Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 20

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Д-н нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Ц-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 18 493 160 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа болон хариуцагч М.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, хариуцагч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач Г.Э-тай зээлийн гэрээг амаар тохиролцон, доорх мөнгийг бэлнээр болон өөрийн эзэмшлийн данснаас мөн өөрийн ээжийн данснаас талийгаач Г.Э-н эзэмшлийн данс руу тус тус шилжүүлж байсан. 2016 оны 04 дүгээр сарын эхээр 4000000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3000000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2000000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3500000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 5000000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4000000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 7000000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 7000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн төрсөн ээж Ж.Л-н данснаас 4000000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 8000000 төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэй зээлдүүлж байсан. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Г.Э болон түүний эхнэр М.Ц нар 5000000 төгрөг зээлээч М.Ц-н Голомт банкын зэс картын төлбөр 5000000 төгрөг гаруй болчихсон байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь Оюу төвийн эмийн санч Д-с бэлнээр авч 2000000 төгрөг, дансаар 1000000 төгрөгийг зээлж, өөрөөсөө 2000000 төгрөгийг нэмж 5000000 төгрөг болгон талийгаач болон түүний дүүг мобикомын байрны ойролцоо байхад нь өгч байсан. Ингээд талийгаач Э-т зээлүүлсэн мөнгө буцааж авсан зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийг өөрийн данснаас шалгаад үзэхээр нийт 58500000 төгрөгийг зээлсэн байна. Талийгаач Г.Э-с зээлийн хүү 4500000 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтөд 46086000 төгрөг авсан байна. Ингээд зээлийн хүүг нэхэмжлэхгүйгээр үндсэн зээлээс талийгаач Г.Э-н зээлийн гэрээний үүрэг болох 12413000 төгрөгийг хариуцагч М.Ц-с талийгаачийн өвлөгчийн хувиар нэхэмжилж байна. Энэ нь 2016 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 4000000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2000000 гэх зэрэг мөнгөнүүдийг надад буцаан төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч М.Ц-с талийгаач Г.Э-н өвлөгчөөр 17413000 төгрөгийг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач Г.Э-н 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 5000000 төгрөгийг өгч тооцоо хийсэн талаар миний бие нэхэмжлэлээсээ хасаж тооцоогүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 5000000 төгрөгөөр багасгаж 12413000 төгрөг болгосон. Харин хариуцагч М.Ц-с 1079000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлсэн 3500000 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн 2000000 төгрөг гээд нийт 3079000 төгрөгийг нэхэмжилж байна. Ингээд нийт 15492000 төгрөг болж байна. Талийгаач Г.Э-н зээл болон хариуцагч М.Ц нарын зээлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д-г 2016 оноос эхлэн таньдаг болсон. Тухайн үед би Хас-Арвай гэх дэлгүүрийг ажиллуулж байсан. 2016 оны 12 дугаар сарын эхээр манай дэлгүүрээр Т.Д нь орж гардаг болсноор танилцсан. Т.Д, манай нөхөр хоёр ойрхон ажилладаг байсан учраас бие биенийгээ надаас өмнө таньдаг байсан. Би дансныхаа хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргасан байгаа. Т.Д-н данснаас талийгаач нөхрийн маань данс руу 45500000 төгрөг орсон. Эргээд 39019000 төгрөгийг өгсөн байна. 02 дугаар сарын 26-ны өдөр дүүгийнх нь данснаас 2000000 төгрөг, 9356000 төгрөгийн дэлгүүрийн барааг хүлээлгэж өгсөн. 02 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт төрөх гээд хэвтэж байхдаа нөхрөөсөө мөнгөний хэрэг болоод гэсэн чинь Т.Д-д 750000 төгрөг өгчихлөө надад одоо бэлэн мөнгө байхүй гэж байсан. Ингээд нийт манайхаас Т.Д-д 47625000 төгрөгийг өгсөн байна. Надтай холбоотой 5000000 төгрөг яригдаж байгаа. Энэ мөнгийг 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд хоёр хувааж нийт 5870000 төгрөгийг шилжүүлсэн. Надаас нэхэмжилж байгаа 3079000 төгрөгийг өгөх ямар ч үндэслэл байхгүй. 1079000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Манай дэлгүүрт орж ирээд чамд бэлэн мөнгө байна уу? машины сэлбэг авах гэсэн юм, нөхөр урд явж байгаа гэхээр нь 500000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Т.Д-с 01 дүгээр сарын 25-ны өдөр мөнгөний хэрэг болоод гэсэн чинь өмнө нь надаас авсан 500000 төгрөгтэйгээ нийлүүлээд 3500000 төгрөгийг миний данс руу хийсэн. 02 сарын 02-ны өдөр 5009195040 гэсэн Д-н данс руу өглөө 06 цаг болж байхад 3 хувааж шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Т.Д-н данснаас миний данс руу 520000 төгрөг шилжиж орсон. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрүүдэд миний данснаас Т.Долгорсүрэнгийн данс руу 5670000 төгрөг шилжсэн байгаа. Энэ нь Голомт банкны зэс карт хаасан мөнгө болох 5000000 төгрөгийг 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд хоёр хувааж, эхний өдөр 2000000 төгрөг, дараагийн өдөр 3670000 төгрөгийг шилжүүлсэн. Голомт банкны зэс картыг хаалгах гэж 5000000 төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэй авч, 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 4 хоногийн 150000 төгрөгний хүү бодож өмнө авсан 520000 төгрөгтэйгээ нийлүүлээд 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд хоёр хувааж шилжүүлсэн. Г.Д нь намайг дэлгүүрийнхээ барааг Альфагийн нэр дээр зээлсэн гэж яриад байгаа юм шиг байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна. Эхлээд манай дэлгүүр Сайнаагаас бараагаа зээлээр авдаг байсан. 2016 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаанд Сайнаагаас бараагаа зээлж байсан. 2017 оны 01 дүгээр сараас хойш манайд бараа зээлээр өгөхгүй гээд 01 дүгээр сараас 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 2 сар гаруй хугацаанд 7 хоногт 300000-500000 төгрөгний барааг бэлэн мөнгөөр авдаг байсан. Г.Дн бид хоёрын хооронд 1079000 төгрөгийн тооцоо байгаа. 2017 оны 03 дугаар сард хүү маань төрсөн. Хүүгийн бие муу хотод байж байгаад 07 дугаар сард аймагт ирж, нөхөр маань зуурдаар нас барж, нөхөр маань нас бараад нэг сар ч болоогүй байхад хүү маань нас барсан. 1079000 төгрөгийг надад өгөх боломж олдоогүй. Би энэ мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй. Энэ тухай хариу тайлбартаа тодорхой бичиж 1079000 төгрөг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэлийнхээ шаардлагыг ямар ч үндэслэлгүйгээр 5000000 төгрөг нэмэгдүүлсэнд гайхаж байна. 1079000 төгрөгний өр төлбөр байхгүй гэдгийг Т.Долгорсүрэн сайн мэдэж байгаа. Энэ бүгд дансны хуулгаар нотлогдож байгаа. Тиймээс Т.Д-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ц-с 1079300 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ц-с 3073860 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11339140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ц-с 81401 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250420 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Д-н өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзэн эс зөвшөөрч дор дурьдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч Т.Д нь анх шүүхэд М.Ц-с зээлийн гэрээний үүрэгт 1.079.000 төгрөг, талийгаач Г.Э-н өвлөгчийн хувиар М.Ц-с 17.413.860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Ц-н шүүхэд ирүүлсэн тайлбартай холбоотойгоор талийгаач Г.Э-н зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгэвэл зохих үүргийг 5 сая төгрөгөөр багасгаж 12.413.000 төгрөг, М.Ц-с өөрөөс нь зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгэвэл зохих үүргийг 5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 6.079.000 төгрөг болгосон. 2017 оны 1 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Т.Д-с М.Ц руу дансаар шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг Т.Д нь Д биш, О гэдэг хүнээс авсан нь дансны хуулгаар нотлогддог. /хх-ийн 47 тал/.

Мөн Т.Д нь нэхэмжлэлдээ 2017 оны 2 сарын 3-ны өдөр Г.Э-д М.Ц-н Голомт банк дахь зэс картны зээлийг хаах зорилгоор зээлсэн 5 сая төгрөгийн 2 сая төгрөгийг өөрөөсөө, 3 сая төгрөгийг Д-с /1 сая төгрөгийг нь дансаар, 2 сая төгрөгийг нь бэлнээр/ зээлж нийт 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн талаар мэдүүлдэг. Энэ нь үнэн зөв гэдгийг С.Д-н мэдүүлэг /....2017 оны 2 сарын 3-нд дансаар 1 сая, бэлнээр 2 сая ... /хх-249 тал/, Т.Д-н Голомт банк дахь дансны хуулга /2-р хавтаст хэрэг/, Т.Д-н мэдүүлэг, хариуцагч М.Ц-н шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байхад 5.920.000 төгрөг 5 сая төгрөг гэсэн 2 өөр зээлийг ялгаж зааглахгүй анхан шатны шүүх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан худал тайлбарыг нотлох баримтаар үнэлж уг 5 сая төгрөгийг 2017 оны 1 сарын 25, 31-нд зээлсэн, 2017 оны 2 сарын 5-11 хооронд эргэн төлсөн гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Т.Д-н нь нэхэмжлэлдээ ямар ч баримтгүй дэлгүүрийн бараа хүлээлцэж авсан 9.356.000 төгрөгийг талийгаач Г.Э-с авсан гэдгээ үнэнч шударгаар хүлээн мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Т.Д- нь талийгаач Г.Э-т мөнгө зээлээд хүү олоод их ашиг олсон зүйл байдаггүй. Т.Д нь Хас банкнаас зээл авч талийгаач Г.Э-т зээлүүлсэн мөнгөний хүүд 4.5 сая орчим төгрөгийн хүү төлсөн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогддог. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.Ц-с өөрөөс нь болон талийгаач нөхөр Г.Э-н гүйцэтгэх ёстой байсан үүргийн гүйцэтгэл болох зээлсэн үндсэн мөнгийг л нэхэмжилж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч Т.Д нь М.Ц-н С.Д-д өгсөн 3.000.000 төгрөгийг нэхэмжлэлдээ орхигдуулсан байсан тул М.Ц-с нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагыг 6.079.000 төгрөгөөс 3 сая төгрөг багасгаж 3.079.000 төгрөг болгосон болно.

Хоёр. Нэхэмжлэгч талаас хариуцагч М.Ц-н эзэмшлийн Голомт банк дахь зэс картны зээлийг 2017 оны 2 сарын 3-ны өдөр хаасан эсэх талаарх лавлагааг Голомт банкнаас гаргуулах талаар шүүхэд хүсэлт өгөхөд шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзсан гомдол гаргах эрхгүй шүүгчийн захирамж гаргасан. Мөн талийгаач Г.Э-с хариуцагч М.Ц-д өвлөгдсөн ирсэн эд хөрөнгийг үнэлүүлэх нь Иргэний хуулийн 535.1 дэх хэсэгт “....өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” Гэсэн заалтыг хэрэглэж боломжийг бүрдүүлэх гэдэг утгаар өвлөгдөн ирсэн эд хөрөнгүүдийг шинжээч томилуулж мэргэжлийн үнэлгээний компаниар үнэлүүлэх хүсэлт гаргасан боловч мөн шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Шүүхийн эдгээр ажиллагаа нь нэхэмжлэгч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэх боломжгүй болгосон гэж үзэн гомдолтой байна.

Анхан шатны шүүх талийгаач Г.Э-н 2016 оны 10 сарын 7-ны өдрөөс өмнө Т.Д-д өмнөх зээлийнхээ хүүнд төлсөн байсан 3.580.000 төгрөгийн зээлийн хүү, 2016 оны 10 сарын 7-оос хойш төлсөн 1.100.000 төгрөгийн зээлийн хүү нийт 4.680.000 төгрөгийн зээлийн хүүг 2016 оны 10 сарын 7-ны 4.000.000, 2016 оны 11 сарын 29-ны өдөр зээлсэн 8.000.0000 төгрөг нийт 12.000.000 төгрөгөөс хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Хариуцагчаас огт хүү шаардахгүй зээлсэн үндсэн мөнгөө нэхэмжилж байхад өвлүүлэгчийн амьд сэрүүн байхдаа өөрөө зөвшөөрч, хүсэл зоригийн илэрхийлэл болгож Т.Д-д өгсөн, биелэгдсэн гэрээний үүрэг болох зээлийн хүүг үндсэн зээлийн эргэн төлөлтөнд оруулан тооцох замаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ц давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаартай шийдвэрийн зарим хэсэг буюу “..М.Ц-с 3.073.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож,...” гэснийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийг 3 гэж дүгнэсэнд гомдолтой байна. Манай нөхөр бид хоёр гэр бүл болсноос хойш гурван хүүхэд төрүүлж, өсгөсөн. Энэ талаар нэхэмжлэгч болон миний тайлбараар нотлогддог. Том хүү Э.Л, охин Э.З нараас гадна нөхрийг өөд болсны дараа бие муу байсан нэг хүүхэд маань бас нас барсан. Би энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан. Хүүхдүүдийн тоон дээр аль аль тал нь ердөөсөө маргаагүй. Г.Э-н хууль ёсны өвлөгч надаас гадна манай 3 хүүхэд гэдгийг шүүх үнэлж, хууль ёсны дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх надаас 3.073.860 төгрөгийг гаргуулж шийдэхдээ бусад нотлох баримт болон миний тайлбарыг анхаарч үзсэнгүй. Би Т.Д-д 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 520.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 2.800.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 2.870.000 төгрөг, 2017 оны 2 дугаар арын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг огт тооцож, үнэлсэнгүй. Иймд дээр дурьдсан үндэслэлээр Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаартай шийдвэрийн зарим хэсэг буюу “..М.Ц-с 3.073.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож,...” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.  

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.Ц-д холбогдуулан өвлөгчийн болон зээлийн гэрээний үүрэгт 18493160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 3073860 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Анхан шатны шүүх хариуцагч М.Ц нь талийгаач Г.Э-с 20000000 төгрөгний үнэ бүхий орон сууц, 2000000 төгрөгний үнэ бүхий хашааны газар, 4000000 төгрөгний үнэлгээ бүхий өвлийн сууц өвлөж авсан талаар баримт хэрэгт авагдсан,  4333333 төгрөгийн өв ногдож байгаа гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан өвлөх эрхийн гэрчилгээнд /хавтаст хэргийн 113, 118, 123 дугаар хуудас/ зөвхөн үнийн санал байх бөгөөд үүнийг бодит үнэ гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан байдаг. Хуульд зааснаар өвлүүлэгчийн үүргийг хүлээхийн тулд хэдий хэмжээний өв ногдож байгаа нь баримтаар тогтоогдсон байх учиртай. Гэтэл анхан шатны шүүх өвлөгчийн өвлөж авсан эд хөрөнгийн үнэ эргэлзээтэй, хангалттай нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хариуцагч М.Ц-д өвлөгдсөн ирсэн эд хөрөнгийг үнэлүүлэх нь Иргэний хуулийн 535.1 дэх хэсэгт “....өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” гэсэн заалтыг хэрэглэх боломжийг бүрдүүлэх гэдэг утгаар өвлөгдөн ирсэн эд хөрөнгүүдийг шинжээч томилуулж мэргэжлийн үнэлгээний компаниар үнэлүүлэх хүсэлт гаргасан боловч мөн шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйг дурьдаж захирамж гаргасан. Шүүхийн эдгээр ажиллагаа нь нэхэмжлэгч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэх боломжгүй болгосон...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч өвлөгдсөн эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Эд хөрөнгийн үнэлгээг тогтоосноор хариуцагч өвлүүлэгчийн үүргийг ямар хэмжээгээр хариуцахыг тодорхойлох ач холбогдолтой байжээ.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

         Хариуцагчийн гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон  тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64132  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

          Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

       1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2018/00496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Хариуцагч М.Ц-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64132 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх, нэхэмжлэгч Т.Д-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                          ШҮҮГЧИД                              Н.ЭНХМАА

                                                                                         Л.НЯМДОРЖ