Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарт холбогдох 2416001150145 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, .... оны төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймгийн ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ш овгийн С.Ж,
  1. Монгол Улсын иргэн, ... оны төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Д овогт Д.Д,
  1. Монгол Улсын иргэн, ... оны төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянхонгор аймгийн ... хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овогт Н.Т,
  2. Монгол Улсын иргэн, ... оны төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянхонгор аймгийн ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ... регистрийн дугаартай, О тайж овогт М.Б,

Шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

            Шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн ... сумын ... баг Зараатын хүрэн нуруу гэх гэх улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлож байгаль экологид 638.947 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

 

          Гэрч Ц.А, Б.Б, Э.С нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 43-55-р хуудас/,

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “...Нийт эвдэгдсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 638,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал нь 113,714 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 109-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нар нь шинжээчийн дүгнэлтээр гарсан  байгаль экологид учирсан хохирол болох 638,947 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,800,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд, нөхөн сэргээлтийн зардал 113,714 төгрөгийг Цогт сумын Засаг даргын Тамгын газарт төлж барагдуулсан болох нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарын  хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ улаан өнгийн мустанг-200 загварын мотоцикл, ягаан өнгийн мустанг-200 загварын мотоцикл, ногоон өнгийн мустанг-200 загварын мотоциклуудыг унаж явсан болох нь тогтоогдож байх тул прокурорын гаргасан саналын дагуу уг эд хөрөнгүүдийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  1, 2, 3,  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хураан авсан эд хөрөнгө болох шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 988,200 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн мустанг-200, 193,600 төгрөгийн үнэлгээ бүхий ягаан өнгийн мустанг-200, 223,900 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн мустанг-200 загварын 3 ширхэг тээврийн хэрэгсэл, 1062400 төгрөгийн үнэлгээ бүхий металл хайгч Мineland/7000/ том тавагтай 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, 212500 төгрөгийн үнэлгээ бүхий металл хайгч Мineland/1000/ 1 ширхэг, баттерей 1 ширхэг, чулуутай сав 1 ширхэг тус бүрийг хураан авч худалдан борлуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын тогтоолыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдтэл хэвээр үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгүүд болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт С.Ж, О овогт М.Б, Б овогт Н.Т, Д овогт Д.Д нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарыг тус бүрийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарт оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

          4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д  нарт мэдэгдсүгэй.

         5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 988,200 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн мустанг-200, 193,600 төгрөгийн үнэлгээ бүхий ягаан өнгийн мустанг-200, 223,900 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн мустанг-200 загварын 3 ширхэг тээврийн хэрэгсэл, мөн 1062400 төгрөгийн үнэлгээ бүхий  металл хайгч Мineland/7000/ том тавагтай 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, 212500 төгрөгийн үнэлгээ бүхий металл хайгч Мineland/1000/ 1 ширхэг, баттерей 1 ширхэг, чулуутай сав 1 ширхгийг хураан авч улсын орлого болгосугай.

         7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдтэл хэвээр үлдээж, битүүмжилсэн эд зүйл болох улаан өнгийн мустанг-200 мотоцикл, ягаан өнгийн мустанг-200 мотоцикл, ногоон өнгийн мустанг-200 мотоцикл, эд мөрийн баримтаар хураагдсан бүхий  металл хайгч Мineland/7000/ том тавагтай 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, 212500 төгрөгийн үнэлгээ бүхий металл хайгч Мineland/1000/ 1 ширхэг, баттерей 1 ширхэг, чулуутай сав 1 ширхгийг  Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

        8. Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

     11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ж М.Б, Н.Т, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА