Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

Д.Очирхуягийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00518 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 12-р байрны 5 тоотод оршин суух, ПВ78090118 регистрийн дугаартай, Боржигон овогт Дагвасүрэнгийн Очирхуягийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Очирхуяг түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус байгууллагын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай.

 

   Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие төрийн албанд 20 жил ажилласнаас, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд 2008 оноос хойш жолоочоор 10 жил ажиллаж байна. Машины асуудлаас болж ажил олгогч бидний дунд хагарал үүссэн.  Дарга 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирээд намайг албаны пургон асаа гэсэн. Пургоныг урьд нь унаж байсан хүн өөрөө машиндаа боогоод нас барсан, хоёр жил асахгүй грашинд байсан машин. Би ажлын залуучуудтайгаа пургоныг асаах гэж оролдож байхад карбитороос нь гал гарахад галын хороор галыг унтраасан. Цайндаа яваад ирэхэд дарга яагаад машинд гал гарсан чи яагаад машины аюулгүй байдлыг хариуцдаггүй юм, чамайг хална, чи хайнга хандсан гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгэхэд нь би намайг хал хал тушаалаа өгчих гээд явсан. Түүнээс хойш би ажилдаа очоогүй. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгүй, үнэнч шударгаар хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалт болон байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт зэргийг үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүйн дээр Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.

Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарын 17-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т заасан ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж, 15.4-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 -т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэжээ. Дээрх хуулийн тайлбараас харвал ажил олгогч нь ажилтан надад ажлаас халах тухай шийдвэрээ 45 хоногийн өмнө мэдэгдэж гарын үсэг зуруулах ёстой байсан мөн би сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргаж арга хэмжээ авагдсан зүйл байхгүй. Намайг сахилгын зөрчил болон алдаа дутагдал гаргаж байгаагүйг манай хамт олон сайн мэднэ. Ажил олгогч нь ажлаас халах болон сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаар надад огт мэдэгдээгүй. Тухайн шийдвэр гаргасан өдөр болох 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэнэт л халагдсанаа мэдсэн. Иймд уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул Ховд аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний төвийн даргын 2018 оны 04 сарын 30-ны өдрийн Б\22 тоот тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

 

   Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч Д.Очирхуяг нь төрийн албаны ёс зүйг зөрчиж, байгууллагын удирдлагын хууль ёсны шаардлагыг үл тоомсорлон, зүй бус зан авир гаргаж, бусдыг хэл амаар доромжилж, захиргаанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн ажлын байраа орхин явж, олон хоногоор ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан учраас хариуцагч Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, жолоочийн ажлаас халсан.

Би Улаанбаатар хотоос 2018 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр буюу бүтэн сайн өдөр ирээд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажилчдын нэгдсэн хурал хийгээд машины мотор болохгүй бол өөр мотор авъя тэр хүртэл пургоноо асаая, пургон асаах шаардлагатай тос маслыг нь өгөөд нэг бүрчлэн үзвэр үйлчилгээ хийгээрэй гэж хэлсэн. 4 дэх өдрийн 13 цаг 30 минутын үед Д.Очирхуяг гаднаас орж ирээд пургоны мотор дээр гал гараад олон эрчүүд байсан тулдаа унтраалаа гэхэд “машин дээр яагаад гал гарав дэлбэрчихвэл яах юм хэн хариуцах юм бэ” гэхэд “чи битгий олон юм яриад бай шинэ машин аваад өгчихсөн юм шиг төмрийн сэгээ зас гээд байдаг гэхээр нь чи юу яриад байгаа юм жолооч хүний үүрэг биздээ” гэхэд Д.Очирхуяг “чам шиг авгай явж явж ирчихээд битгий олон юм яриад бай чамайг би хаана юу хийж явсныг чинь мэднэ чи хэнд хэдэн төгрөг өгч дарга болж орж ирчихээд ингээд байгаа юм муу авгай минь чи наанаа мөнхийн сууна гэж бодож байна уу би чамайг мэднэ чи удахгүй шүү” гээд хуруудаад дайраад байхад би уйлчих гээд чичрээд юу ч хэлж чадаагүй. Тэр өрөөнд ээлжийн оператар мэдээгээ өгөх гэж байсан хоёр оператор байсан. Би Д.Очирхуягт чи өнөөдөр намайг ингэж хэлж байвал чи бид хоёр хамтарч ажиллахад хэцүү юм байна гэхэд намайг хал л гэдэг чи чаддаггүй биз дээ гэсэн. Бид хоёрын дунд машин асаах талаарх маргаан жил гаруй үргэлжилж байгаа.Би тэр өдөр даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийг дуудсан. Зөвлөлийн гишүүдийг цуглуулаад Д.Очирхуягийг дуудаж чиний асуудлыг ярилцана ир гэхэд ирсэн. Зөвлөлийн хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагт даргын өрөөнд эхэлж зөвлөлийн гишүүдэд би асуудлаа танилцуулж намайг ингэж доромжлолоо энэ ёс зүйн асуудал мөн үү зөвлөлийн гишүүд санал бодлоо хэлээрэй гэсэн. Зөвлөлийн хурлын үед хурлын тэмдэглэл хөтөлсөн байгаа. Хурал дээр Д.Очирхуяг буруугаа хүлээгээгүй иймэрхүү хоорондын маргаан байна ш дээ сүртэй ш дээ юм үзээгүй юм шиг би чамайг хал л гэсэн чиний л дурын асуудал ш дээ гээд хурал дээр ийм л байр суурьтай байсан. Надаас уучлалт гуйгаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ажилчдын хурлаар би энэ асуудлыг танилцуулахад Д.Очирхуяг хурлыг орхиж гарч явсан. Хамт олны дунд тайлбараа тавиагүй алхам бүрдээ намайг дорд үздэг. Би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ёс зүйн хороонд хандсан. Ёс зүйн хорооны гишүүд дүгнэлтээ гаргаж өгсөн. Д.Очирхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, салбарын дотоод журам, байгууллагын дотоод журам, байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.Энэхүү сахилгын зөрчил нь байгууллагын даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, байгууллагын ёс зүйн хорооны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт, хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдоно.

Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтнууд 2018 оны 04 дүгээр сард ажлын 21 хоног ажиллахаар байхад Д.Очирхуяг нь ажлын 14 өдөр байгууллагынхаа захиргаанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн ажлын байраа орхин явж, ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан нь байгууллагын 2018 оны 04 дүгээр сарын ажлын цагийн тооцоо, ажилтнуудын ирцийн бүртгэлээр нотлогдоно.

Нэхэмжлэгч Д.Очирхуягийн гаргасан энэхүү зөрчлүүдийг Хөдөлмөрийн гэрээний 4.4.6, 4.4.6.1-ийн 2, 4 дэх хэсгүүд, “Салбарын хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1.3.2, 5.1.3.5, 5.1.3.6, “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам“-ын 6.1.1.в-ийн 5,6 6.1.2-ийн г, д, 6.1.3 дэх заалтуудад хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын зөрчилд тооцохоор тусгасан байдаг. Нэхэмжлэгч Д.Очирхуяг нь байгууллагын даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралд өөрөө биечлэн оролцож, гаргасан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан.

   Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Д.Очирхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00518 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Очирхуягийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд холбогдох Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус байгууллагын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хариуцагч Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргаж өгсөн нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгч Д.Очирхуяг нь хариуцагч Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд холбогдуулан Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2018 оны оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус байгууллагын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ”нэхэмжлэгч Д.Очирхуяг нь сахилгын зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч Д.Очирхуяг нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажил тасласан, байгууллагын удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлагыг үл тоомсорлон бусдыг хэл амаар доромжилсон нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, цагийн бүртгэл, ажлын цагийн тооцоо, Д.Байгалмаа, П.Цацралтуяа, Ц.Дэлгэр нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, УЦУОШГ-ын ёс зүйн хорооны дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Д.Очирхуягийн дээр дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг  ажилтан, ажил олгогч нар нь хөдөлмөрийн харилцааг зогсоох зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон, салбарын дотоод журамд хориглосон заалт оруулан бүх ажилчиддаа танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

            Нэхэмжлэгч Д.Очирхуяг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

            Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, Хөдөлмөрийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2018/00518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                                                      

                                                                                   М.НЯМБАЯР