Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02051

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.Н-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.М-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Н, хариуцагч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд 3 настай охин Н.Х болон өмнөх нөхрийн хүүхэд гэдсэнд жирэмсэн В.М-тай танилцаж, 2010 онд нэг гэрт орон хамтран амьдарч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

 

Бидний хамтран амьдрах хугацаанд М.М, М.М, М.Ч, М.М, М.Н, М.Н нар төрсөн. Сүүлийн хоёр жил зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Би 2008 оноос өнөөдрийг хүртэл орифлеймийн бизнес хийж үр хүүхдээ тэжээн тэтгэж амьдарч байна.

 

В.М-тай суусан цагаас хойш тэрээр том охиныг нь ад үзэж, шалтаг гаргаж цохиж чанга хашхирч айлгаж дарамталдаг байсан. Мөн миний амьдралын 13 жил В.М хүчирхийлэл дунд маш хэцүү өнгөрсөн. В.М нь жирэмсэн эхнэрээ хайрлаж халамжлахын оронд өөр хүүхэнтэй мессеж бичиж харилцсан байсан. Улмаар би асар их сэтгэлийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл дунд жирэмсэн байж байгаад гэнэт өвдөлт өгч төрөх яваад 8 дахь үрээ дутуу төрүүлж сэхээний тасагт 14 хоног хүүгээ сахиж эмнэлгээс гараад сар гаруй хугацааны дараа хүү минь амьсгал хураасан.

В.М-ын гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрч өөрийн уулздаг байсан эмэгтэйг өмөөрч миний өвдөг руу зангидсан гараар цохиж хөхрүүлсэн тул би цагдаа дуудан өгч, 7 хоног баривчлагдаж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр В.М нь өөрийн хувцас хунар, нөтбүүк, 2 алтан бөгж, монетон гинж, алтан гинж, приус 20 маркийн машинаа аваад дахиж ирэхгүй гээд явсан.

 

Иймд бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 6 хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдэд хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид хоёр 2008 оны 6 дугаар сард танилцаж, улмаар 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Биднийг суухад том охин Хонгорзул болон гэдсэндээ 6 сартай жирэмсэн байсан бөгөөд бидний дундаас 4 охин, 1 хүү төрсөн. Гэр бүл болсон үеэс амьдралын төлөө бид 2 зүтгэж хашаа байшин, орон сууц, машин унаа, гэр орноо тохижуулах зэргээр хөдөлмөрлөж сайн сайхан амьдрахыг зорьсон.

 

Гэтэл 2016 оноос Ш.Н-гийн зан авир нь өөрчлөгдөж, гадуур их явах болж, архи дарс ууж, шөнө орой ирэх нь ихдэж, гадуур хонох болсон. Одоогийн байдлаар 30 фэйсбүүк хаягтай, 2017 оны наадмаар бага хүү М.Ч толгойгоо хагалаад тархины хүнд гэмтэл авчихсан байхад өөр залуутай амралтад явж машиныхан өмнө зургаа авхуулаад фэйсбүүк дээрээ тавьж байсан. Тэр үед би аавд нь хэлээд өнгөрч байсан. Тэрээр 4 дүгээр сарын 28-ны өдөр хашаа байшинд байх ТҮЦ-ний лангууг хага цохиж, үзүүртэй шилийг цээжинд тулгаад утсан дээрх өөрийнхөө нүцгэн зураг, хүмүүс рүү явуулсан чатнууд болох өөрийнх нь эсрэг бүх баримтыг бүгдийг нь устгуулсан.  Ш.Наранбулагтай 6 дугаар сарын 01-ний өдөр уулзаад хүүхдүүддээ бэлэг авч өгөхөд гэр лүү оруулах нь бүү хэл хүүхдүүдтэй минь уулзуулаагүй. Миний хувьд хамтарч ажил хийдэг ч хоол унд сургууль цэцэрлэг, эцэг эхийн хурал, сургуулийн арга хэмжээ, дэлгүүр хоршоо гээд бүх л зүйлийг би хийж зүтгэж ирсэн байхад гэр бүлийн элэг бүтэн байдлыг үгүй хийж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч В.М-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.Н болон хариуцагч В.М нар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүү М.М, 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин М.М, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин М.М, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүү М.Ч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин М.Н, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр охин М.Н нар төрсөн нь 1107000050 дугаартай гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар, 0426900 Г-2638 дугаар, 0000729959  Г-4559 дугаар, 1107000363 дугаар, 1107000050 дугаар, 1116003790 дугаар, 1116000875 дугаар төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2021 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хамтын амьдралын хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулж байсан болох нь фото зураг, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. Иймд дээрх үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх...тухайгаа...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Н.Х, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү М.М, 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.М, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М.М, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Н, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Н нарыг эх Ш.Н асрамжид тус тус үлдээв. Түүнчлэн, хүүхдүүдийн хоорондоо ээнэгшин дассан болон амьдрах орчныг өөрчлөх шаардлагагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талууд эд хөрөнгийн талаар маргаагүйг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогт В.М, Боржигон овогт Ш.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Н.Х, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү М.М, 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.М, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М.М, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Н, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Н нарыг эх Ш.Н-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Н.Х, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү М.М, 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.М, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М.М, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Н, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг В.Мөнхбаяраас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН