Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга       Б.Номин

 Улсын яллагч                     Д.Номин-Эрдэнэ,

 Шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Б*******д холбогдох 2131003430094 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын  04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр Д*******-******* аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Д*******-******* аймаг Д******* сум 7 дугаар баг З******* 2-45 тоотод оршин суух, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэнээс биеэр эдлээгүй 28 хоногийн үлдэгдэлтэй,

-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 506 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт 6 жил 28 хоног хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Т******* ургийн овогт С******* Б*******, Регистрийн дугаар:**************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 177 тоотод оршин суух хаягтай хохирогч Д.Д "Ард хувьцаа эзэмшигч" нэртэй цахим хаягаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "төхөөрөмжөө баталгаажуулна уу" гэсний дагуу кодоо явуулж 8840 ширхэг койныг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б******* мэдүүлэхдээ... Мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргээс болоод би одоо болтол гэртээ харьж чадахгүй байгаадаа харамсаж байдаг. Дахин ийм хэрэг үйлдэхгүй б******* чадна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон шүүгдэгчийн  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Дийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Ард Хувьцаа эзэмшигч" гэх нэртэй цахим мессенжер чатаас бүртгэлээ баталгаажуулна уу та бидэнд итгэнэ үү гэх утгатай зурвас ирсэн. Тухайн мэдээллийн дагуу би өөрийн "Ард апп"-руу нэвтрэх нууц уг, 6 оронтой тан кодыг "Ард Хувьцаа Эзэмшигч" гэх нэртэй цахим мессенжер чатруу явуулсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 08-наас хойш "Ард апп"-руу нэвтэрч болохгүй байсан ба ажилтай завгүй явж байгаад өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Ард даатгал дээр очиж засуулсан. Ингээд Ард апп"-руу нэвтрэхэд миний 8840 койн байхгүй болсон байсан. Миний данс дээр байсан Ардын 145 ширхэг хувьцааг койн болгон хувиргаж мөн хэвчинд байсан 1140 койн нийт 8840 койныг залилан авсан байна. Одоогийн ханшаар 1 койн нь 156 төгрөг байгаа ба нийт 1.379.000 төгрөгний хохирол учираад байна. Залилуулсан 8840 койныг олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Дийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: “...Би өөрийн алдсан ард койны 8840 ширхэг койны хохирлын мөнгө болох 1,650.000 төгрөгийг хохирлоо буруутай этгээдээр бүрэн төлүүлсэн. Би одоогоор өөрөө данс эзэмшихгүй байгаа ба өөрийн төрсөн хүү болох Гантогтохын хаан банкны "5039371533" тоот данс руу хохирлын мөнгөө авсан. Хаан банкны 5039371533 тоот данснаас миний хүүгийн данс руу 1,650,000 төгрөг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн. Би өөрийн хохирлоо нөхөн төлүүлсэн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцох шаардлагагүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

“Ардэкс” ХХК- ийн Д.Д холбогдох мэдээлэл /хх-ийн 42-52 хуудас/,

“A*****” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 24/******* тоот “2024 оны 2 сарын 22-ны 4611-672 албан тоотын хариуг хүргүүлж байна. 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн ханш нь 198.727 байсан ба 8,309 АрдКойн нь тухайн үеийн ханшаар 1,651,164.48 төгрөгтэй тэнцэх байсан байна” гэх албан бичиг, /хх-ийн 65 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 67-69 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримт

Хоригдол С.Б ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104, 107-182 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 177 тоотод оршин суух хаягтай хохирогч Д.Д "Ард хувьцаа эзэмшигч" нэртэй цахим хуурамч  хаягаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "төхөөрөмжөө баталгаажуулна уу" гэсний дагуу кодоо явуулж 8840 ширхэг койныг залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Дийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Дийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

“Ардэкс” ХХК- ийн Д.Д холбогдох мэдээлэл /хх-ийн 42-52 хуудас/,

“Ardbit” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 24/******* тоот “2024 оны 2 сарын 22-ны 4611-672 албан тоотын хариуг хүргүүлж байна. 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн ханш нь 198.727 байсан ба 8,309 АрдКойн нь тухайн үеийн ханшаар 1,651,164.48 төгрөгтэй тэнцэх байсан байна” гэх албан бичиг, /хх-ийн 65 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 67-69 дүгээр тал/  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Б үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ залилуулсан, шүүгдэгч  нь “бусдыг хуурч,  цахим хэрэгсэл ашиглаж , зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан талаар  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтууд нь  хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн  болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас  хохирогчид 1,651,164.48 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Дийн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч С.Б үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн  байдал болон хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч С.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар,хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг  харгалзан 750.000 / долоон зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн  1,2, 6.9 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч С.Б -уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2023 оны 02-р сарын 01-ны өдрийн  86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17. 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан  7  жил 6 сар 28 хоногийн ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 506 тоот магадлалаар 6 жил 28 хоногийн хорих ял болгон өөрчлөн  оногдуулсан ялаас, эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 14 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгийн торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил, 3 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн  эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******д оногдуулсан 4 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Б энэ хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 43 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******* ургийн овогт С******* Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т******* ургийн овогт С******* Б*******д 750 нэгтэй тэнцэх хэмжээний буюу  750.000 / долоон зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн  1,2, 6.9 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч С.Б -******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2023 оны 02-р сарын 01-ны өдрийн  86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 7 жил 6 сар 28 хоногийн ял оногдуулсныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 506 тоот магадлалаар 6 жил 28 хоногийн хорих ял болгон өөрчлөн оногдуулсан ялаас, эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 14 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгийн торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил, 3 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн  эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******д оногдуулсан 4 жил 3 сар 4 хоногийн  хугацаагаар эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Б энэ хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 43 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ