| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн 2424000290028 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ********************** төрсөн, 41 настай, эрэгтэй, ******************, **********, **********, ************************ оршин суух хаягтай, ************ регистрийн дугаартай, Х овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ************************* нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ улсын дугааргүй “***********” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *********************** нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ улсын дугааргүй “****************” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийн үйл баримт нь
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11-12 цагийн үед **************** постноос цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Н хамт буугаад тус сумын “МТ” ШТС-аас бензин авах гээд зогсож байхад улаан өнгийн “***************” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваа иргэнийг ахлах ахлагч Н.Н нь “МТ” ШТС-ын уулзвар хэсэгт зогсоосон. Тэгээд ************** пост руу тухайн мотоциклийг унаад явсан. Тухайн хүн мотоцикл дээр ганцаараа явж байсан. Түүний дараагаар цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Н нь замын постод оруулан тухайн иргэнийг хэний хэн бэ гэж асуухад Б.Г гэж хэлсэн. Тухайн саатуулсан мотоциклийг Б.Г нь жолоодож явсан. Тухайн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Н албаны хэрэгцээнд ашигладаг согтуурал шалгах багаж буюу драгераар шалгахад 2.18 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Түүний мотоциклийг Н нь ************************ постны тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11-12 цагийн үед *************** постноос цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.Б хамт буусан. Тэгээд би Н.Бд өөрийн эзэмшлийн “**********” маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан тус сумын “МТ” ШТС-аас бензин авах гээд зогсох үед би тус колонкийн уулзварт улаан өнгийн “**************” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваа иргэн ирсэн. Тэгэхээр нь би тухайн мотоциклийг зогсоон шалгахад илт согтуу байхаар нь тухайн мотоциклийг жолоодон тус сумын замын хяналтын пост руу явсан. Тэнд очоод тухайн иргэнийг хэний хэн бэ гэж асуухад Б.Г гэж хэлсэн. Тухайн хүний унаж явсан мотоциклийг Б.Г нь ганцаараа жолоодож явсан. Тухайн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор би албаны хэрэгцээнд ашигладаг согтуурал шалгах багаж буюу драгераар шалгахад 2.18 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Түүний мотоциклийг би **************** постны тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу хийсэн. Тухайн зөрчлийг би илрүүлж зөрчлийг таслан зогсоосон юм...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,
Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх 6/
“...Б.Гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 2.18 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/,
“...Зөрчилд холбогдогч Б.Гт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д заасан зөрчил үйлдсэнд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 14 цагийн албадан сургалтад хамруулсугай...” гэсэн ***************** шүүхийн шийтгэврийн хуулбар /хх 19-20/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Гийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11-12 цагийн үед улаан өнгийн “*******” маркийн улсын дугааргүй мотоциклийг **************** байрлах гэрээсээ ганцаараа жолоодон явсан. Тухайн үед сумын төвийн гэрт надаас өөр хүн байгаагүй. Би дэлгүүр орох гээд засмал замаар явж байгаад ************ багийн нутаг дэвсгэрт байрлах “МТ” ШТС-н уулзвар хэсгээр өнгөрөх гэж байхад замын цагдаа зогсоосон. Тэгээд намайг замын цагдаагийн пост руу дагуулан очоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор согтуурал шалгадаг драгер багаж үлээлгэж шалгахад 2.18 хувийн согтолтын зэрэгтэй гарсан. Тэгээд миний унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******************** нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ улсын дугааргүй “*********” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Б.Гийн үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь ****************** суманд байнга оршин суудаг тул түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг түүний оршин суугаа газарт нь гүйцэтгэж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа газарт нь гүйцэтгэж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ