| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 135/2023/01546/И |
| Дугаар | 001/ХТ2024/00141 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/00141
Д-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00158 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00024 дүгээр магадлалтай,
Д-ын нэхэмжлэлтэй
П-д холбогдох,
Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 21,409,743.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д нь хариуцагч П-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 21,479,943.96 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00158 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д тус тус заасныг баримтлан хариуцагч П-гээс 21,409,743.96 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14-т тус тус заасны дагуу Дар нь хариуцагч П-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч П-гээс 264,998 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00024 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд захиргааны байгууллага хохирлоо барагдуулах зохицуулалтыг тусгасан байх ба гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар, уг дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцахаар хуульчилсан.
Мөн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, мөн зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэж тус тус заасан.
... санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд Пгийн зөрчлийн талаар ямар нэгэн албан шаардлага, төлбөрийн акт тогтоогоогүй, зөрчилгүй гэж дүгнэсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс “Төрийн аудитын байгууллагын хүсэлтийн дагуу прокурор нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хэрэв төрд хохирол учруулсан гэж үзвэл Төрийн аудитын байгууллагаас акт тогтоож, хохирлыг төлүүлэх боломжтой байхад иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.
4.2. Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс П нь ... захирлаар ажиллаж байхдаа 2019.12.02-ны өдрийн Б/69 дугаар тушаалаар ахлах нягтлан бодогч Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг шүүх 2020.05.01-ний өдөр тогтоосон гэж дүгнэсэн атлаа тухайн үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 50.1-т заасныг 2022.07.05-ны өдрийн хуулиар “...Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж өөрчилсөн хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг буруу дүгнэсэн гэж үзэж байна.
4.3. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан П-гийн эрх зүйн байдлыг дордуулсан.
П нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ... захирлаар ажиллаж байсан ажилтан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар ажил үүргээ гүйцэтгэх үедээ тухайн байгууллагад эд хөрөнгийн хохирол буюу Цад олгогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүний нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрүүлэхгүй хэмжээгээр хариуцуулан хүлээлгэхээр заасан.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтан П-гийн эрх зүйн байдлыг хэт дордуулж олговрыг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00738 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Д хариуцагч П-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 21,409,743.96 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...П нь ... захирлаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Ц-ыг ажлаас үндэслэлгүй халснаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,409,743.96 төгрөгийг ...-ийн данснаас гаргаж Ц-ын дансанд шилжүүлсэн байна. Иймд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн сангаас гаргасан дээрх мөнгийг буруутай этгээдээс гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарласан,
Хариуцагч тайлбартаа: “... нь хуульд заасны дагуу захиргааны байгууллага биш тул төрд хохирол учирсан гэж үзэх боломжгүй, ...мөн тухайн үед Ц-ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа хамтын шийдвэрээр буюу ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь аттестатчиллаар тогтоогдсон талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан. Өөр хэн ч байсан энэ шийдвэрийг гаргах л байсан, ...П нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тохиолдолд бүрэн бус хариуцлага хүлээхээр хуульчилсан, энэ нь ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрч болохгүй. Дээрх байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, ...Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй, ... нь хуульд заасны дагуу 21,409,743.96 төгрөгийг Ц-ад төлсөн тул дээрх хөрөнгийг буруутай этгээд П-гээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй, харин 70,200 төгрөгтэй холбоотой баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
9. Хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан боловч хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл боллоо.
10. Хариуцагч П ... захирлаар ажиллаж байхдаа 2019.12.02-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар тус сургуулийн ахлах нягтлан бодогч Цыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг “ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй” гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 50 дугаартай магадлалаар Цыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд, 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00586 тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг үндэслэн Цыг 2021.09.21-ний өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 21,479,943.96 төгрөгийг ... данснаас Цын дансанд шилжүүлсэн тул албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн сангаас гаргасан дээрх мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хүсэлтийг үндэслэн аймгийн Прокурорын газар нэхэмжлэл гаргасан байна.
11. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, ...Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шийдвэр гаргасан этгээд өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй... гэсэн үндэслэлээр хариуцагч Пгээс 21,409,743.96 төгрөгийг гаргуулан улсын төсөвт буюу төрийн сангийн орлогод оруулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
12. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч хохирлыг гаргуулахдаа хариуцагчийн гэм буруугийн байдлыг харгалзан үзээгүй байх тул “...шүүх Пгийн эрх зүйн байдлыг хэт дордуулж, олговрыг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж, 498.5-д “...498.2, ...заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зохицуулсан.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл “...Монгол Улсын Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолоор Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай шийдвэр гарч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019.09.11-ний өдрийн 12/8103 тоот Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгийг ХААИС-д хүргүүлж, улмаар ...-ийн Чанарын удирдлага зохицуулалтын албаны 2019.09.30-ны өдрийн 01/05 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан бичгийг харьяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүргүүлснийг үндэслэн дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор П нь 2019.10.21-ний өдрийн А/111 дүгээр тушаалаар аттестатчилал зохион байгуулах шийдвэр гаргасан, уг шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан ажлын хэсгээс “...тус сургуулийн ахлах санхүүч Ц нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлага болох боловсролын зэрэг магистр ба түүнээс дээш байх, тусгай шаардлага болох мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагуудыг хангаагүй...” болох нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлт гаргажээ.
Ц тус сургуульд 2013 оноос нярваар, 2015.05.19-ний өдрийн Б/29 дугаар тушаалаар ахлах нягтлан бодогчоор томилогдон ажилласан бөгөөд ажил олгогчоос ажилтныг анх ажилд томилохдоо ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг тавиагүй атлаа ажил үүргээ гүйцэтгэж байгаа этгээдийн мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоолгүй, ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай төдийгүй дээрх ажлын хэсгийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй талаарх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Ажил олгогч буюу хариуцагч П ажилтныг ажлаас чөлөөлөхдөө түүний мэргэжил, ур чадвар, бодит байдалд дүгнэлт хийлгүй хайхрамжгүй хандсан буруутай боловч аттестатчиллын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгосон байх тул тушаал үндэслэлгүй гарсанд ажил олгогчийг дангаар нь буруутгах боломжгүй юм.
14. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо ...гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж зохицуулсан тул хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан, түүний хариуцах гэм хорыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 10,704,871.98 төгрөгөөр тогтоож, энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 498 дугаар зүйлийн 498.5-д тус тус нийцнэ гэж үзлээ.
15. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00024 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/00158 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч П-гээс 10,704,871.98 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,775,071.98 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...264,998 төгрөгийг...” гэснийг “...186,228 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-гийн гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч П-с 2024.05.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД