Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2022/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Саруул-Өргөө констракшн ХХК

Хариуцагч: ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хороо,

Хамтран хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

Гуравдагч этгээд: ДМТМ Трейд ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагаан хорол ХХК нарын хоорондын

ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тендерт Саруул өргөө констракшн ХХК ялагчаар шалгарсныг тогтоож тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/555 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Засаг дарга, ДМТМ Трейд ХХК-ийн хооронд байгуулсан 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл /Баянхонгор/-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/68 дугаар гэрээг тус тус хүчингүй болгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагаан хорол ХХК-иас гаргасан ЭХЯ/2022110003 дугаар бүхий 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн үнэлгээний хорооны Цагаан хорол-Нойкрафт-Ричвэлл түншлэлээс ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй тендер хэмээн дүгнэж тус тендерээс татгалзсан тухай Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/554 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, дээрх түншлэлээс ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгохыг тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэмбат, хариуцагч Т.Хишигбаатар, хамтран хариуцагч Д.Энхжаргал, гуравдагч этгээд Л.Баясгалан, түүний өмгөөлөгч Д.Очирваань, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болд, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Саруул-Өргөө констракшн ХХК нь ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тендерт Саруул өргөө констракшн ХХК ялагчаар шалгарсныг тогтоож тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/555 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Засаг дарга, ДМТМ Трейд ХХК-ийн хооронд байгуулсан 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл /Баянхонгор/-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/68 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2.Нэхэмжлэгч Саруул-Өргөө констракшн ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерт оролцжээ. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас Саруул-Өргөө констракшн ХХК 13.328.313.209 төгрөгийн үнийн санал холбогдох материал ирүүлсэн нь захиалагчийн боловсруулж батлуулсан BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж, шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй байгаа тул гэрээ байгуулан ажиллахаас татгалзаж 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/550 дугаар албанбичгээр хариу хүргүүлж улмаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн. 2022 оны 4 сарын 06-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд хандан гомдол гаргасныг Сангийн яамнаас 2022 оны 4 сарын 12-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа:

Манай компани Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерт 2022 оны 03 сарын 23-ны өдөр оролцож тендерийн материалаа өгсөн.

Ингээд дээрх тендерийн үнэлгээний хороо хуралдаж 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 2/550 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр манай компанитай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас татгалзсан тухай мэдэгдэл ирүүлсэн.

Бид тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 04 сарын 06-ны өдөр Монгол улсын улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус яамны 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 03/2220 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авахаас татгалзаж гомдлыг буцааж шийдвэрлэсэн.

Иймд бид шүүхэд дээрх үнэлгээний хорооны шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.

Тендерийн үнэлгээний хороо манай тендерийг ...захиалагчийн боловсруулж батлуулсан В8210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж, шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэдэг үндэслэл зааж тендерт шалгаруулахаас татгалзсан.

Үнэлгээний хорооны манай компанитай гэрээ байгуулахаас татгалзах болсон дээрх үндэслэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тендерийн материалд хавсаргагдсан 310/2021 дугаартай хяналтын төсөвт В8210806-0402 шифртэй ажлын төсөв огт тусгагдаагүй байсан. Энэхүү тендерийн ажлын төсөв нь Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар хуульчлан батлагддаг бөгөөд ингэж батлагдахдаа хяналтын төсөвт заасан дүнд үндэслэгддэг.

Бид хяналтын төсөвт тусгагдаагүй зардлыг өөрсдөө дур мэдэн нэмж боловсруулах боломжгүй бөгөөд тухайн үед манай тендерийн материалыг боловсруулсан инженер техникийн ажилчид өөр ажлын төсвийг хэмнэж хооронд нь гүйлгэх байдлаар шийдвэрлэхээр боловсруулсан байх магадлалтай гэж үзсэн.

Нэгэнт хяналтын төсөвтөө тусгаагүй зардлыг бид өөрсдөө зохиож боловсруулах боломжгүй, энэхүү нөхцөл байдал нь тендерийн бичиг баримтыг боловсруулсан захиалагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан учир үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компанийн тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн тендерийн материалд өөр зөрчилтэй, дутуу зүйл байхгүй учир тухайн тендерт манайх шалгарах бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа.

Харин тендерийн үнэлгээний хороо ДМТМ трейд ХХК болон Виртуалсофт ХХК- ний түншлэлийг шалгарсан гэж үзэж гэрээ байгуулах эрх олгоод байна.

Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тендерт шалгарсан дээрх түншлэлийн өмнө нь буюу 2019, 2020, 2021 онуудад гүйцэтгэж байсан ажил болон туршлага нь тендерийн баримт бичигт заагдсан шаардлагыг илтэд хангахгүй байгаа.

Жишээ нь: ТШЗ 17.6-д 35 кв болон түүнээс дээш цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, 35/10 кв, 35/6 кв-ын дэд станц болон түүнээс дээш барилга угсралтын ажлыг 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байх.

Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэх гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар, тухай ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Гэрээний үүргийн хэрэгжилтийн талаарх дээр дурдсан 3 төрлийн бичиг баримтын аль нэгийг ирүүлээгүй бол тухайн шаардлагыг хангаагүйд тооцно. Энэ нь ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болно гэж гэж маш тодорхой заасан байгаа.

Гэтэл ДМТМ трейд ХХК нь тендерийн материалдаа дээрх ижил төстэй ажлын гол үнийн дүн бүхий ажилд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээн дахь хөрөнгө оруулалтын багц-1 Хайлаастаас Баянхошуу руу давдаг хэсэгт 35/10 квын 2*10 МВА чадал бүхий дэд станц шинээр барих ажлын материалыг ирүүлсэн байна.

Гэтэл энэ ажлын Ерөнхий гүйцэтгэгч нь Биндэгноров ХХК бөгөөд ДМТМ трейд ХХК нь тухай ажилд туслан гүйцэтгэгчээр орсон байна. Энэхүү нөхцөл байдал нь ТШЗ-17.6-Д заасан шалгуурыг хангахгүй байна.

Мөн ТШЗ 17.6-д заасан заалтад хамаарах ижил төстэй ажлын гол үнийн дүн бүхий ажлын талаарх материалд ДМТМ трейд ХХК-ны гүйцэтгэж байгаа Монголын төмөр зам ТӨХК-ийн захиалгаар Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтээцийн 35 кв-ийн хүчдэлтэй 2 хэлхээ 75 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил Багц-3 материалыг ирүүлсэн боловч дээрх ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй, техникийн болон улсын комисс хүлээж аваагүй байгаа нь мөн тендерийн баримт бичигт дурдсан шаардлагыг хангахгүй байгаа.

ДМТМ трейд ХХК-тай энэ тендерт түншлэлээр орж байгаа Виртуалсофт ХХК нь ТШЗ 17.6 дахь хэсэгт заасан ижил төстэй ажлын шалгуурт гүйцэтгэсэн гол үнийн бүхий ажлуудад 35/10 кв, 35/6 кв-ын дэд станц болон түүнээс дээш хүчин чадалтай барилга угсралтын ажил байхгүй бөгөөд тендерийн материалд ирүүлсэн Налайх дүүргийн 6-р хороо Горхи Тэрэлж, Жинстэй Лодж ХХК-ны аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамжийн 35/0,4 кв-ын дэд өртөө гэсэн ажлын материал ирүүлсэн нь техникийн хувьд хялбар шийдэлтэй нам хүчдэлийн, хүчин чадал технологийн хувьд 35/10 кв, 35/6 кв-ын ажилтай харьцуулахад хамаагүй жижиг дэд станц тул ижил төстэй ажлын шаардлагад нийцэхгүй юм.

Тендерт шалгарсан ДМТМ трейд ХХК болон Виртуалсофт ХХК-ны түншлэл нь дээрх шаардлага хангаагүй материал ирүүлснээс гадна техникийн тодорхойлолтод санал болгож байгаа үндсэн тоноглол, голлох нэрийн бараа бүтээгдэхүүний танилцуулга, үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байна.

Энэ тендерт оролцсон оролцогч нарыг шалгаруулсан тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт дурдсан шаардлагыг илтэд хангаагүй түншлэлийг тендерийн ялагчаар шалгаруулан гэрээ байгуулах эрх олгож харин эсрэгээрээ тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан манай компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерт ирүүлсэн материалд үнэлгээ өгөх тухай зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Иймд манай компанийн ирүүлсэн тендерийн материал ямар нэг зөрчилгүй, энэхүү нөхцөл байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох боломжтой, үнэлгээний хороо дахин үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзэж байгаа учир ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тендерт нэхэмжлэгч Саруул өргөө констракшн ХХК ялагчаар шалгарсныг тогтоож тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Саруул Өргөө констракшн ХХК 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Саруул Өргөө констракшн ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, ЭХЯ/2022110003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тендерт Саруул Өргөө констракшн ХХК ялагчаар шалгарсныг тогтоож тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн дагуу үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/55 дугаар зөвлөмж бүхий шийдвэрийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан. Захиалагчаас гэрээ байгуулах эрх олгох тухай ялагчаар тодроод буй аж ахуй нэгжид хүргүүлсэн албан мэдэгдлийг хүчингүй болгох, мөн захиалагч тухайн аж ахуй нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул уг гэрээг хүчингүй болгохоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгааг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурлыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хийсэн бөгөөд хуралд 8 гишүүн оролцож, 88%-ийн ирцтэй хурлын шийдвэр гарч, олонхын саналаар ДМТМ трейд ХХК шалгарсан. Саруул Өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. 1. Саруул Өргөө констракшн ХХК-ний ирүүлсэн тендерт захиалагчийн магадлалаар оруулж батлуулсан BS 210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж, шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар татгалзсан. ДМТМ трейд ХХК-ний хувьд төсөвтөө тусгаж ирүүлсэн байсан.

2. ДМТМ трейд ХХК-ийг 35 кв болон түүнээс дээш цахилгаан дамжуулах агаарын болон кабел шугам, 35/10 кв, 35/6 кв-ын дэд станц болон түүнээс дээш барилга угсралтын ажлыг 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзжээ. Тухайн оролцогч нь Виртуалсофт ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж орсон бөгөөд түншлэлийн гэрээнд заасан хувь хэмжээг оролцогч тус бүр хангасан байна.

Монголын Төмөр зам ТӨХК-тай 2.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 28 км урт ЦДАШ барих гэрээг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, мөн оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгасан тухай захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн мөн түншлэгч Виртуалсофт ХХК-ний хувьд 1.7 тэрбум төгрөгийн дүн бүхий Налайх дүүргийн 6-р хороо Горхь Тэрэлж, Жинстэй лодж ХХК-ний аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамжийн 35/0,4 квт 630 квт-ын дэд өртөө, ЦДАШ-ын ажлыг гүйцэтгэсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангасан гэж үзэхээр байна.

3. Үнэлгээний хорооноос боловсруулж, батлуулсан тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод санал болгож байгаа үндсэн тоноглол, голлох нэрийн бараа бүтээгдэхүүний танилцуулга, үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг шаардаагүй болно. гэжээ.

Хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурлыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийж, үнэлгээний хорооны зөвлөмжийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар ДМТМ трейд ХХК-ийг шалгаруулсан байсан. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөллүүд орсон бөгөөд Саруул Өргөө констракшн ХХК-ийн ирүүлсэн тендерт захиалагчийн магадлалаар оруулж батлуулсан BS 210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. гэжээ.

Гуравдагч этгээд ДМТМ трейд ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Саруул Өргөө констракшн ХХК ХХК-ийн Саруул Өргөө Констракшн ХХК-ны нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг Даргын тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Манай компани нь 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зарлагдаж 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нээсэн XVIII.1.20 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл

/Баянхонгор/ ЭХЯ/202211003 дугаар бүхий тендер шалгаруулалтад Виртуалсофт* ХХК-тай түншлэл болон оролцсон.

Манай компани нь 2011 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх эрчим хүчний барилга угсралт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель шугам болон дэд станцын угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн олон жилийн туршлагатай аж ахуй нэгж бөгөөд мэргэжлийн ажлаа амжилттай гүйцэтгэн улсын комиссын актаар баталгаажуулан олон ажлыг хүлээлгэж өгсөн бөгөөд ижил төстэй зарим ажлуудаас дурьдвал:

2012 онд Эрчим Увс аймгийн Малчин сум-Баянхайрхан баг Хар Тэрмэс рашаан сувиллын 10 кВ-ын ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажил-ын гүйцэтгэгч,

2013 онд Таван Толгой дэд станцаас Вагнер Ази ХХК-ийн захиалгаар засвар үйлчилгээний төвийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил.10кВ-ын 670м ЦДКШ,10кВ- ын 8км ЦДАШ, 2*800кВА чадалтай ХТП-ны ажлын гүйцэтгэгч,

2014 онд Эрчим Хүчний Яамны захиалгаар 35кВ-ын "Тамсаг-Халх гол 124,1 км ЦДАШ, 35/15кВ-ын 3150 кВА чадал бүхий дэд станц/Дорнод/" ажлын гүйцэтгэгч,

2018 онд Эрчим хүчний яамны захиалгаар Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0,4кв-ын шугамын өргөтгөл, Төв аймаг Эрдэнэ, Алтанбулаг сумдуудад Багц-10 ажлын гүйцэтгэгч,

2018 онд ЭХЯ болон УБЦТС ТӨХК-ийн захиалгаар Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах шугам сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын ажил Багц-1 Хайлаастаас Баянхошуу руу давдаг хэсэгт 35кв- ийн шугам, 35/10кв-ын 2x10 мва чадал бүхий дэд станц шинээр барих ажил

2019 онд Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захиалгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 35кВ-ын хүчдэлтэй 2 хэлхээ 75км ЦДАШ-ын ажил Багц-3 ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Манай компани тус ажлыг гэрээний хугацаандаа амжилттай хийж дуусгасан бөгөөд Монголын Төмөр Зам ТӨХК-тай тооцоо нийлсэн актаар 95 хувийн гүйцэтгэлийн санхүүжилт авсан бөгөөд энэ нь ажил 100 хувь хийж гүйцэтгэсний баталгаа болно.

Тендерийн шалгаруулалтаар тавьсан ажиллах хүчний, ажлыг хийж гүйцэтгэх техник тоног төхөөрөмж, машин механизм, ажлын туршлагын талаарх баримтыг захиалагч талд хүргүүлж уг баримтыг үндэслэн манай хоёр байгууллагын нэгдлийг шалгаруулсан захиалагч талын үнэлгээний хорооны шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий бөгөөд уг шийдвэр нь захиалагч талд хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар гарсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан өөр үндэслэлийн тухайд:

10кВ-ын кабель шугам зөөж, шилжүүлэх ажил нь В8210806-04С-2 шифртэй зураг төсөлд ажлын тоо хэмжээ нь тусгагдсан байсан бөгөөд Саруул Өргөө констракшн ХХК нь үнийн саналын төсөвт уг ажлын тоо хэмжээг тусгаагүй дутуу бодож ирүүлсэн талаараа нэхэмжлэлд тодорхой дурджээ. Нэхэмжлэгчийн тухайд захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулсан тендерийн баримт бичгийг захиалагчид ирүүлээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19.2т 19.2.Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.5-2-д заасан Ажлын зураг төсвийн дагуу тооцсон төсөв зохиож ирүүлэх заалтыг мөн Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81- 95-12*/2020/ -ийн 3.4-т заасан Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. Батлагдсан зураг төслийг үндэслэн төсвийн тооцоог хийх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрмийн дагуу тооцно гэх заалтыг хэрэгжүүлж тендерийн баримт бичгийг захиалагчид хүргүүлээгүй байна.

Тодруулбал тендерийн баримт бичигт заасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг хангаж ирүүлээгүй байна. Тендерийн баримт бичгийн үнийн саналын төсөв зохиохдоо магадлалаар баталгаажсан иж бүрэн ажлын зургийг баримтлан төсвөө зохиодог болно. Тухайн ажил нь халаалтын бус улиралд хийж гүйцэтгэх шаардлагатай ажлын төрөлд хамаардаг тул хэргийг даруй шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагаан хорол ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай Цагаан хорол ХХК нь Цагаан хорол-Нойкрафт-Ричвелл инженеринг түншлэлийг төлөөлөн Саруул Өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр зарласан ЭХЯ/202211003 дугаар бүхий 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерийн үнэлгээний хороо болон Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байна.

1. Саруул Өргөө констракшн ХХК-ийн ЭХЯ/202211003 дугаар бүхий 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

ЭХЯ/202211003 дугаар бүхий 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерийн үнэлгээний хорооны 2022.03.30-ны өдрийн хуралдаанаар Тендерийн үнэлгээний хорооны "... захиалагчийн боловсруулж батлуулсан ВS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кВ-ын кабель шугамыг зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр Саруул Өргөө констракшн ХХК болон Цагаан Хорол-Нойкрафт-Ричвелл инженеринг түншлэлээс ирүүлсэн тендерээс тус тус татгалзаж, улмаар ДМТМ ХХК- аас ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулсан.

Тус шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

1.1.Саруул Өргөө констракшн ХХК болон Цагаан Хорол-Нойкрафт- Ричвелл инженеринг түншлэлээс тус тус татгалзсан шийдвэрийн тухайд

Төсвийн тухай хуулийн 22.5-д Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно гэж заасан, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1-д: - Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: - 46.1.4. Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтын хүрээнд Захиалагч нь 2022 оны нэгдсэн төсвийн тухай хуульд заасан хэмжээ, хуваарийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.11. -д ажил гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг хэлнэ гэж заасан. Иймд тус тендерээр зарласан ажил нь ЭХЯ/202211003 дугаар бүхий 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл нэртэй нэг л ажил үйлчилгээ юм.

Тус ажил нь Барилгын тухай хуулийн 4.1.7. - д "барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх" гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг гэж заасан төрлийн ажил юм. Мөн хуулийн 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ гэж заасны дагуу нэг барилгын ажил дээр нэг иж бүрэн зураг төсөл баталж, мөрдүүлэх ёстой байна.

Гэтэл зураг төсөл зохиогч Баясал төгс ХХК-ийн ирүүлсэн тайлбараас үзвэл:

-110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөлийн ажлын зураг төсөв-ийг ЭХЯ-наас боловсруулан, баталгаажуулсан 2022.01.18-ны өдрийн №09/2022/252 тоот Баянхонгор аймгийн төвд шинээр баригдах дулааны станцын цахилгаан хангамжийн Техникийн Нөхцөл- ийн дагуу хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн боловч, үүний дараа Захиалагчийн хүсэлтээр 110/35/6,3 кВ-ын Баянхонгор дэд станцын хашааны гадна талд байрлах шугам сүлжээг чөлөөлөх 10 кВ-ын кабель шугамыг зөөж, шилжүүлэх нэмэлт зураг, төслийг Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх ХХК-тай зөвшилцөн боловсруулсан гэжээ.

Дээр дурдсан ЭХЯ-наас боловсруулан, баталгаажуулсан 2022.01.18-ны өдрийн №09/2022/252 тоот Баянхонгор аймгийн төвд шинээр баригдах дулааны станцын цахилгаан хангамжийн Техникийн Нөхцөл- ийг нягтлан үзэхэд 110/35/6,3 кВ-ын Баянхонгор дэд станцын хашааны гадна талд байрлах шугам сүлжээг чөлөөлөх 10 кВ-ын кабель шугамыг зөөж, шилжүүлэх ажлыг гүйцэтгэх тухай заалт огт байхгүй байна.

Үүнээс үзвэл тус нэмэлт зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 4.1.24-д буулгалтын ажил" гэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон барилга байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах үйл ажиллагааг гэж заасан өөр ангиллын ажил байна.

Гэтэл захиалагч нь 2022 оны Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд суусан өргөтгөл шинэчлэлийн ажил-ын төсвийн хөрөнгөөр нэмэлтээр буулгалтын ажил хийлгэхээр зураг төсөл боловсруулуулан, улмаар тус шаардлагыг тендерт оролцогч нарт тавьжээ.

Өөрөөр хэлбэл санхүүжилтгүй буюу тус тендерийн ажилд хамааралгүй нэмэлт ажлын зураг төслийг тусад нь боловсруулчихаад, түүндээ төсөв зохион ирүүлэх тус ажилд өөр ажлын батлагдсан төсвийг зарцуулах зорилго бүхий шаардлагыг тендерт оролцогч нарт тавьсан нь хууль бус юм. Иймд Саруул өргөө констракшн ХХК-аас гаргасан тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

1.2.ДМТМ ХХК болон Виртуал софт ХХК-аас ирүүлсэн тендерийг ирүүлсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулсан тухайд:

Тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ-ын 17.6-д Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага-д:

- 35 кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, 35/10 кВ, 35/6 кВ-ын дэд станц болон түүнээс дээш барилга угсралтын ажлыг 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байх гэжээ.

Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэх гэрээ, улсын комиссын ажил хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Гэрээний үүргийн хэрэгжилтийн талаарх дээр дурдсан 3 төрлийн бичиг баримтын аль нэгийг ирүүлээгүй бол тухайн шаардлагыг хангаагүй тооцно. Энэ нь ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан.

Гэтэл ДМТМ ХХК нь 2018.07.05-ны өдөр Биндэгноров ХХК-тай байгуулсан Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор ЧД гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах шугам сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын ажлын Багц-1 Хайлаастаас Баянхошуу руу давдаг хэсэгт 35кВ-ын шугам, 35/10кВ-ын 2-10 МВА чадал бүхий дэд станцыг шинээр барих ажил гүйцэтгэх гэрээг ирүүлсэн байх ба тус гэрээний үнийн дүн 2.550.700.000 төгрөг бөгөөд 2019 онд тус үнийн дүнгээс хэдэн төгрөгөөр ДМТМ ХХК санхүүжсэн нь тодорхойгүй. Мөн тус төслийн 2019.05.24-ний өдрийн Улсын комиссын акт дээр ДМТМ ХХК-ийн нэр байхгүй ба Ерөнхий гүйцэтгэгч хэсэгт зөвхөн Биндэгноров ХХК- ийн нэр байна. Иймд тухайн ажил үйлчилгээ дээр ДМТМ ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаагүй буюу тендерийн бичиг баримтын ТШЗ-ын 17.6 -д заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн тус ажил дээр захиалагчийн тодорхойлолт ирүүлэх ёстой атал тус ажлын захиалагч болох Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК- аас ДМТМ ХХК-ийн нэр дээр тодорхойлолт ирүүлээгүй байна. Харин Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Биндэгноров ХХК-иас дээрх ажилд түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн болох ДМТМ ХХК нь зөвхөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан тухай тодорхойлолт ирүүлжээ.

Мөн уг түншлэлийн гишүүн Виртуал софт ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гэх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын №24, №25, №26 завсрын тулгууруудыг өндөрлөгөөтэй анкер тулгуураар солих, трассыг зөөн шилжүүлэх ажил-ын ажил гүйцэтгэх гэрээ, улсын комиссын ажил хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байна.

Иймд ДМТМ ХХК болон Виртуал софт ХХК-ийн түншлэл нь Тендерийн өгөгдөлийн хүснэгт ТШЗ-ын 17.6-д заасан шаардлагыг илт хангаагүй байхад шаардлага хангасан тендер гэж дүгнэсэн нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасныг зөрчсөн байна.

Иймд энэ тухайд гаргасан Саруул Өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

2. Саруул өргөө констракшн ХХК-ийг ялагчаар шалгарсныг тогтоож, тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Тендерийн үнэлгээний хорооны Саруул өргөө констракшн ХХК болон манай түншлэлийн тендерээс татгалзсан шийдвэр нь хууль бус болох тухай өмнө дурдсан. Тус Саруул өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн болон манай компанийн бие даасан шаардлага хангагдвал Саруул өргөө констракшн ХХК болон манай түншлэл аль аль нь шаардлага хангасан тендерт тооцогдож, ТБОНӨХБАҮХАТХ- 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ заасны дагуу үнэлгээнд орно. Мөн хуулийн 28.3-д "Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасны дагуу Цагаан хорол-Нойкрафт -Ричвелл инженеринг түншлэл нь 12,250,754,694 төгрөг буюу харьцуулах хамгийн бага үнэтэй тендер болно.

Харин ялагч болох ДМТМХХК болон Виртуалсофт ХХК-ийн түншлэл нь 13,298,655,509 төгрөгөөр санал болгосон үнийн дүнгээрээ 2-р байранд, нэхэмжлэгч Саруул өргөө констракшн ХХК нь 13,328,313,209 төгрөгөөр 3-р байранд тус тус эрэмбэлэгдэж байгаа нь манай түншлэл бусад өрсөлдөгчдөөсөө даруй 1 тэрбум гаруй төгрөгөөр бага үнийн санал өгснийг харуулж байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.4. -д Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах гэж заасан шаардлагыг бүрэн хангаж байна.

Иймд харьцуулах үнээр манай түншлэлийн дараагаар орсон Саруул өргөө констракшн ХХК-ийг ялагчаар тодруулах нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29.1.3ахиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасантай нийцэхгүй байгаа учраас тус шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Саруул өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагаан хорол ХХК шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: Манай Цагаан хорол-Нойкрафт-Ричвелл-инженеринг түншлэл Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр зарласан ЭХЯ/202211003 дугаар бүхий 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерт оролцсон. Манай компани түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд юм.

Дээрх тендерт өрсөлдсөн Саруул өргөө констракшн ХХК-аас тус шүүхэд хандан Тендерийн үнэлгээний хорооны "...захиалагчийн боловсруулж батлуулсан В3210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кВ-ын кабель шугам, зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр тендер сонгон шалгаруулахаас татгалзсан нь хууль бус байна. Учир нь тус ажил төсөвт огт суугдаагүй ажил тул бид нэмж төсөв боловсруулах боломжгүй тул тус үндэслэлийг хууль бус болохыг шүүхээр хянуулж тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Тендерийн үнэлгээний хороо Саруул өргөө констракшн ХХК-иас татгалзсан тус үндэслэлээр манай түншлэлийн тендерээс татгалзсан. Хэрэв шүүхээс Саруул өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрч тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болговол манай түншлэлээс татгалзсан үндэслэл хууль бус гэдэг нь тогтооно. Энэ тохиолдолд манай түншлэл үнийн дүнгийн хувьд хамгийн хямд үнэ хүргүүлсэн бөгөөд тендерт ялагч болох боломжтой.

Гэтэл Саруул өргөө констракшн ХХК нь үнэлгээний хорооны захиалагчийн боловсруулж батлуулсан В8210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кВ-ын кабель шугам, зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр тендер сонгон шалгаруулахаас татгалзсан нь хууль бус" гэдгийг тогтоолгон үр дагаварт нь өөрийн компанийг шалгаруулах, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах нэхэмжлэл гаргажээ.

Тус нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр шаардлага болох тендерийн үнэлгээний хорооны шийдвэр болох кабель шугам зөөж шилжүүлэх ажлын төлөвлөгөөг тусгаж ирүүлээгүй гэх Саруул өргөө констракшн ХХК болон манай түншлэлээс татгалзсан үндэслэлийг хууль бус болохыг тогтоовол нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг хангах байдлаар тус компани хууль зүйн бусаар тендерт ялагч болох үр дагаварт хүрэхээр байна. Энэ тохиолдолд тендерийн хуулийг буруу хэрэглэж зөрчих, шүүхийн шийдвэр гаргах нөхцөлд хүрэхээр байна.

Хууль зүйн хувьд тухайн тендерийн үнэлгээний хороо тухайн үндэслэлээр татгалзах үндэслэлгүй гэдэг нь тогтоогдвол манай түншлэлээс татгалзсан шийдвэр хууль бус юм. Тус тендер манай түншлэл хууль ёсны ялагч болох нь тогтоолгох боломжтой.

Иймд нэгдүгээр шаардлага хангагдвал Саруул өргөө констракшн ХХК-ийг ялагчаар тодруулах бус манай компанийн эрх, хууль ёсны сонирхол заавал хөндөгдөх учраас тендер үнэлгээний хорооны шийдвэр буруу байсантай холбогдуулж тендерийн үнэлгээг дахин хийх шаардлага зүй ёсоор үүснэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1-д Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан... үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасны дагуу манай Цагаан хорол-Нойкрафт-Ричвелл инженеринг-ийн түншлэлийн зүгээс бие даасан шаардлага гаргаж байна. Бие даасан шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн үйл баримт дээр тулгуурладаг тул бие даасан нэхэмжлэлтэй адилтган авч үзэх боломжгүй юм.

Иймд ЭХЯ/202211003 дугаар бүхий 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл,шинэчлэл тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагаан хорол ХХК шүүхэд ирүүлсэн өөрчилсөн шаардлагадаа: Дээрх тендерт өрсөлдсөн Саруул өргөө констракшн ХХК-аас тус шүүхэд хандан "нь хууль бус байна. Учир нь тус ажил төсөвт огт суугдаагүй ажил тул бид нэмж төсөв боловсруулах боломжгүй тул тус үндэслэлийг хууль бус болохыг шүүхээр хянуулж тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Тендерийн үнэлгээний хороо Саруул өргөө констракшн ХХК-иас ирүүлсэн тендерийг "... захиалагчийн боловсруулж батлуулсан В3210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам, зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр тендер сонгон шалгаруулахаас татгалзсан бөгөөд тус үндэслэлээр манай түншлэлийн тендерээс татгалзсан. Хэрэв шүүхээс Саруул өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрч тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болговол манай түншлэлээс татгалзсан үндэслэл хууль бус гэдэг нь тогтооно. Энэ тохиолдолд манай түншлэл үнийн дүнгийн хувьд хамгийн хямд үнэ хүргүүлсэн бөгөөд тендерт ялагч болох боломжтой.

Гэтэл Саруул өргөө констракшн ХХК нь үнэлгээний хорооны захиалагчийн боловсруулж батлуулсан В8210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам, зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр тендер сонгон шалгаруулахаас татгалзсан нь хууль бус" гэдгийг тогтоолгон үр дагаварт нь өөрийн компанийг шалгаруулах, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах нэхэмжлэл гаргажээ.

Манай компанийн зүгээс ч нэхэмжлэгчтэй ижил байр суурьтай байгаа буюу захиалагчийн боловсруулж батлуулсан В8210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам, зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг батлахдаа тухайн ажлын магадлан итгэмжлэгдсэн төсвийг үндэслэж баталсан. Тус магадлан итгэмжлэгдсэн төсөвт 10 кв-ын кабел шугам, зөөж шилжүүлэх ажлыг төсөв байгаагүй. Магадлан итгэмжлэгдсэн төсөвт ажил дээр нэмэлт ажил гаргаж түүнийг хамааруулж тендер зарлаж улмаар тендерт оролцогчдоос тус нэмэлт ажилд төсөв зохион ирүүлэх шаардлага гаргаж байгаа нь Монгол Улсын төсвийн тухай хуулийг зөрчжээ.

Иймд Цагаан хорол-Нойкрафт -Ричвэлл түншлэлээс ирүүлсэн тендерийг шаардпага хангахгүй тендер хэмээн үзэж татгалзсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү .

Цагаан хорол-Нойкрафт -Ричвэлл түншлэлийг шаардлага хангаагүй гэж үзсэн тус шийдвэр хүчингүй болвол тухайн түншлэл нь 12,250,754,694 төгрөг буюу харьцуулах хамгийн бага үнэтэй тендер болох тул ТБОНӨХБАҮХАТХ-ын 28.7.4-д хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэж заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцогдох юм.

Иймд манай Цагаан хорол-Нойкрафт -Ричвэлл түншлэлийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж ТБОНӨХБАҮХАТХ-ын 29.1-дЗахиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэхийг захиалагчид даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Саруул Өргөө констракшн ХХК-иас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:Саруул өргөө констракшн ХХК-ны нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд Цагаан хорол ХХК-аас 2022.07.05-ний өдрийн Бие даасан шаардлагыг өөрчлөх тухай албан шаардлага ирүүлсэнтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

Манай байгууллагын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Цагаан Хорол ХХК болон бусад тендерт оролцогчдын эрх ашиг, хууль ёсны сонирхол хөндөгдөж байгаа буюу ижил үндэслэлээр тендерээс хасагдсан.

Иймд уг тендерт санал болгосон тендерийн бичиг баримт бүрдэлийн шаардлагыг хангасан компани ялагч болох нь зүйтэй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хорооноос бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:Аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан 110/35/10 кВ-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурлыг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хийсэн бөгөөд хуралд 8 гишүүн оролцож 88%ийн ирцтэй хурлын шийдвэр гарч олонхын саналаар ДМТМ трейд ХХК шалгарсан.

Цагаан хорол ХХК-ний Бие даасан шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Цагаан хорол ХХК-ний ирүүлсэн тендерт Захиалагчийн магадлалаар оруулж батлуулсан В8 210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10кВ-ын кабель шугам зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзсан.

2. Саруул өргөө констракшн ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой шүүхээс тендерийн үнэлгээний хороо Захиалагчийн магадлалаар оруулж батлуулсан В$ 210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10кВ-ын кабель шугам зөөж шилжүүлэх ажлыг төсөвтөө тусгаж ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзвэл захиалагч үнэлгээний хороог дахин хуралдуулж, хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бүрэн боломжтой юм. гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь тендерийн баримт бичигт заасан BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажлыг төсөвтэй тусгаж, ирүүлээгүй гэсэн үндэслэлээр манайхыг шалгаруулаагүй нь хууль бус байна гэжээ. Дээрх ажил нь зураг төсөлд тусгагдсан боловч хяналтын төсөвт дээрх ажлын төсөв тусгагдаагүй байсан. Бид хяналтын төсөвт заасан төсөвлөсөн ажлыг хийж гүйцэтгэх ёстой гэж маргажээ. Энэ үндэслэл нь манай компаний тендерийн баримт бичиг нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй юм гэжээ. Тендерийн баримт бичиг болох тендерийн өгөгдлийн хүснэгтэд тендерийн баримт бичигт тодруулга авах хүсэлтийг тендер хүлээн авах хугацаанаас 5-аас доошгүй хоногийн дотор авна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь тодруулга аваагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Мөн Саруул Өргөө констракшн ХХК нь тендерийн бичиг баримт ирүүлэхдээ зураг төсөл нь төсвөөсөө өөр байсныг нарийн шалгаагүйгээр нэг үгээр хэлбэл тендерийн бүх баримт бичигтэй уншиж, танилцаагүйгээр тендерийн материалаа ирүүлсэн нь Саруул Өргөө констракшн ХХК нь тендерийн бичиг баримт болох ...зураг төсөл, төсөв нь хоорондоо зөрөөгүй... гэсэн албан бичгээр тогтоогдож байна. Анх тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ тендерт оролцогч хуулийн этгээдүүд нь тендерийн баримт бичигтэй нэг бүрчлэн танилцах үүрэгтэй, зураг төсөлд байгаа хирнээ хяналтын төсөвт байхгүй, тусгагдаагүй байгааг мэдсэн бол тодруулга авах боломжтой байсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажлын хяналтын төсөв хийгдээгүй байсан гэдгийг тухайн үед мэдэж байсан, тухайн үед мэдээгүй байсан гэх зөрүүтэй тайлбарыг гаргадаг бөгөөд мөн тендерийн баримт бичгийг уншиж танилцаагүй байжээ гэж дүгнэлээ.

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь тендерийн зураг, төсөлд анх BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажил тусгагдаагүй байсан. Нэг үгээр хэлбэл энэ ажил нь энэ тендерээр хийгдэх ажил биш байсан, маргаж буй зураг, төсөл нь төсөв батлагдсанаас хойш хийгдсэн байна. ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл шинэчлэл тендерийн техникийн нөхцөл, мөн тендерийн баримт бичгийн техникийнтодорхойлолт болон Баясалтөгс ХХК-ийн Бид 110/35 /10кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөлийн зураг төслийг уг дэд станцын ашиглагч байгууллага болох Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай зөвшилцөж боловсруулсан. Үүний дараа дэд станцын хашааны гадна талд байрлах шугам сүлжээг чөлөөлөх 10кв-ын кабел шугамыг зөөж шилжүүлэх нэмэлт зураг төслийг Баянхонгор Эрчим хүч ЦТХХК-тай зөвшилцөн боловсруулсан" тайлбараар тогтоогдож байна гэж маргажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19.техникийн тодорхойлолт гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг, 11 дүгээр зүйлийн 11.1.1.тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлно гэж заасан байх бөгөөд энэ нь хийх ажлыг тусгасан баримт бичиг биш харин эдийн засгийн болоод эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй эсэхийг тодорхойлсон баримт бичиг юм.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8."барилга байгууламжийн техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг хэлнэ гэж заасан байна. Техникийн нөхцөл нь ямар ажил хийхийг заасан биш инженерийн шугам сүлжээг хэрхэн хийх талаар тусгасан баримт бичиг байна гэж үзлээ.

Баясалтөгс ХХК-ийн тайлбарыг шүүх үгүйсгэхгүй боловч энэ ажил нь тусдаа хийгдэх ажил бөгөөд зураг төсөл нь төсөв батлагдсанаас хойно хийгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажил тусдаа бие даасан ажил бөгөөд өргөтгөл шинэчлэл хийх биш буулгах ажил юм гэж тайлбарлаж байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10."барилга байгууламж шинээр барих" гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг барилга байгууламж шинээр барих ажилд тооцохоор заасан байна. Маргаж буй тендер нь ЭХЯ /202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл шинэчлэл-ийн ажил юм. Энэ нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7."барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх" гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтэц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг хэлнэ гэж зааснаар өргөтгөл шинэчлэлтийн ажил байх тул барилга байгууламжийг буулгах ажил гэж үзэхгүй юм.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дээрх ажлууд нь тус тусдаа ажлууд,тус тусдаа тендер зарлагдах ёстой гэж үзэж байгаа боловч багц ажил болох нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/226 дугаар шинжээчийн 10 кв-ын шугамыг хамгийн эхний ээлжинд зөөж шилжүүлж байж энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэж дүгнэсэн дүгнэлт болон Баясалтөгс ХХК-ийн энэ ажлыг хийхдээ юун түрүүнд ажлын зураг төслийг хийж мөрдлөгө болгох нь зүйтэй болов уу, ЭХЯ /202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл шинэчлэл-ийн барилга угсралтын ажлыг эхлэхээс өмнө барилга угсралтын ажлын талбайг чөлөөлөх шаардлагатай тул 10 кв-ын шугамын ажлыг зөөж ажлыг хамгийн түрүүнд хийх шаардлагатай гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Учир нь ЭХЯ /202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл шинэчлэл ажлыг хийж гүйцэтгэхэд BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр хийх боломжгүй, өргөтгөлийн буюу хүчин чадал хэмжээг томруулж байгаа ажил учраас хуучин ажиллаж байсан кабел, шугамыг зөөж шилжүүлж байж уг газар дээр өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийх шаардлагатай багц ажил гэж үзлээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ялагч ДМТМ трейд ХХК нь тендерийн материалдаа дээрх ижил төстэй ажлын гол үнийн дүн бүхий ажилд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээн дахь хөрөнгө оруулалтын багц-1 Хайлаастаас Баянхошуу руу давдаг хэсэгт 35/10 квын 2*10 МВА чадал бүхий дэд станц шинээр барих ажлын материалыг ирүүлсэн байна.

Гэтэл энэ ажлын Ерөнхий гүйцэтгэгч нь Биндэгноров ХХК бөгөөд ДМТМ трейд ХХК нь тухай ажилд туслан гүйцэтгэгчээр орсон байна. Энэхүү нөхцөл байдал нь ТШЗ-17.6-Д заасан шалгуурыг хангахгүй байна.

Мөн ТШЗ 17.6-д заасан заалтад хамаарах ижил төстэй ажлын гол үнийн дүн бүхий ажлын талаарх материалд ДМТМ трейд ХХК-ны гүйцэтгэж байгаа Монголын төмөр зам ТӨХК-ийн захиалгаар Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтээцийн 35 кв-ийн хүчдэлтэй 2 хэлхээ 75 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил Багц-3 материалыг ирүүлсэн боловч дээрх ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй, техникийн болон улсын комисс хүлээж аваагүй байгаа нь мөн тендерийн баримт бичигт дурдсан шаардлагыг хангахгүй байгаа. ДМТМ трейд ХХК-тай энэ тендерт түншлэлээр орж байгаа Виртуалсофт ХХК нь ТШЗ 17.6 дахь хэсэгт заасан ижил төстэй ажлын шалгуурт гүйцэтгэсэн гол үнийн бүхий ажлуудад 35/10 кв, 35/6 кв-ын дэд станц болон түүнээс дээш хүчин чадалтай барилга угсралтын ажил байхгүй бөгөөд тендерийн материалд ирүүлсэн Налайх дүүргийн 6-р хороо Горхи Тэрэлж, Жинстэй Лодж ХХК-ны аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамжийн 35/0,4 кв-ын дэд өртөө гэсэн ажлын материал ирүүлсэн нь техникийн хувьд хялбар шийдэлтэй нам хүчдэлийн, хүчин чадал технологийн хувьд 35/10 кв, 35/6 кв-ын ажилтай харьцуулахад хамаагүй жижиг дэд станц тул ижил төстэй ажлын шаардлагад нийцэхгүй юм.

Тендерт шалгарсан ДМТМ трейд ХХК болон Виртуалсофт ХХК-ны түншлэл нь дээрх шаардлага хангаагүй материал ирүүлснээс гадна техникийн тодорхойлолтод санал болгож байгаа үндсэн тоноглол, голлох нэрийн бараа бүтээгдэхүүний танилцуулга, үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байна гэж нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд маргаж байгаа бөгөөд эдгээр зөрчлүүд байгааг үгүйсгэхгүй боловч нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг сайн үнэлэгдэхээр, шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна.

7.Нэхэмжлэгч нь ...манай компаний боловсруулсан тендерийн баримт бичиг нь хамгийн сайн гэж үнэлэгдэх тендер... гэж маргаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварыг хангасан байна гэсэн хуулийн заалт болон Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17 дугаар зүйлийн 17.6.2-д сүүлийн 3 сар болох 2012 оны 12 дугаар сар, 2022 оны 1, 2 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг, тендерт оролцогч тасралтгүй төлсөн байна. Инженер техникийн ажилтнуудын бичиг баримтыг дутуу ирүүлэх мөн нийгмийн даатгалын шимтгэл дурдсан хугацаанд төлөгдөөгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан боловсон хүчний чадварын шаардлагыг хангаагүй байна.

Тендерийн баримт бичигт нэг гагнуурчин, гурван тусгай зориулалтын машин механизмын жолоочтой байхыг шаардсан. Нэхэмжлэгч нь нэг /1/ гагнуурчин, гурван /3/ тусгай зориулалтын машин механизмын жолоочтой бөгөөд гагнуурчин н.Хишигдорж,жолооч Мөнхбат нарын нийгмийн даатгал нь тендерт оролцогчийн нэр дээр төлөгдөөгүй зөрчилтэй. Эдгээр зөрчлүүд нь тендерийн баримт бичигт тендерээс татгалзах үндэслэл болохыг зааж өгсөн байна.

8.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд манай компани хамгийн сайн үнэлэгдэх тендер гэж үзэж байгаа гэж маргасан. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9."эрчим хүчний барилга байгууламж" гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг хэлнэ гэж заасан.

Түншлэлийн гишүүн Нойкрафт ХХК нь түншлэлийн гэрээгээр эрчим хүчний барилга байгууламж барина гэж үүрэг хүлээсэн боловч "эрчим хүчний барилга байгууламж" барих туршлагагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг хавсарган ирүүлнэ, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртөгийн үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна гэжээ. Түншлэлийн гишүүн Нойкрафт ХХК нь түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ажлын туршлагагүй учир бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ажлын туршлагагүй байна гэж үзлээ. Энэ нь тендерээс татгалзах үндэслэл болохыг заажээ.

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварыг хангасан байна гэсэн хуулийн заалт болон Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17 дугаар зүйлийн 17.6.2-д сүүлийн 3 сар болох 2012 оны 12 дугаар сар, 2022 оны 1, 2 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг, тендерт оролцогч тасралтгүй төлсөн байна. Инженер техникийн ажилтнуудын бичиг баримтыг дутуу ирүүлэх, мөн нийгмийн даатгалын шимтгэл дурдсан хугацаанд төлөгдөөгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан.

Тендерийн баримт бичигт нэг гагнуурчин, гурван тусгай зориулалтын машин механизмын жолоочтой байхыг шаардсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох түншлэл нь дундаа нэг /1/ Реле хамгаалалтын автоматик инженер, нэг барилгын инженер, гурван /3/ тусгай зориулалтын машин механизмын жолоочтой. Реле хамгаалалтын автоматик инженер н.Даваасамбуу, барилгын инженер н.Амаржаргал, нэг жолооч н.Цогтсайхан нарын нийгмийн даатгал нь тендерт оролцогчийн нэр дээр төлөгдөөгүй зөрчилтэй. Эдгээр зөрчлүүд нь тендерийн баримт бичигт тендерээс татгалзах үндэслэл болохыг зааж өгсөн байна.

9. Тендерийн хороо нь тендерийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага27.2.Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно гэж заасныг хэрэгжүүлсэн байх бөгөөд 27.2.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөөг удирдлага болгоно гэж заасны дагуу уг тендерийн ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн түрүүнд хийх ажлын төсвийг хийж ирүүлээгүй тендерийн оролцогч нарыг тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Уг тендерийн хамрах хүрээнд BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажил багтаж байгаа бөгөөд уг ажил нь тендерийн чанар, гүйцэтгэлд шууд нөлөөлөх ажил гэж хянан үзэж ДМТМ трейд ХХК -ийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэрийг буруу гэж үзэх боломжгүй. Тендерийн хорооноос бэлтгэсэн баримт бичигт тусгагдсан ажлын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ гэж заасныг хангаж байна гэж үзэж байна. Иймд BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажил уг тендерийн баримт бичигт багтсан ажил байна. Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18."барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг" гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг; Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна:5.1.1.барилгын норм, дүрэм;5.1.2.барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал; 5.1.3.стандартыг зохицуулна гэж заасан байх бөгөөд барилгын төсөв зохиох дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3.2-д зураг төслийн баримт бичиг батлагдсаны дараа илрүүлсэн төсвийн тооцооны алдааг залруулахад магадлашгүй ажлын нөөц хөрөнгийг нэмэгдэл зардлын нөхөн төлбөрт зарцуулна гэж заасан байх тул Тендерт оролцогч нар тендерийн хорооноос бэлтгэсэн зураг төслийн хүрээнд төсвөө хийж, боловсруулж ирэх үүрэгтэй байжээ. Энэ үүргийнхээ дагуу тендерийн чанар, гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө байгаа эсэхийг хянасан нь буруу биш байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-дЗахиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, 29.2.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасантай нийцсэн байна.

10. Хэргийн оролцогч нар шүүх хуралдааны явцад BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажлыг өргөтгөл шинэчлэлийн ажлын эхэнд буюу хамгийн түрүүнд хийж байж энэ тендерийн ажлыг хийнэ гэдийг бүгд хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад BS210806-0402 шифртэй ажлын зургийн дагуу хяналтын төсөв хийгдээгүй байсан, зөөж шилжүүлэх ажлын төсөв тусгагдаагүй гэдэгт хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд 10 кв-ын кабел шугам зөөж шилжүүлэх ажлыг магадлашгүй ажлын зардлаар хийх боломжтой гэдгийг нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар илэрхийлж тайлбар гаргасан нь тендерийн хорооны баримт бичгийн дагуу уг ажлыг зургийн дагуу хийх нь зүйтэй гэж хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.

11.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад тодруулсан бөгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж асуухад үндэслэлээ илэрхийлж чадаагүй, нэхэмжлэгч ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаараа нэхэмжлэлдээ бичээгүй, танай ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна вэ гэж тодруулж асуухад ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаараа тайлбар гаргаж чадаагүй болно. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад... энэ шийдвэр нь хэний талд гарах нь манайд хамааралгүй, онцын шаардлагагүй... гэсэн тайлбар болон 2022 оны 07 дугаар сарын 19-ний 22/719-1 тоот нэхэмжлэлээс татгалзах тухай албан бичгүүдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл сонирхол нь/ монгол хэлний их тайлбар толинд ашиг сонирхол гэдгийг хүсэл сонирхол, эрх ашиг гэж тайлбарласан байна./ маргаж буй тендерийг хүчингүй болгох, мөн энэ тендерт ялах нь чухал биш гэж харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй байгаагаа илэрхийлж гаргаж буй тайлбараас харахад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд боломж олгох гэсэн зорилготой байна гэж үзлээ. Энэ нь хууль ёсны байх тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч ашиг сонирхлоо илэрхийлж шүүхэд нэхэмжлэл гаргадаг, нэхэмжлэлийн хүсэл зорилго нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд чухал байдаг. Нэгэнт нэхэмжлэгч ашиг сонирхлоо илэрхийлэх хүсэлгүй, нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь, эрх ашиг сонирхлоо сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өөрөө нэхэмжлэгчийн хувиар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан бөгөөд Сангийн яаманд гомдлоо, шүүхэд нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргаагүй. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алдсан. Нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох ёстой этгээд нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаагаа алдчихсан байж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд эрх зөрчигдөхөөргүй шаардлага болох тендерийн хорооны мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нь тэгш эрх, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэж байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй гэж тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй.

13. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нэхэмжлэгчийн тендерийн хорооны мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаар хөндөгдөөгүй, харин ч ДМТМ трейд ХХК-ийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох нь ашигтай байсан. Нэхэмжлэгчийн хувьд үндсэн шаардлага нь тендерийн мэдэгдлийг хүчингүй болгоод зогсохгүй манай компани тендерт ялаад ажлаа хийж гүйцэтгэх нь чухал байсан байна. Эндээс эхний хүчингүй болгох шаардлага нь үндсэн шаардлага биш, тухайн тендерт Саруул өргөө констракшн ХХК ялагчаар шалгарсныг тогтоож тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/555 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүчингүй болгох шаардлагууд ньүндсэн шаардлага байсан бөгөөд энэ үндсэн шаардлагуудын хувьд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж Цагаан хорол ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татсан. Гэвч Цагаан хорол ХХК-ийн дээр дурьдсан тендерийн баримт бичгүүд нь шаардлага хангаагүй тендерээс шууд татгалзах үндэслэл бүхий, захиргааны байгууллагын эрх хэмжээ рүү халдаж шүүх тендерт хэн ялсныг тогтоож, шийдвэрлэх боломжгүй, даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эс үйлдэхүйн талаар шаардлага, үндэслэл, тайлбараа гаргаагүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагууд хангагдах боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шүүхийн зардал болох шинжээчийн дүгнэлтийн үнэ 400.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шинжээч С.Идэрцэцэгт олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 .3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн27.1.3, 27.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Саруул Өргөө констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтгөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох ЭХЯ/202211003 дугаартай 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн ялагчийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тендерт Саруул өргөө констракшн ХХК ялагчаар шалгарсныг тогтоож тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/555 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Засаг дарга, ДМТМ Трейд ХХК-ийн хооронд байгуулсан 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл /Баянхонгор/-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/68 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагаан хорол ХХК-иас гаргасан ЭХЯ/2022110003 дугаар бүхий 110/35/10 кв-ын Баянхонгор дэд станцын өргөтөл, шинэчлэл тендерийн үнэлгээний хорооны Цагаан хорол-Нойкрафт-Ричвэлл түншлэлээс ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй тендер хэмээн дүгнэж тус тендерээс татгалзсан тухай Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/554 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, дээрх түншлэлээс ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгохыг тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай бие даасан шаардлагыгбүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Саруул Өргөө констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч

шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ