Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 410

 

С.Э, С.Ог, С.Оч нарын 

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа,  П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Орхонбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц нарыг оролцуулан хийж, С.Э, С.Ог, С.Оч нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0432 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.2.4, 21.5.2, 21.5.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 20 дугаар зүйлийн 20.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 36 дугаар зүйлийн 36.1 хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарт холбогдох хэсгийг газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар тохиролцох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597, 2015 оны А/990 дүгээр захирамжийн НБгазарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамжийн С.Э, С.Ог, С.Оч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд НБгазрын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0432 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, өмгөөлөгч Г.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг: Нийслэлийн Засаг даргын А/496 дугаар захирамж илт хууль бус акт болох нь.

1. 1. Нийслэлийн Засаг даргын А/496 дугаар захирамжийг тухайн газрыг өмчлөгч иргэн С.Ог,С.Оч, С.Э нарт мэдэгдэлгүй нууцаар “Т” ХХК болон НБгазрын захиалгаар гаргасан. Өөрөөр хэлбэл, өмчлөгч 3 иргэнд энэ захирамжийг мэдэгдээгүй, тайлбар аваагүй,  танилцуулж хүргүүлээгүйгээс өмчлөгч 3 иргэний эрх ноцтойгоор зөрчигдсөн.

1.2. Харин нэг жилийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Энхтуяагийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 4555 тоот бичгээр мэдсэн. Энэ албан бичигт “1915.5 кв.м газрыг НБгазар авахаар бичиг баримтаа бүрдүүлсэн байхад давхардуулан эзэмшүүлсэн учраас 3 иргэний өмчлөлийн газрыг Нийслэлийн Засаг даргын А/496 дугаар захирамжаар хүчингүй болгосныг анх мэдсэн.

1.3. Иргэн С.Ог,С.Оч, С.Э нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар тус бүр 700 кв.м талбай бүхий газрыг амины хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байхад НБгазар 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны хооронд бичиг баримтаа бүрдүүлж байгаа нь 3 иргэний урьд өмчлүүлсэн газрыг дээрэмдэхээр үгсэн хуйвалдаж, Нийслэлийн Засаг даргын А/496 дугаар захирамжийг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргуулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон “Захирамжид газар олголттой давхацсан” гэх үндэслэл байхгүй бөгөөд иргэн С.Ог,С.Оч, С.Э нарын өмчлөлийн газарт Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамж гарахад НБгазарт газар олгогдоогүй байсан.

1.4. Иргэн С.Ог,С.Оч, С.Э нарын өмчилсөн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар хүчингүй болгож, тэдний Үндсэн хуульд зааснаар олж авсан өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан.

1.5. Иргэн С.Ог,С.Оч, С.Э нарын өмчилсөн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6-р сарын 10 -ний өдрийн А1496-р захирамжаар хүчингүй болгосон ч түүний өмчлөх эрхийн гэрчилгээ хэвээр байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6-р сарын 10 -ний өдрийн А1496-р захирамж нь илт хууль бус акт болох учраас гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох нь 3 иргэний өмчлөх эрх нь хэвээр хадгалагдаж байгаагаар нотлогдсон.

Хоёр: Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хуулийг буруу хэрэглэсэн болох нь.

2.1. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.2.4 21.5.2, 21.5.3, Иргэнд газар өмчлүүлэх тухай 11 дүгээр зүйлийн 11.1.2, 20 дугаар зүйлийн 20.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1, З6 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарт холбогдох хэсгийн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар тохиролцох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх, дахин шинэ акт гаргахыг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597, 2015 оны А/496 дугаар захирамжийн НБгазарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн ойлгомжгүй шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн баримталсан Газрын тухай хуулийн 5 дугаар заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар заалт нь нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарыг буруутгах хангалттай үндэслэл байхгүй тул дээрх шийдвэрийг гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, 3 иргэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар тус бүрт нь 700 кв.м газрыг амины хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгосон нь хуульд нийцсэн. Нэр бүхий 3 иргэний өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, дүүргийн өмч газрын харилцааны албаны дүгнэлт, эдлэн газрын бүртгэлийн хуудас зэргийг хянаж, дүүргийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд орсон газарт уг газрыг эзэмшүүлсэн тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-ын тайлбараар нотлогдсон.

2.2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ,хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон байхад мөн зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх гэсэн нь нэг талаас харвал нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарт холбогдох хэсгийн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар тохиролцох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх, дахин шинэ акт гаргахыг даалгасан нь нэхэмжлэгчдийн эрх ашгийг хамгаалсан юм шиг, нөгөө талаас нь харвал нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597, 2015 оны А/496 дугаар захирамжийн НБгазарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь 2 өөр агуулгатай шийдвэр болсон нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгч Д.Х шүүх хуралдааныг 14 удаа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 5 сар 26 хоног хэтрүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 63.3-д “... шаардлагатай тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хоног, хоёр дахь удаа 15 хоног сунгаж болно” гэсэн заалтыг илт зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шүүгч Д.Х хариуцагч талд ашигтай гэж үзэж, 28 байгууллагын албан тушаалтнаас нотлох баримт шаардан авсан боловч нотлогдохгүй болохоор хариуцагч талд тал алдахгүйн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Ийнхүү Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн илт хууль зөрчсөн учраас шүүгч Д.Х-гаас 2 удаа татгалзсан боловч ерөнхий шүүгч нь түүний талд шийдвэрлэсэн.

2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг тус баримталсан нь ойлгомжгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага сургууль цэцэрлэг барих зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжаар 5010 кв.м газар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар 6300 кв.м газрыг НБгазарт нэмж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд нийцсэн байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ гэсэн илт хариуцагч талыг хамгаалсан дүгнэлт хийжээ. Газрын хуульд нийцсэн гэж дүгнэлт хийсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжаар олгосон гэх 5010 кв.м газарт нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нараас “Т” ХХК-ийн худалдаж авсан гэх 1915.5 кв.м газар багтаж байгааг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ойлгохыг хүсээгүй .

2.5. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гараагүй байхад давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэсэн дүгнэлт хийснийг юу гэж ойлгох вэ. Энэ бол хэрэгт байхгүй шинжээчийн дүгнэлт гэгчийг нотлох баримтаар үнэлжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 3 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хариуцагч талтай тохиролцоонд хүрэхийн тулд тэдний зөвлөснөөр газрын үнэлгээг хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Чудо_Б” ХХК-аар хийлгэж хүргүүлсэн боловч бүртгэл хяналтын картаар хариу ирүүлэхдээ иргэн “С.Э, С.Ог, С.Оч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын эвлэрлийн гэрээ байгуулах талаар гаргасан хүсэлтийг судалж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0713906 тоот албан тоотын хариу буюу дээрх маргаантай асуудлыг шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй хариуг үндэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

Яахаараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэрийн дагуу тохиролцоонд хүрэх санал тавьж байхад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0713906 тоот албан тоотоор хариу өгдөг билээ. Энэ бол шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож байгааг харуулж байна. Тэгээд ч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0713906 тоот албан тоотоор өгсөн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өгсөн хариуг эрээд олдохгүй байна. Мөн өмгөөллийн “Ач Арвай” ХХН-ийн 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот албан бичгээр хүсэлтээ 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр С.О-аар хүргүүлсэн байхад өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй төдийгүй манайд ирээгүй гэж бултаж байгаа нь төрийн байгууллагын үйлчилгээ иргэндээ ямар хүнд сурталтай байдгийн тодорхой жишээ гэж харж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,өмгөөлөгч Г.Ц нараас Нийслэлийн Засаг дарга С.Б-ын, нэр явуулсан хүсэлтийн хариу ирээгүй байсан тул хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. 2 удаагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй нь тэдэнд мэтгэлцэх үндэслэл байхгүй болсон уу эсвэл анхан болон давж заалдах шатны шүүхээр найдвартай хамгаалуулсан уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0432 дугаар магадлал болон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нар нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн НБгазарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд НБгазар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.   

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Э, С.Оч, С.Ог нарт Хангайн 11 дүгээр гудамжны 11-1в, 11-1г, 11-1д тоотын 700.м.кв газар өмчлүүлсэн шийдвэрийг “газар олголттой давхацсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр хууль зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д дүүргийн Засаг дарга  тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,07 га-гаас илүүгүй газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6/5 дугаар тогтоолоор тус дүүргийн газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөг баталж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо,  Хангайн  гудамжинд  3  га  газрыг  иргэний  ахуйн  зориулалтаар  иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Дээрх тогтоолыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар тус дүүргийн 23 дугаар хороонд иргэн С.Оч-т Хангайн 11-1г, иргэн С.Э-т Хангайн 11-1в, С.Ог-д Хангайн 11-1д тоотын тус бүр 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн нь хуулийн дээрх заалттай нийцжээ. 

Улмаар газар эзэмшигч эдгээр иргэд газраа өмчилж авах хүсэлтийг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргаснаар Нийслэлийн Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар тэдэнд эзэмшиж буй газрыг нь өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хэдийгээр маргаан бүхий газрын байршилд орон сууцны хорооллын бүс буюу төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон өндөр, дунд, нам давхруудын нийтийн, нам давхрын тохилог орон сууцны хорооллуудыг нийгмийн дэд бүтцийн хамт шинээр, дахин төлөвлөж хөгжүүлэн, шинэчлэн сайжруулах бүс байхаар, инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн байх хэдий ч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь дээрх А/214 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхдээ тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 6/5 дугаар тогтоолоор батлагдсан дүүргийн газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөг үндэслэн газар олгосон, тухайн байрлалд иргэдэд амины хашааны зориулалтаар газар олгож, иргэд суурьшсан байна.          

Харин Нийслэлийн Засаг дарга нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжуудаар НБгазарт нийтдээ 11310 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцуулан газар олгож Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.

 Учир нь, Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөж НБгазарт бусад хуулийн этгээдээс газар шилжүүлэн эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан байна. 

Энэ ажлын хүрээнд эхлээд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар “Т констракшн” ХХК-ийн эзэмшил газраас 3095 м.кв газрыг НБгазарт шилжүүлсэн.

Улмаар “Т констракшн” ХХК-ийн гаргасан “тус компанийн эзэмшлийн газраас 3094.7 м.кв газрыг, мөн нэмэлтээр айл өрхүүдээс худалдаж авсан 1915.5 м.кв газар, нийт 5010.1 м.кв газрыг НБгазрын эзэмшилд шилжүүлэхийг хүссэн” хүсэлт болон НБгазар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хүсэлтүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжаар “Т констракшн” ХХК-ийн эзэмшлийн газраас 3094.7 м.кв газрыг, айл өрхүүдээс худалдаж авсан гэх 1915.5 м.кв газар, нийт 5010 м.кв газрыг тус боловсролын газарт шилжүүлсэн байна.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар НБгазрын эзэмшиж байсан 5010 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын /Нийслэлийн Засаг даргын А/424 дүгээр захирамжаар/ эзэмшиж байсан 6300 м.кв газрыг нэмж, нийт 11310 м.кв газрыг бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын А/452 дугаар захирамжаар “Т констракшн” ХХК-иас НБгазарт шилжүүлсэн 3095 м.кв газар нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцалгүй, харин “Т констракшн” ХХК-ийн эзэмшил газрын зүүн талд байрлах сургуулийн зориулалтаар айл өрхүүдээс худалдаж авсан гэх 1915.5 м.кв газар нь иргэн С.Ог-ийн өмчлөлийн Хангайн 11-1д тоот газартай 210 м.кв, С.Оч-ийн өмчлөлийн Хангайн 11-1г тоот газартай 460 м.кв, С.Э-ийн өмчлөлийн Хангайн 11-1в тоот газартай 397 м.кв хэмжээгээр тус тус давхцалтай болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга дээрх 2015 оны А/597, А/990 дүгээр захирамжуудаар НБгазарт газар эзэмшүүлэхдээ маргаан бүхий газарт түрүүлж газар эзэмших хүсэлт гарган газар эзэмшиж, улмаар өмчилж авсан, нэхэмжлэгч иргэдийн өмчлөлийн газартай давхцуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар эзэмших, өмчлөх, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн боловч цэцэрлэг, сургууль барих зайлшгүй шаардлагатай байгаа нийтийн ашиг сонирхол, хариуцагчийн тайлбарыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/496 дугаар захирамжийн нэхэмжлэгч С.Э нарт холбогдох хэсгийг газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар тохиролцох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597, 2015 оны А/990 дүгээр захирамжийн НБгазарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч С.Э, С.Ог, С.Оч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэжээ. 

Тодруулбал, маргаан бүхий А/496 дугаар захирамж дээрх үндэслэлүүдээр хууль бус болох нь тогтоогдсон байхад шүүхүүд уг захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар тохиролцох гэсэн энэ маргаанд хамааралгүй асуудлыг үндэслэн түдгэлзүүлж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй юм.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй байна. 

Түүнчлэн  хяналтын  шатны  шүүх  хэргийг  бүхэлд  нь хянан, нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамж хууль зөрчөөгүй, тус захиргааны актын улмаас гуравдагч этгээд НБгазрын эрх ашиг зөрчигдөхгүй байх тул түүний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.   

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0432 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн С.Э, С.Ог, С.Оч нарт холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн НБгазарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА