Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 127/ШШ2022/0009

 

 

 

Хэргийн индекс: 127/2022/0006/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

            Хариуцагч: ХАНСЗД,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж нарын хоорондын  “...НСЗ даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах тухай” маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагч Хэнтий аймгийн НСЗ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Уээс ХАНСЗДд холбогдуулан “...НСЗ даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Х.У нь Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан ба НСЗ дарга А.М 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “Х.Ут сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргаж, “Төсвийн Ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагийн мөнгө олгодоггүй, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй, ажиллаж байх хугацаанд нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарч байсан” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлжээ.

3. Нэхэмжлэгч Х.У нь дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатараас 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4/589 тоот албан бичгээр “...шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг авсан байна.

4. Нэхэмжлэгч Х.У 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Миний бие 2015  оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажлаа чин сэтгэлээсээ хийж, ямар нэг зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдаж байгаагүй.

Засаг дарга А.М нь надтай болон миний ажил албан тушаалтай хамааралгүй асуудлыг надад хамаатуулж, намчирхлаа, улс төржлөө гэх мэтээр өөрийн үзэмжээр дүгнэн хувийн үзэл бодлоо тулгах, үүгээр ч зогсохгүй өөрийн хүсэлтээр ажлаа өг, өөр ажлын байраар хангана гэх мэтээр шахалт дарамтыг байнга үзүүлснээр намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн болно.

Ийнхүү намайг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжийн үндэслэх хэсэгтээ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66,1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4 дэх заалт, Монгол улсын засгийн газрын 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг үндэслэн тусгаж захирамжилжээ. Гэвч энэхүү хуулийн зүйл заалтууд нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд буюу байгууллагын дотоод хэм хэмжээ, дүрэм журамд заасан байхыг хөдөлмөрийн тухай хуульд хуульчилсан байдаг.

Өөрөөр хэлбэл Х.У намайг ямар ч зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр эсхүл хамааралгүй зүйлийг зориуд хамаатуулан захирамжид тусгасан байна.

Тухайлбал: Төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг биелүүлээгүй, Төрийн захиргааны албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цаг ажиллуулж илүү цагийн мөнгийг олгодоггүй.

Засаг даргаас Х.У надад хэзээ, ямар үүрэг өгсөн, түүнийг нь хэрхэн биелүүлээгүй талаар урьд өмнө огт мэдэгдэж, эсхүл сануулсан удаа байдаггүй. Мөн “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн ямар заалтыг зөрчсөний төлөө арга хэмжээ авч байгаа нь өнөөг хүртэл тодорхойгүй.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд харилцааг зохицуулсан хамгийн чухал баримт болох Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын алинд нь ч заагаагүй үндэслэлээр арга хэмжээ авч албан тушаал бууруулж ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авахыг хуульчилсан байдаг.

Иймд хууль зүйн ямар ч үндэслэлгүй, хууль зөрчин гаргасан НСЗ даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс 2022 оны 1 сард гарсан актаас хойших зүйлүүдийг үндэслэл болгож байна. Сургуулийн захирал санхүү мөнгөтэй холбогддог. Тэр нь хуулийн дагуу байдаг. Аудитын дүгнэлттэй холбоотой хариу тайлбар авсан зүйл одоогоор байхгүй.  Хариуцагч  ирээдүйд гарах шалгалтын үр дүнг урьдчилж хараад шийдсэн юм шиг тайлбарлан хэлж байна. Энэ нь захирамжийн агуулга, үндэслэлд нийцэхгүй юм. Мөн 4 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэгт сургуулийн захирал энэ хүүхдүүдийг хүчиндээрэй гэж хэлээд хүчиндүүлсэн юм шиг ийм зүйл ярьж байна. Энэ нь үндэслэлгүй юм.

... Захирамжийн агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.1.4, 123.1, 123.2, 123.2.4 дэх заалтуудыг баримталсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1-т хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн бол сахилгын шийтгэл авна. Гэтэл хавтаст хэргээс харахад Ууганцэцэг нь  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын аль заалтыг яаж зөрчсөн нь тогтоогддоггүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн заалт байдаг. Энэхүү заалтыг огт хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулахыг заасан байдаг. Гэтэл Ууганцэцэгээс тайлбар мэдүүлэг авах, мэдүүлэг өгөх баримт огт үйлдээгүй. Өөрөөр хэлбэл процессын алдаатай.

Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан зөрчил гаргасан бол зөрчилд холбогдогч этгээдээс тайлбар авна гэсэн байдаг.

... Мөн төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг гэдэг. Засаг даргаас сургуулийн захиралд ямар үүрэг хэзээ яаж өгсөн тодорхойгүй. Хэрэв өгсөн бол хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, зэрэг нотлох зүйлс байхгүй. Ямар ажлыг яаж өгсөн нь мэдэгдэхгүй байдаг.

Байгууллагын албан хаагч нарыг хавчин гадуурхсан гэдэгт, хэнийг хэзээ гадуурхсанаас үүдэн гадуурхагдсан гэх ажилтан ажлаа хийхэд ямар сөрөг нөлөө үзүүлсэн. Юу болсон талаар хэрэгт огт баримт байхгүй. Нэр хаяг нь тодорхойгүй захидлууд байдаг. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Хэрэв зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол шалган тогтоосон акт, энэ төрлийн нотлох баримт хариуцагчид байдаггүй.

... Сургуулийн 44 ажилчдаас хэн, хэдэн хүн нууц захиаг өгсөн нь тодорхойгүй, сургуулийн ажилчид мөн эсэх нь тодорхойгүй, хэн хэзээ яаж үйлдсэн гэдэг нь тодорхойгүй гомдлуудыг хэрэгт өгсөн байдаг.

Хариуцагч тал тайлбарлахдаа, ажилчид бичиж өгсөн гэх боловч түүнийг нотлох ямар нэг баримт хэрэгт өгөөгүй. Эдгээр баримтууд нь хуулийн өмнө хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээтэй болж байна. Ууганцэцэгийг зөрчил гаргасан гэж шалган тогтоогоогүй байж, ингэж шийдвэрлэж байгаа үйл баримт нь нотлох баримт шинжлэн судлахад бүрэн нотлогдон тогтоогдож байна. Энэхүү захирамж гарснаас хойш аймгийн Засаг даргад танилцуулахад буцаан ажилд нь эгүүлэн томил гэдэг албан бичгийг 01 сарын 18-ны өдөр өгсөн. Ууганцэцэгийн ямар зөрчил гаргасан талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй, хариуцагч талаас ч гаргаж өгөх баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, ажилд нь эгүүлэн томилж өгнө үү гэв.

5. Хариуцагч ХАНСЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Багш нарын өрөөг тохижуулахад “Алтан Одгэрэл” ХХК-аас 1.935.000 төгрөгийн бараа материал, тавилга худалдан авч төлбөрийг захирал Х.У хувиасаа төлсөн гэх тул Ерөнхий боловсролын сургууль Х.Ут 1.935.000 төгрөгийн өртэй,

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Багшийн хөгжлийн цахим танхим” байгуулах төслийн санхүүжилт болох 19.500.000 төгрөгийн 9.500.000 төгрөгийг цалингийн санд шилжүүлж "Спид Аксон” ХХК-ний дансанд, мөн хичээл үйлдвэрлэлийн зардлаас 5.000.000 төгрөгийг тус компанид шилжүүлж 4.500.000 төгрөгийн өртэй гарсан,

Хувь хүн болон “Спил Аксон” ХХК-д нийт 6435000 төгрөгийн өртэй байна. Энэ өрийг 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгаагүй нуун дарагдуулсан,

Байгууллагын үлдэх өртөгтэй актлагдсан барилгыг өмч хамгааллын зөвлөлийн хурлыг хийлгэж ямар нэг шийдвэр гаргалгүйгээр тус компанид өгсөн нь тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн хурлаар нотлогдож байгаа,

Эдгээр санхүүгийн олон удаагийн ноцтой зөрчлүүд нь Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалтыг зөрчсөн нь маш ноцтой зөрчил болно” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн НСЗ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан аудитын дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, хурлын ажилчдын зүгээс нууц санал асуулгаар авсан захидлууд  авлигатай тэмцэх газарт өгч байсан дарга Угтахбаярын өргөдөл зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Нэг удаагийн асуудал биш, маш олон удаагийн төсвийг зориулалтын бус зарцуулдаг. Мөн эрх  мэдлээ урвуулан ашигласан байдал ажиглагдсан. Энэ талаар Засаг даргын зүгээс удаа дараа сануулж байсан боловч үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

... Сургуулийн актлагдан хөрөнгийг Эко зуслан гэдэг нэртэй байшин барих гэж байгаа компани руу шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Байгууллагын албан хаагчдыг дарамталсан, илүү цагаар ажиллуулсан мөнгө өгдөггүй нь ажилчдын захидлуудаар нотлогддог. Ажиллаж байх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарсан нь захирлын үүрэгт ажилтай шалтгаант холбоотой гэж үзэж байна. Учир нь Боловсролын тухай хууль, Ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн дүрэм, нийгмийн асуудал зэргийг баримталж ажиллах ёстой.

... Маш хатуу хяналттай байх ёстой газарт 4 удаа хойд эцэгтээ хүчиндүүлсэн охины кэйс яваад байдаг. Үүнийг шийдвэрлэж чадахгүй олноор нь гаргаж байгаа нь сургуулийн захирлын хариуцлагатай холбоотой.

... Мөн Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллаагүй гэдэг үндэслэл захирамжид дурдагдсан. Энэ нь Засаг даргын бичиж өгсөн тайлбараар нотлогддог.

... Багш нарын өрөөг тохижуулахад “Алтан од” ХХК-аас 1.935.000 мянган төгрөгийн бараа материал худалдан авч төлбөрийг захирал Ууганцэцэг хувиасаа төлсөн гэх тул байгууллагыг 1.923.000 өртэй гаргасан. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан  цахим танхим байгуулах санхүүжилт болох 19.500.000 төгрөгийг 9.500.000 мянган төгрөгийг цалингийн санд шилжүүлж, “Спил Аксон” ХХК-д хичээл үйлдвэрлэлийн зардал 5 сая төгрөгийг шилжүүлсэн. “Спил Аксон” ХХК-тай хувийн сонирхолтой. 6.435.000 төгрөгийн өртэй байсныг 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгаагүй нуун дарагдуулсан. Засаг даргын Тамгын газрын бохир соруулсан хөлс гэх нэрийдлээр 1.600.000 мянган төгрөг шилжүүлж, 124.000 мянган төгрөгийг нягтлан бодогчийн хувийн дансаар буцаан хувьдаа авсан. 2021 оны жилийн эцсээр байгууллагыг өргүй гаргасан мэтээр нуун дарагдуулж, төсвийн ерөнхий захирагчийг хууран мэхэлсэн байж болзошгүй. Энэ бүх үндэслэлүүд нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллаагүй гэх үндэслэлийг бүрдүүлж байгаа юм. Заавал тус тусад нь хэлээд тушаалд бүгдийг тусгах албагүй.

Нийтэд нь үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байна гээд тушаал гарсан байгаа юм. Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар Эрүүгийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа тогтоол  нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллаагүй гэдэг Засаг даргын тушаалдаа дурдсан үндэслэлүүдэд хамаарч байгаа юм. Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэгдээд Ууганцэцэгийг шүүхээс гэм буруутайд тооцогдвол төрийн албанаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээтэй байсныг харин эвийн журмаар шийдэж зөвхөн албан тушаалыг бууруулсан. Огт ажилгүй болгоогүй.

... Аудитын дүгнэлтийн талаар хариу тайлбар аваагүй. Ирээдүйд гарах үр дагаврыг урьдчилан тооцоолж шийдвэр гаргасан гэх зүйл ярьж байна. Хэрэв ирээдүйд гарах үр дагаврыг тооцоолсон бол төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдож гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол ажлаасаа халагддаг болохоос албан тушаал буурахгүй. Тийм учир ирээдүйд гарах үр дагаврыг тооцоолоогүй.

... Хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйл заалтын хувьд, Засаг дарга ерөнхий заалтуудыг баримталсан. Эдгээр заалтуудад Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т Боловсролын тухай хууль, хууль тогтоомжид заасан дүрэм журмыг мөрдлөг болгон ажиллана гэх заалтыг зөрчсөн, 2.2.3-т ажил хөдөлмөртэй холбогдсон бүх шаардлагыг хариуцаж хангана. 4.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ээс 40.1.6-г зөрчсөн байвал төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн зөрчсөн гэж үзнэ гэжээ.

... Аудитын дүгнэлтүүд дотор 2021 оны жилийн эцсийн тайланг зөрчсөн,  Төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Эдгээр бүх зүйлүүд шалгалтаар тогтоогдон гарч ирсэн.

Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т заасан Боловсролын тухай хууль болон ёс зүйн хэм хэмжээгээ чанд сахих үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Мөн захианы хувьд ямар ч байгууллагад байдаг хуралд хэлэлцэгддэг. Нэргүй захидал гэж нэрлэдэг. Нууц санал хураалт юм. Сургуулийн ажилчид мөн эсэх эргэлзээтэй гэдэг. Магадгүй бичгийн хэвийг нь хараад хэний бичиг, мөн олон жил ажилласан сургалтын менежер хүн, өөрөө хэн болохыг мэдэж байгаа байх.

...Иймд нэхэмжлэгчийг гаргасан алдаа зөрчил нь нотлогдсон. Тийм учир тушаал бууруулсан. Энэхүү Засаг даргын захирамж хуулийн дагуу гарсан захирамж учир хууль зөрчөөгүй, хуулийн хүчинтэй захирамж гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.У нь Хэнтий аймгийн НСЗ даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

2. Нэхэмжлэгч Х.У нь Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай[1] захирамжаар Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Гэтэл Хариуцагч ХАНСЗД нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “Х.Ут сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар[2] “... Төсвийн Ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагийн мөнгө олгодоггүй, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй, ажиллаж байх хугацаанд нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарч байсан” гэх үндэслэлүүдийг дурдаж, Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас Х.Уийг  чөлөөлсөн байна.

3. Нэхэмжлэгч талаас дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаж буй үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй...” гэж тайлбар хийж, маргаж байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

4. Хариуцагч талаас, Хэнтий аймгийн НСЗ даргын маргаан бүхий 2022 оны Б/01 дугаартай захирамжийн үндэслэлээ тайлбарлахдаа “...Багш нарын өрөөг тохижуулахад “Алтан Одгэрэл” ХХК-аас 1.935.000 төгрөгийн бараа материал, тавилга худалдан авч төлбөрийг захирал Х.У хувиасаа төлсөн гэх тул Ерөнхий боловсролын сургууль Х.Ут 1.935.000 төгрөгийн өртэй,

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Багшийн хөгжлийн цахим танхим” байгуулах төслийн санхүүжилт болох 19.500.000 төгрөгийн 9.500.000 төгрөгийг цалингийн санд шилжүүлж "Спид Аксон” ХХК-ний дансанд, мөн хичээл үйлдвэрлэлийн зардлаас 5.000.000 төгрөгийг тус компанид шилжүүлж 4.500.000 төгрөгийн өртэй гарсан,

Хувь хүн болон “Спил Аксон” ХХК-д нийт 6.435.000 төгрөгийн өртэй байна. Энэ өрийг 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгаагүй нуун дарагдуулсан,

Байгууллагын үлдэх өртөгтэй актлагдсан барилгыг өмч хамгааллын зөвлөлийн хурлыг хийлгэж ямар нэг шийдвэр гаргалгүйгээр тус компанид өгсөн нь тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн хурлаар нотлогдож байгаа,

Эдгээр санхүүгийн олон удаагийн ноцтой зөрчлүүд нь Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалтыг зөрчсөн,

...Төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан хаагч нарыг дарамталж хавчин гадуурхдаг, ажиллаж байх хугацаанд нь насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарсан нь захирлын үүрэгт ажилтай холбоотой” гэж тайлбарлаж, холбогдох баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргажээ.

 

Хариуцагч талын дээрх тайлбаруудын тухайд:

 

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчилд оногдуулсан, Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын актууд нь 2022 оны 3 дугаар сарын 09-нийн өдрийн огноо, дугаартай байна.

Харин Х.Уийг сургуулийн захирлын албан тушаалаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр чөлөөлсөн байх ба албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш буюу 65 хоногийн дараа гарсан Төлбөр барагдуулах тухай, Зөрчил арилгуулах тухай актуудыг[3] маргааны үйл баримттай холбон хариуцагчаас тайлбарлаж байгаа нь нийцэхгүй байна.

6. Мөн “Төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан хаагч нарыг дарамталж хавчин гадуурхдаг, ажиллаж байх хугацаанд нь насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарсан нь захирлын үүрэгт ажилтай холбоотой” гэж тайлбарлаж хариуцагчаас маргадаг.

Гэвч нэхэмжлэгч Х.Уийн буруутай гэх үйлдлүүдийг тухай бүрд нь шалгаж шийдвэрлэсэн нотлох баримтууд хариуцагч талд байхгүй, энэ талын баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэн гэдэг хүн, хэзээ хаана үйлдсэн нь тодорхойгүй санал, гомдлуудыг[4] хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд өгсөн байна. Эдгээр санал гомдлууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй, 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй.

8. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газраас Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар илэрсэн зөрчилд оногдуулсан, Төлбөр барагдуулах тухай, Зөрчил арилгуулах тухай актуудын талаар шүүхэд маргаан гараагүй тул дүгнээгүй болно.

 

Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

9. Хариуцагч Хэнтий аймгийн НСЗ дарга 2022 оны Б/01 дугаартай захирамж гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг үндэслэл болгосон байдаг. Гэхдээ уг захирамжид дээрх дүрмийн 2-т заасан ёс зүйн хэм хэмжээг эсвэл 3-т заасан ёс зүйн шаардлагын аль заалтыг зөрчсөнийг тодорхой тусгаагүй бөгөөд уг дүрмийн 4.2-т заасан хариуцлагын алийг нь ямар үндэслэлээр хэрхэн хүлээлгэсэн нь тодорхойгүй, 5-т заасан шалган шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулсан талын нотлох баримтууд байхгүй байна.

Иймд, хариуцагчаас “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн тусгай шаардлага болох дээрх ажиллагаануудыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч Х.Уийн гаргасан гэх ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлээгүй атлаа уг дүрмийг маргаан бүхий 2022 оны Б/01 дугаартай захирамждаа баримталсан нь үндэслэлгүй болжээ.  

10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан.

Гэтэл Хэнтий аймгийн НСЗ дарга маргаан бүхий Б/01 дугаартай захирамжийг гаргахдаа хуульд заасан дээрх тусгай зарчмыг баримтлаагүй, хангаагүй байна.

Өөрөөр хэлбэр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчжээ.

11. Мөн маргаан бүхий Б/01 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хангалттай гүйцэтгээгүй, 25 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ажиллагааг хийгээгүй, 26 дугаар зүйлд заасан захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэл хүргүүлэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангах,  сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах, сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүргээ биелүүлээгүй, захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөөгүй байна.

12. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12.-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Уийг ажлаас халахдаа аймгийн Боловсролын газартай зөвшилцөөгүй болох нь тодорхой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хэнтий аймгийн НСЗ даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

13. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4/ “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах..., 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Х.Уийг ажлаас нь халахдаа тухай үйл баримтыг тогтоох, үүрэг даалгавар өгч түүний үр дүнг дүгнэх, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сахилгын зөрчил бүрийг шалгаж тогтоогоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

14. Иймд нэхэмжлэгч Х.Уийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн НСЗ даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “Х.Ут сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Х.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн НСЗ даргын ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х.Ут олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.БАЯСГАЛАН

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 34-р хуудас,

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас,

[3] Хавтаст хэргийн 59-62-р хуудас,

[4] Хавтаст хэргийн 52-57-р хуудас,