Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/02095

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/02095

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.С-д холбогдох,

 

5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь Э.С хүсэлтийн дагуу 7 000 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 9 сар 17 хоногийн хугацаатай, хүүгүй түүнд зээлүүлэхээр тохиролцож мөнгийг шилжүүлсэн. Э.С нь уг 7 000 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сард буцаан төлсөн. Үлдэх 5 000 000 төгрөгийг төлөхгүй байсан тул 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг хариуцагч нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээл 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхгүй байх тул Э.С-ээс зээлийн гэрээний үлдэгдэлд 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.С шүүхэд гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сард М.Б нь өөрийн автомашинаа барьцаад тавиад уг мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглож байгаад мөнгөө алдсан. Улмаар биднийг хамт мөрийтэй тоглоом тоглосон учир алдсан мөнгөнөөс хуваалцах ёстой гэж намайг дарамталж, надаас 2 000 000 төгрөг авсан. Гэвч дахин үлдэгдэл 5 000 000 төгрөгийг өг гэж мөн дарамталж, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулуулсан. Уг зээлийн гэрээний дагуу М.Б ямар ч мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Э.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 7 дугаар сард М.Б-тэй хамт мөрийн тоглоомын газар тоглосон бөгөөд М.Б нь өөрийн автомашинаа 7 000 000 төгрөгөөр барьцаанд тавиад уг мөнгөөрөө тоглосон. Гэвч тэрээр уг 7 000 000 төгрөгөө мөрийтэй тоглоомд алдсан. Уг алдсан мөнгөө намайг хамт тоглож алдсан тул намайг төл гэж дарамталж 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С нь мөрийтэй тогтоолын газар тоглож байхдаа өөрийн автомашинаа барьцаанд тавиад уг мөнгөөр нь тоглоод алдах болсон тул миний автомашиныг 7 000 000 төгрөгийн барьцаанд тавиад тоглосон. Зээлийн гэрээг байгуулахдаа Э.С дарамталсан зүйл байхгүй, харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул зээлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Э.С-т холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...хариуцагчид 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7 000 000 төгрөгийг зээлүүлсэн, ...уг зээлээс 2 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сард хариуцагч нь буцаан төлсөн, үлдэх 5 000 000 төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч нь уг шаардлага, үндэслэлийг “...зээлийн гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг аваагүй, ...нэхэмжлэгч нь намайг дарамталж надаас 2 000 000 төгрөг авсан” гэж үгүйсгэн маргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг дарамталж гэрээг байгуулсан” гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь уг шаардлага, үндэслэлийг “...зээлийг гэрээг дарамталж байгуулаагүй, ...талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан” гэж үгүйсгэсэн маргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 5 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хавтаст хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 0395 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь 7 000 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу 9 сар 17 хоногийн хугацаатай, хүүгүй хариуцагчид зээлүүлэх, хариуцагч нь зээл 7 000 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгчид буцаан төлсөн, үлдэх 5 000 000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зааж, талууд гэрээнд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  /хх 3 дугаар тал/ Түүнчлэн, талууд уг гэрээнд зохигч гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй. 

 

Дээрх гэрээний 3.5-д “...бэлнээр 2020-08-10 өдөр зээлдэгчид төлсөн” гэж, 3.6-д “...уг 7 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг 2020-10 сард бэлнээр өгсөн” гэж заасан, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7 000 000 төгрөгийг” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид 7 000 000 төгрөгийг зээлүүлсэн талаар 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бичгийн хэлбэрт оруулж, талууд зээлийн гэрээ гэх баримтыг нөхөн үйлдсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэдгээ нотлох, харин зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлснээ нотолж чадаагүй тохиолдолд зээлдэгч мөнгийг буцаан төлснийг нотлох шаардлага үүсэхгүй.  Гэтэл хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид 7 000 000 төгрөгийг зээлүүлсэн буюу мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтээгүүр, зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж бичгээр байгуулсан нь зээл 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх, мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийг өгсөн гэх талуудын тайлбараар тэдний хооронд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл 5 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

2. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх зүйлд заасан хэлцэл нь хуулиар хориглосон болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны дэглэмийн үндсэн үнэлэмжийн эсрэг, харшилсан хэлцэл байгуулсан тохиолдолд тухайн хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч нь тухайн зээлийг хариуцагч мөрийтэй тоглоом тоглоход зээлсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэгч нь уг гэрээг хариуцагч дарамталж байгуулсан үндэслэлээр сөрөг шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч шүүх талуудын хооронд зээлийн гэрээ болон хэлцэл байгуулагдсанд тооцоогүй тул 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 0395 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт зээлийн гэрээ болон хэлцэл талуудын хооронд байгуулагдаагүй байхад уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь үндэслэлгүй.

 

Иймд дээрх 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0395 дугаар зээлийн гэрээ нь талуудын хувьд байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгчид холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.С-т холбогдох, 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М.Б-д холбогдох, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0395 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Э.С-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН