Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 559 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.У-н нэхэмжлэлтэй

Хариуцагч С.С-д холбогдох

“34 800 000 төгрөг болон сэтгэл санааны хохирлын мөнгө тус тус гаргуулах,  нэр төрд халдахыг болиулах үндсэн нэхэмжлэлтэй, 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Л.Нямдорж шүүгч илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч С.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.С-с ипотекийн зээлээр байшин худалдаж авахаар болж, түүний хадам Д.Б-с 5 хувийн хүүтэй 13.500.000 төгрөг зээлэн, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр С.С-д 500.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн. Тэр өдөр С.С нь манай нөхөр бид хоёрыг дагуулан Богд сумын Төрийн банкинд очиж зураг даруулан, өргөдөл бичүүлж, малын тоо өгсөн.Үүнээс хойш С.С Төрийн банкинд байршуулах мөнгөө надад өгчих, байшингаа зээлээр барьсан болохоор мөнгө муутай байна гээд байхаар нь 2016 оны 10 дугаар сард 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд ипотекийн зээл бүтэхгүй 2017 оны 01 дүгээр сар болоход С.С дахин мөнгө зээлж өгөөч, 2017 оны 5 дугаар сар гэхэд ипотекийн зээл бүтэхгүй бол мөнгийг чинь хүүтэй нь төлнө гэхээр нь Хаан банкнаас мөнгө зээлж 5.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд 2017 оны 6 дугаар сард ипотекийн зээл бүтэхгүй болохоор нь мөнгөө нэхсэн. Гэтэл С.С авсан юм чинь буцааж өгнө, байшин авах хүн байгаа, зарагдахгүй байсан ч мөнгийг чинь өгсөн гэсэн. Манайх хөдөөний айл учир байшинд огт амьдраагүй бөгөөд запас түлхүүр өгсөн байсан тул хааяа ирж бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг байсан. Гэтэл тийм ч юм эвдсэн байна мөнгөнөөс чинь хасна гэхээр нь бид амьдраагүй тул төлөхгүй гэсэн. Иймд С.С-с 28.675.000 төгрөг, сэтгэл санааны хохирлын мөнгө тус тус гаргуулах, нэр төрд халдахыг болиулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С нь өөрийн байшинг бичиг баримт бүрэн, ипотекийн зээлд орох боломжтой гэж хэлээд 47.000.000 төгрөгөөр А.У-д зарахаар тохиролцсон байсан. Ингээд А.У нь малчин хүн тул бэлэн мөнгө байхгүй байсан. Тиймээс С.С-н хадам аав Д.Б-с 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 22.000.000 төгрөгийн зээл авч 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авч, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 18.500.000 төгрөгийг С.С-д өгсөн. Гэтэл С.С нь газрын гэрчилгээг шилжүүлж өгсөн боловч ипотекийн зээл авахад шаардагдаж байрны бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Мөн байшин нь зах зээлийн үнээс өндөр үнэтэй, зээл авах хүн нь тогтсон орлого байхгүй малын ашиг шимээр амьдардаг малчин тул банкнаас зээл олгох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл бүтэхгүй гэдгийг С.С мэдэж байсан тул тус зээлээр далимдуулан А.У-н мөнгийг хуурч авсан байдаг. Хохирлын хувьд А.У нь 18.500.000 төгрөгийг С.С-д өгөхийн тулд өндөр хүүтэй зээл авч, өөрөө буцааж төлснөөр хохирсон тул С.С-с 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Алтан тэвш ББСБ-аас авсан 22.000.000 төгрөгийн зээлийн хүүнээс 6.750.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкнаас авсан 10.000.000 төгрөгийн хүү 300.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Алтан тэвш ББСБ-аас авсан 22.000.000 төгрөгийн зээлийн хүүнээс 9.250.000 төгрөг, нийт 16.300.000 төгрөгийг төлүүлнэ. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Алтан тэвш ББСБ-аас авсан 22.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкнаас авсан 10.000.000 төгрөгийг хүүгийн хамт тус тус төлсөн. Харин 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Алтан тэвш ББСБ-аас авсан зээл одоо болтол төлөгдөөгүй нэхэгдэж байна. Иймд 18.500.000 төгрөг, учирсан хохирол 16.300.000 төгрөг, нийт 34.800.000 төгрөгийг С.С-с гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нөхөрийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын төвд хоёр байшин барьж дуусаад зарах гэж байхад А.У ирээд дээд талын байшинг 47.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд Ч-с байшингийн урьдчилгаа болон 13.000.000 төгрөг аваад Төрийн банк орж эдийн засагчтай нь уулзаж ирээд болох юм байна худалдаж авна гээд явсан. Гэтэл ипотекийн зээл бүтэхгүй удсан тул эхлээд 13.000.000 төгрөг, дараа нь 5.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг байшингийн урьдчилгаа болгож өгсөн. Газрыг Л.М болон А.У нарын нэр дээр шилжүүлэн өгч, гэрчилгээг нь гаргуулсан. Ингээд үлдэгдэл 29.000.000 төгрөгийг төлөх байх гэж хүлээсээр өдий хүрсэн. Бид нар бүрэн бүтэн, чанар сайтай шинэ байшин хүлээлгэсэн өгсөн. Гэтэл А.У нь нэг жил амьдарч байшингийн бүрэн бүтэн байдал алдагдуулаад дараа нь байшин худалдан авах урьдчилгаанд өгсөн 18.000.000 төгрөгийг хүүгийн хамт нийт 28.675.000 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, буцаж байгаа нь үнэхээр ухаангүй үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.У нь С.С-с 47.000.000 төгрөгөөр байшин ипотекийн зээлээр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 18.500.000 төгрөг төлсөн байсан. Гэтэл ипотекийн зээл бүтээгүй тул өгсөн урьдчилгаа мөнгөн дээр хохирол 16.300.000 төгрөг нэмж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин урьдчилгаа 18.500.000 төгрөгөөс түрээсийн төлбөр 5.500,000 төгрөг, гэм хорын хохирол 1.494.000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг, нийт 8.494.000 төгрөгийг хасаад үлдэх 10.006.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Урангоо нь Өвөрхангай аймгийн Богд сумын төвд баригдсан С.С-н байрыг худалдан авахаар тохиролцон 2016 оны 8 дугаар сард түлхүүрийг нь хүлээн аваад орсон байдаг. Ингээд нэг жил орчим амьдрахдаа хоёр ширхэг паар, бохирын шугам задалж, тааз нураасан, шал норгож хөөлгөсөн зэрэг хохирол учруулсан байдаг. Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахад гэм хорын хохирлыг 3.000.000 орчим төгрөг гэж тооцож гаргасан боловч 1.494.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул гэм хорын хохирол 1.506.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Мөн дээрх хохирол дээр 1 сарын түрээсийн төлбөрийг 500.000 төгрөгөөр тооцож, 11 сарын түрээсийн төлбөр 5.500.000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг, нийт 8.494.000 төгрөгийг А.Урангоогоос гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.У нь тус байрыг албан ёсоор хүлээж аваагүй, зөвхөн нэг запас түлхүүрийг нь авсан байсан. Гэтэл С.С байрандаа нүүж ор гэж хэлдэг байсан. Харин А.У ипотекийн зээл бүтэх юм бол албан ёсоор байраа хүлээж аваад, нүүж орно гэдэг байсан. Мөн тус байранд огт амьдарч байгаагүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдсан бөгөөд ямар нэг түрээсийн гэрээ амаар болон бичгээр байгуулж байгаагүй тул түрээсийн төлбөр гэх 5.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.Тус байранд амьдарч байгаагүй тул учирсан гэм хорын хохирол 1.494.000 төгрөгийг төлөхгүй. Тус эвдэрсэн зүйлүүд нь байрны материалын чанараас шалтгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл бохирын хоолойг газрын өөд хийсэн, агааржуулагчийн хоолой сууснаас таазны шавар нэг хуруу орчим газар хуурсан, паар нь чанаргүй тул өөрөө цоорч, ус нь шалан дээр гоожсон байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.С-с 18.500.000 төгрөг гаргуулан А.У-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 16.300.000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 10.000.000 төгрөгийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид А.У-н төлсөн 322.450 төгрөгийг, С.С-н төлсөн 189.900 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, С.С-с 250,450 төгрөгийг гаргуулан А.У-д олгож, 91.825 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг А.У-р нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн ажлын хөлс 250.000 төгрөгийг С.С-с гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахьхэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 145/ШШ2018/00559 тоот шийдвэрийг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан ба шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэдэг нь шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн буюу бодит амьдралд нийцсэн, амьдралтай ойрхон байх ёстой гэсэн үг. С.С би дээрх  145/ШШ2018/00559 тоот шийдвэрийн үндэслэл бүхий хуулийн шалгуурыг хангаагүй буюу амьдралаас хол, бодит байдалд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.

Учир нь С би У-с орон сууцад амьдран суусны хөлсөнд болон бусад зардалд 10.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх миний хөрөнгө, мөнгө, зардал, хүч хөдөлмөр гарган босгосон шинэ орон сууцад минь У үнэгүй амьдран сууж болохыг зөвшөөрөн тунхагласан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Шүүгч хүн бодит амьдралд ойрхон бодит хөрсөн дээр буусан шийдвэр гаргадаг, хүний эрхийн хамгаалдаг байгууллага гэж ойлгосон, энэ итгэл минь алдарч байна. У ядаж миний хөлсөө урсган, хамаг мөнгөө шавхан, зовж байж босгосон шинэ орон сууцад минь 1 жил гаруй амьдран суусныхаа хөлсийг л төлөөчдээ. Иймд С миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...С-н байранд амьдарч байгаагүй болох нь ... 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 35 тоот албан бичгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үнэхээр үндэслэлгүй, худлаа байна. Яагаад гэвэл миний У-д худалдсан орон сууц Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. Гэтэл анхан шатны шүүх 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн У-г С-н  байранд амьдарч байгаагүй гэж дүгнэсэн нь дэндүү үндэслэлгүй байна. Зүй нь бол  7 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг эсэхийг 7 дугаар багийн Засаг дарга дарга нотлох ёстой. Тэгээд ч С миний шинээр босгосон байшинд У амьдарсан эсэхийг нь нотлодог субьект бол багийн Засаг дарга биш юм. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хуурамч нотлох баримтыг буюу багийн Засаг даргын хуурамч тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гаргасан байна.

Бодит үнэн: У-д 110 м2 3 өрөө амьны орон сууц барьж зарсан. Харилцан тохиролцож У надад 18.000.000 төгрөг урьдчилгаа болгон өгсөн. Жил гаруйн хугацаанд Урангоо үлдэгдэл мөнгөө өгөөгүй учир бид хоёрын хийсэн байшингийн наймаа буцсан. Иймд У-с авсан урьдчилгаа 18.000.000 төгрөгийг өгөх нь үнэн. Харин У уг байшинд 1 жил гаруй амьдарч байсан нь үнэн. Урангоо миний шинэ байшинд 1 жил гаруй амьдарчихаад, эвдрэл хохирол учруулчихаад 1 жил гаруй амьдрасны хөлс болон эвдрэл гэмтлийг яагаад бидэнд гаргаж өгөх ёсгүй юм бэ? Энэ ямар учиртай юм бэ? Урангоо миний шинээр барьсан байшинд 1 жил гаруй амьдарсныхаа хөлс болон эвдэрч хэмхэрсэн хохирлоо барагдуулах нь яаж ч бодсон тодорхой биздээ. Иймд шүүгч та хууль дүрмийн талаас нь тэр бодит амьдрал дээр болж байгаа үнэн хоёрыг харьцуулж нэг хараач гэж хүсэж байна. Урангоо миний орон сууцад амьдарч байсныг хажуу хөрш айлууд гэрчилнэ шүүдээ. Хөрш айлуудын хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг миний өмгөөлөгч С-д гаргасан байх гэж ойлгож байсан. Гэтэл энэ хүсэлтийг миний өмгөөлөгч гаргаж өгөөгүй юм шиг байна. Ер нь бол У миний байшинд амьдарч байсныг лавтай нотлох баримт бол Урангоогийн гэрэл, тогны мөнгө шүүдээ. Үүнийг миний өмгөөлөгч хэрэгт хавсаргаж өгөөгүй юм биш биздээ, би бол өгсөн л гэж ойлгож байсан. Ер нь дүгнэж хэлэхэд С би У-с мөнгө авснаа хүлээн зөвшөөрнө, Урангоогоос авсан мөнгөө буцааж өгнө, гэхдээ буцааж өгөхдөө Урангоо орон сууцад амьдран суусны хөлсийг суутган тооцож өгнө. Ийм амьдралд ойрхон шийдвэр гаргахыг давж заалдах шатны шүүхээс хичээнгүйлэн хүсэж байна. Иймд хариуцагч А.С миний бие 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 559 тоот шүүхийн шийдвэрээр надаас гаргуулахаар болсон 1.850.000 төгрөгөөс гэм хорын хохирол 1.494.000 төгрөг, 11 сарын түрээсийн төлбөр 5.500.000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг, нийт 8.940.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 145/ШШ2018/00559 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг ноцтой зөрчсөн байна.  

Хариуцагч С.С 2017 оны 9 сарын 22-ны өдөр С.С-д Иргэний хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож нотариатч А.Т итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн байх бөгөөд энэхүү итгэмжлэлийг хууль ёсны баримт гэж үзэх боломжгүй байна. Учир нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-т зааснаар нотариатч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичигт нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй.

Итгэмжлэл нь хууль зөрчиж хийгдсэн тул С.С-д нь хариуцагчийг төлөөлөх эрхтэй гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй өөрөөр хэлбэл эрх үүргийг нь тайлбарлаагүй, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралд оролцоогүй тул түүний хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийн ноцтой зөрчсөн, мэтгэлцэх боломжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд   төлсөн 150800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 145/ШШ2018/00559 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч С.С-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.