Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0060

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана, хариуцагч Боловсролын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пунцагсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 854 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Монсудар паблишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэнд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 854 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгч “Монсудар паблишн” ХХК-ийн гаргасан “Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дүгнэлт гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэнд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, С.Ууганбаяр, П.Урангоо нар давж заалдах гомдолдоо: “...Боловсролын төрийн бодлогын нэг хэсэг бол ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгын цөм хөтөлбөр юм. Үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурах бичгүүдийг гаргаж сургуулиудад үнэгүй хуваарилдаг.

Сургалтын агуулгын хөтөлбөр зөвхөн сурах бичгүүдээр хязгаарлагддаггүй. Сурагчдад толь бичиг, аудио болон видео зэрэг сургалтын нэмэлт материалууд, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлж, сургалт явуулахад чиглэгдсэн үзүүлэн, сургалтын материалууд, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын сургалтын материалуудыг авч, веб сайтад байршуулан багш, суралцагчид хэн хүссэн нь танилцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байна.

Дээрх сургалтын материалуудаар багш, сурагчдыг хангах боловсон хүчний болон материаллаг байдлын нөөц бололцоо төрийн байгууллагад байхгүй. Иймд сурагчдыг сурах бичгээс авч чадаагүй мэдлэгээ нөхөж авах, мэдлэг боловсролоо гүнзгийрүүлэх хэрэгцээ шаардлагыг төр хангаж чаддаггүй.

Жишээ нь, сургуулиуд бидний хийсэн зургуудыг үзүүлэн хэлбэрээр ашиглах хүсэлтэй байдаг боловч бид сургалтын хөтөлбөрт нийцэж байгаа эсэхийг батлах хэрэгтэй болдог. Сурах бичгээс гадуур хэрэглэгддэг олон тооны хэрэглэгдэхүүнүүдэд яамны зүгээс хяналт тавьдаггүй, замбараагүй байдалд оруулсан. Бид урт удаан хугацаанд тогтвортой ажиллахын тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зүй ёсны хариу өгөхийг хүссэн боловч өгөөгүй.

Яам аливаа зөвшөөрөл авах механизмыг өөрөө бий болгодог байтал шүүхийн “...сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх дүгнэлт гаргах бүрэн эрх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд олгогдоогүй” гэсэн шийдвэрийг ойлгохгүй байна. Боловсролыг асуудлыг хариуцсан яам нь өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудлаар дүгнэлт гаргах эрхгүй бол өөр хэн гаргах вэ. Яам гаргах эрхгүй бол ямар байгууллага дүгнэлт гаргадаг болохыг тодорхойлуулах хүсэлттэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “Монсудар паблишн” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

“Монсудар паблишн” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Боловсролын хүрээлэнд холбогдуулан “Монгол нутаг дахь анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс 1950 он хүртэлх үеийг хамарсан нийт 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэнд даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн “өөрийн боловсруулсан 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах”-аар 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16/07 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16/45 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16/58 дугаар албан бичгүүдээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандан гаргасан хүсэлтэд тус яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2/3402 дугаар албан бичгээр “...дээр дурдсан газрын зургийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад сургалтын хэрэглэгдэхүүн хэлбэрээр авч хэрэглэх чиглэлээр зөвшөөрөл, чиглэл олгох, дүгнэлт өгөх эрх зүйн үүрэг, үндэслэлгүй” талаар хариу өгснийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээргүй байна.

Учир нь Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага /Боловсролын хүрээлэн/-ын эрхлэх асуудлыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан бөгөөд хариуцагч Боловсролын хүрээлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь аливаа хэрэглэгдэхүүнийг сургалтын агуулга, хөтөлбөр, хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах тухай зохицуулаагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн хүрээнд дүгнэлт гаргаж, хариу өгөх үүрэггүй байх тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах, улмаар нэхэмжлэгчийн боловсруулсан 32 түүхэн газрын зургийг сургалтын хэрэглэгдэхүүний шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахыг тус яам болон Боловсролын хүрээлэнд даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН