| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02578/И |
| Дугаар | 102/ШШ2021/02159 |
| Огноо | 2021-09-03 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2021/02159
| 2021 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2021/02159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Х О /РД: /-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х.О миний бие 1984 оноос 1987 он хүртэл одоогийн Баянголд дүүргийн Ерөнхий боловсролын дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн бөгөөд Үндэсний төв архив, Нийслэлийн архиваас шүүлгээд олдоогүй. Мөн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй.
Иймд 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд Баянголд дүүргийн Ерөнхий боловсролын дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.О шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг Х.О миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.О нь 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд Баянголд дүүргийн Ерөнхий боловсролын дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Х.О нь 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд Баянголд дүүргийн Ерөнхий боловсролын дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Ж.Ө, Д.Х нарын тодорхойлолт, Д.Х н гэрчийн мэдүүлэг, Нийслэлийн ерөнхий боловсролын дүгээр сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 жилийн 40 дүгээр дунд сургуулийн захирлын 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар ажилд авах тухай тушаал, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 25 дугаар гишүүний үнэмлэх зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Х.О н 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд Баянголд дүүргийн Ерөнхий боловсролын дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлт-ийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Боржигон тайж овогт Ха О /РД: /-ийн 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд Баянголд дүүргийн Ерөнхий боловсролын дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА