Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01212

 

 

 

 

 

 

 

 

    2021 о     06сарын17өдөр                

              181/ШШ2021/01212

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ШШГЕГХБХЗХТБАА-д холбогдох,

 

Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“2007 оны 10 сарын 31-ний өдрийн 1236 дугаар шүүхийн шийдвэрээр Ц.О, А.Р бидний гэрлэлтийг цуцалж, 2004 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн хүү О.М-г түүний эх А.Р-н асрамжид үлдээж, О.М-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшиний 50 хувиар, 11- 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр миний бие Ц.О-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш хүү О.М-г тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, нийт 2,173,500 төгрөгийг төлсөн байдаг.

Гэтэл Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүү О.М болон эх болох А.Р нар нь 2008 оны 04 сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр гарснаас хойш буцаж орж ирээгүй байдаг бөгөөд А.Р болон хүү О.М-тай 2008 оноос хойш холбоо барьж, уулзаагүй өдийг хүрсэн. Мөн миний бие О.М-г тэжээн тэтгэх үүрэгтэй хэдий ч миний төлсөн 2,173,500 төгрөгийг хүү О.М-т зарцуулж байгаа эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын миний бие Ц.О-ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 сарын 29-ний өдрийн дугаар тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д заасан эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Миний бие төлбөр төлөхөөс ямар нэгэн аргаар зайлсхийгээгүй, хөрөнгө нуун дарагдуулсан зүйл байхгүй болно. Иймд Ц.О-н гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр Ц.О-с нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж А.Р-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч Ц.О нь шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдийн тэтгэлгийн 19,685,100 төгрөгөөс 2,633,650 төгрөгийг төлж, 17,451,050 төгрөгийн хуримтлагдсан төлбөртэй байгаа болно. Төлбөр төлөгч Ц.О-тай уулзаж тайлбар авахад ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг тул хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулна, сард нэг сая төгрөг төлье гэх тайлбар өгч хүүхдийн тэтгэлэг төлөх мэдэгдэл өгснөөс хойш 460,000 төгрөг төлсөн бөгөөд “Ж” ХХК-д инженер хийдэг, хөдөлмөр эрхэлдэг боловч cap бүр төлөх хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан.

Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журмын 2.4-т “Шийдвэр гүйцэтгэгч нь гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх үндэслэл үүссэнийг төлбөр төлөгч, ялтан, ял шийтгүүлсэн этгээдэд мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудас гардуулах, хүргүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтална" гэж заасны дагуу төлбөр төлөгч Ц.О-д “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай мэдэгдэх хуудсыг түүний бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Тус журмын 2.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэр гүйцэтгэгч гаргана’’ гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Н-д “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал”-ыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/335 дугаартай албан бичгээр гаргаж, дугаартай тогтоолоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Ц.О-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Зохигч, төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч ШШГЕГХБХЗХТБАА-д холбогдуулан гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гомдол гаргагч, нэхэмжлэгч Ц.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 Дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4767 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан болох нь шуудангийн баримтаар нотлогдож, хугацааны хувьд хариуцагч маргаангүй байна. /хх-ийн 8-р тал/

 

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 сарын 31-ний өдрийн  дугаар шүүхийн шийдвэрээр Ц.О, А.Р бидний гэрлэлтийг цуцалж, 2004 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн хүү О.М-г түүний эх А.Р-н асрамжид үлдээж, О.М-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшиний 50 хувиар, 11- 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр миний бие Ц.О-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...гаргана” гэж зааснаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргах харьяалалтай байх боловч нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасанд хариуцагч маргаагүй байх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэв.

Дээрх шүүхийн шийдвэрт үндэслэн 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг төрөлд мөн зүйлийн 44.2.15 дахь хэсэгт зааснаар “төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх” арга хэмжээ багтжээ.

Түүнчлэн уг арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь хэсэгт зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д заасан эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна...гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “...эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болохоор заасан.

            Хариуцагчаас нэхэмжлэгчид 2007 оны 10 сарын 31-ний өдрийн дугаар шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдийн тэтгэлгийн 19 685 100 төгрөгөөс 2 633 500 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийн хуримтлагдсан төлбөртэй байгаа талаар тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөрийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...2 173 500 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч 460 000 төгрөг төлсөн баримтыг гарган өгч нийт 2 633 500 төгрөгийн төлөлт хийгдсэн гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Уг үүргийг хүүхдийн зориулалтын дагуу зарцуулагдаж байгаад эргэлзэж байгаа үндэслэлээр төлбөрийг төлөөгүй нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй, нөгөө талаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн дагуу хуримтлагдсан өр төлбөр үүссэн болох нь маргаангүй, сүүлийн төлөлтийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн баримт зэргээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан журмын дагуу явуулсан байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ц.О-н гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4767 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлnay 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан ШШГЕГХБХЗХТБАА-д холбогдох гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид заасан 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ГАНТУЯА