Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 36

 

Т.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр цагаатгах тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар магадлалтай, 201707000023 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Т.Ц нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 201707000023 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Дашбалбарын гаргасан 20.860.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Ц-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Т.Ц-т хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хууль зөрчөөгүй бөгөөд эдгээр бичгийн нотлох баримтуудаар Т.Ц-ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа нотлох баримтад тулгуурлан тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах үндэслээ болгож үнэлсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийг цагаатгасан байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Ц-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хяналаа.

Шүүгдэгч Т.Ц нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Түмэн багийн Сутайн хороо, 3-1 тоот хашаанд байрлах иргэн Д.Адилаагийн гэрт иргэн Х.Дашбалбартай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын үндэслэлээ нотлох баримтад тулгуурлан, тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль сануулж байцаасан хохирогч Х.Дашбалбар, гэрч Д.Адилаа, Ё.Сайнзаяа, Д.Сувдаа нарын мэдүүлгийг хэрхэн үнэлж, үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй бөгөөд хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, уг магадлалыг хүчингүй болгох талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Цаашид хяналтын журмаар гаргасан гомдолтой хэргийг Улсын Дээд шүүхэд хүргүүлэхдээ шүүгдэгчийн /Т.Ц/ иргэний үнэмлэхийг хэрэгт хавсаргаж ирүүлэх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ                                                           Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН