Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 44

 

 

 

 

С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 154/ШШ2018/00250 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух Бурд овогт Сүхбаатарын Оюунбаатарын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагч байгуулагын төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: С.Оюунбаатар би тус ангид 2006 онд галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажиллаж байтал 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр салбарын захирагч тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь миний бие ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Иймд Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/05 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Манай байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар 2015 оны 01 дүгээр сард дээд удирдлагаас мэдэгдэл ирж байсан. Тус мэдэгдлийн дагуу С.Оюунбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Хөдөлмөрийн хуульд заасны дагуу мэдэгдэл өгсөн.Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Н106, 5/754 дугаар тушаалын дагуу салбарын гэрээт харуул гэдэг орон тоог мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуул гэдэг албан тушаал болгон өөрчилсөн. Гэрээт харуул С.Оюунбаатар нь ахлагчийн албан тушаалд тэнцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 154/ШШ2018/00250 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар С.Оюунбаатарыг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар салбараас ажилгүй байсан хугацааны цалин 13.761.515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 152.235 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч С.Оюунбаатарын нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарт үүрэг болгосугай. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар салбараас улсын тэмдэгтийн хураамж 226.758 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргасангүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал, нотлох баримтуудад хууль зүйн үүднээс бодит дүгнэлт хийгээгүй нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч С.Оюунбаатарыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Жанжин штабын даргын тушаалаар нас хэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Батлан хамгаалах яамны сайдын 2008 оны 75 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан ахлагчийн алба хаах журмын 3.2.3-т заасны дагуу алба хаах насны хязгаар хэтэрсэн тул шинэчлэгдэн батлагдсан харуулын орон тоон дээр ажиллах боломжгүй.

Шинэчилсэн бүтэц зохион байгуулалтанд шилжинэ гэдэг асуудал 2014 оноос эхлэн яригдаж 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С.Оюунбаатарын ажиллаж байсан ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орж, ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орсон тухай мэдэгдэх хуудсыг хариуцах албан тушаалтнаар бичүүлэн С.Оюунбаатарт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан.

Одоо Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт гэрээт харуул гэсэн орон тоо байхгүй, харуулын үүргийг ахлагч нар гүйцэтгэж байгаа.

Ахлагчаар алба хаах журам байдаг. Энэ журамд “30 наснаас доош насны Монгол улсын иргэнийг ахлагчийн албанд татаж болно гэсэн заалт байдаг.

С.Оюунбаатарын хувьд цэргийн албанд ажиллах насны хязгаар хэтэрсэн тул үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан тул ажлаас чөлөөлсөн тул хариуцагчийн шийдвэр хууль ёсны юм6 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 13,913,750 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “гэрээт харуулын орон тоо байхгүй, 30 наснаас доош насны хүн харуулын үүрэг гүйцэтгэх ёстой. С.Оюунбаатарын хувьд нас хэтэрсэн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч С.Оюунбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

            Нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт 2006 оноос 2011 он хүртэл галчаар 2011 оноос 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл гэрээт харуулаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

ЗХЖШ-ын даргын н/106 дугаар тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тайван цагийн орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан офицер ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг өөрчлөн томилохдоо С.Оюунбаатарыг ”2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн Б/05 тоот тушаалаар  гэрээт харуулын ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Ингэхдээ үндэслэлээ С.Оюунбаатар нь мэргэжлийн ахлагчийн алба журмын дагуу нас хэтэрсэн гэж тайлбарласан үйл баримт тогтоогдсон байна.

С.Оюунбаатарын ажиллаж байсан гэрээт харуулын ажил нь хөдөлмөрийн гэрээнээс үүссэн Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа болох нь хэрэгт авагдсан ажил олгогчийн тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэтэл ажил олгогч түүнийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаал гаргаж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуульд заасан журмыг баримтлаагүй байна. Тухайлбал

Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагч нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, хэсгийг заавал баримтлах, ажилтанд урьдчилан бичгээр мэдэгдэх зэрэг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

Хавтаст хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “мэдэгдэх хуудас[1]” авагдсан боловч уг мэдэгдэх хуудсыг ажилтанд гардуулан өгч гарын үсэг зуруулсан баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсыг ажилтанд гардуулан өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хэрэг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцсаны дараа 2016 оны 1 дүгээр сарын 16 өдрийн Б/05 тоот С.Оюунбаатарыг ажлаас нь чөлөөлсөн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн байна[2]

Гэтэл уг тушаал нь нэхэмжлэгчид гардуулж өгсөн тушаал[3]-аас өөр /хуулийн зүйл заалтыг баримталсан/ тушаал байх тул уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “...үнэн зөв, эргэлзээгүй” талаас нь үнэлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, Хөдөлмөрийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 154/ШШ2018/00250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

                                                                         

                                                                                М.НЯМБАЯР

 

 

 

 

 


[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[2] Хоёрдугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас

[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас