| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн 2424000000025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **************************** төрсөн, 59 настай, эрэгтэй, ************************ боловсролтой, мэргэжилгүй, ***************, ********* хамт ********************* багт оршин суух, урьд ************* ялаар тус тус ял шийтгүүлж байсан, ***************** регистрийн дугаартай, Т овогт Г.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *************** багийн ****************** гэх газарт байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Чийг “Тэс сум руу яваад дэмий тэнээд ирлээ” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар галын хайчаар толгой, баруун, зүүн гарын булчин тус газарт удаа дараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн талын ухархайн дотор ханын хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүд, нурууны ар тал, баруун дал, баруун, зүүн бугалга, баруун, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Ат холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Г.А нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ************ багийн ********************* гэх газарт байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч Х.Чийг “дэмий тэнээд ирлээ” гэсэн шалтгаанаар зодож улмаар галын хайчаар толгой, баруун, зүүн гарын булчин тус газарт удаа дараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн талын ухархайн дотор ханын хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүд, нурууны ар тал, баруун дал, баруун, зүүн бугалга, баруун, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь:
Хохирогч Х.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дугаар сарын 24-ний өдөр саахалт айлын Ц гэдэг хүнтэй Тэс сум руу гурил авахаар машинд нь дайгдаад явсан. Тэгсэн чинь Цд ангийн хүүхдүүд нь архи, пиво өгөөд явуулаагүй. **** суманд хоносон маргааш нь ******* сумаас Б сумын ********** баг руу хөдлөөд гэртээ ирсэн. А Ц 2 шил архи авч ирж өгсөн. Манай нөхөр А нь Ц нөгөө 2 архиа хувааж уугаад Ц явсны дараа согтуудаа намайг “дэмий тэнээд ирлээ” гээд галын хайчаар цохиж зодсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдрагч, бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй, 2008 оноос хойш хамтран амьдарч байна. Манай нөхөр согтуу байх үедээ намайг **** сум руу явж дэмий тэнэлээ гэж уурлаад галын хачаар толгой, гарын булчин хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тухайн үед 7 настай охин О, 10 настай хүү болох О нарын хамтаар зугтан саахалт айл болох Дд очиж эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тухайн үед А болон манай 2 хүүхэд бид 4 байсан. Би уугаагүй манай нөхөр А Ц 2 шил архи хувааж уусан нэлээн согтуу байсан. Ер нь бол 3 хүүхдэдээ халдаж цохиж зоддог асуудал байхгүй. Миний биеийн баруун зүүн нүд хөхөрсөн. Зүүн гар, баруун гар хөхөрсөн, 2 өгзөг, нуруу хөхөрсөн Надад эмчилгээний зардалд зарцуулсан эм тарианы баримт байхгүй. Тиймээс би уг хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 39-40, 43-44/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө М багийн эмч Б.Цэнд-Аюушаас эрүүл мэндийн төвийн 98833103 дугаарын утсанд ********** сумын М багийн нутагт Г.А нь эхнэр Х.Чийг зодсон байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайнгүй байна гэж дуудлага мэдээлэл өгсний дагуу тухайн газарт шөнө 03 цаг 18 минутад дуудлагаар очоод сумын төвийн эмнэлэгт авчирсан тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Намайг очих үед Х.Ч нь өөрийн гэрийн ойролцоо нутаглаж байсан Т гэх айлд унтаж байсан намайг очихоос өмнө биеийн байдал нь муудаж, багийн эмч Б.Ц нь тайвшруулах тариа хийсэн байсан. Тэгээд гадна биеийн хэсэгт үзлэг хийсэн. Тэгэхэд Х.Чийн гадна биеийн ил харагдах хэсэгт урагдаж зүсэгдсэн шарх байгаагүй харин хоёр нүд юм харахаа байж хавдаж хөхөрсөн, мөн хоёр гарын булчин тэр чигтээ хөхөрсөн, цээжний ар талд дал, бөөр, нуруу хэсэг тэр чигтээ хөхөрсөн, баруун талын цээж хэсэг 9-12 дугаар хавирга орчим эмзэглэлтэй байсан. Мөн өгзөг хэсгээс доош хөлийн тахим хүртэл хөхөрсөн байсан. Чийг сумын төвийн эмнэлэг явах гээд гэрээр нь очих үед А нь гэртээ ганцаараа байсан. Х.Ч нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Г.А нь гэртээ архи уусан байдалтай согтуу байсан. Гэртээ ууж байсан архи нь дуусаагүй байсан. Тэгээд Х.Чийн тархинд цус харвалт үүссэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Завхан аймгийн Улиастай сумын нэгдсэн эмнэлэгт дуудлага өгч эмнэлгийн ажилтан ирж Улиастай сум руу тээвэрлэлт хийж Улиастай сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна...” гэсэн мэдүүлэг /хх 46-47, 49-50/,
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед миний ********** гэсэн дугаар руу ******* багийн иргэн болох Д гэрийн утаснаас Э дуудлага өгсөн. Ат зодуулсан бөөлжөөд байна гэж надад хэлсэн. Тэгээд би Д 22 цагийн үед очсон чинь зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд даралтыг нь үзэхэд хэвийн байсан намайг ирэхээс өмнө огиж бөөлжсөн гээд хэлж байсан тэгээхээр нь би бөөлжилтийн эсрэг тариа болох өвчин намдаах эм өгсөн. Намайг очсоноос хойш огиж бөөлжөөгүй, 02 цагийн үед зүрхээр нь хатгасан салганаад байхаар нь би зүрхний эмч өгч, хамрын үзүүр дээр нь үнэртүүлсэн тэгсэн чинь тайвшраад унтсан. 2024 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжин шөнө 03 цагийн орчимд *********** сумын эмч ирсэн. Тэгээд***** сумын төв рүү аваад явсан. Баруун зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Зүүн талын нүдний доод талд шалбараад цус гарсан байхаар нь шархыг нь цэвэрлэсэн. Биеийн баруун зүүн гар хөхөрсөн нуруу хэсгээрээ хөхрөлтэй байсан. Мөн хөлийн хоёр булчин бас хөхрөлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 153-154/,
Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн дүү Н.Д гэрт ямаа самнах гээд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр очсон. Тэгээд маргааш нь буюу 24-ний 18 цагийн үед гэрийн гадаа машин ирж байгаа чимээ гараад байхаар нь гэрээс гараад хартал Э машинтайгаа ирж байгаа харагдсан. Тэгэхлээр би нохойгоо уясан. Гэрт дүү Д байсан. Тэгтэл Э машинаас Ч, 2 хүүхдийн хамт бууж ирээд гэр рүү орсон. Орж ирээд Э нь А ах эхнэр Чийг гэртээ байхдаа галын хайчаар цохиж зодсон байна. Ийм царайтай болгочихсон байна гэхээр би Чийн нүүр рүү хартал 2 нүд хавдаж хөхөрсөн, аль гарыг мэдэхгүй байна мөн адил хөхөрсөн байсан. Харин Ч болон 2 хүүхэд нь юм дугарахгүй, гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд Э нь гэрийн утаснаас багийн эмч Ц руу залгаад Чийг нөхөр А нь зодсоноос болоод 2 нүд нь хөхөрч хавдсан байдалтай, бие сайнгүй Д гэрт байна гэж эмнэлэгт дуудлага мэдээлэл өгсөн. Тэгтэл ********** сумын М багийн эмч Ц нь 22 цагийн үед ирж үзэж байхад нь Ч нь гэнэт ухаан алдсан. Багийн эмч хиймэл амьсгал хийхэд хэвэндээ орсон. Ц эмч нь ********** сумын эрүүл мэндийн төв рүү залгаад нэмэлт эмч хэрэгтэй байна гэж дуудлага дахин өгсөн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу дараагийн эмч нь 2024 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнийн 3 цагийн үед ирээд үзээд 2 хүүхдийг нь Д гэрт үлдээгээд эмнэлэг рүү аваад явсан. Манай дүүгийн гэрт Э нь машинтайгаа ирээд гэрт орж ирэх үедээ А ах эхнэр Чийг галын хайчаар цохиж зодож ийм болгосон байна гэхээр би Чийн нүүр хэсэг рүү хартал 2 нүд хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай, мөн нүдний доод хэсэгт бага зэрэг шалбарсан байдалтай байсан. Тухайн шалбарсан хэсэгт цус гарч хатсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 157-158/,
Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Завхан аймгийн ********** сумын М багийн нутаг ********** гэх газарт хаваржиж байхад манай эгч Эрдэнэчимэг нь манай гэрт 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ямаагаа самнах гээд ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний 18 цагийн үед малаа хотлуулчхаад гэртээ орж ирээд сууж байтал гэрийн гадаа машин ирж байгаа чимээ гарсан. Тэгтэл гэрээс манай эгч Э гарсан. Э нь Ч, 2 хүүхдийн хамт манай гэрт орж ирсэн. Э нь А ах Ч эгчийг галын хайчаар цохиод, ийм болгосон байна гэж хэлэхээр би Ч эгчийн нүүр рүү хартал 2 нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Ч эгч, 2 хүүхдийнхээ хамт гэрийн зүүн талын орон дээр юм дугарахгүй хэвтээд байсан. Саахалт айлын хүн болох Э нь би гэртээ ганцаараа байхад Ч эгч 2 хүүхдийн хамт манай гэрт ирсэн. Тэгэхлээр би шууд танайх руу аваад ирлээ гэж хэлсэн. Тэр үед манай эгч мах амбаараас авах гээд гарахад хэлсэн. Манай эгч орж ирээд тэр 4-т хоол унд бэлдэхээр болсон. Тэгтэл Э нь манай утаснаас сумын эмнэлэг рүү дуудлага мэдээлэл өгсөн. Сумын эмч Цэнд-Аюуш нь 22 цагийн үед манай гэрт ирсэн. Эмч ирээд Чийг үзэж байхад ухаан алдсан. Багийн эмч Ц нь сумын эмнэлэг рүү дахин дуудлага мэдээлэл өгөөд Чийн бие тогтворгүй байна гэж хэлсэн. Тэгээд сумын эмнэлгээс дараагийн эмч иртэл манайд байсан. 2024 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-ны шилжих шөнийн 03 цагийн үед гадаа машин ирж байгаа чимээ гарсан. Манай эгч гараад нохой хорьсон. Б эмч гэрт орж ирээд Ч эгчийн үзээд 2 хүүхдийг манайд үлдээгээд сумын төв рүү явсан. Э нь машинтайгаа ирээд гэрт орж ирэх үедээ А ах эхнэр Чийг галын хайчаар цохиж зодож ийм болгосон байна гэхээр би Чийн нүүр рүү хартал 2 нүд хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай. Өөр биеийн ил харагдах хэсэг рүү сайн анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 161-162/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлээр /12-13/ тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Г.Аын: “...Завхан аймгийн ********** сумын М багийн нутаг ********** гэх нэртэй газарт ганц гэртээ хамтран амьдрагч Х.Ч, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Хамтран амьдрагч Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өглөөний 06 цагийн үед Э, Ц нарын хамт гурил авах гээд **************** сум руу явсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний 17 цагийн үед манай гэрт хамтран амьдрагч Ч, Э, Ц нарын хамт ирсэн. Тухайн үед ирэхдээ хамтран амьдрагчийн Тэс сумаас авчирсан зүйлийг харахад 2 шил Хараа гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи байхаар би тухайн архийг аваад задалсан. Тэгээд тухайн 2 шил архитай архины эхний шилтэй архийг бид 4 хувааж уусан. Харин нөгөөх шилтэй архийг нь би ганцаараа уусан. 2 шилтэй архийг ууж дуусгасны дараагаар Э, Цгийн хамт гэр рүүгээ явсан. Тэгээд байж байтал гадаа цасан шуурга орж байсан учраас хамтран амьдрагчийг хонь малаа харчхаад ирээч, хонон өнжин явчхаад ирсэн байж гэж хэлсэн. Тэгтэл хамтран амьдрагч маань чи өөрөө явахгүй юу гэж хэлэхээр би гэнэт уур хүрээд дээлний энгэрээс нь заамдаж барьж авч байгаад баруун гараараа 2-3 удаа атгасан гараараа нүдний хэсэг рүү цохисон. Мөн зуухны хажууд байсан галын хайчийг аваад зүүн мөрний хэсэг рүү 1-2 удаа, бөгс хэсэг рүү нь ухасхийгээд гарах гээд байхаар 2-3 удаа цохисон. Галын хайчийг барьж авах гээд байхаар нь гар руу нь 2-3 удаа гэрийн хаалгаар гарах үед нь цохисон. Тухайн үед бид хоёроос өөр хүн гэрт байгаагүй юм. Тэгээд би эргээд орон дээр хэвтээд өгсөн юм. Тухайн асуудал манай гэрийн зүүн талын орны урд талд болсон юм. Тэгээд хонио харах гээд гэрээсээ гартал гадаа цасан шуурга болж байсан учраас хонь харагдахгүй байхаар нь гэр рүүгээ орсон. Унтаж байхад гадаа машины чимээ болон нохой хуцаад байхаар нь гараад хартал сумын эмнэлгийн машин ирсэн байсан. Тэгтэл тухайн машинаас хамтран амьдрагч маань гарч ирээд гэр рүүгээ ороод буцаад хувцсаа солиод эмнэлгийн машинд суусан. Тэгээд яваад өгсөн. Би гэр рүүгээ ороод амарсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Чийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хохирогчийг зодсон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
1.3. Шүүгдэгч Г.Аын дээрх үйлдлийн улмаас хохирогч Х.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь ********* дугаартай “...1. Х.Чийн биед: Зүүн талын ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүд, нурууны ар тал, баруун дал, баруун, зүүн бугалга, баруун, зүүн өгзөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Х.Чийн биед учирсан гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 4. Х.Чийн биед: Зүүн талын ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүд, нурууны ар тал, баруун дал, баруун, зүүн бугалга, баруун, зүүн өгзөгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 57-59/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.А, хохирогч Х.Ч нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2008 оноос цуг амьдарч, тэдний дундаас 3 хүүхэд төрүүлж тэдгээр нь хамт амьдарч байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын “...бид хоёр 2008 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Г.А, Х.Ч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийн бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон байхыг шаардана.
4. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Г.Аын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Х.Чийг “дэмий тэнээд ирлээ” гэсэн шалтгаанаар зодож нүүрэн тус газарт цохиж, галын хайчаар толгой, баруун, зүүн гарын булчин тус газарт удаа дараа цохисон үйлдэл нь хохирогчийн зүүн талын ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун, зүүн нүд, нурууны ар тал, баруун дал, баруун, зүүн бугалга, баруун, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Г.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Аын үйлдлийн улмаас хохирогч Х.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч Х.Ч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.
6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Иймд шүүгдэгч Г.А нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
7. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын хайчийг устгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ