Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00129

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дүгээр шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 208/МА2024/00017 дугаар магадлалтай

Б.А-ын нэхэмжлэлтэй,

“Ц” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагчийн өмгөөлөгч П.С, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А  хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ыг “Ц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Ц” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 54,968,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ц” ХХК-аас 502,995 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 208/МА2024/00017 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 502,994 (432,794.72 + 70,200) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.19-ний өдрийн 208/МА2024/00017 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх “... Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан “...тус компанийн 2022.11.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийн кассын тайлангийн 55 дугаар талд авагдсан кассын гүйлгээний жагсаалт баримтад гүйцэтгэх захирал Л.Н гэж зурагдсан гарын үсэг түүний өөрийнх нь гарын үсэг мөн эсэхийг тогтоох зорилгоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилуулах тухай хүсэлт гаргасныг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргасан” гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч байгууллагаас 2022.11.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийн кассын тайлангийн 55 дугаар талд авагдсан кассын баримтад гүйцэтгэх захирал Л.Н гэж зурагдсан гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийн үндэслэлийг “захирал Л.Н нь гарын үсгээ тод өнгийн хар үзгэн балаар зурдаг, энэ баримт дээрх гарын үсэг нь илт жижиг хэмжээтэй, тосон балаар зурсан” гэх мэтээр тайлбарлаж, татгалзлын аль үндэслэлд хамраалтай, ямар үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байгаа талаараа тодорхой тайлбар гаргаагүй.

Мөн Б.А  нь Санхүү, эдийн засгийн газрын даргаар 2022.12.26-ны өдрийн Б/802 дугаартай тушаалаар 2023.01.03-ны өдрөөс томилогдсон. Нэхэмжлэгч Санхүү, эдийн засгийн газрын даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан атал хариуцагч нь Б.А-ын энэ ажил албан тушаалыг эрхэлж байсан цаг хугацаа, хэргийн үйл баримтад хамаарахгүй 2022.11.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийн кассын баримтуудад гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх гарын үсэг мөн эсэх нь хэрэгт хамааралгүй гэж дүгнээгүй. Харин нэхэмжлэгч цаг хугацааны хувьд өөр албан тушаалд ажиллаж байсан тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч шүүгчийн захирамжийг өөрт ашигтай байдал бий болгохоор илт буруугаар тайлбарлаж гомдол гаргасан байтал давж заалдах шатны шүүх үүнийг хүлээн авсанд гомдолтой байна.

Хариуцагч нь Б.А-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй бол эдгээр үйл баримт тогтоогдсон байх ёстой. Гэтэл гаргасан шийдвэрээ хамгаалах зорилгоор нотлох баримтыг бүрдүүлж байна. Хариуцагчийн хүсэлтэд дурдсан санхүүгийн баримт нь хуурамч гарын үсэг байгаад түүнийг үндэслэж ажлаас халсан бол эхлээд хуурамч эсэхийг тогтоосон байх ёстой байсан. Гэтэл өөр балаар гарын үсэг зурагдсан гэх мэт харагдах байдалд үндэслэж, түүндээ итгэж бусдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлийн талаар.

Давж заалдах шатны шүүх “Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаарх тайлбар танилцуулга эхлээгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргахад тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хүсэлт гаргаагүйд тооцон гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан цааш үргэлжлүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ийнхүү татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг татгалзлын үе шатанд зохигч хүсэлт байхгүй болохоо илэрхийлсэн. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан үе шатанд хариуцагч байгууллагаас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх талуудын байр суурийг тодруулсны эцэст, шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан. Шүүхээс хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг танилцуулаад шүүх хуралдаан үргэлжлэх болохыг мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Шүүгчээс татгалзаж байна” гэж шүүх хуралдааныг үймүүлсэн бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны дэг сахихыг сануулахад эсэргүүцэн өөрийн дураар шүүх хурлын танхимыг орхин гарсан. Түүний шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбоотой эргэлзээ төрж байгаа талаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан. Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзан гарах хүсэлтийг гаргаагүйд тооцож, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусган шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарт нийцсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс “... хэргийн оролцогчоос шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан эсэхийг ерөнхий шүүгч хянан үзэж дүгнэн шийдвэрлэх нь талуудын тэгш эрхийн зарчмын хэрэгжилттэй холбоотой, шүүх хөндлөнгийн байж байр суурийг илэрхийлнэ” гэх мэтээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн. Б.А  нь “Ц” ТӨХК-ийн хууль бус шийдвэрийн улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхээ эдэлж чадахгүй 1 жил боллоо. Гэтэл давж заалдах шатны шүүх “Ц” ТӨХК-ийн хууль бус шийдвэрийг өмгөөлөн, хамгаалж буй мэт шийдвэр гаргасанд гомдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.19-ний өдрийн 208/МА2024/00017 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023.11.09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00657 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

7. Нэхэмжлэгч Б.А  хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... Уг тушаалд дурдсан зөрчлийг гаргасан нь нотлогдоогүй, гүйцэтгэх захирлын 2022.12.26-ны өдрийн А/292 дугаар тушаалаар жилийн эцсийн тооллого хийх, тайлагнах үүргийг Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга Н.Б-д даалгасан, байгууллагын санхүү бүртгэлийн тайлан болон Санхүү, эдийн засгийн газрын ажлын тайлан гэх мэт баримт бичгүүдээр хийгдсэн ажил нотлогдсон, ажилд хүн томилох эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд тухайн этгээдийг ажилд томилсон, ажил хүлээлцээгүй, 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгдэж байгаа тул аудитын дүгнэлтийг эцэслэн гартал шууд алдаатай гаргасан гэж дүгнэх нь үндэслэлгүй.” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “... Б.А-ын гаргасан дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн тул гүйцэтгэх захирлын 2023.03.01-ний өдрийн Б/208 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн.” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “... тухайн тооллогын комиссын бүрэлдэхүүнд Б.А-ыг оролцуулаагүй тул түүнийг компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, үр дүнг нь удирдлагад тайлагнаагүй гэж үзэх үндэслэлгүй, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг нэхэмжлэгч хэзээ, ямар байдлаар гаргасан, ажил олгогчид ямар хохирол учруулсныг хариуцагч тодорхойлоогүй, хариуцагч ажилтны гаргасан зөрчилд нь 2023.03.01-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хариуцагч нь 2022 оны санхүүгийн тайлан үнэн зөв илэрхийлээгүй гэх тайлбараа нотлоогүй. Харин “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.03.01-ний өдрийн Б/208 дугаар тушаалд дурдсан ажилтны гаргасан гэх сахилгын зөрчлүүдээс нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй зөрчил нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул түүний гаргасан тухайн зөрчлийг “ноцтой зөрчил” гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.            

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ: “... анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргасан,

“... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргахад тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр “хүсэлт гаргаагүйд тооцон” гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан цааш үргэлжлүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ... шүүгч татгалзлын асуудлыг шүүх хуралдааныг завсарлуулж өөрөө эрх зүйн актаар шийдвэрлэх, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулж ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлсний эцэст шүүх хуралдааныг цааш явуулах нь зохистой, ... хэргийн оролцогчоос шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан эсэхийг ерөнхий шүүгч хянан үзэж дүгнэн шийдвэрлэх нь талуудын тэгш эрхийн зарчмын хэрэгжилттэй холбоотой, шүүх хөндлөнгийн байж байр суурийг илэрхийлнэ...” гэж үзжээ.

10. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн буюу хэргийн оролцогчийн “шинжээч томилуулах” хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Зохигчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хангах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн нотлох баримт нь маргааны үндэслэлд хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзана.

10.1. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...”Ц” ТӨХК-ийн 2022.11.01-нээс 2022.12.31-ний өдрийн кассын тайлангийн 55 дугаар талд авагдсан Кассын гүйлгээний жагсаалт” гэсэн баримтад зурагдсан гарын үсэг гүйцэтгэх захирал Л.Н-ны гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох шинжээч томилуулах”  хүсэлт гаргасан ба үндэслэлээ “...Б.А  компанийн гүйцэтгэх захирлын зохих зөвшөөрөл, гарын үсгийг зуруулалгүйгээр буюу дуурайлган зурах зэргээр зөрчлийг удаа дараа гаргасан...”  гэж тайлбарласан.

10.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.09-ний өдрийн 150/ШЗ2023/00830 дугаар захирамжаар “.... шинжээч томилуулах баримт нь 2022.11.31-ний баримт буюу цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн өөр албан тушаалд ажиллаж байсан үеийн баримт байна, хариуцагч талын гаргасан хүсэлт нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй...” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг зөрчөөгүй, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан байна.

10.3. Анхан шатны шүүх хүсэлтийг хангах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд  шүүгчийн захирамжийг учир дутагдалтай болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ шинжээч томилох шалтгаан үндэслэл тогтоогдсон эсэх, бусад нотлох баримттай харьцуулж дүгнэлт хийх боломж нөхцөл байгаа эсэх, талуудын хоорондох маргасан үйл баримтыг харгалзан үзээгүй нь үндэслэл муутай болсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдөөгүй байна. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх үндэслэл хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

11. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.01.12-ны өдрийн 05 дугаар тогтооолын 3-т  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн: “шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. Тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг

шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэж тайлбарласан.

11.1. Анхан шатны шүүхийн 2023.11.09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдоос татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “байхгүй” гэсэн атлаа дээрх шинжээч томилох хүсэлт шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй, дээрх тогтоолын 3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийгшийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарч  байхад давж заалдах шатны шүүх “... шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хүсэлт гаргаагүйд тооцон шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”  гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй  болжээ.

11.2. Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв. Давж заалдах шатны шүүх зохигчийн маргаан, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

12. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэх шаардлагатай тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 208/МА2024/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                                                          Н.БАТЗОРИГ                       

                                   Н.БАТЧИМЭГ

                                   Н.БАЯРМАА

                                   Д.ЦОЛМОН