Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 0067

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Д.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Б.О

Шүүгдэгч                                           Б.М

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Т

Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.М, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Б-н М.

 

Монгол Улсын иргэн, Х овогт Д-н Э.

 

Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 1а-1 тоотод оршин суух Н.О-н эзэмшлийн гэрийн цоожийг эвдэлж нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 621.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 23-45 тоотод оршин суух Ё.О-н гэрт хууль бусаар нэвтэрч Haier загварын хар өнгийн 40 инчийн зурагтыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжийн 9а-1 тоотод оршин суух Т.А-н гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн Haier загварын ЛСД зурагтыг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-26 тоот хашаан дотроос иргэн Н.А-н эзэмшлийн 41-30 ОРХ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг гоёлын обуд, дугуйг хулгайлж 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 2-42-а тоотод оршин суух П.Д-н байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, годон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 31- 08 тоотод байрлах “Мөнх” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч хүнсний бараа, бүтээгдэхүүн, цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлж, Б.У-д нийт 559.300 төгрөгийн хохирол учруулсан,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 14-21 тоотод оршин суух Д.П-н байшинд нэвтэрч эд зүйлсийг хулгайлж, 1.498.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Туулын 1а-11 тоотод оршин суух Т.Б-н байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч эрэгтэй хослол 2 ширхэг, хонины гулууз мах 1 ширхэг, адууны цул мах 10 кг, үхрийн ястай мах 5 кг зэргийг хулгайлж 444.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 30А-02 тоот Ч.Б-н орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.476.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 35-10 тоотод оршин суух Т.М-н гэрийн цоожийг эвдэн нэвтэрч “Монел” загварын 24 инчийн зурагт, 50x180 см хэмжээтэй хивс, суран хазаар, таримал модон ташуур, хүүхдийн цүнх, Ландровер загварын гар утас зэргийг хулгайлж, 798.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Д.Э нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин ургац” ногооны захын гурил, будааны лангуун дээр худалдагчаар ажиллаж байсан Х.М-н гар цүнхийг хулгайлан, 588.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.М, Д.Э нар нь бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Дэнжийн 10-17 тоотод оршин суух Б.Б-н байшингийн цонхыг хагалан нэвтэрч хивс 2 ширхэг, Финлианд нэртэй архи 1 шил, эмэгтэй хослол 1 ширхэг, эмэгтэй хос гутал 1 ширхэг, цүнх 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 435.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Б.М нь ганцаараа болон бүлэглэж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Д.Э нь ганцаараа болон бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Д-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдпээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 8 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Эт оногдуулсан 3 жил 3 сар 18 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 159 хоног, шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 98 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-с 4 499 300 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У 559 300 төгрөг, хохирогч Т.А 350 000 төгрөг, хохирогч Д.П 748 000 төгрөг, хохирогч Т.Б 444 000 төгрөг, хохирогч Ч.Б 794 000 төгрөг, хохирогч Н.О 621 000 төгрөг, хохирогч ё.О 350 000 төгрөг, Т.М 598 000 төгрөг, хохирогч Б.Бд 35 000 төгрөг, шүүгдэгч Д.Эоос 622 500 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М  588 500 төгрөг, хохирогч Б.БдД 35 000 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, нэг хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мд буцаан олгож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

“ ... Миний бие хохирогч нарын зарим эд зүйлсийг хохирогч нарт буцаан өгч хохиролгүй болгосон. Иргэн Д-т 1.030.000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн, П-д 1.498.000 төгрөгийн хохирлоос 750.000 төгрөгийн эд зүйлийг буцааж өгсөн, Б-д 1.476.000 төгрөгийн хохирлоос 682.000 төгрөгийн эд зүйлсийг буцааж өгсөн, А-д 760.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн, М-д 798.000 төгрөгөөс 200.000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн, Б-д 435.000 төгрөгийн хохирлыг буцаан өгч зарим нэгэн хохирогчийг хохиролгүй болгож өгсөн үнэн болно.

Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулсан байгаа учир миний эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. Иймд үлдсэн хохирогч нарын хохирлыг хорих ангид очоод ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө бүрэн барагдуулж төлөх болно. Шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялаас минь хасч, нааштайгаар шийдвэрлэж шийдэж өгнө үү. Миний бие аав, ээжийн хамт амьдардаг хоёр хөгшин маань тэтгэвэрт байдаг юм. Өндөр настай хөл гар муутай хоёр хөгшнийг минь бодож 8 жилийн ялын хугацаанаас минь хасч дэглэмийг маань хэвээр нь үлдээж, нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Б.О эсэргүүцэлдээ:

“ ... Д.Э нь бусадтай бүлэглэн болон ганцаараа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, Б.М бүлэглэн болон ганцаараа хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдийг тус тус хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “бүлэглэж” үйлдсэн нь тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “бүлэглэж үйлдсэн” шинжийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “... шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ... хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал ...”-г тусгана гэж заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолп өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М нь ганцаараа 10 удаагийн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Д.Этой бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

шүүгдэгч Д.Э нь ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Б.Мтай бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон эд зүйлсийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.М-г ганцаараа болон бүлэглэж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Д.Эыг ганцаараа болон бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба анхан шатны шүүх дээрх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо ганцаараа болон бүлэглэж үйлдсэн шинжийг дурьдалгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой бөгөөд энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Шүүгдэгч Б.М-н гаргасан давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол болон хувийн байдалд тохирсон байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ ... М-г” гэсний дараа “ганцаараа болон бусадтай бүлэглэж” гэж, “... Э-г” гэсний дараа “ганцаараа болон бусадтай бүлэглэж” гэж тус тус нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧИД                                                   М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 С.УРАНЧИМЭГ