Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/02276

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/02276

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Р.Алтантуяа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 хороо, 75 байр, 4-46 тоотод оршин суух хаягтай, рд:, овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,  

 

хариуцагч: ******* дүүрэг 22 хороо, Зүүн наран 18-122 тоотод оршин суух хаягтай, рд:*******, ******* овогт *******гын *******т холбогдох,

 

эд хөрөнгөд учирсан хохирол зардал нийт 905 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, иргэдийн төлөөлөгч З.Туул нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... 2020 оны 10 сарын 04-ний өдөр бид хэд зааланд тоглосон. Би Б.*******ийг гэртээ үлд, манай найз ирж байгаа, би найзтайгаа байна гэхэд Б.******* өөрөө ирсэн. Би Б.*******ийг ууя гэж ятгаагүй. Өөрөө том насанд хүрч байгаа хүүхэд миний ятгалгад орохгүй. 2 пиво уусан. Б.******* нэг охинтой чатлаад, намайг хүргээд өг гэхээр нь би үгүй ээ чадахгүй гэсэн. Манай найз чиний машин асчихлаа, чиний түлхүүр хаана байгаа юм бэ гэхээр машин руугаа очиход дотор нь Б.******* сууж байсан. Гэр рүүгээ оруулсан, гэтэл дахиад миний машины түлхүүрийг аваад, хөдөлгөсөн байсан. Би Б.*******ийг цагдаад дуудаад өгсөн. Тэгэхэд надад хохь чинь гэж хэлсэн. Цагдаагийн өмнөөс манай аав том албан тушаалтай, чаддаг юм бол мөнгөө олж аваарай гэж хэлсэн. Цагдаа нь согтолт хэмжигчээр үлээлгээд эрүүлжүүлэх рүү авч явсан. Манай аав ээж рүү танай охин донтой гэсэн мессеж бичсэн байсан. Тэрийг нь аав ээж тоохгүй өнгөрөөсөн. Журмын хашаанд орсны маргааш нь эгчээ та 60,000 төгрөг төлөөд гаргаад, янзлаад өгчих гэж хэлэхэд наад хүүхдээ хийдэг газарт нь хий, надад хамаагүй гэж хэлсэн. Журмын хашаанд 2 сар байсан 300,000 төгрөг, машины гупер болон шил, их гэрэл 605,000 төгрөг, нийт 905,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан... гэв.

 

Хариуцагч Б.*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай хүүхдийг дагуулж яваад, заал авсан нь үнэн. Тэгээд чи найзыгаа авчих, би найзыгаа авчихъя гээд 4 үүлээ уусан байсан. 2 пиво уусан гэсэн. Миний хүү 1 пиво, 1 тал пиво уучхаад над руу 4 өнгөрөөгөөд ярьсан. Г.******* намайг унтсангүй гээд байна, намайг явуулахгүй болохоор нь машиных нь түлхүүрийн аваад, машиныг хөдөлгөж байгаад гупер хөдөлгөчихлөө, машинд нь унтах гэхээр гар гээд гэрт нь орохоор манайхаас зайл гэж хөөгөөд надад хэцүү байна гээд над руу ярьсан. Г.******* анх ууя гэж уруу татаж уулгасан. Машинаа аваад ир янзлаад өгье гэж хэлсэн. Г.******* надад авчирч өгөөгүй. Журмын хашааны мөнгийг төлж чадахгүй гэдгээ би хэлсэн. Би Г.*******ын нэхсэн мөнгийг өгч чадахгүй. Би 4 хүүхдээ, өндөр настай ээжийгээ асардаг. Г.******* миний хүүхдийг явуулдаг газарт нь чи явуулсан. Маш их худлаа хэлдэг хүүхэд байна. Фэйсбүүкээр танилцаад, унтаж, хэвтэж, заваарч явсан учраас чи миний хүүхдийг ийм байдалд оруулсан. Хойноос нь уйлж гүйдэг байсан. Миний хүүхэд муу хүүхэд биш. Надад төлбөрийн чадвар байхгүй. Би мөнгө өгч чадахгүй... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.*******т холбогдуулан, гэм хорын хохирол төлбөрт нийт 905 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч *******гын ******* 2003 оны 10 сарын 17-ны өдөр төрсөн, одоо 17 нас 11 сартай, 18 насанд хүрээгүй, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай болох нь түүний төрсний гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11, 62 дугаар тал/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* 18 насанд хүрээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар хариуцагч Б.*******ийн хууль ёсны төлөөлөгч эх Б.*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулав. /хэргийн 10-12, 62-64 дүгээр тал/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.******* 2020 оны 10 сарын 05-ны өдөр 04 цаг 00 минутын орчим ******* дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр 75 байрны гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэхэмжлэгч Г.*******ын эзэмшлийн тоёото приус маркийн 59-76 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон осол зөрчил гарган Г.*******ын тээврийн хэрэгсэлд 605 200 төгрөгийн хохирол учруулжээ.

 

2020 оны 12 сарын 16-ны өдрийн дугаар 206 ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэл ногдуулах тухай шийтгэврээр хариуцагч Б.*******ийн дээрх үйлдлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дугаар хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.*******ийг 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, 20 цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн байна. /хэргийн 49-79 дүгээр тал/

 

Зөрчлийн хэрэг болон хуулийн хүчин төгөлдөр шийтгэвэр гарсан, зөрчлийн улмаас тухайн үед нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 605 200 төгрөгийн хохирол учирсан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...осол зөрчлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол зардалд нийт 905 200 төгрөг гаргуулахаар... нэхэмжилнэ гэж тайлбарласныг, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрч ... машинаа аваад ир янзлаад өгье гэж хэлсэн. Г.******* надад авчирч өгөөгүй. Журмын хашааны мөнгийг төлж чадахгүй гэдгээ би хэлсэн. Би Г.*******ын нэхсэн мөнгийг өгч чадахгүй. Би 4 хүүхдээ, өндөр настай ээжийгээ асардаг. Надад төлбөрийн чадвар байхгүй. Би мөнгө өгч чадахгүй ... гэж маргажээ.

 

Хариуцагч Б.*******ийг Зөрчлийн тухай хууль зөрчсөн буруутай үйлдэлд нь шийтгэл ногдуулсан, шүүхийн шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд төлбөрийн чадваргүй байдал нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх хуульд заасан үндэслэлтэй бөгөөд хариуцагч Зөрчлийн тухай хууль зөрчсөн буруутай болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол зардлыг хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн засварын зардал 605 200 төгрөг, машин ачилтын төлбөрт төлсөн 300 000 төгрөг нийт 905 200 төгрөгийн бодит хохирол зардал учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн ... дүгээр тал/

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******өөс бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор хохирол зардал нийт 905 200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...насанд хүрээгүй хүүхэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн мөн жолоо барих эрхгүй байж тээврийн хэрэгсэл хөдөлгөжээ. Хохирогчийн өөрийн буруутай үйлдлээс машинд нь гэмтэл учирсан учир хэргийг 50, 50 хувиар төлүүлэх нь зөв санагдлаа.....гэжээ. /хэргийн ... дугаар тал/

 

Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэврээр хариуцагч Б.******* тухайн осол зөрчил гаргасан буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн ба шийтгэвэрт осол зөрчил гарахад хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн талаар тогтоогоогүй байна. Иймд зөрчлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг зохигчид 50, 50 хувиар хариуцах үндэслэлгүй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, мөн хариуцагчаас шинжээчийн зардал 50 000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгохоор тогтоов.

 

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******ын эзэмшлийн тоёото приус 59-76 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол зардлыг хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-аас 605 200 төгрөг гэж тогтоожээ. /хэргийн 66-69 дүгээр тал

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол зардлын талаар дахин шинжээч томилж хохирол зардлын үнэлгээ тогтоосон ба Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас дээрхи эд хөрөнгөд учирсан хохирол зардал 720 000 төгрөг гэж тогтоосон. /хэргийн 39-47 дугаар тал/

 

Нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол зардал үнэлгээтэй холбоотой ямар нэг шаардлага тайлбар гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.*******өөс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол төлбөрт нийт 905 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас шинжээчийн зардал 50 000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ

 

ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА

 

Н.ХАНГАЛ