Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 99

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

хохирогч Б.Тэмүүлэн,

шүүгдэгч О.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Доржсамбуу овогт Отгончөдөрийн Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201726030249 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 2 ах, дүүгийн хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Ноосны үйлдвэрийн нэгдлийн 21-56 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Доржсамбуу овогт Отгончөдөрийн Буяндэлгэр /РД: УЗ95102418/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Буяндэлгэр нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоё” нэртэй угаалгын газар Б.Тэмүүлэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “эмэгтэй хүнийг доромжиллоо” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.Буяндэлгэр: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Б.Тэмүүлэн: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэрэг болсон. Би “Гоё” авто угаалгын газар үйлчлүүлээд 2 жил болж байна. Шүүгдэгч миний машиныг хааяа нэг угаадаг байсан, зүс мэднэ. Тэр өдөр би машинаа угаалгачихаад алчуурыг нь аваачиж өгөх гээд өрөөнд нь орсон чинь шүүгдэгч нэлээн ууртай зандрангуй байдлаар тэр эмэгтэй хүн рүү дайрч байсан. Пизда минь энийг ингээд дэвсчихээр чи яадаг юм, үхлээ юу чи гэж хэлж байсан. Би ээжтэйгээ өссөн хүн, эхийн хайрыг мэднэ, эмэгтэй хүнийг хайрлаж өдий болтол явсан. Эмэгтэй хүнийг тэгж дээрэлхэж байхыг би их эсэргүүцдэг хүн. Би шүүгдэгчийг түлхээд чи эмэгтэй хүнтэй аятайхан харьц гэж зандрангуй хэлсэн. Яагаад гэвэл шүүгдэгч урьд нь намайг ахаа гээд явж байсан болохоор хүндлэх юм болов уу гэсэн чинь намайг та яагаад байгаа юм гээд урдаас эсэргүүцсэн. Тэгэхээр нь ахын дүү би чамд багтаад байна уу гээд үнэн байдлыг нь хэлсэн. Тэгэхэд багтаж байна ахаа гээд цохиод авсан. Би шүүгдэгчийг хүчтэй түлхэж унагаагаагүй, тэр ярьж байгаа шиг асуудал үнэхээр болоогүй. Буйдан руу түлхсэн, яагаад гэвэл хамар хугалаад цус гарч байхад нь би биеэ хянах чадваргүй байсан учраас түлхсэн нь ойлгомжтой. Тэгээд тэнд байсан хүүхдүүд Тэмка ахаа боль, наадах чинь согтуу байна гээд намайг чирч гаргасан. Чирч гарснаас хойшхи хугацаанд шүүгдэгчийг би нэлээн түрэмгий, муухай зан гаргадаг хүн байна гэж ойлгосон. Урьд нь надад тийм зан гаргаж байгаагүй. Тухайн цаг хугацаанд бичлэгийг нь би хуучин гар утсан дээрээ бичээд авсан. Их худалч залуу. Миний хамарыг хугалсан, завжин дотор сэтэрсэн байсан. Хохирол 485.000 төгрөг болсон, шүүгдэгч миний ажил дээр ирээд би зээлээ дараад танд мөнгө өгье гэж хэлээд 50,000 зээлсэн. Би одоо хүртэл ямарч мөнгө аваагүй. Би одоо хохирлын 485.000 төгрөгийг нэхэмжилж байна, тэр 50.000 төгрөгийг авахгүй. ...Баримт нь гэрт байгаа, би томографийн зураг авхуулсан. Гомдолтой байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Тэмүүлэн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим би “Гоё” угаалгын газар орж өөрийнхөө автомашиныг угаалгасан. Машинаа угаалгаж дуусаад машин угаадаг алчуурыг нь өгөх гээд жижиг өрөөнд орсон чинь хааяа миний машиныг угаадаг байсан зүс мэдэх Буяндэлгэр нь тус угаалгын газар ажилладаг алчуур угаадаг эгчийг гичий гэх мэтээр задрангуй байдлаар хэл амаар доромжилж байсан ба нэг утас газар унагаасан дэвсчихвэл яадаг юм гээд хөлөөрөө өшиглөж байсан. Би Буяндэлгэрийг чи хойшоо бол эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь та яагаад байгаа юм бэ гээд над руу уурлахаар нь би яасан юм бэ, чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм бэ гэж хэлэхэд танд ямар хамаатай юм, яасан ч яадаг юм гэж хэлээд гараараа 2 удаа хамар, эрүү рүү цохьсон. Миний хамарнаас цус гарахаар нь би Буяндэлгэрийг буйдан руу хойшоо түлхэж суулгахад угаалгын газар ажилладаг машин угаадаг хүүхдүүд намайг алчуур угаадаг өрөөнөөс гаргасан. ...Буяндэлгэр нилээн согтолттой байсан, би эрүүл байсан. Миний эмчилгээний зардалд 484,000 төгрөг болсон...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч Х.Мөнгөнмөрөн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд би автомашин угаадаг хэрэгсэл өгдөг өрөөнд гоймон идээд сууж байсан чинь Буяндэлгэр орж ирээд Сайхнаагийн цэнэглэж байсан гар утсаар ярих гэсэн чинь манай ажлын Оюунаа эгч яагаад хүний гар утсыг дураараа хэрэглээд байгаа юм бэ гээд уурлахад Буяндэлгэр урдаас нь би ямар таны гар утсаар ярьсан юм уу гээд маргалдаж байсан. Тэгэхэд манай угаалгын газраар үйлчлүүлдэг Тэмүүлэн ах орж ирээд Буяндэлгэрт чи эмэгтэй хүнтэй яагаад хэрэлдээд байгаа юм бэ, чи намайг амжихгүй шүү бацаан минь гэж хэлсэн чинь Буяндэлгэр зүгээр байгаарай гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн гэнэт Буяндэлгэр миний сууж байсан буйдан дээр унасан. Буяндэлгэрийг цохиулад унасан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд Тэмүүлэн ах Буяндэлгэрийг барьж аваад цохиод байхаар нь манай ажлын Сайхнаа бид хоёр голоор нь орж салгахад Буяндэлгэр гараараа Тэмүүлэн ахын нүүр лүү нь нэг удаа цохиход Тэмүүлэн ахын хамарнаас цус гараад хамар нь далийсан. ...Буяндэлгэр халамцуу байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч Б.Оюунцэцэг хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчим би ажил дээрээ байхад Буяндэлгэр гаднаас нилээн согтолттой орж ирээд цэнэглэж байсан Сайхнаагийн гар утсыг авах гэхээр нь чи Сайхнаагаас асуу, хүний гар утсаар яриулахгүй гэж хэлсэн чинь Буяндэлгэр уурлаад Сайхнаагийн гар утсыг хана руу шидсэн. Би Буяндэлгэрт чи хүний гар утас эвдлээ гэж хэлсэн чинь Буяндэлгэр Сайхнаагийг гар утас дээр дэвсээд намайг пизда гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. ...Гаднаас манай байгууллагаар байнга үйлчлүүлдэг Тэмүүлэн гэх залуу орж ирээд Буяндэлгэрт хандан чи наад эгчийг зодлоо гэж хэлэхэд Буяндэлгэр өөдөөс нь чам шиг бандид ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэмүүлэн Буяндэлгэрийг хойшоо түлхэхэд тэр буйдан дээр унаад буцаж босож ирсэн. Тэмүүлэн Буяндэлгэр хоёр хоорондоо барьцалдаж аваад нэг нэгнээ цохиод байсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Буяндэлгэр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд ажлаасаа тарах гээд алчуур угаадаг өрөөнд орж цэнэглэж байсан Сайхнаагийн гар утсыг авч эхнэртэйгээ ярих гээд зогсож байсан чинь манай ажлын Оюунаа чи хүний гар утсыг тавь гэж хэлэхээр нь чамд ямар хамаатай юм бэ, би өөрийнхөө гар утсаар ярьж байна гэж хэлээд хоорондоо маргалдсан. Би гар утасгүй байсан болохоор Сайхнаагийн гар утсыг ашигладаг байсан. Манайхаар үйлчлүүлдэг Тэмүүлэн гэх ах орж ирээд надад чи яагаад эмэгтэй хүнтэй хэрэлдээд байна гэж хэлэхээр нь бид хоёр хоорондоо учраа олж байна гэж хэлсэн чинь Тэмүүлэн ах намайг газар түлхэж унагаасан. Би босож ирэхэд Тэмүүлэн ах надад Томо ахын дүү ах нь чамд багадаад байна уу гэж асуухаар нь тийм багадаад байна гэж хэлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. ...Би 17 цагийн үед найзынхаа хамт 2 литрийн пиво хувааж уусан. ...Тухайн үед миний биед гэмтэл учраагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” /хх-ийн 32-33, 36/ гэсэн мэдүүлгүүд,

 

-  Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/,

- Шүүгдэгч О.Буяндэлгэрийн хувийн байдалтай холбоотой гэрч П.Отгончөдөр /хх-ийн 21/-ийн мэдүүлэг, тодорхойлолт /хх-ийн 37/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2424 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.Тэмүүлэнгийн биед тархи доргилт, хамрын ясны баруун зүүн хананы цөмөрсөн далд хугарал, таславчийн мурийлт, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                   3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                   4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй...” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт,

                   - Шүүгдэгч О.Буяндэлгэрийн иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38, 44/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч О.Буяндэлгэр нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоё” нэртэй угаалгын газар Б.Тэмүүлэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “эмэгтэй хүнийг доромжиллоо” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Тэмүүлэн, гэрч Х.Мөнгөнмөрөн, Б.Оюунцэцэг нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2424 тоот дүгнэлт, шүүгдэгч О.Буяндэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Буяндэлгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тэмүүлэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 485,000 төгрөг гаргасан гэж мэдүүлэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Б.Тэмүүлэн хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Шүүгдэгч О.Буяндэлгэрт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан үзэж баривчлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 201726030249 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Доржсамбуу овогт Отгончөдөрийн Буяндэлгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Буяндэлгэрт 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Буяндэлгэрт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201726030249 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Тэмүүлэн өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Буяндэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Буяндэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР