Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Б.Нямханд

хохирогч Х.Саруул

гэрч Э.Тэлмэн

шүүгдэгч С.Энхбаяр, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин

шүүгдэгч Г.Баярсайхан түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:                  

 

1.Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 25-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Аварга биеийн тамирын дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 758 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ВА96042511/  Боржигон овогт Гансүхийн Баярсайхан.

 

2.Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 26-нд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 491А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  /РД:ВА85122637/ Боржигон овогт Самбуугийн Энхбаяр нарт холбогдох 201626023123 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Баярсайхан, С.Энхбаяр нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 01 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаламенго” баарны гадаа, олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэг тодорхой шалтгаангүйгээр Х.Саруулыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүгдэгч Г.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Бархас, Сайнхүү нар намайг Фаламенго бааранд хүрээд ир гэхээр нь би очсон. Намайг Фаламенго бааранд очиход Бархас, Сайнхүү нар 0.75 граммын архи авчихсан уугаад сууцгааж байсан. Намайг очсоны дараа Бархас, Энхбаярыг  хүрээд ир гэж утсаар дуудсан. Тэгээд Энхбаяр сүүлд ирсэн. Ингээд Бархас, Сайнхүү, Энхбаяр бид 4 уг бааранд бүжиглэж байгаад 00 цагийн үед баарнаас гарсан. Бархас, Сайнхүү нар нилээн халамцуу байхаар нь баарны гадаах үүдний сандал дээр тэр 2-ыг суулгаад байж байхад уг баарнаас 4 үл таних залуучууд гарч ирсэн. Тэдгээрийн нэг нь Энхбаяртай юм яриад байснаа гар бариад салж байсан. Би нилээн зайтай зогсож байсан. Тэгтэл цаанаас Цэнд-Аюуш гарч ирээд манай найзыг “яагаад байгаа юм бэ” гээд миний зүүн шанаа руу 1 удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би Цэнд-Аюуштай барьцалдаад автал түүнтэй хамт явж байсан охидууд нь “манай найз их согтуу байна, бид аваад явчихъя” гээд Цэнд-Аюушийг надаас салгаад аваад явсан. Цэнд-Аюуш намайг “хоёулаа халзагная” гээд байсан. Саруулын биед учирсан гэмтлийг би учруулсан. Саруулын хохиролд 718.000 төгрөг би төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч С.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт:  Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйл байхгүй.  Баярсайхан бид хоёр хоорондоо садан төрөл улсууд байгаа юм. Миний хувьд Саруулын биед гэмтэл учруулсан зүйл огт байхгүй.  Харин миний зүгээс Саруулын хохиролд 718.000 төгрөг төлсөн байгаа. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогч Х.Саруул шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой би ажлаа тараад найз Батзоригийн төрсөн өдөрт Фаламенго баар руу явж байтал Цэнд-Аюуш миний утас руу залгаад хамт очихоор болсон. Цэнд-Аюуш хоёр найзын хамт надтай нийлээд 4-лээ болоод Фаламенго бааранд очсон. Биднийг очиход Батзориг найз охинтойгоо, Тэлмэн, Цэнд-Аюуш нар 0.75 граммын Соёрхол нэртэй архи авчихсан байсан. Бид тэр архийг ууж уг бааранд 24 цаг өнгөртөл ууж бүжиглэсэн. Тэгтэл Цэнд-Аюуш гадаа үүд рүү гарсан. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөө рүү  орчихоод  Цэнд-Аюушийн араас гараад очтол Цэнд-Аюуш үл таних 4 залуутай маргалдаж байхаар нь би тоолгүй цаашаа нөгөө хэд рүүгээ явсан. Батзориг, Цэнд-Аюушийг авахаар явж очоод Батзориг, Цэнд-Аюуш хоёр, үл таних 4 залуутай маргалдсан. Тэгээд Батзориг, Цэнд-Аюушийг наашаа дагуулаад явж байтал Энхбаяр Цэнд-Аюушийг араас нь хавсарч унагаасан. Тэгэхээр нь би Цэнд-Аюушийг босгох гээд очтол Баярсайхан миний нүүр рүү өшиглөөд дээрээс зодсон. Миний ухаан балартсан. Энхбаяр намайг зодож цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Тэлмэн, Батзориг, Цэнд-Аюуш нар зам гараад зугатаж байсан. Миний хамар хугарч, хөмсөг сэтэрч, тархи доргиж, нүд хөхөрсөн.  Шүүгдэгч нараас 2.500.000 төгрөг нэхэмжилсэн. Яг бодит баримттай Монгол Хьнюдэй  эмнэлэгт 1.200.000 төгрөгөөр хамраа тэгшлүүлсэн, шүүх эмнэлэгт 3000 төгрөгөөр үзүүлсэн, Мөнгөн гүүр эмнэлэгт томографи 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Шүүгдэгч нар надад 1.436.000 төгрөг төлсөн тул баримтын хэмжээнд хохирол бүрэн төлөгдсөн. Би сарын 600.000 төгрөгийн цалинтай үүнийгээ нэхэмжлэх гэхээр нийгмийн даатгалын дэвтрээ хэрэгт авчирч өгөөгүй байгаа гэв.

 

Гэрч Э.Тэлмэн шүүхийн хэлэлцүүлэгт: Саруулын нүүр лүү  Баярсайхан өшиглөж хамрыг нь хугалсан. Би харж байсан. Харин  Энхбаяр, Саруулыг цохиж зодохыг би хараагүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Г.Баярсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/,  оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 59/, ял шалгах хуудас /хх-ийн 60/,

С.Энхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ий 65/, ял шалгах хуудас /хх-ийн 66/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 73/,  

  

хохирогчоор Х.Саруулын: “Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Цэрэнпил, Норовзаяа нарын хамт Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Фаламенго бааранд орсон. Тэнд манай найз Батзоригийн төрсөн өдөр болж байсан тул Батзоригийн найз гээд нэг эрэгтэй, эмэгтэй, миний таних Тэлмэн нар байсан. Ингээд бид бүгд хамт ширээн дээр суугаад 750 гр, 500 гр тус бүр нэг шил архи авч уусан ба гэхдээ би архи уугаагүй. Ингээд бид баарнаас 00 цаг өнгөрч байхад гарсан, би 00-ын өрөө ороод нөгөө хэдээсээ хоцроод гартал баарны үүдэн дээр 2 залуу зогсож байсан.  Батзоригийн найзтай маргаж байгаа бололтой хоорондоо юм яриад зогсож байхаар нь Батзориг, Тэлмэн бид 3 уг 2 залуу дээр найзыгаа авахаар очин найзыгаа авч явлаа гэж хэлээд дагуулаад явтал нэг нь зүгээр байгаарай гэлүү ямарч байсан хэрүүл өдсөн маягтай үг хэлэхээр нь Батзориг эргэж хараад бид нар асуудал болоогүй байгаа дээр явлаа гэж хэлтэл намхан, цагаан куртиктэй залуу Батзоригийн найз Цэнд-Аюушийн араас хавсарч унагасан. Харин би түүнийг босгох гээд тонгойход хар куртиктэй өндөр залуу миний нүүр лүү өшиглөөд  миний хамраас цус гараад, ухаан балартаж хэсэг сууж байгаад дээш өнгийн харахад Батзориг, Тэлмэн нар зам гараад зугатаж байсан. Араас нь нөгөө залуучууд хөөж байсан гэтэл энэ үед Норовзаяа над дээр ирээд Цэнд-Аюуш, Норовзаяа, Батзоригийн найз охин, Цэрэнлхам нарын хамт бид гэмтлийн эмнэлэг явсан. Тэлмэн Батзориг нар үлдсэн. Миний хувьд нэг ч хүнтэй маргаагүй, харин Батзоригийн найз Цэнд-Аюуш тэр хүмүүстэй маргалдсан. /хх-ийн 23/

 

гэрч Б.Цэнд-Аюушийн: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Батзоригийн төрсөн өдөрт Батзоригийн найз охин, Саруул, түүний найз гэх 2 эмэгтэй, өөр нэг танихгүй залуу, бид нар ирсэн ба бид бааранд 750 гр нэг шил авч хувааж уусан. Тэгээд 00 цагийн орчим бид бүгд гарахаар болоод би тооцоо хийх гээд бааранд үлдээд харин нөгөө хэд түрүүлээд гараад явсан. Ингээд би тооцоогоо хийж дуусаад гараад иртэл баарны гадаа үүдэн дээр 4 залуу байсан ба тэдний 2 нь нилээд согтуу харин 2 залуу тэгж их согтоогүй байсан. Нэг залуу нь надаас тамхи асуухаар нь би тамхи байхгүй гэж хэлэхэд тэр залуу надаас чи хэдүүлээ явж байгаа юм гэхээр нь нөгөө хэдийг заагаад хамт явж байгаа гэж хэлсэн гэтэл Батзориг ирээд нөгөө 2 залууд би найзыгаа аваад явлаа гэхэд тэр залуу “чи яасан сүртэй юм бэ, яагаа ч үгүй байхад, найзыг чинь явуулах гэж байна ш дээ “ гэж хэлэхэд Батзориг тэр залуугийн өмнөөс ганц нэг үг хэлсэн. Тэгээд тэд маргаад нөгөө 2 залуу Батзориг руу дайраад байхаар нь би тэдний голоор ороод “бид нар одоо явлаа“ гэж хэлтэл тэнд байсан өндөр залуу миний хамар луу цохиод намайг тонгойх үед намхан залуу нь хавсарч унагаад тэгээд газар унасан хойно манай найз нар ирээд тэр хүмүүстэй маргалдаж зодолдсон. Тухайн үед миний хамраас цус гараад би цусаа арчаад замын хажууд зогсож байтал намхан залуу дахин гүйж ирээд миний бие рүү гараараа цохиод өшиглөөд байсан. Энэ үед манай найз нар замын хойшоо гараад зугатахаар нь би араас нь очиход Батзориг Саруулын хамар чихэгдсэн байна одоо гэмтэл явья гэсэн тэгээд би Саруулын хамт такси барин гэмтлийн эмнэлэгт ирж Саруулын хамарыг засуулсан. Саруулын хамарыг баарны үүдэнд цохиж гэмтээсэн, гэхдээ яг өндөр, нам 2 залуугийн хэн цохьсон гэдгийг хараагүй ямарч байсан бид баарны үүдэнд маргалдаад бужигнах үед Саруулын хамраас цус гарсан байсан ба тэд тэгээд замын хойшоо зугтаад би араас нь ирсэн. Тухайн үед миний зүүн гарын тохой хөндүүр болоод дарахад өвдөж байсан, бас хамарын хянган яс дээр халцарсан байсан тэгээд би цагдаа дээр ирээд шүүх эмнэлэгийн тогтоол авч яваад шүүх эмнэлэг дээр ирэхэд хамрын ясны зурагаа авахуулаад ир гэсэн тул би дахин очоогүй . /хх-ийн 25-26/

 

гэрч Э.Тэлмэнгийн:..”2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр...намайг гарч ирэхэд баарны үүдэн дээр Батзоригийн найз эрэгтэйг 2 залуу хоргоосон маргалдаж байгаа юмуу ямар ч байсан хоорондоо юм яриад зогсож байхаар нь би очин Батзоригийн найзыг аваад явах гэтэл нэг залуу нь та нар амжихгүй шүү гэж байгаад Батзоригийн найзыг хавсраад унагасан гэтэл Саруул гарч ирээд Батзоригийн найзыг татаад босгох гээд тонгойход 2 залуугийн өндөр залуу Саруулын хамар руу өшиглөчихсөн гэтэл түүний хамраас цус гарсан тул бид Саруулыг аваад замын хойшоо хүрээд ирсэн тул бид Саруулыг таксинд суулгаад түүнтэй хамт 3 эмэгтэй явсан. Ямар ч байсан өндөр нам хоёр залуу байсан тэдний өндөр залуу нь Батзоригийн найзыг хавсарч унагаад Саруул очин босгох гээд тонгойход  дахин нөгөө өндөр залуу Саруулын нүүр рүү өшиглөөд хамраас цус гаргасан, харин жижиг залуу Саруул руу дайрч маргаж байсан боловч Саруулыг цохиж байхыг би хараагүй. /хх-ийн 27-28/

 

гэрч Ч.Батзоригийн:..”бид гараад баарны гадаа шорлог зардаг хүний дэргэд тамхи татаад зогсож байгаад нэг хартал Цэнд-Аюушийг тойроод өндөр, нам 2 залуу зогссон байхаар нь би очин уучлаарай найзыгаа авъя гэхэд өндөр залуу нь чи яасан сүртэй шалчигнасан залуу вэ найзыг чинь явуулах гэж байхад гэхээр нь би “чи одоо хэлнэ гэсэн үгээ хэлээрэй, аманд орсон үг болгоноо хэлдэг юм биш шүү” гэж хэлээд Цэнд-Аюушийг гарнаас татаад явах гэтэл Цэнд-Аюушийн араас нэг залуу татаад хавсараад унагаасан гэтэл миний урдаас өөр нэг залуу ирээд намайг бариад авсан тул би тэр залуутай зууралдаж байхад Саруул гарч ирээд Цэнд-Аюушийг босгох гэж байгаа харагдсан тэгээд тэнд бужигнаан болсон тул би хэн хаана явж байгааг хараагүй би намайг зуурсан залуугаас салаад найз нарыгаа бүгдийг нь аваад замын хойшоо хартал Саруул миний хамрыг хугалчихлаа ш дээ гээд орилоод байхаар хартал нээрээ хамар нь далийсан цус гарсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд зогсож байхад араас нөгөө залуучууд хүрч ирэхээр нь бид нар замын хойд талаас такси барин Саруулыг нөгөө эмэгтэй нарын хамт таксинд суулгаад явуулсан. Харин өндөр залуу нь намайг дуудаад хоёулаа халз үзье гээд хөөгөөд байхаар нь би цагдаа дуудсан шүү гэхэд дууд пизда минь гээд орилоод байсан гэхдээ бид замын хойд талд огт зодолдоогүй маргалдаж байгаад нөгөө залуучууд замын урагш гараад харин бид тэндээ үлдсэн. /хх-ийн 29-30/,

 

гэрч Б.Цэрэнпилийн:..”2016 оны 12 дугаар сарын 9-ний орой ...би гараад Заяагийн хамт шорлог зардаг хүн дээр очин шорлог идэх гээд яриад эогсож байтал хүмүүс шуугисан чимээ гарахаар нь хартал баарны үүдэн дээр гүйгээд очиход Саруул хамараа дараад цааш харж байсан ба бодохдоо Саруул хамараа дөнгөж цохиулаад цааш харж байгаа бололтой байсан тэгээд би гүйж очин нилээн олон хүн зогсож байсан гэхдээ Саруулыг хэн юугаар цохисон гэдгийг би хараагүй. /хх-ийн 31/

 

гэрч З.Норовзаяагийн:..”2016 оны 12 дугаар сарын 9-ний орой ...Саруул газар унасан найзыгаа татаж босгох гээд тонгойх үед нэг залуу Саруулын нүүр рүү өшиглөөд Саруулын хамраас цус гарсан тул би очин Саруулыг аваад жоохон зайтай зогссон ба нөгөө 2 залуу Тэлмэн Зоригоо хоёрыг зодох гээд хөөхөд тэд замын хойшоо гарч зугатаасан. Баарны үүдэнд нилээн олон тооны хүн байсан гэхдээ тэндээс 2 залуу Саруулын найз нартай маргалдсан тэгээд Зоригоотой хамт явсан нэг эрэгтэй газар унаад түүнийг босгох гээд Саруул тонгойх үед нэг залуу түүний нүүр рүү өшиглөсөн. /хх-ийн 32/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 21 дугаартай:Х.Саруулын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13/ гэсэн дүгнэлт, хохиролын баримтууд /хх-ийн 15/, хохирогч Саруулын картын хуулбар /хх-ийн 82-84/, томографийн оношлогооны хуулбар /хх-ийн 85/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 86/, гэрэл зургаар сэжигтэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Баярсайхан, С.Энхбаяр нарыг бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой 01 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаламенго” баарны гадаа, олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэг тодорхой шалтгаангүйгээр Х.Саруулыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч С.Энхбаяр, Г.Баярсайхантай бүлэглэж, хохирогч Х.Саруулын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэх байдал хэрэгт тогтоогдоогүй бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баярсайхан “би хохирогч Х.Саруулын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэж, хохирогч Х.Саруул “Цэнд-Аюушийг би газар унахад нь босгох гээд очиход Баярсайхан миний нүүр рүү өшиглөж, дээрээс зодсон, Энхбаяр намайг цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй” гэж, гэрч Тэлмэн “Саруулын нүүр лүү Баярсайхан өшиглөсөн. Энхбаяр, Саруулыг цохиж, зодохыг би хараагүй” гэж тус тус мэдүүллээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас С.Энхбаяр, Г.Баярсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс, 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Энхбаярт холбогдох “Танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан  гэмт хэргүүдийг 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх, С.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан  Г.Баярсайханд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан “танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин, шүүгдэгч Г.Баярсайхан согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаламенго” баарны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Х.Саруулын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Саруулын ”...хар куртиктэй өндөр залуу миний нүүр лүү өшиглөөд  миний хамраас цус гараад...” /хх-ийн 23/, гэрч Б.Цэнд-Аюушийн ”...би Саруулын хамт такси барин гэмтлийн эмнэлэгт ирж Саруулын хамарыг засуулсан...” /хх-ийн 25-26/,

 

гэрч Э.Тэлмэнгийн”... 2 залуугийн өндөр залуу Саруулын хамар руу өшиглөчихсөн гэтэл түүний хамраас цус гарсан...харин жижиг залуу Саруул руу дайрч маргаж байсан боловч Саруулыг цохиж байхыг би хараагүй...” /хх-ийн 27-28/, гэрч Ч.Батзоригийн”... Саруул миний хамрыг хугалчихлаа ш дээ гээд орилоод байхаар хартал нээрээ хамар нь далийсан цус гарсан байсан... “/хх-ийн 29-30/, гэрч Б.Цэрэнпилийн”...Саруул хамараа дараад цааш харж байсан ба бодохдоо Саруул хамараа дөнгөж цохиулаад цааш харж байгаа бололтой байсан. /хх-ийн 31/ гэрч З.Норовзаяагийн ”...Саруул газар унасан найзыгаа татаж босгох гээд тонгойх үед нэг залуу Саруулын нүүр рүү өшиглөөд Саруулын хамраас цус гарсан...”/хх-ийн 32/ гэж мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/ хохиролын баримтууд /хх-ийн 15/, хохирогч Саруулын картын хуулбар /хх-ийн 82-84/, томографийн оношлогооны хуулбар /хх-ийн 85/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Боржигон овогт Гансүхийн Баярсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Баярсайханд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 

 

Г.Баярсайханы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хохирогч Х.Саруул шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх хүсэлтэй байгаа талаар мэдүүлж  байх бөгөөд хэрэгт түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ болон холбогдох бусад баримт хэрэгт авагдаагүй байх тул “цалин, хөлстэй” холбогдох иргэний нэхэмжлэлийн тооцоог  энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Харин энэ талаарх нэхэмжлэлээ хохирогч Х.Саруул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Г.Баярсайханаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.