Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01867

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01867

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б  дүүрэг, дугаар хороо, К цамхаг,   тоотод байрлах Л  ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б  дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, А  гудамж 131/4 тоотод байрлах, У ХХК /РД: /-д холбогдох,

 

1,618,726,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Л ХХК нь У ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ҮГ 02-05/18 тоот Кемп Менежмент, Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 1 жилийн хугацаанд хамтран ажиллаж үйлчилгээ үзүүлж ирсэн.

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хугацаа дуусч, нэмэлт оруулан үйлчилгээ үзүүлсэн. У  ХХК нь төлбөр төлөхгүй байсан тул 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлэн үйлчилгээ үзүүлэхээ больсон. Тооцоо нийлэх үед 1,079,151,146 төгрөгийн өртэй байсан ба гэрээний 10.4.5 дахь заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцоход 776,988,825 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцоход 539,575,573 төгрөг болсон юм. Гэрээний 13.1-д заасны дагуу бид маргаанаа эв зүйгээр шийдвэрлэхээр удаа дараа албан бичгээр хандахад, У  ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 050, 051 тоот албан бичгээр бидэнд хариу ирүүлэн, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эхний төлбөрөө төлнө гэсэн боловч төлсөнгүй.

Иймд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан журмыг баримтлан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Кемп Менежмент, Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний төлбөр болох 1,079,151,146 төгрөг, алданги 539,575,573 төгрөг, нийт 1,618,726,719 төгрөгийг У  ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л  ХХК нь хариуцагч У  ХХК-д холбогдуулан 1,618,726,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхээс нэхэмжлэл гардан авсан хаягаар шүүх хуралдааны товыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-аар хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаж ирсэн байх боловч түүний 9  дугаарын утсаар 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ҮГ 02-05/18 тоот Кемп Менежмент, Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 05 дугаар сарын 29-ний 1 жилийн хугацаатайгаар байгуулж, талууд 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар гэрээний хугацааг сунгажээ.

 

Дээрх гэрээг талууд бичгээр байгуулан, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна талууд энэ талаар маргаагүй.

 

Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь Т  аймгийн З сумаас 40 километрийн зайд байрлах А  төслийн кемпийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л ажил үүргийг гүйцэтгэхээр, хариуцагч тал нь үйлчилгээний хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний шинж талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр дуусах байсан хэдий ч хариуцагч тал нь гэрээний төлбөрөө төлөхгүй байсан гэдэг шалтгаанаар талууд гэрээгээ 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дүгнэн, дуусгавар болгосон байх бөгөөд энэ өдрийг хүртэл хугацаанд хариуцагч тал нь нэхэмжлэгчид 1,079,151,146 төгрөг 68 мөнгийг төлөх үүрэг үүссэн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /хх-17 тал/.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч тал гэрээний төлбөрт 1,079,151,146 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.4.5 дахь хэсэгт захиалагч тал гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд биелэгдээгүй үнийн дүнд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцож, төлбөрийг барагдуулна гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Талуудын гэрээгээ дүгнэж, тооцоо нийлсэн өдөр болох 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 482 хоног өнгөрсөн байх бөгөөд 1 хоногийн алдангийн хэмжээг 1,079,151,146 төгрөгөөс тооцвол 2,158,302 төгрөг болж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 539,575,573 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч У  ХХК-аас 1,618,726,719 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л  ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч У  ХХК-аас 1,618,726,719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л  ХХК -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,251,584  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,251,584  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА