Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2021/01060

 

 

 

 

 

 

 

 

    2021 о    05сары  31өдөр                 

              181/ШШ2021/01060

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас үүссэн хохирол 1,410,083,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“М ХХК болон Э ХХК нар нь 2019 оны 09 арын 20-ны өдрийн 09/20 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр худалдагч М ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй МТ86 маркийн 6 ширхэг өрөө буулгагч машиныг /техник/ түүний өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Э нь гэрээнд заасан техникийн үнийг төлөхөөр тохиролцсон. Худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэн 2019 оны 09 сарын 20-ны өдөр 6 ширхэг техникүүдийн эзэмшил, ашиглалтыг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн. Худалдан авагч тал гэрээний зүйлийн үнэ 2,250,000,000 төгрөгийг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон билээ.

Э ХХК нь 09/20 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар гэрээний үнийг 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдрийг хооронд буюу сар бүрийн 10-ны өдөр 120,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Хариуцагч Худалдах худалдан авах гэрээний дагуу 2019 оны 11 сарын 13-ны 15,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 25-ны өдөр 64,916,500 төгрөгийн өртөг бүхий 44.77 м.кв хоёр өрөө байрыг нэхэмжлэгчид шилжүүлж, нийт 179,916,500 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.

М ХХК-аас гэрээний үүргийг хариуцахаар 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 20/23 тоот, 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 20/161 тоот, 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 20/252 тоот, 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 20/261 тоот төлбөр төлөх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн, мөн 2020 оны 07 сарын 09-ний өдөр болон 2020 оны 07 сарын 23-ны өдрийн М ХХК, Э ХХК нар нь өглөг авлага, болон техникүүдтэй холбоотой хурал хийсэн байдаг. 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 20/305 тоот мэдэгдлээр гэрээний үүргээ биелүүлэх тухай, биелүүлээгүй тохиолдолд техникүүдийг ашиглахыг зогсоох буюу лацдах болохыг мэдэгдэж, 2020 оны 07 сарын 07-ны өдөр техник ашиглалтыг зогсоож, лацадсан бөгөөд техникүүдийг зогсоож, лацдахын өмнө Э ХХК-ийг удаа дараа мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн болно. Энэ үед 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 09/20 тоот Худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан нөхцөл нь аль хэдийн бүрдчихсэн байсан тул Э ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Ингэж М ХХК-ийн зүгээс 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 20/340 тоот хариу мэдэгдэх албан бичгээр Худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулж, техникүүдийг ажилд гаргах саналаа Э ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэвч Э ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 09/20 тоот Худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу тус гэрээг цуцалж буй тухайгаа 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 20/351 тоот мэдэгдлээр Э ХХК-д хүргүүлэн, гэрээг цуцалсан билээ.

Гэрээ цуцалсны хохирол нийт 287 хоног бөгөөд үүнд, 2019 оны 10 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 20-ны өдрийн 180,000,000 төгрөг, нийт 9 сар буюу 270 хоногт 1,620,000,000 төгрөг, 2020 оны 07 сарын 20-ны өдөр 180,000,000 төгрөг төлөхөөс 2020 оны 06 сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 сарын 07-ны өдрийг хүртэл 17 хоног, нэг хоногийн 6,000,000 төгрөгөөр тооцож, 102,000,000 төгрөгийг нэмж, нийт хохирлын хэмжээ 1,722,000,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн 179,916,500 төгрөгийг хасч 1,542,083,500 төгрөг болсон. Уг төлбөрөөс ковидын хугацаа 22 хоногийг нэхэмжлэгч өөрийн санаачилгаар 132,000,000 төгрөгийг хасаад 1,410,083,500 төгрөг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс М ХХК болон Э нар нь 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 09/20 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 08 сарын 06-ны өдөр гэрээг цуцлах санал явуулж, 2020 оны 08 сарын 07-ны өдөр хариуцагч гэрээг цуцлах саналыг хүлээн авсан тул энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу хариуцагчаас хохирлоо нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу 2019 оны 09 сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах 09/20 дугаар гэрээний хохирол 1,410,083,500 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулж,нэхэмжлэгч М ХХК-д олгож өгөн үү.”

“Э” ХХК-ийн зүгээс тухайн 6 тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд эзэмшил ашиглалтад байлгаад тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон байгаа. Энэ хугацаанд бид банканд үл хөдлөх эд хөрөнгийн хохирол “М” ХХК-д учирсан байгаа. Талууд гэрээ байгуулаагүй байсан бол тухайн эд хөрөнгийг түрээсэллээ гэхэд хэдий хэмжээний ашиг олох байсан бэ гэдгийг тооцож хохирлын мөнгийг тооцож байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг буюу мэдэгдлээр 6 ширхэг техникийг лацдах ажиллагаа хийсэн. 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу дээрх лацдах ажиллагаа нь тогтоогдож байгаа. Үүний дараа 3 удаагийн уулзалт болоод сүүлийн уулзалт буюу 07 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож чадаагүй. Мөн цаашлаад 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээг цуцлах албан ёсны мэдэгдлээ хариуцагч байгууллагад өгсөн. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-аас гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авлаа, хүлээн зөвшөөрч байна гэсэн хариуг ирүүлсэн байдаг.

Ингээд гэрээ цуцалсан гэж ойлгоод техникүүдээ цааш өөр компанид худалдан борлуулах ажиллагаагаа хийгээд явсан. Одоо худалдаа хөгжлийн банк дээр ямар нэгэн өр зээлийн асуудал байхгүй байгаа. Гэрээгээ цуцалчихсан учраас гэрээний төлбөрийн график буюу гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан графикийн дагуу харилцагчийн дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөөгүй. Учир нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгснөөс хойш учирсан хохирлоо сар сараар нь буюу 1 техник 30,000,000 төгрөг буюу 6 техникийн 180,000,000 төгрөгийг хөрөнгийн үнэлгээний компаниар хийлгэсэн. Энэ үнэлгээг “Э” ХХК-ийн төлсөн 179,916,500 төгрөгийг хасахаар 1,410,083,500 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасны дагуу хохирлоо нэхэж байгаа мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа гэдгийг мөн хэлмээр байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхээр хариуцагч тал татгалзлаа бичгийн нотлох баримтаар буюу хууль зүйн гаргалгаагаар ямар нэгэн байдлаар нотолж чадсангүй. Тэгэхээр “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч М ХХК-тай манай компани нь 2019 оны 09 сарын 20-ны өдөр 09/20 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Э ХХК нь дээрх Худалдах, худалдан авах гэрээнд заасан техникүүдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Орон нутгийн таван толгой ХК-тай туслан гүйцэтгэх гэрээгээр нүүрсний хөрс хуулалтын ажилд гарч ажилласан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 11 сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн оны 12 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 25-ны өдөр 64,916,500 төгрөгийн үнэ бүхий 44.78 м.кв хоёр өрөө байрыг нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлсэн ба нийт 179,916,500 төгрөгийн төлөлт хийсэн.

Дараагийн төлбөр төлөх нөхцөл нь ажил зогссон, техникийн эвдрэл гэмтлийг засварласан, гэрээт ажлын төлбөр орж ирээгүй зэргээс хугацаа хэтрүүлсэн болно. Олон удаагийн уулзалт, албан тоотын харилцаагаар нэг шийдэлд хүрэхийг зорьсон ч үнийн дүн дээр тохиролцож чадаагүй тул нэхэмжлэгч тал 2020 оны 07 сарын 07-ны өдрийн өглөө 06:40 цагт техникүүдийг барьцаалагч банкны төлөөлөгч хэмээн худал хэлэн манай компанийн холбогдох ямар ч албан тушаалтан, ажил хариуцсан хүмүүст мэдэгдэлгүйгээр, гэрээг дүгнэх боломж олголгүй шууд авч явсан. Энэ нь гэрээний 5.2 дахь заалтын “...2 хоногийн дотор зогсоох буюу лацдах, цаашилбал гэрээг цуцалж 7 хоногийн дотор тоног төхөөрөмжийг татан авах гэсэн заалтаа зөрчсөн.

Нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох техникүүдийг авч явснаар гэрээг цуцлагдсан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Үүнд:

М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь техникүүдийг түрээслэх зэргээр ашиглаж олох ёстой байсан алдагдсан ашиг, орлогоо хариуцагчаас гаргуулах агуулгатай байна. Гэтэл нэхэмжлэгч тал дангаараа Худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж техникүүдээ нэгэнт 2020 оны 07 сарын 07-ны өдөр авч явсан тул уг шаардсан хохирлыг манай компани хариуцах үндэслэлгүй...лацдах, авч явах гэдэг 2 өөр ойлголт. Манай талбай дээр ирээд хөдөлгөөнгүй лацдахыг лацдах гэдэг. Гэтэл “М” ХХК нь 6 тоног төхөөрөмжөө бүгдийг нь манай талбайгаас зөөгөөд өөр тийшээ аваад явсан. Дээрээс нь графикийн дагуу 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлээд тооцоолоод 180,000,000 төгрөг болсон гэсэн мөртлөө хоног дээр нь зөрүү гараад байна...Иймд “М” ХХК-ийн нэхэмжилж буй 1,410,083,500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. 179,916,500 төгрөгийг гэрээний дагуу техник түрээсийн төлбөрт тооцохыг зөвшөөрнө гэжээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 1,410,083,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,410,083,500 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг олох байсан орлого, хохирол 1,410,083,500 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилж, шүүх өөрчилсөн үндэслэлийг хариуцагчид гардуулж, хуульд заасан хугацаанд тайлбар, нотлох баримтаа гарган өгөх эрхийг эдлүүлсэн.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлийг ... гэрээ цуцалсны хохирол 2019 оны 10 дугаар сарын 20-ны  өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 287 хоног болсон, хоногт 6 000 000 төгрөгийн хохирлын хэмжээгээр тооцож 1,722,000,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн 179,916,500 төгрөгийг хасч 1,542,083,500 төгрөг болсон. Уг төлбөрөөс ковид цар тахалтай холбогдуулан харгалзан үзэж 22 хоногийг нэхэмжлэгч өөрийн санаачилгаар 132,000,000 төгрөгийг хасаад 1,410,083,500 төгрөг... нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгч тал 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээгээ цуцалж, техникүүдийг авч явсан тул хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж, хариуцагч талаас хэрэгт тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримт гарган өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК нарын хооронд 2019 оны 09 арын 20-ны өдөр дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар гэрээ цуцлагдсан талаар зохигчийн маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, түүнтэй холбоотой баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 6-24-р тал/

 

Уг гэрээгээр нэхэмжлэгч нь маркийн 6 ширхэг өөрөө буулгагч машин /техник/ийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх, гэрээний 1.3 дахь хэсэгт худалдан авагч тал графикийн дагуу мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд худалдагч өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд хүчин төгөлдөр байгуулагдаж, уг гэрээний үүргийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 179,916,500 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, үлдэх үүргийг биелүүлээгүй, гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн байна.

 

Гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн, сануулсаар байтал хариуцагч тал үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээний зүйл болох техникүүдийг лацдаж, буцаан хүлээн авсан, хариуцагч гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд техникүүдийг лацдах ажиллагаа явуулахдаа гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2 хоногийн өмнө урьдчилан мэдэгдээгүй, шууд лацдаж, зогсоосон нь гэрээний заалтаа зөрчсөн гэх боловч энэ талаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20/304 тоот мэдэгдлээр лацдах, зогсоох тухай мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, баримтыг няцаах баримтыг гарган өгөөгүй байна./хх-ийн 33-р тал/

 

Нэхэмжлэгч нь энэхүү техникүүдийг лацадсанаас хойш буюу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20/352 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдэл, саналыг худалдан авагч, хариуцагчид хүргүүлсэн, хариуцагчаас 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20/47 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авсан тухай албан бичиг ирснээр гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж, хариуцагч техникийг лацадсан хугацаанаас гэрээ цуцалсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хэрэгт авагдсан баримтад үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худалдагч талын саналыг хүлээн авснаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 27-28, 45-46-р тал/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”гэж заасан.

 

Талууд гэрээний харилцаа дуусгавар болсон талаар маргаангүй, харин нэхэмжлэгч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал олох байсан орлогоо олж чадаагүй, гэрээгээр тохирсон үүргийг биелэгдэнэ гэж төлөвлөсний улмаас банкны өмнө үүрэг хүлээж хохирол учирсан үндэслэлээр  хариуцагч талд техникүүдийг шилжүүлсэн хугацаанд бусдад түрээслүүлснээр тооцож олох байсан орлого, хохирлоо тооцон шаардаж байна./хх-ийн 105-115-р тал/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

Шүүх үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байгаа гэж үзэж, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Харин тооцооллын хувьд шүүх нэхэмжлэгчийн үндэслэлээ болгож буй Х ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 069 дугаар түрээсийн үнэ тодорхойлсон үнэлгээний тайланд үндэслэх нь нэхэмжлэлийн шаардлага, олох байсан орлогыг шууд тодорхойлох боломжгүй гэж үзэв./хх-ийн 138-166-р тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар хариуцагч талын хүлээх үүргийн хэмжээ, үүргээ гүйцэтгэх цаг хугацаа зэргийг харгалзаж, нийт 2019 оны 10 сараас 2020 оны 07 дугаар 07-ны өдрийн хооронд хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн нийт 1 420 000 000 төгрөгийн хэмжээнээс түүний төлсөн 179 916 500 төгрөгийг хасч 1 240 083 500 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн өөрийн санаачилгаар хасч тооцсон 132 000 000 төгрөгийг хасч 1 108 083 500 төгрөгийн хэмжээнд хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-аас хохирол 1 108 083 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 302 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-аас хохирол 1 108 083 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 302 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 7,208,367.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 5 698 367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГАНТУЯА