| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02142/И |
| Дугаар | 102/ШШ2021/01891 |
| Огноо | 2021-08-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/01891
2021 оны 08 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2021/01891 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дугаар байр тоотод байрлах, Г ХХК /РД:2865653/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь Ө ХХК-иас 22,520,010 төгрөг нэхэмжилж Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно. Гэтэл Ө ХХК-ийг нэхэмжлэлд дурдсан хаягт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ө ХХК-ийн хаяг болон үйл ажиллагаа эрхэлдэг газрын хаяг тодорхойгүй байх тул уг компанийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийн шүү хуралдаан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100:1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Г ХХК нь Ө ХХК-ийн оршин байх байгаа хаягийг олж тогтоон, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,520,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Г ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Ө ХХК, Г ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Барилгын 1-3 давхрын хана /шовтой/, багана, 2 ш нойлын хаалганы /материалтай/ ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Барилгын 1-3 давхрын рек тааз, шовтой хананы /матераилтай/ ажил гүйцэтгэх гэрээ, болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Ө ХХК-ийн бүртгэлтэй хаяг болох Б дүүрэг, дугаар хороо, У гудамж, тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2021/00141 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө ХХК-ийн оршин байх хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч, Г ХХК-ийн Ө ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г ХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. Ө ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА