| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0203/Э |
| Дугаар | 0069 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 0069
М.Б, Б.А,
Э.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.О
Шүүгдэгч Б.А, Э.Э
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолтой, М.Б, Б.А, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С овогт М-н Б.
Монгол Улсын иргэн, Т овогт Б-н А.
Монгол Улсын иргэн, Д овогт Э-н Э.
Б.А, М.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, М.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, Э.Э нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч С овогт М-н Б, Т овогт Б-н А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д овогт Э-н Э-г гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн, шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,
Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 /нэг/ жилийн хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар тогтоож, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн даавуун үүргэвч цүнх 1 ширхэг, улаан өнгийн хуванцар дугуй сав 1 ширхэг, уг саван дотор гялгар ууттай 33.7 грамм өвс мэт зүйл, шилэн бор өнгийн дугуй хэлбэртэй таваг 1 ширхэг, ногоон өнгийн 500 граммын багтаамжтай төмөр цайны халуун сав 1 ширхэг, хоолны төмөр сэрээ 1 ширхэг, хар цагаан өнгийн зурагтай дугуй захтай фодвольк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.О эсэргүүцэлдээ:
“ ... Шүүгдэгч М.Б, Б.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн “бүлэглэн” үйлдсэн хүндрүүлэх шинжийг орхигдуулсан.
Мөн шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба М.Бы сэтгэцэт нөлөөт бодисыг О.Т, Н.Б нарт өгсөн үйлдлийг нь гэм буруутайд тооцсон эсэх нь тодорхойгүй.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг хорих ял дээр нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр заасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.4-д заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлээ тогтоох бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг тогтоосныг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн байх тул ... 216 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Б, Б.А, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.А, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Технологийн Сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс суралцагч П.Г-н Эл Жи К-4, Д.Батзоригийн Самсунг Жи-3, Г.Б-н Самсунг А-30 загварын гар утаснуудыг нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 795.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан, О.Т, Н.Б нарт өгсөн,
шүүгдэгч Э.Э нь М.Б, Б.А нарын бүлэглэн хулгайлсан хохирогч Д.Б-н Самсунг Жи-3, хохирогч Г.Б-н Самсунг А-30 загварын гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Б, Б.А, Э.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэдний гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг, шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан атлаа шүүгдэгч М.Б, Б.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт орхигдуулжээ.
Мөн шүүгдэгч М.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүний бусдад өгсөн үйлдэл болон Э.Эийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг тус тус бичилгүй орхигдуулсан байна.
Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Бы үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэхдээ зөв тооцсон боловч ийнхүү нэгтгэхдээ болон мөн түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд энэ нь шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл болон ялыг хүндрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Шүүгдэгч С овогт М Б, Т овогт Б-н А нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д овогт Э-н Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, шүүгдэгч С овогт М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “...5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.УРАНЧИМЭГ