| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0497/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/523 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,
улсын яллагч Ц.Сайнзаяа,
шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт С-ын А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000769 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, *** эмнэлгийн дотрын тасагт сувилагч ажилтай, ам бүл 6, эх, 3-13 насны 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:***/, О овогт С-ын А.
Шүүгдэгч С.А нь фейсбүүк цахим орчинд байрлах “Гал тогооны тавилга захиалга” гэх хуудаст “...захиалгаар бүх төрлийн тавилга хийнэ” гэсэн зар оруулж, уг зарын дагуу гал тогооны тавилга захиалахаар холбогдсон Ж.Б-аас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 4.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь фейсбүүк цахим орчинд “Гал тогооны тавилга захиалга” гэх хуудаст “...захиалгаар бүх төрлийн тавилга хийнэ” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ж.Б-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “гал тогоо урьдчилгаа ***” гэсэн утгатайгаар 4.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Ж.Б-аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дахь тал)
Хохирогч Ж.Б-ийн “Баянгол дүүргийн 17 дугаар хороо, *** тоотод байхдаа 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гал тогооны тавилга, шкаф хийлгэхээр *** дугаартай Хаан банкны данс руу 4.500.000 төгрөг шилжүүлж залилуулсан асуудлаараа С.А гэх эмэгтэйд гомдол гаргаж байна. 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк дээр байрлуулсан “гал тогооны тавилга захиалга” гэсэн зарын дагуу *** дугаарын гар утсаар холбогдож, тавилга хийлгэхээр болоод гэртээ тавилгын хэмжээ авхуулахаар болсон. 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо *** тоотод С.А-ийн нөхөр Ж гэдэг залуу манай гэрт ирээд гал тогооны тавилга хийлгэх хэсэгт хэмжилт хийгээд явсан. 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр С.А гэсэн фейсбүүк хаягтай эмэгтэй хүнтэй видео дуудлага хийгээд С.А нь 100 айлын барилгын материалын дэлгүүрээс материал сонголт хийлгүүлсэн. Захиалгаа хэзээ өгөх вэ, ямар баталгаа өгөх вэ, мөнгө өгвөл алга болчихвол яах вэ гээд асуусан. Тэгэхэд энэ миний фейсбүүк хаяг байгаа юм гээд Хаан банкны *** дугаарын дансны дугаарыг чатаар өгсөн. Урьдчилгаа 4.500.000 төгрөгийг шилжүүл гээд хэлэхээр нь би охиныхоо Хаан банкны *** дугаарын данснаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 4.500.000 төгрөгийг *** дугаарын данс руу шилжүүлж өгсөн. А-тай холбогдоод манайд тавилга хэзээ авч ирэх вэ гээд чатаар холбогдоход та хэзээ тавилгаа авах вэ гээд хэлсэн. Би бүтэн сайнд авмаар байна гээд хэлэхэд хоёр дахь өдөр очно гэж хэлсэн. 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хиншүү сорогчны мөнгийг над руу шилжүүлээрэй гээд хэлсэн. Би хүлээж авсныхаа дараа мөнгөө бүрэн өгнө өө, би ахиж мөнгө өгөхгүй гэж хэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр танай гэрт хүн байх уу, гал тогоог чинь буулгах гэсэн юм. Дахиад 100.000 төгрөг шилжүүлээрэй гээд хэлсэн. Би чадахгүй ээ, тавилгаа заасан хугацаанд нь авч ирээч ээ гээд хэлсэн. Тавилга яг хийгдэж байгаа гэсэн баталгаа байна уу, зураг байна уу гээд асуухад зүсвэр дээр, үйлдвэр дээр очоод явуулья гэж хэлсэн. Манай охины төрсөн өдөр болсон юм 100.000 төгрөг шилжүүлээч гэж хэлэхээр нь ажлаа хийгээч ээ тавилгаа өгөхгүй байж яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд ярьж байгаа юмнууд нь худлаа болж таараад худлаа яриад эхэлсэн. *** дугаарын гар утас руу залгахад гар утсаа авдаггүй. 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А гэх эмэгтэй нь өөрөө фейсбүүк чатаар хэмжээ авсан залууг *** регистрийн дугаартай О-ийн Ж гэдэг хүн танайд очиж тавилгын хэмжээ авсан залуу манай нөхөр байгаа юм. Би дөрвөн хүүхэдтэй, өнөөдөр намайг зодчихоод гэрийн бүх тавилга аваад явчихлаа гээд хэлсэн. Энэ залуутай хамтран амьдардаг юм гэх утгатай уйлж яриад намайг залилан мэхэлсэн тухайгаа хэлээд хохирлыг барагдуулна гээд надад хэлсэн. Би гомдолтой байна, 4.500.000 төгрөгөө буцаан авмаар байна. А нь ерөөсөө тавилга хийдэггүй, 100 айл төвийн “Т” төвийн хажууд байрладаг “Ш” гэдэг үйлдвэр байдаг гэсэн боловч, би тавилгын үйлдвэрийг нь хайж үзэхэд тийм үйлдвэр байхгүй байсан. Намайг залилан мэхэлж миний мөнгийг авсан нь тодорхой болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал)
Хохирогч Ж.Б-ийн “...Энэ зураг дээрх хүн А гэсэн фейсбүүк хаягтай хүний зурагтай хүн байна. Надад үзүүлсэн зураг дээрх эмэгтэй нь эрүүн дээрээ мэнгэтэй уруулын хэлбэр нь адилхан, нүүрээ будаагүй, нүд нь бол ижилхэн байна...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
Гэрч О.Ж-ы “...С.А-г танина, нэг сургуульд суралцдаг байсан. Би тавилга угсралтын ажлыг хувиараа хийдэг. 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, *** тоот Б гэх айлын гэрт орж гал тогооны тавилгын хэмжээг нь авч зургийг нь гаргаж өгсөн. А нь өөрөө тавилга хийдэг үйлдвэргүй. Би өөрөө тавилга хийж, зураг гаргадаг. Надаас хэмжээ аваад өгөөч гээд гуйсан. Тэгээд хэмжээг нь аваад зургийг нь гаргаж өгөөд 50.000 төгрөг авсан. Бид хоёр хамтарч тавилгын захиалга авсан зүйл байхгүй...А нь надад ерөөсөө тавилга хийгээд өгөөч гээд гуйж байгаагүй. Сая л зүсвэр хийгээд өгөөч гээд гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)
Гэрч Г.М-ийн “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айл барилгын материалын газрын Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс 100 метр зайд “Ш” гэсэн хаягтай тавилгын бэлдэц хийлгэдэг ажлыг 2 жилийн хугацаанд ажиллуулж байна. С.А-г ганц нэг удаа харж байсан, сайн танихгүй. Зурагт байгаа хүн нь С.А мөн байна. *** дугаарын данс миний данс мөн байна. А гэх эмэгтэй тавилгын зүсвэр хийлгэсэн. Би юу хийлгэснийг тодорхой хэлж мэдэхгүй байна...А-д тавилга хийлгэдэг газар байхгүй. Өөрөө ямар ч тавилга хийдэггүй. Фейсбүүк дээр зар тавьж хүмүүст тавилга хийдэг хүнийг нь олж өгдөг юм уу даа гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)
*** дугаарын гар утас болон “С.А” гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-37 дахь тал)
Хаан банкны *** дугаарын дансны депозит хуулга (хавтаст хэргийн 40 дэх тал)
“С.А” гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-50 дахь тал)
С.А-ийн Хаан банкны *** дугаарын дансны депозит дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 56-68 дахь тал)
Дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 54-55 дахь тал)
Яллагдагч С.А-ийн “2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк дээр “гал тогооны тавилга” захиалгаар хийнэ хувь хүн гээд зар байршуулсан байсан. Б гэх хүн надтай 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр надтай фейсбүүкээр холбогдсон. Захиалга өгье хэмжээ аваад өгье гэж хэлсэн. Ж гэдэг таньдаг, Г гэдэг тавилгын компанид угсаргаачин хийдэг залуугаас захиалга өгсөн. Б гэдэг айлд очоод тавилга хийлгэх хэмжээ аваад өгөөчээ гээд гуйсан. Ж нь миний гуйснаар Б гэдэг айлд очоод хэмжээг нь аваад надад өгсөн. Би зүсвэрийн газар очоод гал тогоог нь хийлгэх гээд хэмжээг нь бодуулсан. Тэгээд гал тогоог нь 5,500,000 төгрөг болно гэж хэлээд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б гэх эмэгтэйгээс 4.500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлж авсан. Б гэх эмэгтэйд 10-14 хоногийн дотор тавилга захиалга гарна гэж хэлсэн. Би гал тогооны тавилгын мөнгийг нь үрчихсэн. Б гэх эмэгтэй нь намайг тавилгаа хийхгүй байна гээд больё гэсэн. Би тавилгыг нь хийж чадаагүй...Надад тавилгын үйлдвэр байхгүй. Би тавилга хийдэггүй. Анх фейсбүүк дээрээс санааг нь авч, захиалга авч эхэлсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч С.А нь фейсбүүкт “гал тогооны тавилга захиалгаар хийнэ.” гэсэн зар байршуулсны дагуу түүнтэй холбогдсон Ж.Б-д гал тогооны тавилга хийлгэх хэсэгт хэмжилт, материал сонголт зэргийг хийлгүүлж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч улмаар 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 4.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авсан үйл баримт авагджээ.
Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.А нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар буюу үнэ төлбөргүйгээр өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 4.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч хохирогчид 4.500.000 төгрөгийн хохирол учруулж бусдыг залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч С.А нь тавилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй хэр нь захиалгаар тавилга хийдэг мэтээр утсаар ярьж бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаар хохироох зорилгоор хийгдсэн байх ба, анхнаасаа тавилгын захиалга үйлдвэрлэл хийгдэх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон С.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Б-д 4.500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчийн *** дугаарын данс руу 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн банкны баримт хавтаст хэргийн 106-108 дахь талд авагдсан байх тул энэ хэрэгт шүүгдэгч С.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгч С.А-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.А нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт С-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ