Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт З-ын С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305033840446 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 07-нд Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер техник хангамж мэргэжилтэй, Э ХК-д оператор ажилтай, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *** тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, Т овогт З-ын С.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч З.С нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байх Т.М-ын гэрт “цуйван идмээр байхад шөлтэй хоол хийж өглөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаасны дараа толгой хэсэгт нь өшиглөсний улмаас нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.С мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хамт архи ууж байсан Г-г сэрээх гэж гуян дээр нь цохиод сэрээсэн чинь Г уурлаж босож ирээд Г-г цохих гэхэд М дундуур орж ирээд цохиулсан. Хохирогчид 1.000.000 төгрөг нөхөн төлсөн.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305033840446дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Т.М-ын өгсөн: “Би анх З-ын С гэх хүнтэй 2023 оны 4 дүгээр сард танилцсан. Тэрнээс хойш бид хоёр уулзаж учирдаг болсон. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед би Баянгол дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ 2 хүүхдийнхээ хамт байж байх үед З.С нь О, С, Г гэх найзынхаа хамт манай гэрт ирсэн. Уг дөрвөн хүн манай гэрт ирэх үедээ архи уучихсан байдалтай ирсэн. Гэртээ орж ирээд Агар гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Би уугаагүй, би тэд нар гоймонтой шөл хийж өгсөн чинь С “би цуйван идмээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мах байхгүй байна байгаа махаараа шөл хоол хийсэн” гэж хэлсэн чинь С “чи муу ганц цуйван хийж чадахгүй байна уу” гэж хэлээд миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг цохисон. Намайг цохих үед нь би газар унасан. Тэгсэн чинь С миний толгой хэсгийн зүүн тал руу 6-7 удаа дэвссэн. Энэ үед найзууд нь хараад сууж байсан салгах хүн байгаагүй. Тэгээд байж байх үед 2 хүүхэд гаднаас орж ирсэн 19 цагийн үед С найзуудтайгаа зөрөөд гараад явсан. 21 цагийн үед шал согтуу гэрт эргэж ирсэн. Эргээд хэрүүл маргаан болоогүй надаас уучлалт гуйгаад гэрт хоносон. Дараа нь өнөөдөр буюу 8 дугаар сарын 26-ны өдөр өглөө 07 цагийн үед босоод гэрээс гараад явсан...Миний нүүрний зүүн талын хэсэгт хавдсан зүүн талын нүд нээгдэхгүй хавдартай, цээжний зүүн талын хэсэгт хөхөрсөн. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Т.М-ын дахин өгсөн: “Намайг шөлтэй хоол хийлээ би шөлтэй хоол иддэггүй цуйван иднэ гэж маргаан үүссэн. Тухайн үед ганц л хоолны мах байсан учир би байгаа махаараа хоол хийж өгсөн. Би сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэхгүй, өөрийн биед учирсан болон эм тариа авсан мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Т.М-ын дахин өгсөн: “Би ажилгүй байсан нэг сарын хугацааны цалин болон эмнэлгээр явсан эм тарианы мөнгөө нэхэмжилж байна. Би сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Э.С-ийн өгсөн: “М бид хоёр хамт байр түрээсэлж амьдардаг байсан. 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад гэртээ байж байхад М руу С яриад орой 18 цагийн орчим гаднаас С, О, Г нар орж ирсэн ирэхдээ согтуу архи уусан байсан. Тэгээд М бид хоёрын түрээсэлж байсан байшинд ирээд нэг шил архи уугаад С нь М-ыг хоол хийгээд өг гэсэн тэгтэл М нь шөлтэй хоол хийхэд С нь цуйван идмээр байна гэхэд М нь шөлтэй идчих гэхэд би хуурай хоол идмээр байна гээд агсраад М-ыг алгадаж аваад өшиглөсөн тэгэхээр нь би салгах гэхэд намайг аваад түлхэж унагаасан. Тэгэхээр нь би найз Г-ыг найзыгаа болиул гэхэд Г нь хөдлөхгүй суугаад би салгах гээд дийлэхгүй байхад С нь намайг өшиглөж боож унагаагаад М-ын хүүхдүүд нь айж орилоход Г нь боль гээд болиулсан. Тэгээд С суугаад хэсэг байж байснаа М-ын цээж рүү өшиглөөд, цээж болон хөл гар руу нь цохисон. Тэгээд цагдаа дуудлаа гэхэд О, Г тэр хоёр түрүүлээд гарч явсны ард С араас нь гарч явсан. Цагдаа дуудаагүй маргааш нь М цагдаа дээр очиж өргөдөл гомдол гаргасан. С нь М-ын нүүр рүү гараараа хэд хэд цохиод М-ын зүүн талын нүүр орчим хэсэг нь хавдсан бас цээж, хөл гар нь хөх няц болсон байсан М-ыг С-аас өөр хүн цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал)

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10814 дугаартай “Т.М-ын биед нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр З.С-ын өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би Өмнөговь аймаг Цогтцэций сумаас Улаанбаатар хотод ирсэн. 2023 оны 8 дугаар сарын 24-ний шөнө М, Б, Ц, Г, О бид хэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Маргааш өдөр нь манай ээжийн төрсөн өдөр байсан тул ээж дээр М, С, О, Ч, Г бид хэд очсон. Дараа нь бөөндөө М-ын гэрт 22 цагийн үед очоод М-ын гэрт нь нэмж архи уусан. Нэг харсан чинь Г том өрөөний шалан дээр унтаад байхаар нь сэрээх гээд гуя хэсэгт нь нэг удаа цохисон чинь Г босож ирээд над руу уурласан. Тэгэхээр нь би Г-ыг цохих гэтэл М болиулах гээд дундуур орж ирээд надад санамсаргүй цохиулчихсан. Тэгсэн чинь М-ын нүд хэсэгт нь цохисон байсан. Дараа нь би уучлалт гуйгаад гэрээс гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар З.С-ын өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 22-ны орой Өмнөговь аймагт байдаг таван толгой уурхайгаас ирээд найз Ш-ын гэрт оройн 22 цагийн орчимд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд найз Б, Ц нарыг дуудаад хамт архи уусан Ш-ын гэрээс 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гараад Б, Ц бид гурав буудал орж үргэлжлүүлэн архи уусан нэмж О, Г, Ч, З, С нарыг дуудаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоноцгоосон. Маргааш өглөө нь буудлыг сунгах гэсэн чинь З, С хоёр хоёулаа нэг байр хөлсөлж байгаа буудлаар яах юм манайд очъё гээд гэр рүү нь явахаар болсон. Зтай 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш танилцаж хөдөөнөөс ирэхдээ З-тай уулзаж дотно харилцаанд ордог байсан. Албан ёсоор хамт амьдарч байгаагүй. З, С хоёрын гэрт очиж архи ууж байгаад миний санаж байгаагаар би Г-г сэрээх гэж гуян дээр нь цохиод сэрээсэн чинь Г уурлаж босож ирээд Г-г цохих гэхэд З дундуур орж ирээд цохиулсан. З-ийн гэрээс О, Ч хоёр түрүүлээд ойрхон буудалд орсон байхаар нь араас нь З, Г бид гурав буудал ороод С гэртээ үлдсэн. Буудал орж нэг шил архи уугаад би гэр рүүгээ явсан...Буудлаас гарахдаа М нь манайд очиж цуйван хийж өгнө гэж хэлээд дагуулж яваад очихдоо шөлтэй хоол хийж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.С-ийн өгсөн: “Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн Т.М нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо *** тоотод байх гэртээ бусдад зодуулсан гэх дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 160.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч З.С-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

11. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч З.С нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотыг түрээслэн амьдардаг Т.М-ын гэрт найз нөхдийн хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “цуйван идмээр байхад шөлтэй хоол хийж өглөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагааж, толгой хэсэгт нь өшиглөсний нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал), хохирогчоор Т.М-ын өгсөн: “...би мах байхгүй байна байгаа махаараа шөл хоол хийсэн гэж хэлсэн чинь С чи муу ганц цуйван хийж чадахгүй байна уу гэж хэлээд миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг цохисон. Намайг цохих үед нь би газар унасан. Тэгсэн чинь С миний толгой хэсгийн зүүн тал руу 6-7 удаа дэвссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), хохирогчоор Т.М-ын дахин өгсөн: “Намайг шөлтэй хоол хийлээ би шөлтэй хоол иддэггүй цуйван иднэ гэж маргаан үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрчээр Э.С-ийн өгсөн: “...М бид хоёрын түрээсэлж байсан байшинд ирээд нэг шил архи уугаад С нь М-ыг хоол хийгээд өг гэсэн тэгтэл М нь шөлтэй хоол хийхэд С нь цуйван идмээр байна гэхэд М нь шөлтэй идчих гэхэд би хуурай хоол идмээр байна гээд агсраад М-ыг алгадаж аваад өшиглөсөн тэгэхээр нь би салгах гэхэд намайг аваад түлхэж унагаасан...Тэгээд С суугаад хэсэг байж байснаа М-ын цээж рүү өшиглөөд, цээж болон хөл гар руу нь цохисон...М-ыг С-аас өөр хүн цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10814 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирогч Т.М-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гараараа цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч З.С нь хохирогч Т.М-ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос З.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Т.М-ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Т.М-ын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “миний бие С-аас 1.000.000 төгрөгийг хүлээж авлаа. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэсэн бичгийн хүсэлтийг гаргаж өгсөн боловч шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэхэд “ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эмчилгээний зарим зардлаа нөхөн төлүүлнэ, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.М-ын өгсөн: “Би ажилгүй байсан нэг сарын хугацааны цалин болон эмнэлгээр явсан эм тарианы мөнгөө нэхэмжилж байна. Би сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэхгүй.” гэж мэдүүлсэн байх боловч хохирол хор уршигтай холбоотой бусад нэхэмжлэлийг нотлох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодож, хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй.   

Эдгээртэй холбогдох нэхэмжлэлээ хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч З.С-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 160.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийг үндэслэл болгон 240.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч байгууллагад гэм буруутай этгээдээс гаргуулахаар улсын яллагчаас гаргасан саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.С-аас 240.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч З.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял шийтгэв.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Хэрэгт шүүгдэгч З.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтүүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. Т овогт З-ын С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.           

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч Т.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.С-аас 240.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7.  Хэрэгт шүүгдэгч З.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ