| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/01966/И |
| Дугаар | 102/ШШ2021/02236 |
| Огноо | 2021-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/02236
| 2021 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2021/02236 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, рд:2578697, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 4 хороо, 2-р хороолол, ЭТӨЧ гудамж, 17-р байр, 36 тоотод оршин суух, рд:*******, ******* овогт *******гийн *******д холбогдох,
зээлийн гэрээг цуцалж, 6 435 560,05 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч С.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.******* 2019 оны 05 сарын 17-ны өдөр Төв аймгийн ******* *******ны салбараас 5.930.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалттай авсан. 2019 оны 05 сарын 17-ны өдөр С.*******гийн 5000599026 тоот данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн. Энэ зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 4-р хороо, 4-р хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж 17 байрны 36 тоотод байрлах 5363 УНЛ улсын дугаартай Corolla маркийн автомашиныг тавьсан байгаа. Зээл авснаасаа хойш С.******* үндсэн зээл 1.250.463 төгрөг, зээлийн хүүнд 850 376 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 511 төгрөгийг төлсөн. Уг зээл нь 2020 оны 01 сарын 17-ны өдрөөс хугацаа хэтэрч эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 511 хоногийн хугацаа хэтрэлттэй бол муу зээл рүү орсон. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүний нөөцийн албандаа уламжилсан байгаа. Хариуцагч С.*******гийн ******* *******инд гаргасан өргөдөл, шүүхэд гаргасан нэхэмжлэл хоёр тусдаа асуудал учраас өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч ******* *******ны удирдлагад хандаж өргөдлөө шийдүүлж болно гэж хэлсэн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,435,560.05 мөнгө гаргуулах, зээлээ сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлийн гэрээг цуцлаж өгнө үү... гэв.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар ярьж байна. Би хүүхдээ сургууль, эмнэлэг рүү зөөж байгаа автомашинаа зээлийн барьцаанд өгч чадахгүй. Энэ миний машин биш, манай гэр бүлийн машин байгаа. Надад сар бүр мөнгө төл гэж шаардахгүйгээр 1 жилийн хугацаа өгч байгаа бол би ямар нэгэн байдлаар төлж барагдуулна. Өнөөдөр миний байдал зээлээ төлж чадахгүй байгаа ч маргааш ямар болохыг хэн ч мэдэхгүй. Тодорхой график гаргахгүйгээр 1 жилийн хугацаанд нэхэмжилж байгаа үнийн дүн төлнө. Гэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч чадахгүй. ******* *******ны эрх ашгийн төлөө 5 хүүхдээ хаяж явж, ажиллаж байсан. Өмнө намайг харилцагчтай нийлж гүтгээд ажлаас халж байсан. Эргэн ажилдаа ороход ажлаас гарах хэмжээнд хүртэл ажиллуулсан зовоож байгаад ажлаас гаргаж байсан. Энэ мөнгийг төлөх үүрэг нь надад байгаа. Би харилцагч гэдгээрээ биш, ажиллаж байсан гэдгээрээ ******* *******инд хүсэлт тавьсан. Би сар болгон тогтсон хэмжээгээр мөнгө төлж чадахгүй. Шүүхийн шийдвэр юу ч гэж гарсан надад огт хамаагүй. Надад миний хүүхэд чухал байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 6 435 560,05 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. Зээлийн гэрээний тухайд:
Хариуцагч С.******* 2019 оны 5 сарын 17-ний өдөр №1300021084 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулж, 5 930 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар зээлжээ.
Зээлдэгч гэрээний үүргийг зээлийг ашигласан хоногоор сар бүрийн 17, 18-ны өдөр хүү зээлийн үндсэн төлбөрийн хамт төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 11-18 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 5 930 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
Гэрээний дагуу 5 930 000 төгрөгийг нэхэмжлэгч 2019 оны 05 сарын 17-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ******* *******ны 5000599026 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зээлдэгч гэрээний дагуу үндсэн зээл 1 250 463,97 төгрөг, зээлийн хүү 850 376.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 511.50 төгрөг төлжээ. /хэргийн 19-20 дугаар тал/
Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 сарын 17-ны өдөр дуусгавар болох хэдий ч зээлдэгч буюу хариуцагч С.******* 2020 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, 2020 оны 10 сараас эхлэн төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн, 2021 оны 06 сарын 11-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4 679 536.03 төгрөг, зээлийн хүү 1 650 333.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105 691 төгрөг нийт 6 435 560.05 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг зээлдүүлэгч нэхэмжилсэн. /хэргийн 21 дүгээр тал/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.
Хариуцагч ... 6 435 560 төгрөгийг төлнө. Сар бүр төлж чадахгүй ч би тэр төлбөрийг заавал төлж дуусгана... гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн энэхүү тайлбараас хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт нийт 6 435 560 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6, 3.1.7, 3.2.1, 4.1, 5.1, 5.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 435 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
2. Барьцааны гэрээний тухайд:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч С.******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 17-ны өдрийн №1300021084 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 5 сарын 17-ний өдөр №1300021084-01 тоот Барьцааны гэрээгээр Л.******* эзэмшлийн 5363 УНЛ улсын дугаартай Corolla Feilder маркийн тээврийн хэрэгсэл хөрөнгийг барьцаалж, Л.Алтанхуяг, ******* ******* нарын хооронд хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулагджээ. /хэргийн 16-18 дугаар тал/
Нэхэмжлэгч хариуцагчийг зээлийн гэрээний төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,
Хариуцагч эс зөвшөөрч ...гэр бүлийн зайлшгүй шаардлагатай өдөр тутмын амьжиргааны хэрэгсэл болж байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчид барьцааны үүргийг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй гэж үзлээ.
2019 оны 5 сарын 17-ний өдөр №1300021084-01 тоот Барьцааны гэрээгээр хариуцагч С.******* зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар харилцан тохиролцсон бөгөөд энэхүү барьцааны гэрээг нэг талаас барьцаалагч ******* ******* ХХК, нөгөө талаас барьцаалуулагч Л.Алтанхуяг нарын хооронд байгуулагдсан, барьцааны гэрээний харилцаа тэдний хооронд үүсэн нь барьцааны гэрээ баримтаар, тухайн барьцааны гэрээний зүйл буюу хөдлөх хөрөнгө болох 5363 УНЛ улсын дугаартай Corolla Feilder маркийн тээврийн хэрэгсэл Л.******* эзэмшил өмчлөлийн хөрөнгө болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тус тус тогтоогдож байна.
Барьцааны гэрээ хэргийн зохигч талуудын хооронд байгуулагдаагүй тул барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч С.******* нарын хооронд барьцааны гэрээний харилцаа үүсээгүй, барьцааны гэрээний үүрэг буюу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 119 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117 919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2021 оны 6 сарын 14-ний өдрийн дугаар 130/310 нэхэмжлэгчээс А.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 7-10 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан 2019 оны 5 сарын 17-н өдрийн №1300021084 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.*******гээс зээлийн гэрээний үүрэг нийт 6 435 560,05 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******д холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 119 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117 919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ