Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

хохирогч  О.Ганцог

шүүгдэгч А.Пүрэв-Очир, түүний өмгөөлөгч Н.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЧО72092811/ Хунт овогт Агвааны Пүрэв-Очирт холбогдох 201626022824 дугаартай хэргийг 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Пүрэв-Очир 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Дөлгөөхөн зочид буудлын доор байрлах дугуй засварын газрын гадна иргэн О.Ганцогийн зүй бус үг, үйлдэлд дургуйцэн, таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Пүрэв-Очир шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэнд бүрэн, үнэн зөв бичигдсэн байх тул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч О.Ганцог шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал манай жолооч Батзолбоо Бямбажав ах руу яриад дугуй хагарчихлаа гээд тусламж гуйсан. Тэгээд Бямбажав ах бид хоёр Батзолбоо дээр очиж уулзаад Дөлгөөхөн зочид буудлын доод талд байрлах дугуй засварын газар очоод 16-тай дугуй засах уу гэхэд засна гэсэн. Дугуйгаа аваад ирэхэд төхөөрөмж эвдэрчихэнэ энэ дугуйг засахгүй гэж Пүрэв-Очиртой хамт байсан хүн хэлсэн. Бид нар өөрсдөө дугуйгаа засахаар болоод дугуй засварын газраас нэг лапатакийг нь аваад дугуйгаа задалсан. Тэгээд олгой хаймраа аваад дугуй засвар руу оруулж нөхүүлсэн. Тэр хооронд Бямбажав дугуй засуулах мөнгө авах гээд явсан байсан. Батзолбоо бид хоёрыг дугуйгаа засаж байхад Пүрэв-Очир лапатакаа буцаагаад авсан. Бид тэр дугуй засварын газраар үйлчлүүлж байхад лапатакаа буцааж авсанд дотороо дургүй хүрч байсан ч юм хэлээгүй. Тэгээд бид нар нэг лапатакаараа дугуйгаа засаж байтал Пүрэв-Очир буцаж ирээд наад хошуу баригч эвдчихвээ гэсэн. Тэгэхээр нь ямар сүртэй юм бэ гээд аман дотроо хараалын үг хэлэхэд юу гэнээ чи гээд намайг цохьсон. Тухайн үед Пүрэв-Очир 180,000 төгрөг өгөөд шүд хийлгэхэд ийм үнэтэй байдаг юм гэж байсан. Эмчилгээний зардалд 5 сая төгрөгийн эмчилгээний зардал гарна гэж Пүрэв-Очирт хэлэхэд итгэхгүй байсан. Дараа нь өөрийнх нь санал болгосон эмнэлэгт дагуулж очиход мөн адил үнэтэй байсан. Өнөөдрийн байдлаар хохиролд 2 сая төгрөг өгч авахаар тохирч бэлнээр 1.500.000 төгрөг авсан. Пүрэв-Очир ахад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бид эвлэрсэн гэв.

 

Шүүгдэгч А.Пүрэв-Очирын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, ял шалгах хуудас /хх-ийн 47/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 48/, гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа /хх-ийн 49/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50/ зэргийг шинжлэн судлав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  А.Пүрэв-Очир 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Дөлгөөхөн зочид буудлын доод талд байрлах дугуй засварын газрын гадна хохирогч О.Ганцогийн “юун сүртэй пизда вэ, дугуй засварын халтар лалар, наад олгой хаймрын хошуу баригчийг чинь хугалчих юм бол аваад өгчихнө” гэсэн хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Ганцогийн...”2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн...дугуй засвар дээр очоод одоо нэрийг нь мэддэг болсон Пүрэв-Очироос 16 хэмжээтэй дугуй нөхөх талаар асуутал нөхнө гэж хэлэхээр нь эргэж очоод дугуйгаа аваад Бямбажав ах, Батзолбоо нарын хамтаар дугуй засвар дээр ирсэн. Би Пүрэв-Очирт хандан энэ дугуй байна гэж хэлэхэд манайх наад дугуйг чинь нөхөхгүй, төхөөрөмж задлахгүй гэхээр нь бид нар өөрсдөө задлаад олгой хаймарыг нөхүүлье гэж хэлсэн. Өөрсдөө задлах юм бол хамаагүй гэхээр нь Пүрэв-Очироос лапатакыг нь гуйж аваад дугуй задалсан ба дугуй задалж дууссаны дараа Бямбажав ах дугуй засварын тооцоо өгөхөөр ойрхон АТМ явж мөнгө авах гээд явсан байсан. Дугуй засвар дээр Пүрэв-Очир дээр хамт ажиллаж байсан хүнээрээ  олгой хаймраа нөхүүлээд гаргаж ирээд эргүүлж угсрах үед Батзолбоо нь хэнээс авсныг мэдэхгүй олгой хаймарны хошуу баригчийг авчихсан байсан. Ингээд угсарч байтал Пүрэв-Очир нь гуйж авсан лапатка эргүүлээд авахаар нь өөрсдийнхөө лапаткыг хэрэглээд байж байтал эргэж гарч ирсэнээ наад хошуу баригч эвдчихэв гэхээр нь ямар сүртэй юм бэ эвдчих юм бол аваад өгнө шинээр гэж хэлтэл  яасан шинээр юм худалдаж авдаг юм гэж хэлээд эргүүлээд хошуу баригчаа аваад явахаар нь ахин яасан сүртэй пизда вэ гээд хэлтэл эргээд юу гэнээ гээд эргээд ирэхээр нь та ямар сүртэй юм бэ, их юм харамлаж дээ гэтэл баруун гартаа барьж байсан дугуй дроцовоор уруулын баруун жавьж хэсэг рүү нэг удаа цохихоор нь уруулаа дараад доошоо суусан. Тэрнээс хойш юу болсонг сайн мэдэхгүй байгаа ба нэг мэдсэн цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Хийж байсан ажлыг минь нураасан учир хэл амаар доромжилсон юм. Би тухайн үедээ хараагүй бас сүүлд Батзолбоо нь намайг Пүрэв-Очир гэж хүн цохиод авахаар нь зөрүүлж нэг удаа цохиж авсан гэж ярьсан. /хх-ийн 14-15/ гэсэн,

 

Гэрчээр Б.Ганбаатарын...”Пүрэв-Очирын хамтаар ажлаа хийгээд байж байтал 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Пүрэв-Очирт зодуулсан гэх залуу ирээд ахаа 16-тай дугуй нөхөх үү гэж асуухаар нь нөхнө гэж хэлсэн. Тэгээд дугуйгаа аваад ирье гэж хэлээд явсан ба удалгүй ирээд засуулах дугуй энэ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хартал 16-тай дугуй биш өөр жижиг дунд оврын экскаваторын дугуй байхаар нь ийм дугуй засахгүй төхөөрөмж задалж дийлэхгүй гэж хэлээд дотогшоо яваад ортол араас орж  ирээд ахаа тэгвэл бид нар өөрсдөө задлаад өгье та олгой хаймарыг нөхөөд өгчих гэж хэлэхээр нь тэгвэл болно гэж эхлээд лапатка гуйж аваад гарч явсан юм...тэгээд ойролцоогоор 5 орчим минутын дараа өөр үйлчлүүлэгч орж ирээд хамт ажилладаг  хүн чинь хүнтэй зодолдоод байх шиг байна гэхээр нь гараад хартал Пүрэв-Очир одоо зодуулсан гэх залуутай хамт явж байсан намхан залуутай чи яахаараа манай дүү зоддог юм бэ гээд хэрэлдээд зогсож байхаар нь явж очоод Пүрэв-Очироос юу болсон талаар асуутал одоо зодуулсан гэх залуу болон хамт явж байсан залуу нь дугуй засварын новшнууд хар халтар пизда гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа цохьсон гэж байсан...одоо зодуулсан гэх залууг нэг удаа цохисон, тэгтэл хажуу талаас намхан залуу толгой руу нь 2-3 удаа цохисон гэж байсан. /хх-ийн 18-19/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14821 дугаартай: О.Ганцог амны баруун булангийн шарх, үүдэн дээд 2 дугаар шүдний хугарал, соёоны мултрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /ххийн 23/ гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох  баримтуудаар

 

сэжигтнээр А.Пүрэв-Очирын...Би Баянгол дүүргийн 10 дугаар хороо Дөлгөөхөн зочид буудлын доод талд байрлах дугуй засварыг ажиллуулдаг ба 2016 оны10 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ дугуй засаад байж байтал 13 цаг 30 минутын орчимд одоо нэрийг нь мэддэг болсон миний цохьсон гэмтэл учирсан байгаа Ганцог жижиг экскаваторын дугуй түрчихсэн ирээд “дугуй нөхөх үү” гэхээр нь манай төхөөрөмж задалж хүчрэхгүй тул “засахгүй” гэж хэлсэн...тэгээд олгой хаймраа гаргаж ирээд Ганбаатар олгой хаймрыг нь нөхөж өгөөд өөрсдөө буцаагаад гараараа угсарч байхаар нь би дотроос гарч ирээд “болгоомжтой хийгээрэй хошуу баригчийг болгоомжтой хэрэглээрэй хугалчихав” гэсэн шаардлага тавьтал Ганцог, Батзолбоо хоёр зэрэг “мэдэж байна, пизда минь дугуй засварын халтар лалар чинь энийг чинь төлөөд өгчих болно. 2500 төгрөгийн үнэтэй байдаг үхлээ юу” гэх зэргээр олон удаа уур хүрч бухимдтал хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би бухимдаж очоод “ та хоёрт хэрэглүүлэх албатай юу” гээд угсарч байсан дугуйны олгой хаймарт байсан хошуу баригчийг сугалаад автал Ганцог Пүрэв-Очир хэрэлдээд, түрэмгий зан гаргаад, өөдөөс дайраад байхаар нь би тухайн үед өөр машины дугуй тайлах гэж дотроос гарч ирсэн байсан тул баруун гартаа барьж байсан дугуйн дроцовоор Ганцогийг тонгойх үед баруун талын уруул хэсэгт нь нэг удаа цохиж таарсан. Би хойшлоод гараа өргөх үед гарт байсан дроцовоор цохигдож таарсан. Тэгээд Ганцогийг ямархуу байдалтай байгааг харах гэтэл хажуу талаас Батзолбоо орж ирээд миний толгойны зүүн тал, нүд хэсэгрүү 2-3 удаа юугаар мэдэхгүй цохисон. Би өөрийгөө хамгаалах гээд тонгойсон байсан ба эргээд салахааар нь хартал баруун гартаа санагдаж байна дугуй задалдаг богинохон лоом барьчихсан байсан. Тэр лоомоор цохьсон талаар мэдэхгүй. Тэгээд Батзолбоо ахин намайг зодох гэж дайраад байхаар нь гудамжинд зогсож байсан тул олон хүмүүс хараад байсан тул эргээд ажлын байр руугаа явж ортол Батзолбоо нь дагаж орж ирээд куртикээ тайлж шидээд зодолдоё гээд орилоод байсан ба одоо шууд цагдаа дуудна гээд дуудсан. Би Ганцог гэж хүнийг санаатай цохиж авсан зүйл байхгүй. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь та хоёрт үйлчлэх албатай юу гээд маргалдах үед хойшлох гэж байгаад санамсаргүй байдлаар цохисон. Намайг хойшлох үед Ганцог бас урагшаа тонгойж таарсан юм.Батзолбоо намайг 2-3 удаа толгой  болон нүүррүү цохисон. /хх-ийн 33-34/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа үг үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд А.Пүрэв-Очирт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Хунт овогт Агвааны Пүрэв-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр хохирогч О.Ганцог, шүүгдэгч А.Пүрэв-Очир нараас  эвлэрлийн гэрээ шүүхэд гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн А.Пүрэв-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг  баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Нөгөөтэйгүүр, дээрхи гэмт хэрэг үйлдэгдэх үед А.Пүрэв-Очирын биед тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /ххийн 26/

 

А.Пүрэв-Очирын биед учирсан хөнгөн гэмтлийг хохирогч О.Ганцогийн найз Г.Батзолбоо учруулсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байх бөгөөд Прокурор 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 32 дугаартай тогтоолоороо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “хохирогч, яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдаж байна. /хх-ийн 77/