Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/02617

 

 

 

 

 

 

 

   2021         09          06                                     101/ШШ2021/02617

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТБА ХХК

Хариуцагч: Л.С

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,808,824 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ТБА ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Л.С  нь тус компанитай 03902366 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 7,850,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Тоёота Харриер маркийн 62-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ нэг ч удаа биелүүлээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,850,000 төгрөг, хүү 7,033,824 төгрөг, алданги 3,925,000 төгрөг, нийт 18,808,824 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 672 хоног хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна.

Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар “Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-с дээш хоног хэтрүүлэх”-ийг ойлгох ба зээлдэгч зээл авсан өдрөөс буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д зааснаар автомашиныг зээлдэгчийн эзэмшилд байх хугацаанд Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, авто машин устаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна.

Иймд Л.С гаас нийт 18,808,824 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ТБА ” ХХК нь хариуцагч Л.С д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,850,000 төгрөг, хүү 7,033,824 төгрөг, алданги 3,925,000 төгрөг, нийт 18,808,824 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 03902366 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, зээлдэгч Л.С  нь “ТБА ” ХХК-иас 7,850,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Тоёота Харриер маркийн 62-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг “ТБА ” ХХК нь дээрх гэрээг Иргэний хуулийн 281-286, 156, 235 дугаар зүйлүүдийг үндэслэн гэрээг байгуулсан хэмээн гэрээнд тусгажээ.

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2.-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.” гэж заасан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй бол гэрээний дагуу алданги төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тус тус заасан тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг гаргуулна.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээл эргэн төлөх хуваарийн дагуу нэг ч удаа төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө устсан, олдохгүй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж нотлоогүй тул хэрэгт авагдсан зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 03902366 дугаартай Зээлийн гэрээнд зааснаас үзэхэд, үндсэн зээл 7,850,000 төгрөгийн нэг сарын хүү 4 хувь 314,000 төгрөгийг зээлийн гэрээний нийт хугацааны турш тооцоход 3,768,000 төгрөг болох бөгөөд зээл, хүүгийн хамт 11,618,000 төгрөг болно. Уг төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 2.3-т заасан алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд тухайлан зааснаар тооцоход 5,809,000 төгрөг болно.

Дээр дурьдсанаар нийт 17,427,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Л.С гаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Л.С гаас 17,427,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБА ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,381,824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 252,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.С гаас улсын тэмдэгтийн хураамжид 245,085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБА ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА