| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02406/И |
| Дугаар | 102/ШШ2021/02026 |
| Огноо | 2021-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/02026
| 2021 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2021/02026 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б дүүрэг, дугаар хороо, з гудамж, тоотод оршин суух, Т овогт Ж П /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.П миний бие 1990 оноос 2000 оны хооронд Х аймгийн Б сумын И бригадад мал маллаж малчин байсан.
Өндөр настны тэтгэвэрт гарах болоход улсад ажилсан дээрх 10 жил баримтаа тогтоогдохгүй байх тул 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 10 жил малчнаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү.
Шүүх хуралдаанаар: хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.П нь 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 10 жил малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.П нь 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 10 жил малчнаар ажиллаж байсан болох нь гэрч И.Э ийн тодорхойлолт, Х аймгийн И сумын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, Х аймгийн Б сумын засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тодорхойлолт, Х аймгийн Архивын тасгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн архивын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ж.П г 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 10 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлт-ийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Тогоруутан овогт Ж П /РД: /-г 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 10 жил малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА