| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0038/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогч нарын өмгөөлөгч Б.Энхжаргал,
Хохирогч Б.Э, Д.Л,
Шүүгдэгч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо, О.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн 2324000540019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ********************** төрсөн, 43 настай, эмэгтэй, ******************** багш ажилтай, ********** оршин суух хаягтай, ************ регистрийн дугаартай, Б овогт Б.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед ************ улсын дугаартай “************” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Б.Эийн ************улсын дугаартай “************” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “************” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Д.Лгийн биед баруун шилбэний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шилбэ, баруун шуу, зүүн бугалга, баруун доод эрүүнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл,
Б.Эийн биед баруун хоншоор ясны хөндийн гадна хана, баруун хацрын нум ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн 6-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Цийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед ************ улсын дугаартай “************” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Б.Эийн ************улсын дугаартай “************” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “************” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Д.Лгийн биед баруун шилбэний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шилбэ, баруун шуу, зүүн бугалга, баруун доод эрүүнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл,
Б.Эийн биед баруун хоншоор ясны хөндийн гадна хана, баруун хацрын нум ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн 6-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь:
Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед хадам аав Дг наадмын талбай дээр хүргэж өгөөд Дэнжид байх найзынхаа гэрээр орчхоод тэдний гэрээс гараад хар замын хажууд байх дэлгүүр рүү орох ************** гудамжинд ертөнцийн зүгээр хойд зүгээс урд чиглэлд өөрийн ************улсын дугаартай *************** маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан. Тэр үед машинд манай эхнэр Д.Л миний хажууд урд суудал дээр суугаад явж байсан. Тэгтэл бид хоёрын урд хөндлөн өргөн гудамж байсан бөгөөд эхнэр бид хоёр эндээс гэнэт машин гарч ирдэг гээд яриад явж байсан. Би тухайн үед 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл гудамжнаас гэнэтхэн ****** гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл машины баруун гар талаас гарч ирээд миний машины баруун урд талын дугуй руу мөргөсөн би машин мөргөлдсөнөөс хойш зарим зүйлийг санахгүй ухаан алдсан. Тэгтэл манай эхнэр намайг татаж сэрээхээр нь би машинаасаа буусан. Намайг мөргөсөн машины жолооч эмэгтэй хашааны буланд орилоод сууж байсан. Тэгтэл эмнэлгийн машин ирэхээр нь хэсэг ухаан алдсан нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Тухайн үед миний баруун талын нүдний дээд, доод зовхиноос цус их хэмжээгээр гарч нүүрний баруун хэсэг хавдаж нүд юм харахгүй болсон. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед цагдаа бас шалгасан. Миний биед хийсэн шинжээчийн дүгнэлт болон бусад оролцогч нарын дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өнөөдрийн байдлаар 4,000,000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Осолд орсныхоо дараа Улаанбаатар хотод очиж ГССҮТ болон Мөнгөн гүүр, Бриллант, Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд үзүүлж эмчилгээ үйлчилгээ авсан. Би баримтуудаа одоо авчраагүй байгаа. Дараа нь баримтуудаа гаргаж өгнө. Би 2010 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд жолооны курст анх суралцсан. Одоо “BCD” ангилалтай тасралтгүй 13 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. ************улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшил өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын даатгалтай. Тээврийн хэрэгслийн даатгал хийлгээгүй байгаа. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад осол гарсан. Осол болох үед тэнгэр цэлмэг, нартай байсан. Осол болсон гэх зам нь гэр хорооллын шороон зам дээр болсон. гэр хорооллын гудамжинд ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Миний зорчиж явсан зам бол элс асгаад хусчихсан сайжруулсан шороон зам байсан. Намайг мөргөсөн жолооч нь гэрээсээ буюу гудамжнаасаа гарч ирээд л мөргөчихсөн. Би ямар ямар эд анги эвдэрсэн талаар мэдэхгүй байна. Миний машины одоо асахгүй байгаа. Мэргэжлийн хүн л ямар ямар эд анги эвдэрсэн талаар л мэдэх байхаа. Тийм болохоор миний тээврийн хэрэгсэлд одоогоор хэдэн төгрөгийн хохирол учирсныг мэдэх боломжгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Зүгээр явж байгаад осолд орсондоо гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Хохирогч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед өөрийн нөхөр Б.Эийн хамт түүний ************улсын дугаартай, **************** маркийн авто машинтай ************ талбайд аавыгаа буулгаж өгөөд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд буюу засмал замтай нийлэх гээд гэр хорооллын гудамжаар явж байсан. Тэгтэл дөнгөж гудамж өнгөртөл гэнэтхэн баруун талаар ************ улсын дугаартай авто машин хурдтай ирээд манай машины баруун урд дугуй руу мөргөж зам тээврийн осол гаргасан. Би тухайн үед суудлын бүсээ зүүгээд явж байсан. Зам тээврийн ослын үед жолоочийн аваарын дэр нь задраад манай нөхөр дэрээ дэрлээд ухаан алдсан байдалтай байхаар нь нөхрийгөө хүүе гээд татаж ухаан оруулаад машины хаалгыг нь онгойлгоод машинаас бид хоёр буусан. Бид хоёрыг машиныг мөргөсөн жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд машинаасаа буугаад хашааны буланд сууж байсан. Уг ослын улмаас манай нөхрийн баруун нүдний доод зовхи нь урагдаад цус их гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Ийм л асуудал болсон. Манай нөхөр болон үл таних эмэгтэй жолооч хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид хоёрыг мөргөсөн машины жолооч гэх эмэгтэй би баярын талбайн нээлтэд оролцох гээд хоцроод яараад явж байсан гэж хэлсэн. Тухайн үед миний баруун, зүүн хөл, өвдөг хэсгээрээ шалбарсан гишгэхэд өвдөж байсан. Ослын үед машины урд салонд хүчтэй цохигдсон юм шиг байна лээ. Би шинжээч нарын гаргасан дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 5 хоног очиж өдөр бүр өвдгөө шаруулж боолгуулж эмчлүүлсэн, Гэгээн ар үр эмнэлэгт шинжилгээ өгсөн, Бриллиант эмнэлэгт толгойн КТГ-ын шинжилгээ өгсөн. Гэрээр сар орчим боолт хийж тос түрхсэн. Миний эмчилгээний зардалд 200.000-300.000 орчим төгрөг болсон. Миний санаж байгаагаар Толгойн КТГ-ын зураг 160.000 төгрөг, гэгээн ар үр эмнэлэгт 29.000 төгрөг. Өвчин намдаах эм, бинт, боолт, тос гээд ойролцоогоор 100.000 орчим төгрөг болсон байна. Дээрхийг нөхөртэйгөө нийлж аваад хоёулаа хэрэглэж байсан болохоор манай нөхөр хохирлын баримтуудтайгаа цуг өгсөн байхаа. Надад одоо гаргаж өгөх хохирлыг баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 53-54/,
Шинжээч Б.Сэргэлэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун талын хоншоорын хөндийн гадна хажуу хана, баруун талын хацар ясны нум зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгойн КТГ-ын шинжилгээнд бичигдсэн байсан. Харин 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Бриллиант эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй толгойн КТГ шинжилгээнд баруун нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал гэсэн бичиглэлтэй байсан тул дүгнэлтэд тусгасан. Тухайн гэмтэл нь шинэ ч бай хуучин ч бай гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг /хх 65-66/,
ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын ***************** дугаартай: “...************ маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалт буюу "Жолооч гарцаар замд нийлэхдээ ...уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Жолооч Б.Ц нь гэр хорооллын доторх (гудамж) зорчих хэсгээр явж байгаад гарч замтай нийлсэн учир зам тавьж өгнө. ************* маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь шинжээчдэд ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. ************ маркийн ************ болон ******** маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь зам тээврийн осол гарахаас өмнө зогсоох арга хэмжээ авч амжих хугацаа хангалттай байсан эсэхийг шинжээчдэд ирүүлсэн материалаас тогтоох боломжгүй байна. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. ************ маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.
************ ************ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Цээс асуусан асуултад дараах байдлаар хариулсан: “...************ маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц нь гарцаар замд нийлэх, замаас гарахдаа замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Автомашинуудад үүссэн эвдрэл, гэмтэл, анх мөргөлдсөн "А" цэгээс ************улсын дугаартай ************ маркийн автомашины ослын дараах байрлал хүртэлх зай зэргээс үзэхэд ************ маркийн автомашин хурд хэтрүүлээгүй байх магадлалтай байна. Анх мөргөлдсөн "А" цэгээс үзэхэд *************** маркийн автомашин зорчих хэсгийг голлон замын хөдөлгөөнд оролцоогүй байна. ************ улсын дугаартай ************ маркийн автомашин нь гарцаас гарахдаа давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүй байхаар зам тавьж өгнө...” /хх 166-168/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх 14-20/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-32/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 174 дугаартай албан бичиг, өвчний түүхүүд /хх 70-101/, хохирогч Б.Э Гэмтэл согог судлалын үндэсний төв, Бриллиант эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэгээн Ар Үр клиник эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтуудаар /хх 102-135/ тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Цийн: “...Би гэрээсээ өөрийнхөө ************ улсын дугаартай өөрийн эзэмшлийн ************ маркийн авто машинаа асаагаад ганцаараа хашаанаасаа гарсан. Гэрийнхээ гудамжнаас гараад гудамжны үзүүрт очиход өөдөөс цагаан өнгийн приус 20 маркийн авто машин гэнэт гараад ирсэн. Уг машины жолооч нь цаашаа хараад явж байсан би дотроо тэр жолоочийг машинаа зогсоогоосой гэж бодож байсан. Би машиныхаа тоормосыг гишгэсэн боловч тоормосны пидал нь өөдөөс түлхээд байсан тэгтэл хоромхон зуур тэр машинтай очиж мөргөлдсөн. Тухайн ослоос болж миний машины урд салхины шил хагарсан. Би өөрөө бахардаад амьсгалж чадахгүй амьсгаа боогдоод машиныхаа хаалгыг онгойлгоод буух гэсэн боловч бууж чадахгүй байсан. Би уг нь гудамжаар чигээрээ нэвт гарах гэсэн боловч хохирогч Б.Эийн машинтай мөргөлдөөд ертөнцийн зүгээр урагш хараад зогссон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Машиндаа ганцаараа явж байсан. Харин хохирогч Б.Э нь эхнэртэйгээ хамт хоёулхнаа явж байсан. Тухайн үед хохирогч Б.Эийн хацрын орчимд буюу нүдний зовхины доод хэсгээс нь цус гарч байсан. Эхнэр нь тухайн үед 2 өвдгөө гараараа бариад байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
1.3. Шүүгдэгч Б.Цийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь ************ дугаартай: “...Б.Эийн биед гэмтэл учирсан байна. Баруун талын хоншоорын хөндийн гадна хажуу хана, баруун талын хацар ясны зөрүүтэй хугарал, баруун гайморовын хөндий, баруун нүдний ухархайн дотор ханы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун талын хацар ясны нумны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун доод зовхинд шарх, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун доод хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Б.Эийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаартай: “...Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярын ************** дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Эийн биед баруун хоншоор ясны хөндийн гадна хана, баруун хацрын нум ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн 6 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Баруун хоншоор ясны хөндийн гадна хана, баруун хацрын нум ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн 6 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна...” гэсэн,
Хохирогч Д.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь ********************* дугаартай “...Д.Лгийн биед гэмтэл учирсан байна. Баруун шилбэний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шилбэ, баруун шуу, зүүн бугалга, баруун доод эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Лгийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 59-60, 142.146, 161-162/ гэсэн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Б.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-р заалт буюу “Жолооч гарцаар замд нийлэхдээ ...уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчиж зам дагуу хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Б.Эийн жолоодож явсан “************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна.
Шүүгдэгч Б.Цийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд прокурорын газраас шүүгдэгч Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Цийн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Тиймээс шүүгдэгч Б.Цийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Д.Л нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон боловч зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид үл хамаарах тул шүүгдэгч Б.Цийг гэм буруутайд тооцоход тусгаагүй бөгөөд гэм хорын асуудлыг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Ц нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас хохирогч Д.Лгийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
4.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас хохирогч Д.Лгийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Э нь хохирол төлбөрт шүүх хуралдаанд 9 ширхэг, ********* төгрөгийн, мөрдөн шалгах ажиллагаанд 63 ширхэг ********** төгрөгийн эм тариа, шатахуун, замын зардал, хоол хүнсний хэрэглээний баримтууд ирүүлснийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Б.Цээс гаргуулах нь зүйтэй байна. /хх 192-202/
Харин хохирогч Б.Эийн өмгөөлөгчийн хөлс 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй байна
4.2 Хохирогч Б.Эийн жолоодож явсан “************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд *********** төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний ************** дугаартай: “...Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлын дүн ******* төгрөг шууд бус зардлын дүн ******** төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн нийт ********* төгрөг...” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шүүгдэгчийн шинжээчийн дүгнэлт болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар маргаагүй тул шүүгдэгчээс ********* төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд олгох нь зүйтэй байна.
4.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг төлүүлэх жишиг аргачлал”-ыг баталсан байх ба аргачлалын 2.1 дэх хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй байхыг ойлгоно” гэжээ. Журмын дөрөвт: Нөхөн төлбөр тооцох аргачлал хүснэгтэд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг”-ийг “гуравдугаар зэрэглэл, хувь хэмжээг 9-15 хувь байхаар, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор журамлажээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоожээ.
Уг дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж, 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж зааснаар мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар хохирогч Б.Эийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байна.
Иймд хохирогчийн зөвшөөрсөн хэмжээнд гуравдугаар зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийн шинж байдалд дүгнэлт хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ******* төгрөгөөр тооцож ******** төгрөгийг шүүгдэгч Б.Цээс гаргуулж хохирогч Б.Эд олгохоор шийдвэрлэв.
4.4. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын төлөөлөгч нь даатгалын санд хохирогч Б.Эийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл *********** төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтын жагсаалтыг ирүүлжээ.
Шүүх иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлоос ********* төгрөгийг шүүгдэгч Б.Цээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгож, ******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Цт холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь иргэний нэхэмжлэгч нь хохирогч Б.Эийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ********* төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх жагсаалтыг ирүүлсэн байх бөгөөд уг жагсаалтад дурдсан 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн хугацаа нь Улаанбаатар хотод байрлан улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн хугацаатай давхацсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш эмнэлэгт үзүүлсэн, хөнгөлөлтэй эм авсан нь шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас эмнэлэгт үзүүлж эм тариа авсан болох нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Б.Цт холбогдуулж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.5. Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Цт холбогдуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.6. Хохирогч Д.Лгийн ********** төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар гаргаж өгсөн ********** төгрөгийг шүүгдэгч Б.Цээс гаргуулж, баримтгүй тул ************ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Л нь сэтгэцэд учирсан хохирол гаргуулахаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэв.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Иймд шүүгдэгч Б.Ц нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байнга оршин суудаг тул түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д заасан шүүгдэгч Б.Ц нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Цт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цээс хохирогч Б.Эд ****** төгрөг, хохирогч Д.Лд ****** төгрөг, иргэний нэхэмжлэгчид ******** төгрөгийг гаргуулан олгож, хохирогч Б.Эийн ********* төгрөг, хохирогч Д.Лгийн ********* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
9. Иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн эрүүл мэндийн даатгалд учирсан хохирол *********** төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг, хохирогч Б.Эийн цаашид гаргах эмчилгээний зардал гаргуулах нэхэмжлэлийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч болон дээд шатны прокурор нь гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ