Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Б.О

Яллагдагч                                                     Б.М

               Яллагдагчийн өмгөөлөгч                          Я.Э

               Хохирогч                                                       Б.Б

  Нарийн бичгийн дарга             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 459 дүгээр захирамжтай, Б.Мад холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын М.

 

Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-4-75 тоотод оршин суух Б.Б Intel-9400f 9-р үеийн иж бүрэн компьютерийг зарж өгнө гэж итгэл төрүүлэн шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан мөнгийг нь өгөлгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 459 дүгээр захирамжаар:

Яллагдагч Б.Мад холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, Яллагдагч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, яллагдагч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О эсэргүүцэлдээ:

 

“ ... Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/73 дугаартай дүгнэлтийн үнэлгээний тайлангийн төрөл зүйлд Intel i5-9400f 9-р үеийн процессор, 32 инчийн дэлгэцтэй компьютер, gaming mouse, keyboard, optiz маркийн чанга яригч, gaming чихэвч зэрэг дагалдах хэрэгслийн хамт буюу Intel i5-9400f 9-р үеийн иж бүрэн компьютерийн үнэлгээнд хамрагдсан, компьютерийн үзүүлэлтүүдийг харуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу шинжээч томилон дүгнэлт гаргуулсан, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нэмэлт шинжээч томилон дүгнэлт гаргуулж, шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж шинжээчээс мэдүүлэг авч тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 459 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Я.Э тайлбартаа:

“ ... 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-д зааснаар прокурор буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх бөгөөд мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бодит хохирлыг тогтоох зайлшгүй шаардлагатайн улмаас хэргийг прокурорт буцаасан юм. Учир нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг, тогтооход нөлөөлөх зарим нөхцөл байдал тогтоогдсон ба энэ нь шинжээчийн дүгнэлтэнд эргэлзэх үндэслэл болж байх тул шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.

Яллагдагч, хохирогч нар нь тус компьютерийг зарим эд анги нь шинэ, зарим нь хуучин байсан гэдгийг шүүх хуралдаанаар хэлж мэдүүлэг бөгөөд хэргийн талаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах мөрдөгчийн ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийг хянаж буй прокурор хяналт дутмаг ... зэрэг нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын шинж байдал, хэр хэмжээг тогтоох, бодит байдлыг тогтооход үндэслэл муутай байгаа нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх ажиллагааг хийж, дахин шинжээч томилох нь хууль зүйн үндэслэлтэй. “Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд уг компьютерийг шинэ, хуучин эсэх талаар тусгагдаагүй, хохирогч нь Солонгос улсаас интернетийн зараар эд ангийг цуглуулж авсан, худалдаж авсан ямар нэг үнийн баримт байхгүй талаар мэдүүлж байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 459 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ:  “ ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн шатанд шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Б.О-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Б.Мад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Я.Эийн гаргасан хүсэлтийг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “ ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж байдал, хэр хэмжээнд нөлөөлөх нөхцөл байдлыг тодруулан шалгах ажиллагаа хийгээгүй, шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ... ” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Яллагдагч Б.М нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “ ... хард, сепу, рам нь шинэ бусад нь хуучин байсныг би өөрөө нийлүүлж угсарч өгөөд үйлдлийн системүүдийг нь ажиллуулахад бэлэн болгож өгсөн ... надад хэлж байхдаа 2.500.000 төгрөгөөр Солонгосоос эд нарыг авч ирсэн гэсэн ...” гэж, хохирогч Б.Б нь “ ... тухайн үед авч байсан зүйлүүд зарим нь шинэ, зарим нь хуучин байсан ... Тэжээлийн блок, график карт хуучин байсан. Бусад нь сепү, ворд, рам гээд шинэ байсан. Нэг сандал захиж авчруулсан, тэр бас шинэ байсан ... ” гэж тус тус мэдүүлжээ.

 

Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллагдагч нь “... шинэ сандал нь ороод хамтдаа 2.500.000 төгрөгөөр ирсэн гэсэн ...” гэж мэдүүлснээс гадна хохирогч нь ” ... график карт нь хуучин байсан ... угсарсан компьютер юм. Надад зурагнууд нь байгаа ...” гэж мэдүүлсэн болно.

 

Түүнээс гадна мөрдөгч 20120 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо “ ... Intel i5-9400f 9-р үеийн процессор /хохирогчийн мэдүүлснээр угсарсан гэх/ ... гэж тодорхой дурьдаж эд зүйлийн үнэлгээ хийлгэхээр шинжээчид даалгажээ.

 

Гэтэл хохирлын үнэлгээ тогтоосон “Далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02-73 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийсэн баримтанд “Үнэлгээнд хамрагдсан Intel i5-9400f 9-р үеийн процессор, 32 инчийн дэлгэцтэй компьютер дагалдах хэрэгслийн хамт буюу зах зээлийн үнэлгээ 2019 оны 12 сарын 23-ны байдлаар 3.000.000 төгрөг болж байна”  гэсэн байх ба дээрх иж бүрэн компьютер болон түүний зарим дагалдах хэрэгсэл нь шинэ эсэх, эсхүл өмнө ашиглагдаж байсан буюу угсарсан нь тодорхойгүй, энэ талаар огт тусгагдаагүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг тодорхойлохдоо “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” гэж заасан бөгөөд шинжээчийн 02/02-73 дугаартай үнэлгээ нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж заасан байна.

 

Харин шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгахаар мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шүүх нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй, өөрөөр хэлбэл энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.О-н гаргасан “... шүүх нэмэлт шинжээч томилон дүгнэлт гаргуулж, шаардлагатай гэж үзвэл ... шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж шинжээчээс мэдүүлэг авч тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой ... ” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 459 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ