| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч М.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Нт холбогдох эрүүгийн 2424000070026 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ************* төрсөн, 37 настай, эрэгтэй, *********** багт байнга оршин суух хаягтай, урьд *********** ялаар тус тус шийтгүүлж байсан, *********** регистрийн дугаартай, А овогт М.Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Н сумын Баянзүрх багийн нутаг дэвсгэрт “Агуйтын улаан хад” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Портер” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Н.Н тээврийн хэрэгслээс унаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.Нт холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч М.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *************гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Портер” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хохирогч Н.Н тээврийн хэрэгслээс унаж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь
Хохирогч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар бүдэг бадаг санаж байна. Тэр өдөр нөхөр бид 2 өөрийнхөө хөх өнгийн Портер машинаар Н сумын төв рүү орж тусламжийн өвс авах гээд орсон. Сумын төв ороод гэрээрээ ороод ус аваад, дэлгүүр ороод ойр зуурын юм аваад багийн дарга Бын гэрт очсон. Бын гэрт очоод тэжээлээ аваад тэдний гэрт пиво уусан. Хэдэн пиво уусан талаараа сайн санахгүй байна нөхөр бид хоёр 2 пиво авсан тэрийгээ уусан, дахин дэлгүүр орж авсан эсэх талаар сайн санахгүй байна, бараг авсан байхаа. Тэгээд шөнө нөхөр бид хоёр багийн засаг дарга Бын гэрээс гараад хөдөө гэр рүүгээ гарсан. Манай нөхөр машин жолоодоод би хажууд нь суугаад сумын төвөөс гарсан. Би сумын төвөөс гарахдаа нөхөртөө хандаад “би унтлаа, гэрийн доор очоод надад хэлээрэй” гэж хэлээд унтсан. Тэгээд явж байгаад манай нөхөр гэрийн доор ирж байна гэж хэлэх шиг болсон, тэгэхээр нь би сэрээд хаалга онгойлгоод буусан. Би гэрийн доор ирж байна гэж хэлэхийг нь гэрийн доор ирээд зогсчихсон байна гэж бодоод хаалга онгойлгоод буусан байна лээ. Манай гэр рүү засмал замаар явж байгаад салахдаа цас ухаж гардаг болохоор би тэр гарцан дээр ирээд цас ухаж байна гэж ойлгосон юм шиг байна. Тэгээд цааш нь юу ч санахгүй байгаа. Нэг сэрхэд буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Завхан аймгийн Улиастай суманд эмнэлэгт хэвтсэн байсан. ...Н сумын төвөөс манай хөдөө гэр рүү салдаг гарцан дээр ирэхэд 31 километр байдаг. Тэрнээс манай гэр хүртэл 300-400 метр байдаг байхаа. Н сумаас гараад гэр рүүгээ явахдаа замдаа нэг пиво ууж байсан санагдаж байна, би нөхрөө “чи жолоо барьж байгаа юм чинь бага уу” гэж хэлсэн. Манай нөхөр ч гэсэн “би уухгүй” гээд байсан. Би пиво уусан байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Бодвол унтаж сэрээд яваад байсан байхаа. ...Н сумын төвөөс гэр рүүгээ нөхөр Нын хамт явсан өөр хүн яваагүй. Манай нөхөр машинаа бариад би өөрөө нөхрийнхөө хажуу талд суугаад явж байсан. ...Би Н сумын төв дээр байхдаа болон гэр рүүгээ явах замдаа хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй, намайг хэн нэгэн цохиж зодоогүй. ...Энэ хэргийн улмаас миний толгойд гэмтэл учирсан. Би Улиастай сумын эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Сая Улаанбаатар хотод нүдний хагалгаанд орсон. Тархинд бага зэрэг цус хуралттай байна гээд тэрийг шимэгдэх эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Эдгээр гэмтэл би машинаас унаад ийм гэмтэл авсан байх гэж бодож байн. Өмнө зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх 25-27/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэргийн хохирогч Н.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Завхан аймгийн Н сумын эрүүл мэндийн төв, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үйлчилгээнд нийт ******* төгрөгийн төлбөр гаргуулсан байна. Дээрх иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан ******* төгрөгийн төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,
Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 3 хоногийн өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н Н, М.Н гэх хүмүүс манайхаас малын хивэг худалдаж авах гэж орой 20 цагийн орчим ирсэн. Тэр 2 манайд ирэхдээ 2 ширхэг 2,5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво авч ирсэн. Н.Н, М Н нар манайд орж ирээд авч ирсэн 2 пивоны нэгийг нь уучхаад Н бид 2 манай гэрээс гараад сумын төвийн гудамжинд байдаг ******* гэх дэлгүүр ороод 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад буцаад манай гэрт орсон. Манай гэрт ороод Н.Н. М.Н бид 3 нөгөө Нийслэл нэртэй пивоо уугаад дуусаж байтал гаднаас Д С нар орж ирсэн Тэгээд бид нар гараад тус тусын машин дээрээ малын хивэг ачаад хашаанаас гараад Шунхлай ШТС орсон. Шунхлай ШТС ороод Д, Н нар машиндаа бензин аваад буцаад явсан. Тэгээд бид нар буцаад Шунхлай ШТС-н баруун талд байх дэлгүүр ороод Д нь Нт нэг ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво авч өгсөн. Тэгээд тэндээсээ салаад Н.Н, М.Н бид 3 манай гэр рүү явсан. Манай гэрт очоод бид 3 хамт Дын авч өгсөн пиво уугаад дахин нэг пиво Н гаргаж ирээд бид 3 уусан. Тэгээд пиво ууж дуусаад Н.Н, М.Н нар гэр рүүгээ явлаа гэж хэлээд манайхаас гараад явсан. Би хамт гараад тэр 2-г машинд нь суулгаж өгөөд явуулсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо байхгүй байж байгаад өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 15 цаг 30 минутад орчим Н өөрийн ******** дугаараас миний *********** дугаарын утас руу залгаад Н хаднаас унасан эхлээд юм ярьж болоод байсан харин одоо юм ярьж чадахгүй, нүд нь хөхрөөд байна. Дуудлага дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын эрүүл мэндийн төвийн дарга Д рүү залгаад дуудлага дуудаж өгсөн. Дараа нь би Н руу залгаад “дуудлага дуудчихлаа удахгүй гарах байхаа“ гэж хэлээд утсаа салгасан. Н.Н, М Н нар манайд ирэхэд болон явахад биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тэр 2 манайд байхдаа болон манайхаас явахдаа ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/,
Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 09-ний 15 цагийн орчим ***** багийн засаг дарга Б гэдэг хүнээс манай эмнэлгийн утас руу залгаад “Нын эхнэр хаднаас унасан гэнэ” гэж дуудлага өгсөн. Тэгээд манай эмнэлгийн
сувилагч Ж “дуудлага ирлээ” гээд надад танилцуулахаар нь би Н гэдэг хүний утас руу залгаад юу болсон талаар асуухад “манай эхнэр
хаднаас унаад нүүр нь хөхөрсөн, нэг гар нь өвдөөд байгаа тэгээд үзүүлэх гэсэн юм
аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар өөрсдөө хүрээд ирээч гэсэн чинь Н
“эхнэр бид 2-с өөр хүн байхгүй бас унаа байхгүй тул очиж чадахгүй байна” гэсэн.
Тэгээд би эмнэлгийн машинтай 17 цаг өнгөрч байхад Нын гэрт очсон.
Нын гэр рүү машин очихгүй байсан тул доор машинаа орхиод алхаад гэрт
очсон. Очоод Нын эхнэр Нийг үзэхэд биеийн байдал хүнд,
ухаангүй, хоёр нүд нь хөхөрсөн, хамраас нь бага зэрэг цус шүүрсэн, баруун
талын гар, ташааны хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Би эмнэлгийн анхны тусламж
үзүүлээд, хүний биеийн байдал хүнд, тээвэрлэх боломжгүй байсан тул сумын төв
рүү эмнэлэг рүү залгаад нэмж эм тариа, хүчилтөрөгчийн аппарат аваад ир гээд
сувилагч Н, бага эмч Н нарыг дуудсан, мөн сумын цагдаад
мэдэгдсэн. Сувилагч бага эмч нар ирээд бид нарын хамт эмчилгээ үргэлжлүүлэн
хийж байгаад аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нараас зөвлөгөө аваад гэрт нь
эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаад хүний биеийн байдал бага зэрэг
тогтворжихоор нь ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авч, сумын эмнэлэг рүү
тээвэрлэсэн. Сумын эмнэлэг дээр ирээд эмчилгээг үргэлжлүүлэн хийж байхад
аймгаас нарийн мэргэжлийн эмч нар ирээд үзлэг хийгээд тээвэрлэх шийдвэр
гаргаад аймаг руу аваад явсан. Яагаад ийм байдалд хүрсэн талаар мэдээгүй. Н нь машинаас унасан гэж сонссон, өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 55-57/,
Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Портер маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна...” гэсэн магадалгаагаар /1 хх 116-120/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч М.Нын: “...Манайх руу засмал замаас салдаг гарц байсан тэрийг өнгөрч байтал манай эхнэр надад “Хаашаа явах гэж байгаа юм, энүүгээр салахгүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “Доод гарцаар салах гэж байна, энүүгээр машин салахгүй, хунгар үүссэн байгаа” гэж хэлээд цааш явсан. Тэгтэл манай эхнэр “Тэгвэл би энд буулаа” гэж хэлээд машины хаалга дотор талаас нь онгойлгоод үсэрчихсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буугаад эхнэр дээрээ яваад очтол баруун гар талаа доороо хийсэн, хагас дээшээ харсан байдалтай унасан байсан. Тэгээд би “Яаж байгаа юм, бие чинь яаж байна” гэхэд гайгүй байна гэж хэлсэн, би гар хөл чинь зүгээр үү гээд барьж үзтэл зүгээр байсан. Би эхнэрээ босгоод, тэврээд машиндаа суулгаад цааш яваад замаас салаад гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байхад манай эхнэрийн хамраас бага зэрэг цус гараад явж байсан. Машин хэсэг яваад цас их орж шуурсан учир явахгүй болсон. Тэгэхээр нь бид 2 машинаа орхиод буугаад гэр рүүгээ алхаад явсан. Машинаас буугаад манай эхнэр хэсэг алхаад, хоёр тийшээ гуйваад байхаар нь би үүрээд гэр рүүгээ явсан. Гэртээ очоод эхнэрээс бие чинь яаж байна, гайгүй юу, эмч дуудаж үзүүлэх үү, эмч дуудсан нь дээр байх гэхэд манай эхнэр “Зүгээр зүгээр, гайгүй байна” гэж хэлсэн. Эхнэр бид 2 гэртээ ороход үүр цайж гэгээ орж байсан. Гэртээ ороод ор засаж өгөөд унтуулсан. Тэр өдөр манай эхнэр унтаад өнжсөн, юм идэж уугаагүй, босож гарч ороогүй. Би яаж байна эмч дуудах уу гэхээр "Хэрэггүй ээ, гайгүй байна" гэдэг байсан. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө сэрээд хартал манай эхнэрийн 2 нүдний зовхи бага зэрэг хөхөрсөн, юм ярьж чадахгүй байхаар нь би сумын төв рүү багийн засаг дарга руугаа залгаад эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл багийн засаг дарга эмнэлэг дуудсан байсан. Тэгээд өдөр 17 цаг болох гэж байхад Н сумын эмнэлгийн дарга Д гэдэг эмч ирж үзээд манай эхнэрийг хүнд байгаа юм байна, яачихсан юм бэ гээд эмчилгээ хийж эхэлсэн. Тэгээд хэсэг эмчилгээ хийж байгаад сумаас дахин эмч болон эм тариа захиж авсан. Сумаас дахин 2 эмч ирээд эмчилгээ хийгээд байж байгаад 02-03 цагийн орчим Н сумын төв рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
1.3. Шүүгдэгч М.Нын дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь ************ дугаартай “...Н.Нийн биед зүүн талын их тархины дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны ясны зүүн хэсэгт цууралт, баруун уушгины няцрал, толгойн хуйханд дагзны зүүн дээд хэсэгт, зүүн чамархайн дээд хэсэгт зулгарсан шарх, баруун хөмсөгний дээд хэсэгт, дээд уруулын гадна дунд хэсэгт, зүүн хацрын хэсэгт, зүүн гарын чигчий хурууны арын үенд, ядам хурууны арын үенд, дунд хуруу арын үенд зулгаралт, зүүн чихний ар хэсгийн хуйханд, зүүн шууны гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн шууны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь бусад шинээр үүссэн гэмтлүүдээс өмнө үүссэн гэмтэл байна. Дээрх шинээр үүссэн гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 01 сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн талын их тархины дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, дагзны ясны зүүн хэсэгт цууралт, баруун уушгины няцрал, толгойн хуйханд дагзны зүүн дээд хэсэгт, зүүн чамархайн дээд хэсэгт зулгарсан шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад цус хуралт, зулгаралтууд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх 78-81/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч М.Нт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Портер” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан заалтыг зөрчсөн байна.
Шүүгдэгч М.Нын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ “Портер” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хохирогч Н.Н нь тээврийн хэрэгслээс унаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч М.Нын үйлдлийн улмаас хохирогч Н.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Н.Нт хүнд хохирол учирсны улмаас эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас ******* төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд болон түүний мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч М.Н нь эрүүл мэндийн даатгалын санд ******* төгрөгийн хохирол төлбөрөөс ************* төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Харин үлдэгдэл ************* төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болох нь шүүгдэгчийн: “...Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол буюу иргэний нэхэмжлэгчид төлөх ******* төгрөгөөс ************* төгрөгийг төлсөн, үлдэгдэл **************** төгрөгийг намар мал, мах борлуулах, хавар ямааны ноолуур борлуулах зэрэг мал аж ахуйн орлогоосоо 1 жилийн хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Н нь хохирогч Н.Нт төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн ирүүлсэн “...Миний бие Н.Н нь М.Нт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол нэхэмжлэх асуудал байхгүй байгаа тул хэргийг даруй шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Н нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байгаа учраас түүнээс Эрүүл мэндийн даатгалын санд хор уршигт ********** төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овогт М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч М.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Нт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Н нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд ********* төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ноос *********** төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
9. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ