулууны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 298 тоот шийдвэрээр хууль ёсны дагуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, /Номгон/ Өвөр хөв гэх газар Өвөлжөөний зориулалтаар 231135693 дугаар бүхий 10000 м.кв /га/ газрыг 000053944 тоот гэрчилгээний дагуу эзэмших эрхтэй болсон.

Нэхэмжлэгч Х.Гы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бы гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нүрзэд овогтой Жаргалсайхан нь тухайн холбогдох хууль, журмын дагуу газар эзэмших өмчлөлийн гэрчилгээгээ гаргуулах хүсэлтээ шат дарааллынхаа дагуу гаргаж зохих зөвшөөрлийн дагуу газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Газар өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олж авсан байхад хэсэг хугацааны дараа ийм асуудал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр багийн Иргэдийн нийтийн хурлын 08 дугаартай тогтоолоор "Н.Жд газар эзэмшүүлэхэд ашиг сонирхол байхгүй байна гэх үндэслэлээр мэдэгдсэн үүний дараагаар аймгийн Засаг дарга газар өмчлөх өмчлөлийн гэрчилгээ олгох ёстой. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай захирамжаар гуравдагч этгээдэд Өвөр Хөв гэх газарт газар өмчлөх эзэмшлийн гэрчилгээ олгож шийдвэрлэсэн. Хууль, журмын дагуу газар эзэмшүүлэх өмчлөлийн гэрчилгээг олгосон байх гэж бодож байна. Бидний зүгээс ямар нэгэн хуульд харшлах үйлдэл хийгээгүй. Хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлээд газар эзэмших эрхтэй болсон. Газар эзэмших өмчлөлийн гэрчилгээ авсны хувьд 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт цооног ухах өргөдлийн гаргасан. Тухайн өргөдлийн дагуу холбогдох байгууллагаас тухайн газарт цооног өрөмдөх эрхийг олгосон байдаг. Үүний дагуу худгийг өрөмдөж гаргасан. Тухайн худгийг албадан нүүлгүүлэх асуудал яригдаж байна. Худгийг албадан нүүлгэнэ гэдэг нь маш их хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Тухайн худаг нь Ар хөв, Өвөр хөв гэх газарт координатын хувьд ойролцоо газарт судлагдаж ухсан худаг. Тухайн худгийг манайх ганцаараа ашигладаггүй. Тухайн бүс нутагт амьдарч байгаа малчид, тариаланчид нийтээрээ ашиглаж болно. Саравчны хувьд зөвшөөрөгдсөн газартаа баригдсан гэсэн боловч координатын хувьд бага зэрэг алдаа гарсан учир манайх маргахгүй байгаа. Нэхэмжлэгчийн шаардлагын дагуу саравчийг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байна. Харин худгийг бол нүүлгэн шилжүүлэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хоёр талын нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм байна. Нэхэмжлэгч нь Ганчулуун юм байна. Ганчулууны итгэмжлэлээр Батчулуун гэдэг хүн оролцож байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн үү гэдэг дээр хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр Нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх хэмжээний асуудлыг ярьж байна гэж ойлгосон. Иймд дээрх дурдагдсан асуудлаар тухайн шатны Засаг дарга болон Засаг даргын орлогч, харьяа төрийн захиргааны байгууллагуудад холбогдуулж хариулт авах. Ийм эрх хэмжээний асуудал. Яагаад гэвэл энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэмжээг ойлгохгүй байна гэж үзэж байна. Нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэх юм бол яг ямар ямар айлын эрх ашиг яаж хөндөгдөөд байна. Жишээлбэл: Тухайн худгийг гаргаснаар булаг шандын эх ширгэх байдал үүссэн эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хавтаст хэрэгт байхгүй. Мөн тухайн нутаг дэвсгэрийг хадлангийн бүс нутаг болгосон талаар шийдвэр байхгүй. Тухайн багийн иргэдийн нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад байхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдсаныг харахад Х гэдэг хүний эрх ашиг зөрчигдсөн гэж харагдаж байгаа. Энэ нь бас эргэлзээтэй. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Хэрлэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгоё гэдэг асуудлыг ярьж байна. Гэтэл энэ захирамжаар нийт 20 иргэний газар эзэмших асуудлыг шийдсэн байдаг. Гэтэл зөвхөн Жаргалсайханыг онцлоод бусад 19 хүний эрх ашиг яах вэ гэдэг асуудал энд яригдаж байгаа. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн хэлсэн тайлбараас харахад уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгоё гэж ойлгогдохоор байна. Энэ захирамж нь өөрөө багийн иргэдийн нийтийн хурлаар ороогүй хууль зөрчсөн гэдэг асуудал тавигдаж байгаа боловч энэ байдал бүрэн нотлогдохгүй байна. Гэрч Батбилэг гэдэг хүний мэдүүлгийг дурддаг гэвч энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна гэж үзэж байгаа. Мөн өөрөөр багийн иргэдийн нийтийн хурлаар оруулаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна. Жаргалсайхан гэдэг хүн Өвөр хөв гэх газрыг эзэмшсэнээр хэний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм, ямар байдлаар хөндөгдөөд байгаа юм гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн адил тогтоогдохгүй байна. Тэгэхээр газар эзэмшүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Худаг, өвөлжөөний саравчийг албадан нүүлгүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Энэ нь мэдээж хүний өмчлөх эрхтэй холбоотой асуудал яригдана. Гэтэл сумын засаг даргад хүний өмчлөх эрхэнд халдах эрх байгаа юу. Бусдын эзэмших эрхэнд байгаа зүйлийг албадан нүүлгүүлэх нураахыг засаг даргад даалгаж өгнө үү гэж байгаа. Тэгэхээр Хэрлэн сумын Засаг дарга бусдын өмчлөх эрхэнд халдах тийм эрх хэмжээтэй субъект мөн үү. Гэтэл өнөөдөр худаг болон саравчтай холбоотой гээд байгаа асуудал нь захиргааны хэрэгт харьяалагдах асуудал мөн үү. Мөн зөвшөөрөгдсөнөөс өөр газар худаг саравчийг барьсан байгаа нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай хамаатай юм уу, үүнд захиргааны хэргийн шүүхэд хамаарах асуудал мөн үү. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актад гомдол гаргах, Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа байгаа. Захиргааны актыг эс зөрчиж байна гэдгийг мэдсэн этгээд нь 30 хоногийн дотор тухайн дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй гэдэг ийм асуудлуудыг дурдсан байдаг. Гэтэл 2021 оны 07 дугаар сард өөрөө дээд шатны албан тушаалтанд энэ захиргааны акттай холбоотой гомдол гаргаагүй нь энэ хуулийн шаардлагийг хангасан уу, хангаагүй юу гэдэг эргэлзээтэй асуудал гарч байна. Батбилэг гэдэг хүний гомдол бол 2020 оны 10 дугаар сард гаргасан гомдол байгаа. Хэрлэн сумын Засаг даргын захирамж болохоор 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан байгаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг хууль бус акт гэж үзэж байгаа бол 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргана гэсэн журам зөрчигдсөн байна гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Гаас хариуцагч ХАХСЗД Н.Шхолбогдуулан Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс Цэнд овогтой Хгийн эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй өвөлжөөний саравч, худаг барьсан гэж, хариуцагч ХАХСЗ даргын итгэмжлгэдсэн төлөөлөгч Д.Б-тэй Н.Жы 53944 дугаартай эзэмших гэрчилгээтэй Хэрлэн сумын Өлзийт тосгоны Өвөр хөв хэмээх газарт байх өвөлжөө хаваржааны газар нь иргэн Ц.Хгийн 100357 дугаартай Ар хөв хэмээх газартай ямар нэгэн давхцалгүй байна гэж, гуравдагч этгээд Н.Ж ..ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 298 тоот шийдвэрээр хууль ёсны дагуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг, /Номгон/ Өвөр хөв гэх газар өвөлжөөний зориулалтаар 231135693 дугаар бүхий 10000 м.кв /га/ газрыг 000053944 тоот гэрчилгээний дагуу эзэмших эрхтэй болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий газрын эзэмшигч Цэнд овогтой Хд 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Ар хөв хэмээх газрыг 15 жилийн хугацаатай өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрхийг олгосон байдаг.[1]

Харин ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай захирамжаар, Хэнтий аймаг Хэрлэн сумын Номгон 7 дугаар багийн иргэн Н.Жд Өвөр хөв хэмээх өвөлжөөний газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргажээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, цаг хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна гэжээ.

Гэтэл гуравдагч этгээд Н.Ж нь Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай захирамжаар, Хэрлэн сумын Номгон 7 дугаар баг Өвөр хөв хэмээх өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй атлаа, Цэнд овогтой Хгийн өвөлжөө, хаваржааны газар болох Ар хөв гэдэг газарт өөрийн өвөлжөөний саравчийг барьж, худаг гаргуулсан байна.

1. Хэнтий аймаг Хэрлэн сумын Номгон багийн Иргэдийн нийтийн хурал болоогүй талаар,

ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай захирамжийн үндэслэл хэсэг болох Номгон багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг батлахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т ..баг хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно, энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т ...хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасаны дагуу 08 дугаартай тогтоолыг батлахдаа газар эзэмших асуудлаар тухайн багийн Иргэдийн нийтийн хуралдаан болоогүй байхад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг баталсан байна.

Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэдэд газар эзэмшүүлэх асуудлаар багийн Иргэдийн нийтийн хурал болоогүй нь тус багийн иргэн Б.Батбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл[2], Хэнтий аймаг Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай албан бичиг[3], Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 152 тоот албан бичгээс[4] тус тус харагдаж байна.

Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3-т тус тус зааснаар дээрх хүчинтөгөлдөр бус хурлын тогтоолыг үндэслэн гаргасан байна.

 

2. Гуравдагч этгээд Н.Жд сонсох ажиллагаа хийгээгүй талаар,

Хэрлэн сумын 7 дугаар багийн Номгон багийн иргэд дээрх асуудлаар Хэнтий аймгийн Засаг даргад хандсны дагуу, Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 9/1443 дугаартай албан бичгээр Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт зохих ажиллагаануудыг хийлгэх чиглэл хүргүүлж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны дотор хариу мэдэгдэх, дээрх хугацаанд холбогдох арга хэмжээг авч хариу ирүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 20.2.7 дахь заалтын дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн.

Гэвч Хэрлэн сумын эрх бүхий албан тушаалтнууд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9/1443 дугаартай албан бичгийн дагуу Н.Жд сонсох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/607 дугаартай хариу тайлбараас харагдаж байна.[5]

 

3. Гуравдагч этгээд Н.Ж нь зөвшөөрөлгүй газар худаг гаргасан асуудлаар Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан талаар,

Иргэн Н.Ж нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Ар хөв гэх газар зөвшөөрөлгүй худаг гаргаж байшин барьсан талаар тус тосгоны захирагч Д.Алтаннараагийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг ирсний дагуу Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22-04-016/167 тоот дүгнэлтийг гаргасан бөгөөд иргэн Н.Жд олгосон худгийн солбилцол зөвшөөрөл олгосон цэгээс 1.4 км зайд буюу эзэмшлийн талбайн гадна талд байх тул аймгийн Байгаль, орчин аялал жуучлалын газрын дарга Б.Дархантөрийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/14 тоот тушаалаар олгосон худгийн цооног гаргах зөвшөөрлийг хүчингүй болгох, мөн зөвшөөрөлгүй гаргасан худгийн асуудлыг Засаг дарга Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

4. Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын худаг олгосон зөвшөөрлийн талаар,

Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/14 дугаартай тушаалаар Нүрзэд овогтой Жаргалсайханд 3426 35// 11024/ 91/, 21// солбилцолд өөрийн эзэмшлийн Өвөр хөв гэдэг өвөлжөөний газарт унд ахуйн зориулалтаар ашиглах нэг цооног гаргах зөвшөөрөл олгосон байдаг[6]. Гэвч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатарын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22-04-016/167 дугаартай дүгнэлтийг үндэслэн аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга Б.Дархантөр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар Иргэн Нүрзэд овогтой Жаргалсайхан нь унд ахуйн зориулалтаар цооног өрөмдөхдөө зөвшөөрөл олгосон газраас 1.4 км-ын зайд буюу зөвшөөрөл олгосон талбайн гадна худаг өрөмдсөн нь дээрх дүгнэлтээр тогтоогдсон тул 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Н.Жы худгийн зөвшөөрлийг хүчингүйд тооцсон байна.

 

5. Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-тэй бидний зүгээс ундны усны худгийн зөвшөөрөл нь цуцлагдсантай холбогдуулан албадан нүүлгэх үйл ажиллагааг зохион байгуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Нүрзэд овогтой Жаргалсайханы 2311035693 эзэмших эрхийн дугаартай өвөлжөө нь, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгоны Өвөр хөв гэх газар-т байрладаг болох нь Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/493 тоот албан бичиг[7], Хэрлэн сумын Засаг дарга Н.Шийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудас зэргээр тус тус нотлогдож байна.

Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 тоот захирамжийн хавсралтад[8] иргэн Н.Жд өвөлжөөний зориулалтаар газар эзэмших газрын байршлыг Өвөр хөв гэх газар гэж баталсан байхад Хэрлэн сумын Засаг дарга Ц.И2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/222 тоот албан бичгээр худгийн байршлыг Ар хөв гэж дэмжсэн бичгийг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн байсныг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Н.Жы Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт даалгахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13 мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Гы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХАХСЗ даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Цэнд овогтой Хгийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ар хөв хэмээх газар дээр зохин зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худагийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг дарга Н.Шт даалгаж шийдвэрлэсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Х.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХАХСЗ дарга Н.Шээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Г.БАЯСГАЛАН

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 119 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 93 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас