Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 97

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогч Л.Золзаяа, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

шүүгдэгч А.Жавхлан, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Шош овогт Амарбаярын Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030449 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Миннесота Лайф” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 3, эх, охин нарын хамт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 137 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24А дугаар байрны 30 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шош овогт Амарбаярын Жавхлан /РД: ЧР86090310/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Жавхлан нь  хамтран амьдрагч Л.Золзаяаг 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 5 дугаар орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодож хавиргыг нь хугалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан,

мөн 2015 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна бусадтай хардсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороололд хамтран амьдрагч Л.Золзаяаг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан байнга зодон тарчлаан удаа дараагийн бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.Жавхлан: “...2014 оны намар Золзаяатай танилцсан. ...2015 оны хавраас бид нар хамтран амьдрах болсон. Бидний амьдралд олон сайхан зүйлүүд байсан. Манай 2 охидууд 8 настай, хоорондоо таарамжтай харилцаатай, бид хоёрын хооронд үл ойлголцох зүйлүүд болсон. Яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа хэргүүдэд би буруутай гэмшиж байна. Золзаяад уучлаарай гэж хэлье, чамайг хайрлаад хамтран амьдрах хүсэлтэй байсан. Яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдийг хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...Бидний үл ойлголцлоос болж бид маргалддаг байсан, маргалдаад би гар хүрдэг, дахиж ийм хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, Л.Золзаяатай цаашид холбоогүй амьдарна, дахиж түүнтэй уулзахгүй...” гэв.

 

Хохирогч Л.Золзаяа “...2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш Вива сити дэх гэрт бид хоёр хоорондоо маргалдаад намайг үгээр идээд байхаар нь би хэсэг зуур ганцаараа байх гээд гэрээсээ гараад явж байтал араас гараад ирсэн. Тэгэхээр нь би тайван баймаар байна, намайг тайван байлга гэсэн чинь шууд намайг гарнаас түлхээд унагасан. Би шатан дээр унаад хавиргаа хугалсан. Маш их өвдөлтэй байсан болохоор эмч дуудахад түргэний эмч мэргэжлийн эмчид хандахыг зөвлөсөн.   2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу найзынхаа төрсөн өдөрт явахад найзтайгаа намайг хардаж, таарахгүй байхаар нь би бас л ганцаараа байх гээд гэртээ харих гээд гарсан. Тэгэхэд намайг явуулахгүй гээд маргалдсан. Тэр өдөр цагдаад мэдэгдэж байсан. Тухайн төрсөн өдөр болсон айлын байрных нь хойд хэсэгт намайг түлхэхэд нь би дөрвөн хөллөөд халтираад унасан. Өвдөг, тохой шалбарсан. Мөн газар үсдээд дарахад дух хамраар хүндүүртэй  болсон. Тэр бүгдийг нь цагдаад мэдүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөн адил хоорондоо  маргалдаад би гэртээ харихыг хүссэн. Намайг гэр лүү явуулахгүй гээд маргалдсан. Вива сити хороололд надад гар хүрч, толгой руу цохиж, өшиглөж, газар чирсэн. Хамт байх хугацаандаа гар хүрсэн цохьсон асуудал байгаа. Миний зүгээс цаашид ийм асуудал давтагдахгүй байгаасаа гэж хүсэж байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, А.Жавхлан тухай бүрт эмчилгээний төлбөрийг төлж байсан. ...А.Жавхланг уучлаагүй. Би хувь хүний зүгээс ийм замыг туулсандаа харамсаж байна. Дахин ийм амьдралтай учрахыг хүсэхгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр найз Жаргалан, Жавхлан, түүний найз Жигжидсүрэн бид дөрөв Вива сити хорооллын Их Монгол пабд сууж байгаад шөнийн 00 цагт хотын төв рүү явсан. Хүүхдийн урлан бүтээх төвийн орчим нэг караокед орсон. Бид дөрөв Жавхлан бид хоёрын маргалддаг асуудлын талаар ярьж байсан. ...Бид дөрөв гарах болсон чинь Жавхлан надад “Золоо чи надаас салах юм бол ямар нэг хариуцлага заавал хүлээж байж сална” гэж хэлсэн. Би цүнхээ үүрээд түрүүлээд ганцаараа гараад явсан. Жавхлан араас залгаад байсан, би дуудлагыг нь аваагүй. Жаргалан над руу залгаад чи хаана байгаа юм бэ, Жавхлан танай гэр лүү явчих шиг боллоо гэсэн. Би Жавхлан явсан юм бол та хоёр миний байгаа газар хүрээд ир гээд Жаргалан, Жигжидсүрэн хоёр хүрээд ирсэн. ...Жавхлан манай найз Жаргалан руу залгахаар нь би Жаргалангаар чи гэртээ харьж эртхэн амарчих, би Золоог аваад гэртээ очиж амарлаа гэж хэлүүлсэн чинь “үгүй, та хоёр хаачих гээд байгаа юм бэ, би одоо уулзахгүй бол Золоогийн гэрийн хаалгыг нүдлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгаа газраа зааж өгсөн чинь бид хоёрын сууж явсан таксины жолоочийг юу ч болоогүй байхад цохиод манай найз Жаргаланг татаж буулгаад намайг шууд чирээд өөрийнхөө сууж ирсэн таксины хойд талын суудалд суулгачихгүй шууд сандалны доор хөлөн доороо хэвтүүлээд гараа атгачихаад цохиод яваад байсан. Өргөө 2 кино театрын орчмоос таксинд суусан ба би сандал доор нь яваад л байсан. Вива сити хорооллын наад талд байдаг Шинэ өргөө хорооллын автомашины зогсоол дээр намайг буулгаад хүнгүй, камергүй газар чамайг ална гээд байсан. Ингэж хэлж байхдаа намайг өшиглөөд байсан. Намайг зодуулж байхад нэг эгч, нэг хамгаалагч зогсож байсан. Жавхлан ямар ч асуудалгүй, асуудал байхгүй гэхэд тэр хүмүүс явах гээд байхаар нь би бид хоёрыг цагдаа дуудаад өгчих гэсэн чинь хамгаалагч “за за яах юм бэ, чи энэ хүнтэй хамт явахгүй гээд байгаа юм бол би чамайг гэрт чинь хүргээд өгье” гэж хэлээд намайг гэрт хүргэж өгсөн. Жавхлан тэр газартаа үлдсэн. ...Намайг зодож цохиод байдаг болохоор л би сална гэдгээ хэлэхээр дургүй нь хүрдэг юм шиг байгаа юм. Гэхдээ өмнө нь салья гэж хэлээгүй байхад ч намайг зоддог байсан.  Би бол одоо энэ хүнээс залхаж байна. ...Би өөрийн нэр дээр байдаг 99106922 дугаараа авмаар байна. Мөн дугаарын төлбөрийн үлдэгдлээ төлүүлж авмаар байна. ...Би энэ хэргийг шүүхээр шийдүүлж зохих журмаар А.Жавхланд хариуцлага хүлээлгэмээр байна. Учир нь намайг удаа дараа зодож цохиж байсан. ...2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 4 дүгээр хороололд байрны гадна намайг А.Жавхлан “явуулахгүй гэх” шалтгаанаар чирч татаж, зодож гэмтээсэн. Миний биед хөнгөн гэмтэл учирсан байсан. Тухайн хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад эвлэрч хэрэг хаагдсан. ...Би одоо А.Жавхлангаас айгаад гэртээ харьж амьдарч чадахгүй, эгчийндээ амьдарч байгаа. ...А.Жавхлан бид хоёр 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын байрны орцонд маргалдсан. Маргаанаас болоод А.Жавхлан намайг өргөж байгаад шат руу шидсэн. Унах үедээ би үзүүртэй зүйл дээр унасан. Би босч чадахгүй түргэн дуудсан. ...ГССҮТ-д цээжний рентген зураг авхуулахад миний 1 хавирга хугарсан байсан. Мөн уушиг няцарсан байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй, гэртээ 1 сар хэвтсэн. Намайг Жавхланд хавиргаа хугалуулсан талаар ээж болон ажлын газрын хүмүүс мэднэ. Би захирал Должинсүрэнд тухайн үед хэлээд ажлаасаа чөлөө авч байсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 18, 19-ний орчим ажлаасаа тараад гэртээ орох гэтэл  оруулахгүй гээд нааш цааш түлхэж байгаад намайг гэмтээж байсан. Тэр зургаа хэрэгт угаалгаж өгсөн. Жавхлан их хартай, 2 талд тусдаа хоноход надад огт итгэдэггүй. ...Хэрэлдэж маргалдахаараа гар утаснаасаа янз бүрийн толгойгүй хүн, араг яс гэх мэт янз бүрийн зураг явуулдаг.

...201526021967 тоот хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 04 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна найз залуу А.Жавхлантай муудалцаж, хоорондоо маргалдаж улмаар намайг өргөж байгаад газар хаячихсан. Газар 4 хөллөөд унасан, хөл, гарын алга зурагдаж улайсан. ...Бид хамтран амьдраад 6 сар болж байна.

...Баянгол дүүрэгт эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байснаас хойш 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөн намайг ажлаас тараад гэртээ ирэх үед гэрт оруулахгүй, түлхээд зодож байсан. Энэ үед миний баруун гарын эрхий хуруу зулгарсан, энэ тэнд гараараа цохиод байсан учраас гар, зүүн нүдний доод хэсэг, хамар шалбарч хавдсан байсныг тухайн үед гар утсаараа зураг авч байсан. Мөн зодсоны маргааш нь манайд ирээд Жавхлан гэртээ оруулахгүй гэхэд орцны хөршийн хаалгыг чулуугаар цохиж цонхыг нь хагалан дотогш ороод гэрийн хаалгыг мөн өшиглөж эвдэж байсан. ...Мөн 2016 оны 06 дугаар сарын 25, 26-ны үед намайг гэрийн ойролцоо голын эрэг дээр найз Должинсүрэнтэй уулзаад байж байхад ...бид хоёр дээр найз Жигжидсүрэнгийн хамт нэг савтай пиво барьчихсан хүрээд ирсэн. ...Би Должинсүрэнгийнд очно гэхэд намайг явуулахгүй шууд чирээд такси бариад өөрийнхөө гэр лүү авч явсан. Гэртээ авчраад намайг сая очихоос өмнө та хоёр баахан залуучуудтай байж байгаад намайг ирлээ гэхээр тэд нарыгаа явуулсан биздээ” гээд хий хардаад намайг зодсон. Намайг явах гэхэд явуулахгүй чамайг явах юм бол шууд ална гээд орон дээр дараад хоолойн дээр хутга тулгаад шөнөжингөө намайг дарамталж хонож байсан. Тэр үед миний гар, мөр, дал, хөлийн өвдөг булчин хэсэгт зулгараад хөхөрсөн, үснээс зулгаасан болохоор толгойны хуйх хавдчихсан байсан. Маргааш нь бас намайг явуулахгүй, чи эндээс явах юм бол дахиад цагдаад очиж хэлнэ, тийм учраас чамайг явуулахгүй гээд гаргахгүй байсан. Тэр үед би гэртээ хариад биедээ учирсан гэмтлүүдийг гар утсаараа авч байсан. Энэ зургуудыг би хуулбарлан хавтаст хэрэгт хавсаргуулмаар байна. ...Хаалга онгойлгож өгөхгүй болохоор уурандаа орцны хаалганы шилийг цохиод хагалчихсан. Маргааш, нөгөөдөр нь СӨХ-ны ажилтнаас уучлалт гуйж, тэр орцны хаалганы шилийг төлж барагдуулсан. Гэрийн хаалгыг бол одоо хүртэл төлж, засч өгөөгүй. Тухайн үедээ би энэ асуудал дээр цагдаагийн байгууллагад хандаж гомдол санал гаргаагүй. Одоо ч гэсэн энэ асуудал дээр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ /1хх-ийн 17-18, 81-83, 181, 211-216, 2хх-ийн 31/ гэсэн,

 

Гэрч Б.Лхамсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ зээ охины хамт унтаж байтал 07 цагийн орчим гэрийн хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би хэн бэ гээд асуутал манай охины найз залуу Жавхлан байсан. Манай гэрт Жавхлан орж ирээд манай охины булган шубыг аваад явсан. ...Манай охиныг өмнө нь бас зодож байсан. ...Ер нь бол манай охиныг зоддог байсан. Жижиг өрөөнд унтлаа гэж ороод үүрээр орилоод хамар, амнаас нь цус гараад босоод ирдэг байсан. Би тэр үед Жавхлангаас яаж байгаа юм бэ гэж асуухаар юу ч болоогүй юм шиг хувцсаа өмсөөд гараад явчихдаг байсан. Тэгээд шөнө орж ирээд огт унтахгүй, интернэт үзээд байж байгаад үүрээр охиныг маань хэрүүл өдөж цохиж, зодож дарамталдаг байсан. ...Манай зээ охиныг уйлахаар дуугүй байгаарай гээд загнадаг байсан. Одоо зээ охин маань их айдастай байдаг. Гэртээ ганцаараа үлддэггүй, эндээс нүүе гэж ярьдаг. Охин Золзаяа маань хүртэл гэртээ амьдрахгүй, найз эгчийндээ амьдарч байгаа. ...Миний хажууд хүртэл охиныг маань цохиж зоддог байсан. ...Их дээрэлхүү зантай, муу сайн боловсролгүй юмнууд гэж бид нарыг хэлдэг. 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч Батболд гэх хүнд хандаж хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Охиныг маань дандаа камергүй газар зоддог. ...2015 оны 8 дугаар сарын эхээр ...Золзаяа түрүүлээд гэрээс гарахад Жавхлан араас нь гарсан. Би хоёр охиныг дагуулаад хойноос нь гартал Золзаяа түрүүлээд шатаар буугаад 4 давхрын шатан дээр явж байхад Жавхлан хойноос нь гүйцэж очоод Золзаяаг араас нь тэврээд өргөж байснаа доош нь дараад унагачих шиг болсон. Золзаяа муухай орилоод явчихаар нь би гүйгээд очтол шатан дээр унасан байдалтай босч  чадахгүй байна гээд уйлаад байсан. ...Түргэний эмч хавирга нь гэмтсэн байж магадгүй Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж зөвлөгөө өгөөд явсан. Тэгээд Жавхлангийн машинаар гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хавирга нь хугарчихсан байна гэсэн. Жавхлан уучлаарай, дахиж ийм асуудал болохгүй, цагдаад битгий өгөөч гээд гуйгаад байсан. ...2015 оны 10 дугаар сарын сүүлээр Жавхлан найзын төрсөн гээд дагуулж гараад гудамжинд Золзаяаг зодсон байсан. Тэр үед найзтайгаа хардаж зодсон гээд хамарнаас нь цус гарсан бололтой хамаг хувцас нь цус болсон, хамар нь хавдсан, газар чирэгдсэн бололтой хувцас нь шороо болоод урагдсан байдалтай гэртээ орж ирсэн. ...Жавхлан их хартай, дээрэлхүүү зантай, алхам тутамд нь хамт явж байдаг атлаа яагаад хардаад байдгийг нь мэдэхгүй. ...Ер нь бол маргаан нь шөнө, үүрээр гардаг. Сүүлийн үед охиныг минь заналхийлээд гар утас руу нь араг яс, толгойгүй хүний зураг явуулдаг болсон...” /1хх-ийн 21, 69-70, 98-99/ гэсэн,

 

Гэрч Б.Гантболор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Золзаяатай найзын холбоотой. ...2014 онд огт сураггүй болсон. 1 жилийн дараа уулзсан чинь Жавхлан гэх залуутай танилцаад хамтран амьдарч байгаа, намайг гадагшаа гаргаж оруулахгүй, зодоод хавиргыг минь хугалчихсан, ажилдаа явж чадахгүй 8 сар хэвтлээ гэж байсан. ...2016 оны 8 дугаар сараас хойш Золзаяа манай гэрт амьдарч байгаа. Вива ситид ээжийндээ очихоор Жавхлан гэх залуу нь зодоод айлгаад байдаг гэсэн. Өөрийг нь хамгаалах хүнгүй, ээж, охин хоёртойгоо амьдарч байхад Золзаяаг их дарамталдаг байсан юм шиг байна лээ. ...Тэр Жавхлан гэх залуу над руу утасныхаа дугаарыг нууцлаад залгаж “ална шүү, ар өврөө харж яваарай, хүүхдийн чинь цэцэрлэгийг мэднэ шүү” гээд айлган сүрдүүлдэг...” /1хх-ийн 92-93/ гэсэн,

Гэрч Ц.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Золзаяа ажлаасаа хагас жил чөлөө авсан гэдэг асуудал чинь Жавхланд зодуулж хавиргаа хугалууснаас болж байсан. Тухайн үедээ Золзаяа ажил их тасалдаг, ирдэггүй байж байгаад гэнэт өсгийтэй гуталтай явж байгаад унаад хавиргаа хугалсан гэж чөлөө авсан. ...Дараа нь ажилдаа буцаж орчихоод Жавхланд зодуулаад хавиргаа хугалуулсан гэж ярьж байсан. ...Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх асуудлыг мэдэхгүй. Түүнээс хойш миний мэдэхийн  2-3 удаа Золзаяа Жавхланд зодуулж гар хөл нь хөхөрсөн байдаг байсан. Манай гэр Золзаяагийн гэртэй ойрхон байдаг учраас Золзаяа надад хэлж ярьж, харуулж байсан. Миний хажууд бол зодож байгаагүй, гэхдээ чирээд уурлаад авч явж байхад нь би харж байсан...” /1хх-ийн 102/ гэсэн,

Гэрч Г.Жаргалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 8 дугаар сарын эхээр Золзаяа би өөрөө унаад хавиргаа хугалчихсан гэж байсан. Дараа нь 2015 оны 10 дугаар сард хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд нэг уулзсан чинь Жавхлан их хартай, 2015 оны 08 дугаар сард шатан дээрээс шидээд миний хавиргыг хугалчихсан, би тэр үед санаа зовоод өөрөө унаад хавиргаа хугалсан гэж хэлээд ажлаас чөлөө авч байсан юм. Сая 10 сарын сүүлээр мөн намайг зодсон гэж хэлж байсан. ...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Золзаяа над руу залгаад орой уулзъя Жавхлан бид хоёр хоорондоо үл ойлголцоод байна. Тэгээд хоёр талаасаа нэг нэг сайн найзаа дагуулж ирээд ярилцах гэж байгаа гэж хэлсэн. ...Араг яс, толгойгүй хүн, орон дээр сууж байгаа сатанагийн зураг зэрэг байсан. Тэр 3 ширхэг аймар зурагтай мессежнээс би 1 ширхгийг нь өөрийнхөө гар утас дээр зураг хэлбэрээр хадгалсан байгаа. ...Би Жавхланг сайн мэдэхгүй. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уулзахад бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдэх гэсэн өөрийнхөө үзэл бодлыг хүнд тулгадаг, хүний үгийг хүлээж авдаггүй хүн юм шиг санагдсан. ...Золоо би ер нь чамаас сална гэж хэлэхэд Жавхлан нь болно шүү дээ, гэхдээ эхлээд надаас авсан юмнуудыг бүгдийг нь өгчих тэгээд салж болно гэж хэлж байсан. ...Золзаяа, Жавхлан, Жигжидсүрэн бид дөрөв Вива сити хотхонд байдаг Их Монгол нэртэй пабад уулзсан. 1 хүний 2-3 ширхэг 0,5 литрийн пиво ууцгаасан. ...Хүүхдийн урлан бүтээх төвийн тэнд караокед орсон. ...Золзаяа түрүүлж гараад Жавхлан араас нь тооцоогоо хийгээд гарсан. ...Би гар утсаа асаагаад Золзаяатай ярихад Төрийн ордны ард ганцаараа явж байна гэсэн. ...Би Золзаяагийн утсыг аваад Жавхланд би Золоотой хамт байна, чи одоо гэртээ хариад амарчих, Золоо манайд хононо гэхэд би яг одоо Вива сити явж байна, наадах чинь яг одоо хаана байна, би байгаа газраас нь Золоог авч явна гээд байсан. Энэ үед би Золзаяаг Жавхлан зодож магадгүй гэж бодоод хэрэггүй чи харь гэж хэлсэн. Жигжидсүрэн бид хоёрыг таксинд суулгаж өгсөн. ...Тэгээд Жигжидсүрэн таксинд суугаад харихаар явсан. Тэр үед бид хоёрт таксины мөнгө байхгүй байсан болохоор Золзаяа Жавхлан руу залгаад байгаа газраа хэлээд дуудсан. Таксины мөнгө байхгүй юм чинь өөр яах юм бэ гэж байсан. Тэгээд бид 2 Өргөө-2 кинотеатрын уулзвар өнгөрөөд ШУТИС-ийн хойд талын зам дагуу Жавхланг хүлээгээд зогсож байтал Жавхлан ирсэн. Ирэнгүүтээ үгийн зөрүүгүй жолоочийн хаалгыг онгойлгож түүний нүүр лүү гараар цохисон. Золзаяа хүүе болиоч гээд машинаас буусан. Машины цонхоор харахад Жавхлан Золзаяаг зам дээр түлхээд унагаж байсан. Би машинаас буугаад очтол Жавхлан намайг хараад Золзаяаг тэвэрч авсан. Тэгээд ирсэн таксиндаа Золзаяаг хүчээр суулгаад аваад явсан. Би явсаных нь дараа Золзаяагийн ээж рүү залгаад Золоо гэртээ очсон уу гэж асуухад ирээгүй байна гэсэн. Би Золоог сая Жавхлан аваад явчихлаа гэхэд одоо тэгвэл нөгөөдөх нь тамалж байгаа юм байна л дээ гэж хэлсэн. Өглөө 10 цагийн үед Золзаяагийн ээж Лхамсүрэн рүү залгахад Золоо хэвтэрт ортлоо зодуулчихсан орж ирсэн гэсэн. Золоотой ярихад таксины дотор хойд талын шалавчин дээр хэвтүүлж байгаад дээрээс дэвсээд яваад байсан, мөн таксинаас буугаад Вива сити хорооллын цаана Шинэ Өргөө гэх хорооллын байрнуудын орчим аваачиж байгаад зодсон гэж хэлсэн...” /1хх-ийн 217-221/ гэсэн,

 

Гэрч П.Жигжидсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Золоо, Жавхлан нартай 2016 оны 3 дугаар сарын эхээр уулзсан. Жавхан над руу залгаад Золоо бид хоёр таарамж муутай байна, нэг нэг сайн найзаа 2 талаасаа дуудаад ярилцах гэсэн юм хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын Их Монгол пабад Жавхлан, Золоо, Золоогийн найз бид 4 уулзсан. ...Золоо Жавхлан намайг хардаад байдаг, тэрнээс болоод бид 2 хэрэлдэж маргалдаж таарамжгүй байдаг. Маргалдахаараа татаж чангаагаад явуулдаггүй хааяа гар хүрч зодох гээд байдаг гэсэн. Хэрэв гар хүрдэг юм бол хэцүү л юм байна гэж хэлж байсан. Миний хажууд Жавхлан Золоо хоёр зодолдож байгаагүй. Хүний 2-3 ширхэг 0,5 литрийн пиво ууцгаасан. ...Тэгээд 00 цаг өнгөрч байхад караокеноос гарахаар болсон. Тэгтэл Золоо уурласан бололтой түрүүлээд гараад явсан. ...Гадаа гараад Золоог хайсан боловч олдоогүй. Золоогийн утас руу залгаад хаана байгааг нь асуухад ганцаараа алхаад явж байна гэсэн. Ордны тэнд явж байна гэсэн. Тэр үед Жаргалан бид 2 хамт Золоогийн байгаа газарт явж очсон. Жавхлан яасныг мэдэхгүй байна. Золоог хайгаад явсан байх. ...Жаргалан Золоо хоёр такси бариад Жаргалангийн гэрт очихоор явсан. Би такси бариад гэр лүүгээ явсан. Золоогийн ярианаас сонсоход Жавхлан их л хардаад байдаг гэж байсан...” /1хх-ийн 222-225/ гэсэн,

Гэрч Э.Батболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар 2012 оноос хойш ажиллаж байна. ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын N18-5-6 тоотод оршин суух Лхамсүрэн гэх хүн 2015 онд өөрийн биеэр хороон дээр манай охин найз залуудаа зодуулчихлаа гэж хэлж ирсэн. Би та охиноо дагуулаад өргөдлийг нь бичүүлээд хүрээд ир гэж хэлж байсан. Тэр үед охин Золзаяа нь ирээгүй. Дараа нь 2016 оны өвөл 03 дугаар сард Лхамсүрэн гэх хүнээс 102-оор дамжуулан дуудлага мэдээлэл ирсэн. Тэр үед хаяган дээр нь очиход Жавхлан гэгч байхгүй зугтаад явчихсан, Лхамсүрэн түүний охин Золзаяагийн бага насны нэг хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Лхамсүрэнтэй уулзахад манай охиныг найз залуу нь эрүүл болон согтуугаар ер нь зодож дарамтлаад сэтгэл санааны дарамт учруулаад байх юм яах вэ, сая хувцсыг нь аваад явчихсан, одоо яах вэ гэж асууж байсан. ...Золзаяаг Жавхлан руу гар утсаар нь залгуулж хувцсаа явъя гэж яриулсан. Тэр үед Жавхлан би гадаа машины зогсоол дээр байна гарч ирээд ав гэсэн. Зогсоол дээр очиход байгаагүй. Тэгээд дахин залгуулахад чи яасан хажуудаа цагдаа дуудаж авч ирээд намайг дуудаад байгаа юм уу гэж хэлж байсан. Би Золзаяагийн гар утсаар Жавхлантай ярихад би чамтай уулзах шаардлага байхгүй, очиж чадахгүй, чаддаг юм бол намайг байгаа газраас минь ирээд бариад аваад яв гээд хараалын үг хэлж байсан. ...Золзаяад ямар ч байсан найз залуу Жавхлан нь зодож дарамталдаг шинж тэмдэгтэй байсан...” /1хх-ийн 226-227/ гэсэн,

 

Гэрч Б.Өнөдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр болж байсан болохоор Жавхланг найз эмэгтэйгийнхээ хамт манайд ирэхийг урьсан. ...Би согтоод унтсан байсан. Үүрээр 04-05 цагийн хооронд манай гэрт нэг эмэгтэй хүн орилоод уйлаад байгаа бололтой болохоор нь сэрээд том өрөөндөө ортол том өрөөнд Жавхлан, найз эмэгтэй Золзаяатайгаа маргалдаад байгаа бололтой  байсан. Хажууд нь манай эхнэр Солонго, найз Дөлгөөн нар байсан. Золзаяа нилээн гомдсон байдалтай Жавхлан руу хандаад “чи намайг дандаа зоддог биз дээ, гар хүрдэг биз дээ” гээд орилоод байсан. Жавхлан чи одоо боль л доо, юу яриад байгаа юм бэ гээд их л хүлцэнгүй байгаад  байсан. Тэгэхэд Золзаяа нь чи хүний хажууд болохоор гэмгүй юм шиг зүгээр байгаад хүнгүй газар болохоор чи намайг дандаа зоддог биз дээ гээд уйлаад байсан. ...Гадаа гараад Жавхлан, Золзаяа хоёр хоорондоо маргалдаад байснаа харилаа гээд хоёулаа төв зам руу алхаад явсан. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй байна...” /1хх-ийн 228/ гэсэн,

 

Гэрч Ц.Гэрэлт-Од мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Нийслэлийн түргэн тусламжийн Хан-Уул дүүрэг дэх салбарт дуудлагын эмчээр ажиллаж байна. ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол N-18-р байранд 27 настай эмэгтэй хүн шатнаас унаад нуруу гэмтсэн гэсэн дуудлагыг хүлээн аваарай гэсний дагуу дуудлагыг авч 17 цаг 15 минутад дуудлага дээр очиход Вива сити хорооллын N-18-р дугаар байрны ил орцны 5 давхарт шатан дээр гурван хүн байсан. Гэмтсэн гэх эмэгтэй Золзаяа гэж байсан. Шатан дээр тэр эмэгтэй суусан, нөхөр нь, ээж нь гэх хүмүүс хажууд нь зогсож байсан. Золзаяагаас ямар зовиуртай байгаа талаар асуухад шатнаас унаад гэмтчихлээ гэсэн. Зүүн гар, мөр маань хөндүүрлэж хөдлөж болохгүй өвдөөд байна гэж байсан. Үзлэгийг хийхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн, хэсэг газрын үзлэгээр баруун далнаас доош  3 см хэртэй газарт 2 см орчим хөхөрөлтэй, тэмтэрэхэд эмзэглэлтэй байсан. Тиймээс гэмтлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, цээжний рентген зураг авахуулахыг зөвлөсний дагуу тэдгээр хүмүүс өөрсдөө ГССҮТ рүү явчихъя гэж хэлээд явсан. ...Хэрэв хуучин хавирганы гэмтэл байсан бол аль хэдийн бороолж эдгэсэн байх ёстой. ...Хуучин хугарал бол өвдөлт, ямар нэгэн зовиургүй болсон байна гэсэн үг. Тиймээс хүн одоо өвдөлт байна гэж хэлэхэд наадах чинь хуучин хугарал байна гэж хэн ч хэлэхгүй. Хавиргануудыг тэмтэрч үзэхэд мэдэгдэх зүйл байхгүй байсан. Баруун далны доод хэсэгт хөхөрсөн байсан. Тиймээс би мэдэгдэх зүйл байхгүй байна, цээжний рентген зураг авахуулаад гэмтлийн мэргэжлийн эмчид ханд гэж хэлээд явуулсан...” /2хх-ийн 36-37/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч У.Номун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Жавхлан манай ээж Золзаяагийн найз. ...Би Жавхланг мэддэг болохоосоо өмнө цэцэрлэгт байхдаа гэртээ ганцаараа байж чаддаг байсан. Одоо би Жавхлангаас айгаад гэртээ ганцаараа байж чадахгүй, дандаа гэртээ эмээтэйгээ байдаг болсон. Жавхлан бол аймар хүн. Шөнө болохоор л намайг хичээл хийлгэхгүй, хаалга нүдээд онгойлгохгүй бол өшиглөөд байдаг. Гэрт ч гадаа ч ээжийг зодоод байдаг. Би гэрт ээжийг зодож байхыг харсан. Нэг удаа Жавхлан, түүний охин Энхрийлэн, ээж бид дөрөв хамт цэвэр устай гол дээр очсон. Тэр үед ээжийн хавирга нь хугарсан байсан. Ээж машинаас буухгүй машиндаа суугаад байсан. ...Гэрт ээж болон эмээгийн дүү нар байсан. Би гал тогоондоо хичээлээ хийж байсан. Жавхлан ирээд ээжийг авч явах гээд байсан. Ээж явахгүй гээд байсан. Тэгээд ээж миний хажууд суугаад миний хичээлийг хийлгэж байсан чинь ээжийг гараараа хацар луу нь цохих гэж байгаад намайг цохичихсон. Миний нэг нүдний доод талд улайгаад жаахан хавдсан байсан. Би маргааш хичээлдээ яаж явах юм бэ гээд уйлсан. ...Бас нэг удаа би хичээлээ хийж байтал Жавхлан гэрэлтэй байхыг харсан юм шиг байна лээ. Ирээд хаалга нүдээд байсан. Ээж онгойлгохгүй байсан чинь хаалга өшиглөөд байсан. ...Намайг 1 дүгээр ангид байхад өдөр болгон ээжтэй хэрэлдэж ээжийг зоддог байсан. Ээж орой надтай хамт унтах гээд хувцсаа тайлахаар  хөл гар нь энэ тэндээ зөндөө хөхөрсөн байдаг байсан. Ээжээс энэ яачихсан юм бэ гэж асуухаар ээж надаас нуугаад шумуул хазчихсан гэж худлаа хэлдэг байсан. Би Жавхлан тийм болгосон гэдгийг нь мэдэж байгаа л даа.  Жавхлан гэрт байхдаа ээжийг гараараа цохиж зоддог. Бас гараа атгаж байгаад хаашаа ч хамаагүй цохиж өшиглөж зоддог. Ээж тэр үед нь уйлдаггүй, яагаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Би тэгж байхыг олон удаа харсан. Нэг удаа би ээжтэй маргалдаад байхаар нь эмээгийн Ай падыг аваад бичлэг хийж байтал миний гараас булааж аваад газар шидээд эвдэлчихсэн. ...Би одоо хүртэл Жавхлангаас айгаад байгаа. Манай  сургууль урьд нь урд хаалгаараа ордог байсан. Одоо хойд хаалгаараа ордог болсон. Тэр хойд хаалгаар ордог болсон гэдгийг Жавхлан мэдчихээгүй байгаа гэж миний санаа зовж байгаа...” /2хх-ийн 38-39/ гэсэн,

 

 

Шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Баруун талын 6 дугаар хавирганы хугарал гэмтлийг магадлуулагч өөрийнхөө биед үүсгэх боломжгүй, өөрөө унаснаас үүсэхгүй, хавирганд гадны хүч үйлчилснээс, өөрөөр хэлбэл цээжинд гадны зодуулах, цохиулах хүч үйлчилснээс үүссэн гэсэн үг. Л.Золзаяагийн 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн КТГ-ийн зураг, шинжилгээнд үзүүлэгчийн баруун талд 6 дугаар хавирганы гадны дээд хэсэгт 0,7 см ясны жижиг сэлтэрхий бүхий зөрүүтэй шинэ хугарал гэж бичигдсэн байна. Тийм учраас тухайн өдөр үүссэн байх боломжтой. Үзүүлэгчийн баруун уушгины дунд дэлбэнгийн орой хэсэгт үүссэн жижиг хэмжээний няцрал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хүчтэй доргилт, цохилт авсаны улмаас үүснэ. Мөн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамрагдана...” /1хх-ийн 90/ гэсэн,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэсэг газрын үзлэг дээр цус хуралтууд нь бор шаргал өнгөтэй зулгаралт гэмтэл нь сорви болсон нь 2016 оны 03 дугаар сарын 06-нд үүссэн байх боломжтой. Болсон хэргийн товч бичиглэл дээр бичигдэхдээ бичиглэлийн алдаа хийсэн байна. Дээрх хэсгийг засч тамга дарсан. ...Дээрх гэмтлүүд зодох, цохих үед үүссэн байх боломжтой. Магадлуулагч өөрөө өөртөө дээрх гэмтлүүдийг үүсгэх боломжгүй...” гэсэн /1хх-ийн 91/,

 

Шүүгдэгч А.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 оны 10 дугаар сард Лхамсүрэнгийн Золзаяа гэх эмэгтэйтэй танилцсан. 2015 оны 02 дугаар сард Золзаяа надаас 900,000 төгрөг 1 сарын хугацаатай зээлж аваад 1 сар болоод мөнгөө эргэн төлөх гээд ирэх үед Золзаяа бид хоёр дотно харилцаатай болж эхэлсэн. 2015 оны 05 дугаар сараас эхлэн над руу Золзаяагийн  өр төлбөртэй хүмүүс утсаар болон биеэр уулзаж холбогдож эхэлсэн. Чи нөхөр нь юм бол өгөх ёстой гэдэг байсан. Золзаяа тэр талаар би чамд буцааж өгнө гэдэг байсан. Золзаяа нэг хүүхэдтэй, би ч нэг хүүхэдтэй. Бид хоёр хоорондоо болж бүтнэ амьдарна гэж бодож байсан. Гэтэл дээрх маягаар Золзаяагийн өртэй хүмүүс надаас мөнгө нэхэж би төлж өгдөг байсан. Энэ асуудлаас болоод бид хоёр маргадаг байсан. ...2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай найз Өнөдэлгэрийн төрсөн өдөр болсон. Золзаяа бид хоёр хамт очсон. Золзаяа согтуу ээжийн авч өгсөн машиныг барьж явж байгаад  замын цагдаад баригдаад 9 сараар жолооны эрхээ хасуулсан. Бид энэ талаар ээжид утсаар ярьж хэлсэн. ...Энэ үед ээж уурласан. Золзаяа ч над руу чи яах гэж ээжид хэлж байгаа юм бэ гэж уурласан. Золзаяа “ганц машин журамлуулаад юун сүртэй юм бэ, миний найз залуу л юм бол чи төлөх ёстой биз дээ” гэх маягаар яриа эхлүүлсэн. Тэр үед Өнөдэлгэрийн найз охин “Өнөдэлгэр намайг зоддог, энэ маягаар Жавхлан ч бас чамайг зодох юм байна” гэж хэлж байсан. ...Энэ үед Золзаяа ганцаараа гарч такси барьсан. Намайг араас нь суусан чинь орилоод хамт явахгүй гээд байсан. ...Энэ асуудал Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдсан. Золзаяа бид хоёр хэн аль нь гомдол саналгүй гээд сайн дураараа эвлэрээд салсан. Үүнээс хойш Золзаяагийн өр төлбөрийн асуудал дуусахгүй байсан. Бөгж, нөүт 4 маркийн гар утас авч өгсөн байсныг надаар өр төлбөр төлүүлж байгаа атлаа ээжийнхээ нэр дээр ломбарданд тавьсан байсан. Энэ бүгдийг харахад тэдний гэр бүлийнхэн, ах, дүү нар нь надаас мөнгө салгаж авах санаатай байгаа юм шиг санагдсан.

2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Золзаяа бид хоёр дээрх асуудлаас яаж гарах талаар ярилцсан. Тэгээд сэтгэл зүйчид хандья гэж мөн бодсон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвд ч хандаж зөвлөгөө авсан. Тэгээд хоёулаа хоёр талаасаа найз нараа дуудаж байгаад хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг асууж ярилцъя гэж тохиролцсон. ...Караокены цаг дуусаад хөгжим унтраад сууж байтал гэнэт Золзаяа надаас “би чамаас салчихвал яах вэ” гэж асуухад би тэгвэл чамайг залилагч гэж бодно гэж хэлтэл Золзаяа караокеноос гараад гүйчихсэн. Энэ үед манай найз Жигжидсүрэн, Золзаяагийн найз Жагаа 2 байсан. Би Золзаяаг хайж зөндөө нааш, цааш явсан. Гэрт нь хэд хэдэн удаа очсон. Нилээн явсны дараа Золзаяа над руу ярихад ШУТИС-ын хойд зам дээр хүрээд ир, такситай явж байна гэж хэлсэн. Намайн очиход Жагаа тэр хоёр танихгүй залуугийн машинд сууж байсан. Гадаа үүр цайж байсан учраас би цааш явахыг хүсээгүй, Золзаяаг шууд аваад гэртээ харихыг хүссэн. Такси барьтал Золзаяа явахгүй гээд доошооо биеэ сул тавиад унжаад байсан. Золзаяагийн гэрийнх нь гадаа очоод бид хоёр хоорондоо маргалдсан. Золзаяа чи эндээс яваач, зайлаач гээд намайг хөөж орилоод байсан. Байрны хамгаалагч нар энэ үед байсан. Золзаяагийн байрны хамгаалагч Золзаяаг аваад гэрт нь оруулж өгөхөөр явсан. Нэг хамгаалагч нь намайг таксинд суулгаж өгсөн. ...Уг нь бол түүнийг зодож цохиогүй. ...2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тухайд гэмтэл шарх гэх зүйл байгаагүй. Өвдөг билүү тохой нь хөхөрсөн байсан. Халтирч унаад үүссэн болов уу гэмээр шарх байсан. Цохисон зодсон шарх байгаагүй. ...2015 оны 08 дугаар сарын 8-ны өдөр би Золзаяаг зодож хавиргыг хугалаагүй. ...Золзаяа гаднаас орж ирээд гэнэт би чамаас саллаа, тамхи татмаар байна гээд гэрээс гарсан. Би араас нь гараад бид хоёр 5 давхрын задгай орцонд зогссон. Золзаяа бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Тэр тамхи нэг татах гэж үзээд базаад шидсэн. Тэгээд шатны бариулаас барьж байгаад хэд хэдэн удаа өөрөө шат руу унаад байсан. Тэгснээ гэхэд жүжиглээд орилоод байсан. Тэгэхээр нь 103 дуудсан, хэн дуудсныг нь мэдэхгүй байна. 103-ын эмч яг одоо хугарсан хавирга алга, урьд нь хугарсан зүйл байсан уу гэж асууж байсан. ...Хэрвээ би тэр хавиргыг нь хугалсан бол тэр даруйд нь намайг цагдаад өгөх байсан байх. Би хавиргыг нь хугалаагүй учраас тэр хүмүүс цагдаад хандаагүй. Өөрөө шат руу унаад байсан. Тэр үед хавирга нь хугарсан байх. ...2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би мөн зодоогүй. ... Золзаяа өөрөө цүнхээ савчиж байгаад халтирч унасан. Би ч мөн араас нь явж байгаад халтирч унасан. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би мөн зодож гэмтээгээгүй. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орчлон сургуулийн математекийн олимпиадын бүртгэл болоход Золзаяагийн охин бүртгэлээс нь хоцорсон байсан. Золзаяа математекийн багш руу яриад охиноо бүртгүүлэх гэтэл чи надтай нэг удаа унтчих, тэгвэл би бүртгэнэ гэж хэлсэн. Яг тэр үед би Золзаяагийн хажууд байсан. Маргааш нь тэр багш дээр очоод маргалдсан. ...Таксины жолооч Вива сити өнгөрөөд Шинэ Монгол хотхоны зам дагуу зогссон. Золзаяа бид хоёр машинаас буугаад Шинэ өргөө хотхоны тэнд алхаад явж байхад хамгаалагч нар тамхи татаад зогсож байсан. Тэр хамгаалагч нарыг хараад Золзаяа энэ залуу намайг зодоод байна, гоё согтуу байгаа дээр нь яг одоо цагдаа дуудаад бариад өгчих гэсэн. Тэгээд Золзаяаг нэг хамгаалагч нь гэрт нь оруулж өгөх гэтэл би байж байя цагдаа ирээд энэ хүнийг аваад явахаар нь би гэртээ орно гэж хэлсэн. Нэг хамгаалагч нь чи яасан чөтгөр шиг хүүхэн бэ, энд камертай, хүсээд байвал ажлын цагаар ирж учраа ол, би одоо энэ айлуудыг амгалан тайван байлгамаар байна гэж хэлсэн. Тэгээд надад хандаад энэ чөтгөр шиг хүүхнээс сал миний дүү, одоо харь гэж хэлсэн. Би өөрөө явсан. ...Маргааш нь Золзаяа над руу залгаад одоо чи ингээд хохьчинь, би чамайг цааш нь явуулна за, чи одоо миний толгой тархины зургийг авхуулж өгөхгүй бол би өргөдлөө өгчихнө шүү гэж хэлсэн. Би толгойных нь зургийг авхуулж өгөхөд зүгээр байсан. ...Золзаяа надаас мөнгө салгаж авах гээд л ийм худлаа зүйлээр цагдаагийн байгууллагад хандаж байна гэж би ойлгож байна. Би бол түүнийг огт зодож гэмтээж байгаагүй. ...Би очиж байна шүү гэвэл гарахгүй байх гээд зураг явуулж байсан. Гэхдээ хөдөлгөөнтэй чөтгөрийн зураг явуулж байсан шиг санагдаж байна. ...Хэрэв чөтгөрийн зураг явуулбал оройн цагаар айгаад гадуур гарахгүй байх гэж бодсон. Заналхийлж тийм зураг явуулаагүй. Золзаяа ч над руу янз бүрийн зураг явуулдаг байсан. Ийм үйлдэл бол хэвийн үйлдэл гэж би үзэж байна. ...Өөрөө нэг бүдэрч унасан, нэг арагшаа унасан. 5 давхрын шатнаас доошоогоо 4 давхар луу урууддаг шат руу Золзаяа өөрөө унасан.

...201526021967 тоот хэрэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Золзаяа явахгүй гээд намайг түлхээд би халтирч унаад зууралдаад хамт унасан. Би нүүр лүү нь цохиод үсдээд газар мөргүүлсэн эсэхээ санахгүй байна. Манай найз охин өөрөө тэгж хэлээд байгаа юм. Би тухайн үед согтуу байсан. Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Түүний нүүр лүү гараараа цохиж, үсдээд газар мөргүүлж зодсон нь үнэн.

...99106922 дугаарыг хамгийн сүүлд би барьж байсан. 2016 оны 11, 12 дугаар сард би Золзаяатай уулзаад дээрх дугаарын ярианы төлбөр болох 280,000 төгрөгийг өөрийн картнаас шилжүүлж төлж барагдуулсан. ...Надад одоо энэ дугаар огт хамаагүй. Энэ дугаар Золзаяагийн нэр дээр байдаг, түүний эзэмшлийн дугаар...” /1хх-ийн 111-112, 185, 187, 204-206/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13-16/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3488 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Золзаяагийн биед тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, баруун бугалга, баруун гарын сарвуу, баруун өгзөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /1хх-ийн 23/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15123 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.6 Золзаяагийн биед баруун талын 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь 2015 оны 08 дугаар сарын 08-нд үүссэн байх боломжтой.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Золзаяагийн гэмтэл нь хуучин гэмтэл болно.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15625 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Золзаяагийн биед зовхи, хамарын нуруу, шуу, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /1хх-ийн 179/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Шүүгдэгч А.Жавхлангийн иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 31, 34/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 80/,

- Шүүгдэгч А.Жавхлангийн охин Ж.Энхрийлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 121/,

- Гэр бүлийн хүчирхийлэлийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /1хх-ийн 124-137/,

- Шүүгдэгч А.Жавхлангийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Түвшинтөрийн мэдүүлэг /1хх-ийн 94-96/ болон бусад баримтууд /1хх-ийн 145-152/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1хх-ийн 163/,

- Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын  2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дугаартай “Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох” тухай прокурорын тогтоол /1хх-ийн 207/,

- Хохирогч Л.Золзаяагаас гаргасан хүсэлт /1хх-ийн 238-241/,

- Эмнэлгийн магадлагаа /1хх-ийн 242/,

- Амбулториор эмчлүүлэгчийн карт /1хх-ийн 243-246/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2хх-ийн 54/ зэрэг болно.

 

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч А.Жавхлан нь хамтран амьдрагч Л.Золзаяаг

- 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 5 дугаар орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодож хавиргыг нь хугалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл,

- 2015 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл,

- 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороололд хамтран амьдрагч Л.Золзаяаг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулан, удаа дараагийн бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодон тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Золзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Лхамсүрэн, Б.Гантболор, Ц.Должинсүрэн, Г.Жаргалан, П.Жигжидсүрэн, Э.Батболд, Б.Өнөдэлгэр, Ц.Гэрэлд-Од, насанд хүрээгүй гэрч У.Номун нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3488, 15123, 15625 тоот дүгнэлтүүд, шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ, хохирогч Л.Золзаяагаас гаргаж өгсөн гэрэл зургууд, эмнэлгийн магадлагаа, амбулториор эмчлүүлэгчийн карт, түргэн тусламжийн дуудлагын хуудас, шүүгдэгч А.Жавхлангийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Жавхланг хамтран амьдрагчаа байнга зодох буюу тарчлаасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Жавхлан дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх боловч шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээгүй бөгөөд түүний ингэж маргасан нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байна.

 

Шүүгдэгч А.Жавхлангийн 2015 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна хохирогч Л.Золзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд Баянгол дүүргийн хэлтсээс 201526021967 тоод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон боловч уг хэргийг дээд шатны прокурорын тогтоолоор сэргээж, энэ хэрэгт нэгтгэн шалгасан байна.

Хохирогч Л.Золзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол, төлбөргүй болно.

Шүүгдэгч А.Жавхлан тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 194 дүгээр захирамжаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгч А.Жавхлан урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-ийн 34/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч А.Жавхланд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Жавхлангийн үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хохирогчийн аюулгүй байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийх, өөрийн гэм бурууг ухамсарлах, гэмших, зан төлөв, хандлагаа өөрчлөх, өөрийгөө засан хүмүүжүүлэх бололцоо олгох үүднээс түүнийг богино хугацаанд олон нийтээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ял оногдуулав.

 

Шүүгдэгч А.Жавхлангийн төрсөн охин Ж.Энхийрлэнгийн хамт ам бүл 2-уулаа амьдардаг талаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан, Ж.Энхийрлэнгийн төрсөн эх Мөнхсүхийн Цацрал нь гадаад улсад амьдардаг талаар гэрч М.Түвшинтөр, шүүгдэгч А.Жавхлан нарын хэн аль нь мэдүүлэх боловч үүнтэй холбоотой гэрлэлт бүртгэсэн бүртэл, гэрлэлт цуцалсан тухайн шүүхийн шийдвэр, охины ээж гадаад улсад сурдаг, амьдардаг тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг бага насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдийгээр энэ талаарх баримт авагдаагүй боловч хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэч А.Жавхлангийн төрсөн охин болох Жавхлангийн Энхрийлэн /РД: УК09210202/-д асран хамгаалалт тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн КТГ-ийн зургийн тайлал, 075597, 054926 дугаартай кассын орлогын ордер, Золзаяа 28-F 2016-03-07 КТГ гэсэн хар өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн сиди 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, олон зүслэгт КТГ-ийн зургийн хохирогч Л.Золзаяад буцаан олгов.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ: 1/ гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл” гэж заасан тул шүүгдэгч А.Жавхлангийн гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 201626030449 тоот хэрэгт  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шош овогт Амарбаярын Жавхланг хамтран амьдрагчаа байнга зодох буюу тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жавхланд 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жавхланд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жавхлангийн цагдан хоригдсон 08 /найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн КТГ-ийн зургийн тайлал, 075597, 054926 дугаартай кассын орлогын ордер, Золзаяа 28-F 2016-03-07 КТГ гэсэн хар өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн сиди 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, олон зүслэгт КТГ-ийн зургийн хохирогч Л.Золзаяад буцаан олгосугай.

6. Эрүүгийн 201626030449 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Жавхлангийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэч А.Жавхлангийн төрсөн охин болох Жавхлангийн Энхрийлэн /РД: УК09210202/-д асран хамгаалалт тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Жавхланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Жавхланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР