| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2018/00021/и |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-09-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 21
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00661 дүгээр шийдвэртэй,
Ц.П-н “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч Ц.П-н гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг, хүсэлт гаргагч Ц.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас ажилласан жил дутуу тооцогдоход хүрээд байна.
Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Хонгор овгийн Ц.П-н хүсэлттэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Ц.П давж заалдах гомдолдоо:
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх миний гаргасан хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.
Миний бие 1975-1985 онд ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж төгсөөд аав ээжийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 1-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл буюу нэгдэл тартал ажиллаж байсан. Миний малчнаар ажиллаж байсыг надад олгосон хөдөлмөрийн дэвтэр болон тухайн үед манай сумын Ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан Ц.Н, мал аж ахуйн бригад хэсгийн даргаар ажиллаж байсан Ц.С, түүний хань Г.Л нар гэрчилсэн.Харин манай Нарийнтээл сумын архивын тухайн үеийн баримтууд галын аюулд автаж шатсан. Үүнийг тухайн сумын тамгын газар нотолж байгаа болно. Гэтэл шүүх миний нэхэмжлэх буюу хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож намайг хохироосонд гомдолтой байна.
Иймд миний хүсэлтийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.П нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Анхан шатны шүүх нь хүсэлт гаргагч Ц.П-н гаргасан хүсэлттэй холбоотой түүний гаргаж өгсөн нотлох баримтаар хязгаарлахгүйгээр холбогдох нотлох баримтыг шүүх өөрийн санаачлагаар цуглуулах /Эх орон нэгдлийн хувьчлалын материал, Нарийн тээл сумын болон Өвөрхангай аймгийн архивын материалд үзлэг хийх зэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй, хэрэгт авагдсан гэрч Ц.Н, Ц.С, Г.Л нарын мэдүүлгүүдийг үнэлээгүй үндэслэл дурдаагүй, хэрэгт авагдсан гэрэл зургаар ямар үйл баримтыг нотлох болохыг хүсэлт гаргагчаас тодруулаагүй, уг гэрэл зургийг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан гэх боловч, хэрхэн судалсан нь тодорхой зэрэг онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг анхан шатны шүүх баримтлаагүй ноцтой зөрчсөн байна.
Иймд Ц.П-н Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хүсэлт гаргагч Ц.П-н давж заалдсан гомдолтой холбоогүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, хүсэлт гаргагч Хонгор овгийн Ц.П-н хүсэлттэй иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.П-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.