| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0121/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М*******т холбогдох эрүүгийн 2415000640099 дугаартай, 163/2024/0121/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т******* овогт Б******* М*******, ******* аймгийн ******* суманд ******* оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, ******* аймаг, ******* сум 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Плантинум ланд” ХХК-д оператор ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн Орхон сумын “Сүүдэр” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг 7 ширхэг болгон тайрч бэлтгэн улмаар - улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсны улмаас байгаль экологид 422,602 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч Б.М******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-өдөр ******* аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэр” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг огтолж, 7 ширхэг болгон тайрч бэлтгэн П.Б эзэмшлийн - улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 422,602 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцсоноор 1,267,806 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч Б.М*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45- дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, гэрч А.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/, гэрч Б.М*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дахь тал/, гэрч П.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, гэрч Б.М*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/, “Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-87 дахь тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94-98 дахь тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 106-111 дэх тал/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд бүрэн бус дунд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.
1.3. Эрх зүйн дүгнэлт
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч Б.М*******ын Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 422,602 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 1,267,806 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М******* нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1,267,806 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсэн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.М******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Б.М*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэн, тус ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Б.М******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулав.
2.2. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Б.М*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 7 ширхэг хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 52,500 /тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий “цахилгаан хөрөө”-г тус тус хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Huyndai Porter” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.505.333 /нэг сая таван зуун тавин таван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаруулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 25 ширхэг модыг Б.М*******т, “Huyndai Porter” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч П.Батзоригт тус тус олгож, энэ хэрэгт шүүгдэгч Б.М******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******* овогт Б******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М*******т оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М*******т сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 7 ширхэг хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 52,500 /тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий “цахилгаан хөрөө”-г тус тус хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Huyndai Porter” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.505.333 /нэг сая таван зуун тавин таван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаруулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 32 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “дугааргүй” тогтоол, П.Б эзэмшлийн - тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, - улсын дугаартай Huyndai Porter загварын тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч болох ******* аймаг, Орхон сум, 3 дугаар баг, Улаан мод гэх газар оршин суух, Баатар овогт Полоогийн Батзориг /регистрийн дугаар ГЖ82052516/-т, 25 ширхэг шинэс модыг Б.М*******т тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Б.М******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ