Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч П.А*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан,

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч П.Алтанцэцэцэгт холбогдох эрүүгийн 2415000630088 дугаартай, 163/2024/0094/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******гийн А*******, Улаанбаатар хотод 1955 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, ******* аймаг ******* сумын сумын 1 дүгээр баг 7-1 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 69 настай, эмэгтэй /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.А******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Зам ангийн хашааны 7-1 тоотод байрлах гэртээ 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* аймагт байх өндөр настай эгч дээрээ очиж золголт хийгээд ирэхэд түүний нөхөр болох Н.М******* нь хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдсанд сэтгэл санааны гэнэтийн цочролд орж Н.М*******ыг дахиад цохих гэж байна гэж бодон арагш түлхсэний улмаас гэрийн гол хэсэгт байрлах пийшинг мөргөж нас барсан буюу хүнийг санаа сэтгэл хүчтэй давчдаж алсан гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ Яллах дүгнэлт бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000630088 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.А******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Зам ангийн хашааны 7-1 тоотод байрлах гэртээ 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр амь хохирогч  Н.М*******тай маргалдан улмаар талийгаачийн удаа дараа цохисон үйлдлийг болиулахаар зорилгоор түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч Н.М******* нь гэрийн гол хэсэгт байрлах пийшинг мөргөж нас барсан  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг

2.Хохирогч Н.Мэнджаргалын өгсөн: “...Тэр өдөр ах дээр очсон хүн байхгүй. Өдөржин гэртээ ганцаараа байсан. Хэрэв хүн ирсэн бол надад юм уу А******* эгч рүү тэр ирлээ гээд хэлэх байсан. Бид хоёрыг Эрдэнэт хот явах хугацаанд бид хоёр руу нэг ч удаа залгаагүй... Бид хоёрыг гэрээс гарахад талийгаач хэвийн байдалтай, бие нь гайгүй байсан. Мөн талийгаачийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Тухайн өдөр буйдан дээрээ суугаад зурагтаа үзээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

3. Гэрч М.Ар*******гийн өгсөн: “...Би хамгийн сүүлд 2024 оны 02 сарын 29-ний өдрийн орой би гэрт нь хоол аваачиж өгсөн. Тухайн үед ээж А******* болон аав М******* нар байсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй, өвчин эмгэгийн талаар яриагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед би хоол аваачиж өгөөд мэнд мэдчихээд л гарсан. Харин хамгийн сүүлд утсаар болохоор 2024 оны 03 сарын 02-ны өдрийн 17 цаг 33 минутын орчимд над руу утсаар залгасан. Тухайн үед болохоор ээж чинь ******* аймаг руу таксигаар эгчдээ золгоно гээд явсан. Чи ******* аймгаас ирэх дөхөж байвал аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өнөөдөр ажил амжаагүй тул ******* аймаг явахгүй маргааш явна гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед утсаар ярихад бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн юм болов уу гэлтэй утсаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

4. Гэрч М.С*******ийн өгсөн: “...Би өчигдөр буюу 2024 оны 03 сарын 02-ны өдрийн 18 цагаас оройн эргүүлийн үүрэг авч ажилдаа гарсан. Тэгтэл 19 цаг 30 минутын орчимд хүн нас барсан дуудлага ирлээ гэсний дагуу эргүүлийн цагдаа Алтанчөлөөгийн хамтаар тухайн дуудлага нь дээр очсон. Тухайн газарт түргэн тусламжийнхан ирчихсэн байсан бөгөөд бид нарыг очоод удаагүй байтал явцгаасан ба уулзаж асуутал амьсгал хураачихсан гэж байсан. Тэгэхээр нь байшин дотогш орж үзэхэд талийгаач болох эрэгтэй настай хүн байсан бөгөөд зуухныхаа ойролцоогоор эгц дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед эхнэр нь бололтой эмэгтэй байшингийн хоймор хэсэгт буйдан дээр сууж байсан бөгөөд юу болсон талаар асуухад талийгаач над руу сандлыг авч шидээд намайг зайл, яв гээд хөөгөөд байсан. Мөн намайг үсдээд таягаараа цохисон. Тэгээд өөрөө арагшаагаа ухаан алдаад унасан гэсэн зүйл ярьж байсан. Улмаар би эргэж жижүүрт мэдэгдэн бүрэлдэхүүн иртэл хэргийн газрын хамгаалалтын авч тухайн эмэгтэйг гэрээс нь гаргаж өөр хүн дотогш нэвтрүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

5. Гэрч Б.Дийн өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэний машины ээлжийн жолоочоор ажиллаж байсан. Тухайн өдрийн 18 цаг 55 минутад ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг зам ангийн хуучин хашаанд байх байшинд хүн ухаан алдсан байна гэж дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу би эмч Номиндарийн хамтаар очсон. Тухайн дуудлага өгсөн хаягт очиж, байшин руу ороход 70-75 насны орчим эрэгтэй хүн байшингийнхаа гол хэсэгт догол хэсгийг толгойгоороо тааруулж хэвтэж, толгойн доор нь дэр эвсэн байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Мөн бага зэргийн архи уучихсан, гаднаас нь харахад архи уучихсан байна даа гэж харагдахаар хэмжээний согтолттой нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд манай эмч үзлэг хийхэд тухайн хүн нас барчихсан байсан. Тус эмэгтэйгээс юу болсон талаар нь асуухад намайг таягаар цохисон, араас цохих гээд байсан гэх зэргийн ойлгомжгүй зүйлс ярьж байгаад гэр дотор ууртай, уцаартай намайг таягдах гэж байгаад ухаан алдаад уначихсан гэж хэлж байсан. Тэгээд би эмчийн утсыг аваад цагдаад дуудлага өгье гээд гараад явсан. Удалгүй цагдаагийн байгууллага ирсэн. Би цагдаад дуудлага өгнө гэж гэрээс нь гарч ирснээсээ хойш буцаж тухайн айл руу ороогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  74 дэх тал/,

6. Гэрч Х.Згийн өгсөн: “...Талийгаач нь ерөнхийдөө дөлгөөн, тогтуун ааш зантай хүн. Харин 4 жилийн өмнө ганц хүү нь нас барчихсан тул хааяадаа архи уучихсан байгаа харагддаг. Сэтгэл санаагаар унаад, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон. Надад архи дарс уусан, хэрүүл маргаан хийсэн талаараа хэлээд байдаггүй. Надаас нуугаад байдаг байсан юм шиг байгаа юм. Дээхэн үед нэг эрүүлжүүлэхэд орсон сурагтай байсан. Хааяа нэг архи уухаараа согтоод эхнэртэйгээ хэрүүл, маргаан хийдэг юм шиг байгаа юм. Гэхдээ тэгтлээ архи уугаад байдаг хүн биш. Сүүлийн нэг жилийн хугацаанд бараг л архи уугаагүй байх. Талийгаач нь хүн юм гуйвал үгүй гэж хэлдэггүй хүн байсан. Өөрийнхөө юмыг хүнд өгчхөөд өөрөө хоосон л сууж байдаг хүн байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд зан аашны хувьд яаж өөрчлөлт орсон талаар би мэдэхгүй байна. Хүү нь өнгөрснөөс хойш сэтгэл санаагаар унаж, сэтгэл зүйн хувьд тогтвортой бус болсон байсан. Харин А******* эгчийн хувьд бол хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, хүний үгээр хүн байгаа юм. Олон ч хүүхэд төрүүлсэн ихэнх нь тогтоогүй нас барчихсан. Тэгээд гурван хүүхэдтэй байж байгаад хамгийн бага эрэгтэй хүү нь нас барснаас хойш талийгаач ахыг байнга л асарч, сувилж явсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд бол байнгын талийгаач ахыг асарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

7. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 15 дугаартай “...Талийгаач Н.М*******ын биед дагзны баруун хэсэгт шарх, зүүн хөлийн шилбэ, мөрний ар хэсэгт зулгаралт, цээж, өвчүү, хэвлий, зүүн бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн. Дагзны баруун хэсэгт шах, мөрний ар хэсэгт зулгаралт, өвчүүний дунд, хэвлийн баруун тал, өвчүүний гол хэсгээс доош хэвлий орчим, хэвлийн баруун тал, зүүн гарын бугалгын цус хуралт гэмтэл шинэ гэмтэл байна. Цээжний баруун талд болон зүүн хэсэгт, баруун хавирганы нум хэсгээс зүүн хавирганы нум хүртэл, өвчүүний доод хэсгээс хүйсийн дээд хэсэг хүртэл, баруун гуя, зүүн хөлийн шилбэний цус хуралт нь хуучин гэмтэл байна. Дээрх шарх цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Н.М******* нь зүрх, элэгний архаг өвчтэй байжээ. Уг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач Н.М******* нь тархины цус харвалтын улмаас нас баржээ. Нас бараад 3-4 цаг болжээ. Тархины цус харвалт гэмтэл нь өвчин болон гэмтлийн үед үүсэх боломжтой. Тархины цус харвасан тохиолдолд идэвхтэй үйлдэл хийх боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 133-142 дахь тал/,

8. Шинжээч Б.Энхбатын гаргасан: “...Тус гэмтэл буюу дагзны баруун хэсэгт хуйханд үүссэн цус хуралт гэмтэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байсан тул гэмтлээс үүссэн цус харвалт байх боломжтой юм... Хэрэв тархины цус харвалт нь гэмтлийн гаралтай гэж үзвэл талийгаач Н.М*******ын дагзны баруун хэсэгт хуйханд мохоо зүйлийн нэг удаагийн хүч үйлчилснээс болж үүссэн байх боломжтой... Талийгаач Н.М*******ын дагзны баруун хэсэгт хуйханд үүссэн цус хуралт нь гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой юм. Тийм учраас талийгаач нь гэмтлийн гаралтай цус харвалтын улмаас нас барсан байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл нь гэмтлийн гаралтай цус харвалт гэж шинжилгээгээр тогтоогдож байна...” гэх мэдүүлэг дүгнэлт / хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

9. Яллагдагч П.А*******ийн гэрчээр өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр талийгаачийн төрсөн дүү Мэнджаргал манай гэрт хоносон. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө босоод ярилцаж байгаад Эрдэнэт хотод байх 95 настай Дашзэвэг гэх эмээ дээр очиж золгохоор болсон... Тэр айлд нээх удаагүй байх 1 цаг орчмын дараа хүргэж ирсэн такси хүмүүс авчихлаа та хоёр гараад ир явъя гээд бид хоёр гараад буцаад ******* аймаг руу ирсэн. Тухайн такси намайг гэрийн гадаа буулгаад би гэртэй ороход 18 цаг болж байсан. Тэр үед талийгаачид хандаж хөгшин нь оччихоод ирлээ гэж хэлтэл юм дуугаралгүй буйдан дээр зурагт үзээд суугаад байсан. Тэгээд би куртикээ тайлаад муу цамц өмсөөд гарч түлээгээ оруулах гэж байтал талийгаач босож ирээд хаагуур дэмий тэнэж яваад, хэдэн цагт ирж байгаа пизда вэ гэж хэлээд таягаараа миний толгой руу цохиод пизда минь зайл, яв гэж хэлээд байсан. Тэр үед намайг таягаараа хэд хэдэн удаа цохихоор нь би таягийг барьж байгаад булааж аваад хэд хэдэн удаа таягаар нь цохиод би үүдний хэсэг рүү явчихсан. Тэгсэн талийгаач миний араас ирээд зайл банзал пизда минь гэж хэлээд үснээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд талийгаачид хандаж би чиний төлөө гэж хамаг юмыг чинь хийж амьдарч (байхад чи яагаад намайг дандаа ингэж дарамтлаад байдаг юм гэж хэлээд таягаар нь цээж, нуруу хэсэг болон хоёр хөл рүү нь цохисон. Тухайн үед миний уур хүрээд даралт ихсээд байсан тул биеийнх нь яг аль хэсэгт цохисноо сайн санахгүй байна. Би тэр үед таягийг нь авах гэж маргалдаж байх үедээ биеийнх нь өөр хэсэг рүү цохиж, гэмтэл учруулсан байж магадгүй. Тэгээд түрхэн зуурт маш их уурлачихсан тул даралт ихсээд дотор чичрээд, бөөлжих гээд байхаар нь гэрээс гарах гээд хаалга түлхтэл талийгаач миний цамцны араас зуураад татаад авсан. Тэгэхээр нь би ахиад цохих гэж байна гэж бодоод эргэж хараад баруун гараараа түлхчихсэн. Талийгаач нь хөл муу учир, хулдаасан шалан дээр тогтож чадахгүй амархан уначихсан. Тухайн үед би гүйцэд эргэж хараагүй халтихан эргэж хараад баруун гараараа түлхчихсэн. Тэгээд эргээд хартал талийгаач гал түлж байсан халуун пийшингийн урд талд уначихсан байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-54 дэх тал/,

10.Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн амь хохирогч Найданжав овогтой М*******ын Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооход,

 Шүүгдэгч П.А******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Зам ангийн хашааны 7-1 тоотод байрлах гэртээ 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Н.М*******тай маргалдсан, улмаар Н.М*******ын удаа дараа цохисон үйлдлийг болиулах зорилгоор түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас Н.М******* нь байшингийн гол хэсэгт байрлах пийшинг мөргөж, тархины цус харвалтын улмаас нас барсан үйл баримт тогтоогдлоо.    

Дээрх үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мэнджаргалын өгсөн мэдүүлэг, гэрч М.Ар*******, М.С*******, Б.Д, Х.З нарын өгсөн мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 15 дугаартай дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч эмчийн мэдүүлэг,  шүүгдэгч П.А*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.А*******ийн түлхсэн  үйлдлийн улмаас  Н.М*******ын  амь нас хохирсон шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь цогцост хийсэн шинжээчийн талийгаач Н.М******* нь тархины цус харвалтын улмаас нас барсан гэх дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Энхбатын “Талийгаач Н.М*******ын дагзны баруун хэсэгт хуйханд үүссэн цус хуралт нь гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой,талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл нь гэмтлийн гаралтай цус харвалт гэх нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлт зэргээр батлагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно,

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилжээ.

Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 634 дугаартай тогтоолоор гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийн ялгааг тайлбарласан байна.

Уг тогтоолд “ Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр ялгагддаг” гэжээ.

Шүүгдэгч П.А******* нь  амь хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэн үйлдлийг санаатай хийсэн боловч амь насыг нь хохироохыг хүсч, уг үйлдлийн улмаас хохирогч газарт унаж, улмаар үхэлд хүргэх гэмтлийг авна гэдгийг тооцож, уг үр дүнд зориуд хүргэхийг хүссэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.А******* нь өөр рүү нь  удаа дараа дайрсан хохирогчийн үйлдлийн улмаас өөрт нь аюултай нөхцөл байдал тулгараагүй ч хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор нэг удаа түлхэхэд уг түлхэлт болон талийгаачийн согтуурлах ундаа хэрэглэсэн байдал, /шинжээчийн дүгнэлтээр цусанд этилийн спирт 2.0 промилли хх-ийн 141 тал/, биеийн байдалтай холбоотой  хохирогч газарт унаж, улмаар пийшин мөргөж, тархинд нь цус харваж нас барахыг урьдчилан мэдэн, тооцож, хохирогчийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор үйлдэл хийсэн нь тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.А*******ийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 67 дугаартай дүгнэлтээр түүний биед баруун бугалганы гадна дээд, зүүн ташааны дээд, зүүн хөлийн гуяны дотор дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон  уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл  гэх дүгнэлт гарсан бөгөөд уг гэмтлийг амь хохирогч Н.М******* учруулсан  болохыг дурдъя.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч П.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: Амь хохирогч өмнө нь 2 удаа харваж байсан,шүүгдэгчийн үйлдлийн улмаас нас барсан болох нь хангалттай тогтоогдохгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр тус тус  хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд,  шүүгдэгч П.А*******ийн үйлдэл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, хууль зүйн шалгуурыг хангахгүй  байна.

Тодруулбал, хэрэг гардаг тухайн цаг хугацаанд шүүгдэгч П.А*******т болон ойр дотны хүнд нь хохирогчийн зүгээс хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтанд оруулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тухайн цаг хугацаанд сэтгэл санаа хэвийн байсан, цочрон давчидсан зүйл болоогүй,  маргаан хоромхон зуур болсон даралт ихсээд бөөлжис зутгаад агаарт гарах гэж байгаад ийм асуудал болсон гэж мэдүүлжээ.

Гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч үүний улмаас шүүгдэгч П.А*******ийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур илрэн хариу үйлдэл гаргаж бусдад хохирол учруулдаг гэж тайлбарласан байна.

Шинжээчийн 15 дугаартай дүгнэлтээр талийгаач Н.М******* нь зүрх, элэгний архаг өвчтэй байжээ, уг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй, талийгаач Н.М******* нь тархины цус харвалтын улмаас бас барсан гэх үхлийн шалтгааныг тогтоосон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн талийгаач өмнө нь хоёр удаа харваж байсан өвчний улмаас нас барсан байх боломжтой гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй талийгаач нь гэмтлийн гаралтай тархинд цус харвасны улмаас нас барсан болохыг тогтоосон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч П.А*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, мөн хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч П.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч П.А*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Н.Мэнджаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.А*******ийн бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.А*******ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.А******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэргийн 165, 167-169 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч П.А******* нь ******* аймаг ******* сумын сумын 1 дүгээр баг 7-1 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгэлгүй байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон учир ял шийтгэл хүлээлгэх асуудал зайлшгүй яригдана. Хэдийгээр шүүгдэгч нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон боловч ийм урт удаан хугацаагаар тэнсэн харгалзах ял оноох нь энэ хүний хувийн байдал болоод эрүүл мэндийн байдалд тохирохгүй байна. Ийм учраас тухайн зүйл заалтад заасан хамгийн доод ялыг сонгон авч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэргийн сэдэл, ар гэрийнхний хүсэл зорилго, амьдралын нөхцөл байдал, шүүгдэгчийн нас, эрүүл мэндийн байдал зэргийг шүүх ял оногдуулахдаа анхаарч үзнэ үү гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.  

Шүүх шүүгдэгч П.А*******ийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мэнджаргал нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хамгийн хялбараар шийдэж өгнө үү гэх хүсэлт,

мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч П.А*******ийг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой, улсын яллагчийн санал оруулсан хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын  хугацаагаар тэнсэх саналыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ  гэж шүүх дүгнэв.

Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч П.А******* нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******гийн А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний алах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч П.А*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх  заалтад тус тус зааснаар шүүгдэгч П.А*******ийг оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.А*******т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч П.А******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан таягийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ