Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

М.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 09-31 тоотод оршин суух, ПЭ74060721 тоот регистрийн дугаартай, Хөгшөнийхөн овогт Мунаагийн Өлзийхишигийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх/онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдох Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай

 

                Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2013 оны 6 дугаар сард Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа тус коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн. Гэвч Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаартай тушаалаар намайг 2016 оны санхүүг нягтлан бодох бүртгэлийн хууль журмын дагуу хөтлөөгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгууллагын өр авлагыг нэмэгдүүлсэн зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэл гаргасан нь Ховд аймгийн Аудитын газрын дүгнэлт, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын тайлан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын тайлан зэргээр тогтоогдсон гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргасан. Уг Б/147 дугаартай тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тушаалд Ховд аймгийн Аудитын газрын дүгнэлт, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын тайлан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын тайлан зэргийг үндэслэл болгосон боловч Ховд аймгийн Аудитын газраас 2016 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, төсвийн гүйцэтгэлийн тайлан, ажил үйлчилгээнүүд нь Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн гэж үзэн зөрчилгүй дүгнэлтийг авч байсан. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар нэр бүхий албан тушаалтнуудад акт тавьсан бөгөөд уг актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн тус актуудыг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаар акт тавьсан бөгөөд уг актыг Сангийн сайд хүчингүй болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халахдаа мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажил хүлээлгэн өгөх хугацааг тушаалдаа тогтоогоогүй нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            Иймд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар М.Өлзийхишиг нь  ажил олгогчийн итгэлийг алдсан, түүний гаргасан зөрчлүүд нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-14 дугаартай “Хөгжил политехник коллежийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай” танилцуулга, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын актууд, Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн хамт олноос ирүүлсэн 27 зүйл заалт бүхий хүсэлтийг шалгасан танилцуулгаар нотлогдож байна. Иймд М.Өлзийхишигийн гаргасан зөрчил нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Өлзийхишигийг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс М.Өлзийхишигийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх 10 сар 29 өдөрт ногдох олговорт 9,701,450 төгрөг /есөн сая долоон зуун нэгэн мянга дөрвөн зуун тавь/ гаргуулан нэхэмжлэгч М.Өлзийхишигт олгосугай.

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Өлзийхишигийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид үүрэг болгосугай.

            4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Өлзийхишигт олгож, мөн хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс улсын тэмдэгтийн хураамж 170,173 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын  зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно. Нэхэмжлэгч М.Өлзийхишигийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь санхүү, төсөв, өр авлагын хувьд зөрчилтэй гарсан болох нь дээрх улсын байцаагч нарын албан шаардлага, актуудаар нотлогдон тогтоогдсон. Нэхэмжлэгч М.Өлзийхишигтэй байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай бүрэн гүйцэтгэх, үр дүнг тайлагнах, 4.2-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж үр дүнг тайлагнах гэх үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг баримтлан ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч М.Өлзийхишиг нь хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдуулан Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ “М.Өлзийхишиг нь Хөгжил политехник коллежийн 2016 оны санхүү, нягтлан бодох бүртгэлийг хууль журмын дагуу хөтлөөгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгууллагын өр авлагыг нэмэгдүүлсэн зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тайлбарлажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн 2016 оны санхүүгийн тайлангийн “1.11 санал дүгнэлтийн хэлбэр, үндэслэл” хэсэгт “Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон бусад илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүдээ холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг байдлын хувьд алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн байна гэж үзэж ”Зөрчилгүй” санал дүгнэлт гаргалаа” гэжээ.

            Гэвч аудитын тайлангийн “2 менежментийн захидал” хэсэгт цаашид санхүүгийн тайланд шууд бөгөөд материаллаг хэмжээгээр нөлөөлж болзошгүй анхаарвал зохих 4 асуудлын талаар захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан, ерөнхий нягтлан бодогч М.Өлзийхишиг нарт зөвлөмж өгсөн талаар тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч М.Өлзийхишиг нь уг зөвлөмжийн биелэлтийг шүүхэд гаргаж өгснийг хариуцагч тал үгүйсгээгүй байна.  

            Мөн уг аудитын шалгалтаар төсвийн хэмнэлтийг цалингийн ашгийн татварт 11,162,415 төгрөг илүү шилжүүлсэн зөрчил илэрснийг Ховд аймгийн Аудитын газрын 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1/13 дугаартай акт бичжээ.

            Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын тайлангаар нийт 18 зөрчилд улсын байцаагчийн акт бичсэн боловч захиргааны шүүхээс 11 актыг хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын тайлан хэрэгт авагдсан боловч улсын байцаагчийн актууд нь хэрэгт авагдаагүй байна.

            Ажил олгогч нь дээр дурдсан хяналт шалгалтын тайлан, улсын байцаагчийн актуудыг ажилтан ерөнхий нягтлан бодогч М.Өлзийхишигийн гаргасан “сахилгын зөрчил” гэж үзэж байгаа бол түүнийг ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг баримтлах байжээ.         Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч түүний төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР