Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.М******* нарыг оролцуулан,

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М*******д холбогдох эрүүгийн 2315003290072 дугаартай, 163/2024/0114/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Д******* М*******, ******* аймгийн ******* суманд ******* оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл ганцаар ******* аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт “ ” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, регистрийн дугаар .

Урьд нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.М******* нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ ******* аймгийн Могод сумын төвд Э.О эзэмшлийн “Ланд крузер-200” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйг хутгаар хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 570,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.М******* нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ ******* аймгийн Могод сумын төвд Э.О эзэмшлийн “ ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйг хутгаар хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 570,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд:

-Хохирогч Э.О өгсөн: “...Тэгэхээр нь би тухайн байсан газраасаа гараад явах гээд машиндаа суутал Ч дүү нарынхаа хамтаар гарч ирчхээд намайг явуулахгүй гээд хаалга онгойлгочхоод зогсоод байсан. Тэгээд машинаас буугаад Ч маргалдаж байтал намайг үүрээд газар унагаачихсан. Тэгээд газарт хэвтэж байгаад хартал нэг жижиг биетэй залуу миний машины зүүн урд талын дугуйг хутгаар зүсэж хагалсан... Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

-Гэрч Г.Б өгсөн: “...Тэр үед Ч ах Ган-Эрдэнэ, Төрмөнх хоёрыг өмөөрөөд О гэдэг хүнтэй маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд тэр хүн нь байсан газраасаа гараад согтуу машинаа бариад явах гээд байхаар нь Ч ах та согтуу явж болохгүй гээд хориглоод хаалгыг нь нээлттэй байж байхад нь О гээд хүн нь шууд огцом хөдлөөд хаалганд нь хамагдаад хэсэг газар явсан гэж ярьж байсан. Тэгээд бүүр хөдлөөд явах гээд байхаар нь Ч ах та нар зогсоох арга хэмжээ аваач ээ энэ хүн чинь согтуу машинаа унаж явах гээд байна ш дээ хүн амьтан дайраад алчихвал яах юм бэ гээд хэлэхээр нь М******* дугуйг нь очоод хутгалчихсан гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80- 82 дахь тал/,

-Гэрч Б.Г өгсөн: “... Ч ах тэр үед согтуу машин барьчих гээд байгаа юм бэ, хүн амьтан дайраад аваар, осол хийчихвэл яах юм бэ гээд жолооч талын хаалгыг нь нээчхээд явуулахгүй байсан. Тэр үед О гэдэг ах машиныхаа хаалгыг хаалгүй огцом хөдлөөд Ч ах хаалганд хамагдаад хэсэг газар яваад, та нар юу хийгээд хараад байгаа юм бэ хүн согтуу машин бариад явах гээд байна. Ямар нэгэн явуулахгүй арга хэмжээ аваач ээ гэх үед нь М******* хутгаар зүүн урд талын дугуйг нь хагалсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

-Гэрч Г.Чийн өгсөн: “...Тухайн үйл явдал болсны дараагаар М******* дугуй хагалсан талаараа бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

-Гэрч Н.Т өгсөн:  “... Тухайн үед М******* гэх залуу зүүн урд талын дугуйг нь хутгаар хагалсан. Мөн машиных нь амортизаторыг гэмтээсэн юм шиг байна лээ. Би тухайн үед амортизаторыг нь эвдэлсэн эсэхийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэр үед намайг машины эсрэг талд зогсож байхад зүүн урд талын дугуй чахарч дугарч байсан. Мөн М******* нэг төмөр шиг юм барьчихсан байсан санагдаж байна. Тухайн үед тэр дугуй хагалсан хутга нь юм уу өөр төмөр байсан үгүйг мэдэхгүй байна. Тэр үед Ч нь машиныг нь зогсоо гэхэд тэр М******* гэх залуу гартай хутга барьж ирээд дугуйг нь хагалсан. Өөр ямар нэг байдлаар эвдэж, гэмтээсэн зүйл байхгүй. Машиных нь зүүн хойд талын буфер хэсэг нь бага зэрэг хагарчихсан байсан байх. Ямар ч байсан хуучин замасктай буфер байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны дугаартай хохирлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “... дугуй 1 ширхэг 570,000 ... төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-110 дахь тал/,

-******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн зүүн урд талын гэх дугуйны дотор болон гадна талд нэг удаагийн ташуу чиглэсэн зүсэгдэлт үүссэн байна. Зүсэгдэлт нь хурц ир бүхий багаж, зэвсгийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 115-117 дахь тал/,

-Яллагдагч Д.М*******ийн өгсөн: “... өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Тухайн хүний эд хөрөнгөд учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуй 1 ширхэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М*******: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй...” гэв.

                                                   зэрэг нотлох баримт болно.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.М*******ийн бусдын эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар хагалсан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох бөгөөд Д.М******* нь хохирогч Э.О эд хөрөнгө буюу “ ” загварын тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар хагалж дахин ашиглах боломжгүй болгон 570,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.М*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Д.М*******ийн бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасан үйлдлийн улмаас 570,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд Д.М******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.От 570,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, Э.О нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

-Улсын яллагч: “...шүүгдэгч Д.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 171 дэх тал/, иргэний үнэмлэхийн  лавлагаа /хавтаст хэргийн 168 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 169 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 170 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 175-182 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.М*******ийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.М*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.М*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.М*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

2.3.Бусад асуудал

Шүүгдэгч Д.М******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ ” загварын тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Д******* М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******д оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М*******д сануулсугай.

4.Шүүгдэгч Д.М******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ ” маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэг хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М*******д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ