Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01952

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 17 өдөр

   Дугаар 102/ШШ2021/01952

Улаанбаатар хот

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, үйлдвэр баруун бүс-2, өөрийн байранд байрлах, “Х” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Намуун, нэг давхарт оршин байх, “Ө” ХХК /РД: /-д холбогдох,

 

102 448 295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “Ө” ХХК-тай  2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2019/5/28-01 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу “Х” ХХК-иас 10x10 хэмжээтэй дотор булан 15 ширхгийг 30 хоног тутамд 4 500 000 төгрөгөөр, 15x15 хэмжээтэй дотор булан 69 ширхгийг 30 хоног тутамд 2 484 000 төгрөгөөр, 40x12 хэмжээтэй пум 60 ширхгийг 30 хоног тутамд 3 300 000 төгрөгөөр, 20x12 хэмжээтэй пум 26 ширхгийг 30 хоног тутамд 1 300 000 төгрөгөөр, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэмж 2.4 метрийн хэмжээтэй гадар булан 50 ширхгийг 15 хоног тутамд 2 250 000 төгрөгөөр, 50x12 хэмжээтэй пум 25 ширхгийг 15 хоног тутамд 1 500 000 төгрөгөөр, 40x12 хэмжээтэй пум 167 ширхгийг 15 хоног тутамд 9 185 000 төгрөгөөр, 45x12 хэмжээтэй пум 15 ширхгийг 15 хоног тутамд 825 000 төгрөгөөр, 20x10 хэмжээтэй дотор булан 24 ширхгийг 15 хоног тутамд 864 000 төгрөгөөр, V2 маркийн сапуд 500 ширхгийг 15 хоног тутам 12 500 000 төгрөгөөр, V4 маркийн сапуд 1000 ширхгийг 15 хоног тутам 35 000 000 төгрөгөөр “Өргөө хийц констракшн” ХХК нь түрээсэлсэн.

 

Хариуцагч “Ө” ХХК нь дээрх нэр төрлийн барилгын  угсралтын бараа материалыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 59 590 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 21 102 050 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчид 11 966 960 төгрөг төлж, үлдэгдэл 68 725 090 төгрөгийг төлөөгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Ө” ХХК нь барилга угсралтын дээрх эд хөрөнгийг гэмтээснийг засварлахад 82 000 төгрөгийг зарцуулсан.

 

Хариуцагч “Ө” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшлийн нэг ширхэг нь 60 000 төгрөгийн үнэ бүхий 5012 хэмжээтэй пум 5 ширхэг буюу 300 000 төгрөгийн, нэг ширхэг нь 55 000 төгрөгийн үнэ бүхий 4012 хэмжээтэй пум 41 ширхэг буюу 2 255 000 төгрөгийн, нэг ширхэг нь 50 000 төгрөгийн үнэ бүхий 2012 хэмжээтэй пум 7 ширхэг буюу 350 000 төгрөгийн, нийт 2 905 000 төгрөгийн үнэ бүхий 53 ширхэг эд зүйлийг үрэгдүүлсэн.

 

Хариуцагч “Ө” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-иас хүлээн авсан барилга угсралтын материалын барьцаанд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3 126 340 төгрөг, нийт 3 626 340 төгрөгийг барьцаалсан бөгөөд үрэгдүүлсэн эд зүйлийн үнэлгээ болох 2 905 000 төгрөгийг хасаж тооцвол 721 340 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд хариуцагч “Ө” ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл 68 725 090 төгрөг, алданги 34 362 545 төгрөг, гэмтээсэн эд зүйлийг засварлах зардал 82 000 төгрөг, нийт 103 169 635 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс барьцааны үлдэгдэл 721 340 төгрөгийг хасаж, үлдэх 102 448 295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сард “Бумба” ХХК болон “Ө” ХХК уг төхөөрөмжүүдийг түрээсэлсэн байдаг. Түрээсийн гэрээг бид хүлээн зөвшөөрдөг. Харин бодит бус зардлыг бид төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Түрээслүүлсэн тоног төхөөрөмжийг хэт их үнэлж байгаагаас гадна биднээ түрээслээгүй хугацааны төлбөр шаардаж байна. Бид түрээсийн зүйлийн 2019 онд хүлээн авч ашиглаад 2020 оны 4 дүгээр сард буцааж өгсөн. Гэрээний хугацаанд бидний зүгээс 11 966 960 төгрөгийг төлсөн. Түүнчлэн, эд зүйлийг гэмтээж, алга болгосон зүйл байхгүй. Барилга угсралтын эд зүйл түрээслэх явцад тодорхой хэмжээгээр чанар нь мууддаг. Бид аль болох засан сайжруулаад ашигладаг. Мөн  цар тахалтай холбоотой цаг хугацаа алдаж хувь хүн, хуулийн этгээдүүд мөнгөний асар их дарамтад орж байна. Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр үндэслэлгүй хэт өндөр байх тул үнийг зөвшөөрөхгүй. Мөн алдангийн хэмжээ хэт их байх тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан 102 448 295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлын үндэслэлээ “...түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 68 725 090 төгрөг, алданги 34 362 545 төгрөг, эд зүйлсийг засан сайжруулах зардалд 82 000 төгрөг, нийт 103 169 635 төгрөг, үүнээс барьцаа 3 626 340 төгрөгөөс устгаж үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ 2 905 000 төгрөгийг хасаад үлдэх 721 340 төгрөгийг нийт 103 169 635 төгрөгөөс хасаад бүгд 102 448 295 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч нь шаардлагын зарим хэсгийг үгүйсгэн маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 68 725 090 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2019/5/28-1 дугаартай “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад дурдсан 4 нэр төрлийн, 170 ширхэг барилга угсралтын материалыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, нийт 7 534 000 төгрөгөөр, мөн 7 нэр төрлийн, 1781 ширхэг барилга угсралтын материалыг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, нийт 62 124 000 төгрөгөөр хариуцагчид түрээслүүлэх, хариуцагч нь дээрх эд зүйлсийг хөлсөлсний төлбөрт нийт 69 658 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Гэрээний зүйл, зориулалт, шинж, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл, гэрээний хугацаа зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагчийн эзэмшил, ашиглалтад гэрээнд заасан барилга угсралтын материалыг түр хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь барилга угсралтын материал ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог.

 

Гэрээний хавсралтад заасан 4 нэр төрлийн, 170 ширхэг барилга угсралтын материалыг хөлслүүлэх хугацаа 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 7 нэр төрлийн, 1781 ширхэг барилга угсралтын материалыг хөлсүүлэх хугацаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон байх боловч талууд тухайн эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглаж байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэх 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт” гэх, мөн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  “Тооцоо нийлсэн акт” гэх баримтууд авагдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан барилга угсралтын материалыг 2020 оны 4-5 дугаар сар хүртэл ашигласан, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг барилга угсралтын материалыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ашигласан талаар харилцан адилгүй тайлбар гаргасан.    

 

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-аар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 43 997 615 төгрөгийн, засварын 82 000 төгрөгийн, 2020 оны түрээсийн үлдэгдэлд 19 155 530 төгрөгийн буюу нийт 63 235 145 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн 17 535 000 төгрөгийн эд зүйл хариуцагчид эзэмшилд байгаа талаар дурдсан байх бөгөөд хариуцагчийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилга угсралтын материалыг ашигласан агуулгатай байна.

 

Харин 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-д тусгаснаар хариуцагч нь  2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид гэрээний үүрэгт нийт 54 522 535 төгрөгийн үлдэгдэлтэй буюу хариуцагчийг барилга угсралтын материалыг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдийг хүртэл ашигласан агуулгатай байна.

 

Дээрх 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ыг нэхэмжлэгч тал дангаар үйлдсэн буюу хариуцагч тал баталгаажуулж гарын үсэг зураагүй байна. Иймд уг баримтад заасан хугацаанд буюу хариуцагчийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилга угсралтын материалыг ашигласан гэж үзэх боломжгүй. Харин 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  “Тооцоо нийлсэн акт”-ыг талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилга угсралтын материалыг ашигласан буюу хөлсөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч нь гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 54 522 535 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-р нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3 626 340 төгрөгийг барьцаалсан, уг барьцааг гэрээний үүрэгт суутгасан гэх боловч уг 3 626 340 төгрөгийг барьцаа гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар барьцааны гэрээг талууд бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь энэ талаар шаардлага гаргаагүй байх тул уг 3 626 340 төгрөгийг гэрээний үндсэн үүргийн үлдэх хэсэг болох 54 522 535 төгрөгөөс хасах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар барилга угсралтын материалыг ашигласны хөлсний үлдэгдэлд 50 896 535 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

2. Алданги 34 362 545 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөн зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Түүнчлэн, мөн зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ.

 

Гэрээний 5.3-т талууд алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай харшлаагүй байна. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50 896 535 төгрөгийн алдангийн хэмжээ 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үлдэх үүрэг болох 50 896 535 төгрөгийн 50 хувиас хэтэрч байхаас гадна шүүх хэргийн нөхцөл байдал буюу хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа болон “...хариуцагчийн алдангийн хэмжээ хэт их байна” гэх хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 10 000 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний хариуцлага буюу алданги 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

3. Засан сайжруулсан зардалд 82 000 төгрөг гаргуулах шаардлын тухайд:

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслөгч нь тухайн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөлслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний зүйл болох пумны фанерийг цөмлөж гэмтээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний зүйл болох нэг ширхэг нь 60 000 төгрөгийн үнэтэй, 5012 хэмжээтэй, 5 ширхэг пум буюу нийт 300 000 төгрөгийн үнэ бүхий пумыг, мөн нэг ширхэг нь 55 000 төгрөгийн үнэтэй, 4012 хэмжээтэй, 41 ширхэг пум буюу нийт 2 255 000 төгрөгийн үнэ бүхий пумыг, мөн нэг ширхэг нь 50 000 төгрөгийн үнэтэй, 2012 хэмжээтэй, 7 ширхэг пум буюу нийт 350 000 төгрөгийн үнэ бүхий пумыг, бүгд 53 ширхэг буюу 2 905 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг үрэгдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээний зүйл болох барилга угсралтын материалыг гэмтээсэн, үрэгдүүлсэн гэж үзэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас барилга угсралтын материалыг засан сайжруулсан зардалд 82 000 төгрөг шаардах эрхгүй байхаас гадна тухайн эд зүйлийг үрэгдүүлсэн хохиролд 2 905 000 төгрөгөөс хариуцагчийн барьцаанд төлсөн гэх 3 626 340 төгрөгийг хасаад үлдэх 721 340 төгрөгийг гэрээний үүргээс суутган шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас эд хөрөнгө хөлсөлсөн төлбөрийн үлдэгдэлд 50 896 535 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 60 896 535 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 551 760 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 60 896 535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 551 760 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 462 433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН