| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб*******,
улсын яллагч Э.Гантулга /томилолтоор/,
шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М*******д холбогдох эрүүгийн 2415000000111 дугаартай, 163/2024/0116/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* М*******, Б******* аймгийн ******* суманд ******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт, Б******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б******* аймгийн ******* сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Ц******* ******* БУА улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийн хойд хаалганы салхины шил, тухайн тээврийн хэрэгслийн хойд гүпер, таван ханатай монгол гэрийн вакум хаалганы цонх зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч Б.М******* нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт хохирогч Д.Ц******* ******* БУА улсын дугаартай “приус-20” загварын тээврийн хэрэгслийн хойд хаалганы салхины шил, хойд гүпер, таван ханатай монгол гэрийн вакум хаалганы цонх зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Д.Ц******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Д.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэрч Б.М өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дэх хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд бүрэн бус дунд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.
1.3.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.М******* нь бусдын эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийн хойд хаалганы салхины шил, хойд гүпер, таван ханатай монгол гэрийн вакум хаалганы цонх зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох бөгөөд Б.М******* нь хохирогч Б.Ц******* эд хөрөнгө буюу түүний ******* БУА улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийн хойд хаалганы салхины шил, хойд гүпер, таван ханатай монгол гэрийн вакум хаалганы цонх зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 320,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.М*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Ц нь хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаар тэмдэглэл үйлдсэн байх тул шүүгдэгч Б.М*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.М******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Б.М*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэн, тус ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Б.М******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн “обуд” төмөр 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.М******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Б******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ыг 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М*******д сануулсугай.
5.Шүүгдэгч Б.М******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн обуд төмөр 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Азжаргалд тус тус даалгасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ