| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч М.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Гд холбогдох эрүүгийн 2306060080029 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ********** төрсөн, 34 настай, эрэгтэй, ********** боловсролтой, мэргэжилгүй, *********, **************** хамт ************************* багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************** регистрийн дугаартай, Х овогт М.Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Г нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ****************** нутаг дэвсгэрт “Машин барьж чадахгүй байна, айлын хонь мал дайрах гэж байна” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар хамтран амьдрагч О.О зүүн талын гар руу болон нуруу руу өшиглөж биед нь зүүн гарын богтос ясны дунд хэсгийн ташуу, зөрүүгүй сэлтэрсэн далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.Гд холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч М.Г нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан ***************************** нутаг дэвсгэрт “Машин барьж чадахгүй байна, айлын хонь мал дайрах гэж байна” гэх шалтгаанаар хохирогч О.О зүүн талын гар руу болон нуруу руу өшиглөж биед нь зүүн гарын богтос ясны дунд хэсгийн ташуу, зөрүүгүй сэлтэрсэн далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь
Хохирогч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Гтай 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. Бид дундаасаа 9 нас, 2 настай хоёр охин охинтой. Бид хоёр гэр бүл болоод Завхан аймагт амьдардаг байсан. Манай нөхөр болох Г 2014 оноос хойш надад гар хүрч зодох болсон. Зодохдоо шалтгаангүй уурлаж зодоод хээр аваачаад зодчихдог байсан. Архи ууж ирээд гадаа бүхээгт хонуулдаг байсан. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хөдөө Хөндлөн боржгор гэх газарт үл ялих шалтгаанаас болоод намайг машинаас үсдэж буулгаж ирээд миний нурууг өшиглөж зодсон. Тухайн үедээ би ухаангүй болсон байсан гэтэл манай хоёр охин харж байгаад ээжийг аллаа гээд уйлсан чинь нэг мөр гүйцээнэ гэж хэлээд намайг чулуугаар цохиж байхад манай том охин Э болиулсан. Тэгээд эргэж ирээд машины түлхүүрээ авах гэж байхдаа миний гар луу өшиглөсөн чинь миний зүүн гар хөдлөхөө болиод хугарчихсан байсан. Миний гар хугараад нэг өдөр гэртээ хэвтсэн. Тэгсэн чинь Г Б гэх суманд аваачаад бариулсан тэгээд тэр өдрөөс хойш 2 өдрийн дараа Гэмтлийн эмнэлэгт намайг авчирч үзүүлээд тухайн үедээ хагалгаанд ор гэсэн боловч би өөрөө ороогүй шууд гарандаа гипс хийлгэсэн. Би нөхөр болох Гд байнга зодуулснаас болоод 2 гараа хоёуланг нь хугалуулаад одоо ажил хийх боломжгүй болчхоод байна. Гар өргөж дийлэхгүй байгаа зүүн гар бол ямар ч мэдээгүй болсон. Намайг 2 жилийн өмнө Завхан аймагт байхдаа модон сандлаар цохиод нуруу хугалж гэмтээж байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр болсон асуудлын дараа Завхан аймгийн цагдаад хандаж байгаагүй. ******* сум орж бариачид бариулчхаад би хөдөө гэр рүүгээ яваагүй сумын төв дээр үлдээд байж байгаад автобусанд суугаад Улаанбаатар хот орж ирээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зүүн гараа гипсдүүлсэн. Дараа нь намайг 2 охинтой хамт хотод ирээд амьдарч байхад манай нөхөр ирээд 2 охинтойгоо уулзах гэж байна гэж уулзаад манайд ирж очоод явдаг байсан. Тэгтэл нэг өдөр манай гэрт ирээд байж байгаад бас хэрүүл хийгээд намайг багалзуурдаж байгаад миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаа дуудаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа нар ирээд аваад явсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс намайг дуудаад мэдүүлэг аваад, шинжээч эмчид үзүүлсэн. Шинжээч эмч үзээд шинэ гэмтэл байхгүй байна, зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо гэж хэлж байсан. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мэдүүлэг өгөхдөө өмнө нь болсон хэргийн талаар бүгдийг нь ярьж мэдүүлсэн. ...Баруун гар хугалсан асуудал одоо олон жил өнгөрсөн ямар нэгэн гомдол байхгүй. Зүүн гар хугарсан асуудал дээр гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /хх 8, 14-17/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэргийн хохирогч О.О нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв зэрэг эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна. ...Дээрх иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан ************ төгрөгийн төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа. Энэ хэрэгт буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан *********** төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна 2023 оны хавар 6 дугаар сард байх ********* гэртээ байж байтал танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн 3 хүүхдийнхээ хамт орж ирээд эмэгтэй нь гараа гэмтээсэн **** сумын хөдөөнөөс ирж байна гээд гараа үзүүлээд гар нь хугарсан байхаар нь гарыг нь татаж боож өгөөд 7 хоногийн дараа ирээрэй гээд явуулсан. Эхнэр нөхөр бололтой байсан эхнэрийнх нь зүүн гар нь шуу хэсгээрээ хугарсан гэмтэлтэй байсан нэр усыг нь сайн асуугаагүй танихгүй хүмүүс байсан манай нутгийн С гээд хүүхнээс асууж байгаад ирсэн байна лээ дараа С таараад асуухад Улаанбаатар хот руу явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** сумандаа гэртээ байж байтал ********* сумын нэг эгч над руу оройхон залгаад танай суманд бариач байдаг уу гэж асуухаар нь нэг хүн байгаа асуугаад өгье гэсэн тэгээч гэхээр нь Ж эгч рүү залгаад ********** хүн ирж бариулмаар байна гэнээ гэсэн Ж эгч ирэхээр нь над руу залгахгүй юу гээд тэр орой ирээгүй тэгээд маргааш 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш танихгүй дугаар залгаад Г байна С мөн үү гэхээр нь тийм байна гэтэл бариач чинь одоо байгаа юу одоо яваад очъё гэхээр нь байгаа байх гэсэн чинь танай сум руу орж явна заагаад өгөөч гэхээр нь би гарах боломж байхгүй хүүхдээр заалгачих гэсэн заалгаад очсон. ...Г надтай ярихдаа эхнэр О.Огийн гар руу өшиглөсөн гэл үү дэлссэн гэл үү сайн санахгүй байна ямар ч байсан эхнэр О.О нь зүүн гараа боолгосон үүдэнд ирээд манай хүүхдийг буулгаад сайн муу сураад яваад өгсөн. О.О, Г нар өөрийнхөө 2 охинтой дөрвүүлээ явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 43-45/,
Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын дундуур байсан байхаа яг хэдний өдөр сайн санахгүй байна. Би эхнэр А хамт ********* багийн хуралд суучхаад буцаад гэр рүүгээ явж байгаад Ггийн хажуугаар явахдаа манай эхнэр “2-лаа Ггийн гэрээр ороод явъя” гэж хэлээд бид гэрт нь орсон. Манай эхнэр эхэлж ороод би араас нь орсон. Тэгтэл О зүүн гар сойчихсон, бага охиныхоо хамт байсан. Манай эхнэр О нар хоорондоо юм яриад сууж байсан. О манай эхнэрт “Г миний гарыг гэмтээчихлээ, одоо хонио туугаад ирж байна” гэж хэлсэн. О ууртай том том дугараад байхаар нь эхнэрээ дуудаад гараад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх 53-55/,
Насанд хүрээгүй гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Манай аав ээж дүү бид 4 хамт хонио хайчлах гээд явж байсан. Би аавтай хамт мотоциклоор, дүү ээж 2 манай аавын Приус-11 маркийн машинтай хонио туугаад явж байтал ээж машинаараа хонины урд нь нэг гараад хойно нь нэг гараад, хонь дайрчих гээд байхаар нь аав очоод машиныхаа түлхүүрийг сугалаад авсан. Тэгээд цааш эргээд явж байтал ээж машинаас бууж ирээд аавын араас цохих шиг болсон, тэгээд аав эргэж хараад машиныхаа хаалга руу өшиглөсөн чинь ээж “ёо ёо гар хугарчихлаа” гээд газар унасан. Тэгтэл аав ирээд өргөж босгоод машинд суулгасан. Тэгээд ээж нэг гараараа машинаа бариад гэр рүүгээ явсан. Тэр өдөр аав ээж 2 хонио ч хайчилсан юм байхгүй өнгөрсөн. Энэ асуудал болсны дараа манай аав, ээж, дүү бид 2 Баянтэс сум руу яваад ээжийн гарыг нэг эмэгтэй хүнээр бариулсан...” гэсэн мэдүүлэг /хх 58-60/,
*********************** дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх 24-27/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч М.Ггийн: “...Тэр өдөр би эхнэрээ зодсон нь үнэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй. Одоо эхнэрээсээ уучлалт гуйгаад хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
1.3. Шүүгдэгч М.Ггийн дээрх үйлдлийн улмаас хохирогч О.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ************* дугаартай “...О.Огийн биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 70-71/ гэсэн,
*********************** дугаартай: “...О.Огийн биед гэмтэл учирсан байна. О.Огийн биед зүүн гарын богтос ясны дунд хэсгийн ташуу, зөрөөгүй сэлтэрсэн далд хугарал, зүүн 8 дугаар хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. О.Огийн биед учирсан зүүн гарын богтос ясны дунд хэсгийн ташуу, зөрөөгүй сэлтэрсэн далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. О.Огийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. О.Огийн L4/L5-н түвшин нугалам хооронд диск бүтцээ алдсан дегенератив өөрчлөлтөд орсон ба арагш нугасны суваг руу төвийн байрлалтай тархмалаар бага зэрэг цүлхийсэн нь өвчин тул гэмтэл тогтоох боломжгүй. О.Огийн биед учирсан зүүн 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжгүй хуучин гэмтэл байна. Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг болох цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй...” /хх 76-77/ гэсэн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч М.Гд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Г, хохирогч О.О нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2014 оноос цуг амьдарч, тэдний дундаас 2 хүүхэд төрж тэдгээр нь хамт амьдарч байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын “...бид хоёр 2014 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул М.Г, О.О нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийн бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон байхыг шаардана.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч М.Ггийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч О.Ог “Машин барьж чадахгүй байна, айлын хонь мал дайрах гэж байна” гэх шалтгаанаар зүүн талын гар руу болон нуруу руу өшиглөсөн үйлдэл нь хохирогчийн биед нь зүүн гарын богтос ясны дунд хэсгийн ташуу, зөрүүгүй сэлтэрсэн далд хугарал гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч М.Ггийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч М.Ггийн үйлдлийн улмаас хохирогч О.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч М.Г нь хохирогч О.Од хүндэвтэр хохирол учруулсны улмаас тэрээр эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалд ************* төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд болон түүний мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч М.Г нь хохирогчид *********** төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд *************** төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, хохирогч О.Од төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “...О.О миний бие М.Г учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, *********** төгрөгт бид хоёр эвлэрсэн тул надад нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй тул М.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт М.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Гг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Гд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ