Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 0066

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч, Ш.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Б.Ч, Ш.Н

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

  Нарийн бичгийн дарга                              Д.Одончимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ч, Ш.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ч овогт Ш-н Н.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Ч.

 

Ш.Н нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 35-13 тоотод оршин суух Н.У-н гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 4-2 тоотод оршин суух Ц.А-н байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 216.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 2-19 тоотод оршин суух Б.Б-н байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт хулгайлан 230.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт иргэн Ё.А-н нурууг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Ш.Н, Б.Ч нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 2-19 тоотод оршин суух А.Б-н байшинд хууль бусаар нэвтэрч Могуль загварын 32 инчийн ЛСД зурагт, агаарын сувгийн төхөөрөмж зэргийг хулгайлан 456.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ч овогт Ш-н Н, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ныг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Чийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нт оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нын цагдан хоригдсон 33 хоног, шүүгдэгч Б.Чийн цагдан хоригдсон 33 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ноос 843,000 төгрөг гаргуулж хохирогч Н.У  545000 төгрөгийг, хохирогч Ц.А 298,000 төгрөгийг олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бор өнгийн хагас түрүүтэй нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Нт буцаан олгож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ

 

Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдолдоо:

“ ... Миний ээж Б нь хөхний хорт хавдартай мөн түнхний мултралтай хөл гар муутай хөдөлмөрийн чадваргүй айлын гэр хөлслөн суудаг эм тариандаа хүрдэггүй. Чингис миний бие сийвэс мэнэнгит өвчнөөсөө болж хөлнийхөө яснаас тайруулж унаж татдаг болсон. Иймд намайг тууштай ажилд авдаггүй учраас хүнсний захаар ойр зуурын грушик хийж хөлслөн суудаг гэрийн хөлсний мөнгө, амь зуух хэдэн төгрөгөө арай гэж олдог. Бие муутай ээжид маань ус түлээ дөхүүлж тус дэм болох ах дүү хамаатан садан гэж байдаггүй байгаа нь холбоо тасраад удаж байгаа надаас өөр хэн ч байхгүй болохоор миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж миний энэ шийтгэлээс хөнгөрүүлж туслана уу” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Н давж заалдах гомдолдоо:

“ ... Миний бие гэм буруугийн талаар маргахгүй хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа бусдад учруулсан хохирлоо нэн даруй барагдуулах чин хүсэлтэй байгаа. Харин “Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-нд гаргасан үнэлгээнд гомдолтой байна. Н.У-н мэдүүлсэн “миний алдсан очир гээд байгаа очир гэх зүйл нь хонхны бариул хэсгийн дээд талд байдаг очиртой хэсэг уг  хонх нь 9х4 см харьцаатай” гэсэн байна. Миний авсан очир гэх зүйл нь Бурханы хонхны бариул хэсгийн дээд талд байдаг болов уу гэхээр эсвэл зүүлтний булан байж болохоор дөрвөлжин суурьтай 3х1 см багцааны эд зүйл байсан. 9х4 см гээд байгаа хонх, очир гэх зүйлсийг Ч бид хоёр зарах гэж их явсан. /хуучны эдлэл, шашны эдлэл авдаг газраар авдаггүй юм байна лээ/. Тэгээд бид хоёр хороолол руу алхаж яваад замдаа хаясан очир гэх зүйл нь Ч-д байж байгаад алга болсон. Тэр нь 450.000 төгрөгөөр үнэлсэн хонх очир гэх зүйлсийг намайг гэмтэлд хэвтээд орсон хойно З байцаагч Ч-н ээжтэй нь хамт дагуулан явж хаясан газраас нь олж хохирогчид хүлээлгэж өгсөн болно. Мөн миний бие хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээхээ ойлгож байгаа тул миний эдлэх ялыг хаалттай хорих ангид эдлүүлж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “ ... Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.Н нь 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 4-2 тоотод оршин суух Ц.А-н байшинд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан  216.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 35-13 тоотод оршин суух Н.У-н гэрт хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт иргэн Ё.А-н нурууг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 2-19 тоотод оршин суух Б.Б-н байшинд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 230.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.Н, Б.Ч нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 2-19 тоотод оршин суух А.Б-н байшинд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 456.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Ч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн, шүүгдэгч Ш.Н нь “ ... хохирлын үнэлгээнд гомдолтой ..., эдлэх ялыг хаалттай хорих ангид эдлүүлж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэр болон тэдний хувийн байдалд тохирсон байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хохирогч Н.У-н гэрээс алдагдсан гэх гуулин материалтай 9х4 см өргөнтэй бурхны хонхны дээд очиртой хэсгийн үнэлгээний талаар “Далайван Аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02/02-35 дугаартай албан бичигт “ ... бурхны хонхны дээд хөргийг салгаж зах зээл дээр зардаггүй учир хонхны дээд талын очирыг салгаж үнэлэхгүй ... 450.000 төгрөг байдаг болно ... ” гэжээ.

Шүүгдэгч Ш.Н нь үнэлгээний талаарх дээрх баримттай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, мөн хавтаст хэргийн материалтай 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус танилцсан боловч ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй /1 дүгээр хх 75 дугаар хуудас, 2 дугаар хх 72 дугаар хуудас/ байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хохирогч Н.Уд учруулсан хохирлыг шүүгдэгч Ш.Ноос гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх буюу шүүгдэгч Ш.Нын хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлэн өөрчлөх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Н, Б.Ч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧИД                                                   М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 С.УРАНЧИМЭГ